Томчуулыг “амьдаар нь” харсан тухай
Цагаан ордонд нэгэн эрхэм Обаматай уулзаад ярьж хөөрөөд байхаар нь шалгаад үзтэл ямар ч урилгагүй байсан тухай дуулиан энэ өвөл боллоо.
Цагаан ордонд нэгэн эрхэм Обаматай уулзаад ярьж хөөрөөд байхаар нь шалгаад үзтэл ямар ч урилгагүй байсан тухай дуулиан энэ өвөл боллоо. Аливаа улсын төр засгийн тэргүүнтэй хэн дуртай болгон нүүр тулах боломж маш бага байдаг болохоор уг мэдээлэл сонин содон сонсогдож байсан.
Мөн түүнээс гадна өнөө цагт элдэв алан хядах террорист үйл ажиллагаа өндөр түвшинд хүрсэн болохоор дагаад харуул хамгаалалт ч чангарч төр ба ард түмэн хоёрын хоорондын зай тэр хэмжээгээр холдсоор байна.
Гагцхүү үүнийг улс орон бүрийн сэтгүүлч, сурвалжлагч нар л хоёр талд гүүр болон мэдээлэх үүрэг ногддог. Гэхдээ сэтгүүлч нь өөрөө бодит байдлыг яаж хэрхэн тусгах, аль ямар өнцгөөс харуулах гэх мэт олон шалтгаанаас хамаарч "нүдээр үзсэн"-ээ туурвих нь янз бүр.
Гадаад орны төр засгийн тэргүүнүүд бараг бүгдээрээ цугларсан Копенгагены дээд хэмжээний уулзалтад мөхөс миний бие бас байлцсан болохоор хоёр цийлгэр маань элдвийг харан нүгэл хураасан байж таараа. Тэгэхээр энэ тухай зүгээр л сонин болгож зарим зүйлийг харсан, сонссоноо ямар нэгэн цензургүйгээр чалчиж байгаа юм шүү.
Манай сэтгүүлчдийн цомхон баг томчуудын үдийн цайндаа ордог гол хаалганы хавьцаа төвхнөн хоорондоо элдвийг ярилцан хажуугаар өнгөрөх дээдсийг "амьдаар нь харах" завшаан олдсон юм. Уг нь тэр болгонтой уулзаж учраад ярилцлага авах, ядахнаа гар бариад мэнд мэдчих боломж байж л байв. Ингэлээ гээд хэнд ямар ч ашиг байхгүй юм л даа. Тэр нөхөр ерөнхий юм ярина. Дараа нь надтай эзгүй аралд хоёулхнаа таарсан ч танихгүй.
Олон хэл, өнгийн хүмүүс цугларсан тэр том танхимд голдуу сэтгүүлч, байгаль орчны чиглэлийнхэн холхицгооно. Харваас андашгүй. Тэрэн дунд арай өөр маркийн тамирчин тагнуул хоёрын эрлийз гэмээр хүмүүс гэнэт бий болчихно. Тун цэвэрхэн пиджак костюмтай, цэх нуруутай, нүүрний ямар нэгэн хувиралгүй өндөр залуус хөлхөлдөх ба бүсэлхий хавиараа нэг юм өвөртөлсөн бололтой томбойно. Бодвол буу шийдэм нь тэнд зүүгээстэй вий. Тэдгээр залуус нүдэндээ ихэвчлэн тас хар шил зүүн хаашаа харж буйгаа нуужээ. Ингээд эхэлмэгц хэн нэгэн тэргүүн бөөн хүмүүсийн хамт ороод ирнэ. Хүмүүс ч шуугилдаад явчихна. Пан Ги Мун, Обама, Медведев, Саркози, Меркел зэрэг томчуулыг унагаа нуусан сүрэг хулан шиг бусад нь дундаа хийн хашин хуйларч бөөн юм болно. Зайлуул тэрэн дундаас гар нь гозолзон, инээмсэглэн олны тийш хальт харах боловч наагуур нь тэр даруй "үүл бүрхэж хуй босоод" бараа тасарна. Пан Ги Мун Ерөнхий нарийн бичгийн дарга солонгос хүн атлаа их өндөр нуруутай бага зэрэг бөгтөр боловч бусдаас содон харагдана. Обама бас тийм. Бусад өнөө цагийн их гүрнүүдийн удирдагч нар голдуу намхан юм гээч. Францын Саркози европ хүн атлаа хариугүй давжаа. Оросын Медведев манай Элбэгээ даргаас намхан. Дээр үед хүндийн өргөлтийн тамирчин байхдаа 56,60 килограммын жинд Оросын аваргын төлөө өргөж байсан. Тэр цагийн ул мөр болох оцгор бөгс, гэдгэр нуруу энэ улстөрчийн имиж болжээ. Мань эрийн бие хамгаалагч бараа бологч нар өөрөөс нь алгуурхан өндөрссөөр захад нь баавгай шиг хамгаалагч нар зайгаа аван явах нь эдний матрушка тоглоом шиг харагдана.
Дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Данийн хатан хаан томчуулыг хүлээн авч зоог барих ёслол болсон юм. Тэнд эрхэмсэг хатан хаан төрийн тэргүүн нарыг зөвхөн ганцаараа ирэхийг урьсан болохоор сэтгүүлч бүү хэл бараа бологч, хамгаалагч, тэргүүн хатагтай ч дэргэд нь байгаагүй. Ганцхан Обама л төрийн нарийн бичгийн дарга Хилларитайгаа орсон байх.
Мэдээж Монголын Ерөнхийлөгчийг урьсан ба дараа нь сэтгүүлч бид түүнтэй адилхан ажил мэргэжилтэйн давуу талаа ашиглан нэгэн оройг хамтдаа байх завшаан олдсон билээ. Даргаас бид нар тэнд ямархуу байдгийг асууж шалгаан төрийн тэргүүнтэйгээ хамт байгаагаа марттал инээж хөхөрч билээ.
Дани улсын иргэд улс төрөөс дэндүү ангид байдаг нь амьдрал сайн, амьдралд нь төр засаг бараг оролцдоггүйтэй холбоотой. Энд болсон нэг томоохон уулзалт дээр Английн Ерөнхий сайд Гордон Браун баахан бараа бологчийнхоо хамт яваад оржээ. Брауныг дэлхий даяар бараг танина даа. Гэтэл Данийн үүдний жижүүр орж ирэгсдээс Брауныг саатуулж "Та бичиг баримтаа үзүүл" гэж байгаа юм. Энд ирэгсэд бүгд энгэртээ үнэмлэхээ зүүж явсан бөгөөд гагцхүү төрийн тэргүүн нар тийм пайзгүй байсан юм. Гэтэл Браунд ийм явдал санамсаргүй тохиолдож мань эр гэнэтийн явдалд балмагдсандаа хармай хотоо баахан ухаж үзжээ. Хамгаалагч түүнээс улам лавшруулж "Эрхэм та аль улсын иргэн бэ" гэж үнэнээсээ шалгаасан гэсэн. Браун үл ялиг цухалдан дэмий л "Греет Британи, Греет Британи..." хэмээн үглэн ийш тийш харан сандарч байтал ашгүй туслах нь ирж учир байдлыг хэлж өгснөөр дотогш нэвтэрч чаджээ.
Тайландын Ерөнхий сайд залуухан нөхөр хүмүүстэй гар барин мэндчилж явахад нь өөр орны бас нэг төрийн тэргүүн санамсаргүй байдлаар "Таныг энд ингэж явахад чинь араар тань төрийн эргэлт гарахгүй биз дээ" гэхэд түүний царай хачин эвгүй болж буцаад явчихжээ. Тэгэхнээ энэ нөхөр өөрөө төрийн эргэлтээр саявтар гараад ирсэн юм байж.
Манай Ерөнхийлөгчийн суудал зэрэгцээ Данийн хатан хаан хийгээд Хиллари Клинтон нар таарчихсан тэр гурав хоорондоо их л дотно юм ярьж байгаа талаар орон нутгийн телевизээр тэр орой гараад байсан. Хэрэв нууц биш бол та Клинтон авхайтай юун тухай ярьсан бэ гэхэд янз бүрийн л юм ярьсан даа. Хүний л амьдрал болсон хойно айлын эзэгтэйн хувиар өөрийнхөө амьдралыг ч хүртэл ярих юм. Том охин маань хүнтэй суух болчихсон байна. Нөхөр нь гээд нэг залуу үзэгдэх боллоо. Одоо яадаг шүү юм билээ. Яавал дээр үү аан гэх л юм. Манай өвгөн танай оронд нэг очмоор байна гэж байна лээ шүү. Яагаав тэр жил би очоогүй юу. Их сонин оронд очсон гэж нөхөртөө хэлсэн чинь л...
Хатан хааны дэргэд очсон төрийн тэргүүнүүд дэргэдээ ямар нэгэн зөвлөх, бараа бологчгүй болохоороо унаган байдлаараа хамаагаа алддаг бололтой юм билээ. Зарим нь цагаа тулахаараа юу ч хэлж чадахгүй биеэ барих, эсвэл өөрийгөө эвгүй байдалд оруулах зэрэг их л өнгө төрх гаргаж байсан гэсэн.
Харин хуралдаан болж байсан танхимд хурал даргалагч нөхөр Иран улсын төрийн тэргүүн Ахмадинежадыг индэрт гарч үгээ хэлэхийг урих гээд нэрийг нь зөв дуудаж чаддаггүй. "Одоо Ираны Ахда...Ахда..." гээд түгдрээд таг болчихов. Танхим дүүрэн хүмүүс нирхийтэл инээлдтэл Ахмадинежад өөрөө босч ирээд "За за намайг хэлээд байгаа бололтой" хэмээсээр инээмсэглэн гараад ирсэн нь бас их хэнэггүй нөхөр юм билээ. Зангиа зүүгээгүй, хууз сахалтай, намхан эр хааш яйш алхан яваа нь зурагтын гадаад мэдээгээр байсгээд харагдах нөхөр "амьдаараа" мөөн.
Ж.ГАНГАА
ebee
Мичид
nudraga
nudraga
ynshigch
Зочин
Зочин
Мичид
Мичид
Мичид
Khaliun
монголоос
Bolj baina
erdene
nnn
haliun
haliun
Зочин
Ìàòðóøêà
michid
Зочин
hunnu