О.Санчирбал: Эрэн сурвалжлагдаж буй Ж.Батзандан гишүүнээс Төрийн хуулийг хүндэтгэхийг хүсч байна
О.Санчирбал: Эрэн сурвалжлагдаж буй Ж.Батзандан гишүүнээс Төрийн хуулийг хүндэтгэхийг хүсч байна
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан удаа дараа ор үндэсгүй гүтгэсэн учир Иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэвч шүүхийн шийдвэр гарснаас хойш эрхэм гишүүн Ж.Батзандан дахин иргэн Б.Хурцыг эрүүгийн ноцтой хэргүүдэд гүтгэсэн тул шүүхэд хандсан боловч оршин суугаа хаягаа өөрчлөөд зугтаад байгаа нь шүүх байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул одоогоор ХУД-ийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Амбагай овогтой Жалбасүрэнгийн Батзанданг эрэн сурвалжилж оршин суугаа газры тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан байна. Энэ талаар иргэн Б.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч, өмгөөлөгч О.Санчирбалтай ярилцлаа.
-Таны үйлчлүүлэгч, иргэн Б.Хурцад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын тов хараахан гараагүй байна. Үүнтэй холбогдуулан иргэн Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох иргэний хэрэг ямар шатандаа яваа талаар танаас тодруулъя. Б.Хурцыг хар тамхины наймааны бүлэглэлтэй холбоотой, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-нд авч өгсөн, нойрсуулах үйлчилгээтэй тариа хийж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан түүнийг шүүх гэм буруутайд тооцсон уу?
-Миний хувьд 2017 оны аравдугаар сараас хойш иргэн Б.Хурцын иргэний нэр төрийг сэргээх, иргэний шүүхэд тухайн хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажиллагаанд өмгөөлөгчийн хувьд болон итгэмжлэлээр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь миний үйлчлүүлэгчийн нэр төрд удаа дараа халдаж байсан. Анх 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ “Дамирангийн Энхбат гэдэг хүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас нойрсуулах тариа хийж, хулгайлж хууль бусаар авчирсан гэдэг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-нд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн зэрэг мэдээллийг олон нийтэд цацсан. Үүнтэй холбогдуулж бидний зүгээс БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн хэрэг маргаан хоёр жил үргэлжлээд 2019 оны 11-р сарын 8-ны өдөр БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан. Шийдвэрийн гол агуулга нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтийн сүлжээ ашиглан худал мэдээллийг нийтэд тараасан. Уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй учир дээрх мэдээлэлдээ няцаалт хийхийг даалгасан.
-Ж.Батзандан гишүүн шүүхийн шийдвэрийг биелүүлж няцаалт хийгээгүйг олон нийт мэдэж байна. Яагаад одоо хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна вэ?
-УИХ-ын гишүүн, төлөөлөх байгууллага, хууль тогтоох эрх бүхий байгууллагад ажиллаж буй энэ хүн юуны түрүүнд хуулийг дээдлэх ёстой. Хууль дээдлэх хүрээндээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэх үүрэгтэй. Одоо хүртэлэнэ хүн шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлсэнгүй. Хариуцлагаа хүлээгээгүйгээс гадна худал мэдээлэл нь улам даамжирч ирсэн.
-Яаж даамжирсан гэж? Дахиад Төрийн ордонд худал мэдээлэл хийсэн гэж үзэж байна уу?
-Тийм. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мөн л Төрийн ордонд мэдээлэл хийхдээ Б.Хурц гэдэг хүнийг тагнуулын байгууллагыг удирдаж байхдаа хар тамхины бүлэг байгуулсан, тамхины наймаа хийж байгаад ял авсан хүмүүсийг нэр бүхий улс орнуудад явуулсан, генерал цол олгосон, Монголын төрийн толгой дээр гарсан гэхчлэн ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан. Бид энэ мэдээллийнх нь дагуу мөн л БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тухайн хариуцагч Ж.Батзандан Баянзүрх дүүрэг дэх оршин суугаа хаяг дээрээ оршин суудаггүй гэдэг байдлаар шүүхэд тодорхойлолт гаргуулсан байдаг. Энэ нь Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар “Хариуцагч тодорхой хаяг дээрээ оршин суугаа тохиолдолд тухайн нэхэмжлэлийг гардуулж өгөх” зохицуулалттай учраас Ж.Батзандан гишүүн өмнө нь өөрийн хаягаар нэхэмжлэлийг гардаж авч байсан бол дараагийн нэхэмжлэлийг гаргахад хаягаа өөрчлөөд зугтсан. Ингээд бид хуулийн дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Б.Хурц ХУД-т оршин суудаг учраас хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгч тухайн оршин суугаа хаягаар нэхэмжлэл гаргаад хариуцагч болох Ж.Батзанданг эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. Одоо хүртэл Цагдаагийн байгууллагаас Жалбасүрэнгийн Батзандан гэдэг хүнийг эрэн сурвалжилж байгаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
-Эрэн сурвалжилж байгаа гэхээр олон нийтэд ч, хэвлэл мэдээллийхэнд ч хачирхалтай санагддаг. Яагаад гэвэл тэр хүн чинь Монголдоо, тэр тусмаа Төрийн ордонд ажлаа хийж яваа. Энэ тохиолдолд түүний одоо оршин сууж байгаа хаягийг нь тогтоолгоод тэр харьяалал хаягаар нь шүүхэд өгөх боломж байдаг уу?
-Бид тодорхой оршин суугаа хаягийг нь өмнөх шүүхэд өгсөн байсан. Тэр хаягаар нь дараагийн гомдлыг өгөхөд тухайн хорооны ажилтан “Энэ хаяган дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн тодорхойлолт өгсөн. Тэгэхээр тэр хүн одоо хаана оршин суугаа вэ гэдэг нь тодорхойгүй болчихож байгаа юм. Тэр хаягийг шүүх тогтоох ёстой. Бид түүний оршин суугаа газрыг нь судлаад явбал хууль зөрчсөн үйлдэл болно. Ийм учраас 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч этгээд болох Батзанданг эрэн сурвалжлаад эхэлчихсэн. Үүний дагуу ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс одоог хүртэл тухайн этгээдийн оршин суугаа хаягийг тодруулахаар ажиллаж байгаа.
-Одоо хүртэл олоогүй гэсэн үг үү?
-Олоогүй. Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод тухайн шүүхийн шийдвэр ямар шатандаа явж байгаа талаар цагдаагийн алба хаагчидтай холбогдоод очиж уулздаг. Тэгтэл цагдаагийн алба хаагч “Батзандан гэдэг хүн утсаа авдаггүй. Утсаа авсан ч би Монгол Улсад байна” гэдэг байдлаар үл тоомсорлож харилцдаг. Мөн “та оршин байгаа хаягаа хэлчих” гэхээр “Би та нарт хэлэх албагүй” гэдэг байдлаар утсаа тасалдаг. Уулзахыг санал болгоход уулздаггүй. “Надад уулзалтын цаг байхгүй” гэдэг.Туслахаар нь дамжуулаад уулзуулах гэхээр нөгөө хэд нь тодорхой хаягийг нь хэлж мэддэггүй. Ийм маягаар төрийн алба үйл ажиллагаагаа эрхэлж байхад нь саад учруулдаг.
Хэрвээ энэ хүн өөрийн удаа дараа хийсэн мэдээллийг үнэн зөв гэж байгаа бол тухайлбал, хар тамхи оруулж ирдэг, Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд авч өгөх операцийг зохион байгуулсан гэх зэрэг бүх баримтыг өөрт нь байсан тохиолдолд мэдээлэх ёстой байсан. Гэтэл тийм баримтгүйгээр, зөвхөн улс төрийн зорилгоор, өөрийнхөө сонгуулийн сурталчилгаанд ашиглах зорилгоор энэ хүний нэр төрд удаа дараа халдаж байгаа учраас бид шүүх байгууллагад хандаад одоогоор мухардалд орчихоод байна.
-Таны ажилласан практик туршлагаас харахад үнэхээр Ж.Батзандан гишүүний зүгээс иргэн Б.Хурцын талаар хийсэн мэдээллүүд хөдөлшгүй баримттай байсан бол яах вэ? Түүнийгээ өөрийн аюулгүй байдал болон бусад шалтгаанаар ил гаргаж болохгүй байсан бол яах вэ?
-Энэ талаас нь харвал энэ дээрх гишүүний яриад байгаа бүх кейсүүд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ангилалд багтаж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд юм. Ийм үйлдэл хийсэн бол холбогдох байгууллагад нь өгөөд шалгуулах үүрэг тэр хүнд бий. Хуулийн зохицуулалтаар хэрэв гэм буруутай бол шүүхийн тогтоол, шүүхээс шийдээд энэ хүн оногдох шийтгэлээ аваад явах ёстой. Гэтэл ямар ч баримтгүйгээр олон нийтэд мэдээлэл цацдаг. Тэр тусмаа УИХ-ын гишүүн хүн, олон нийтийн анхааралд байдаг хүн ийм ноцтой хэргүүдийг баримтгүйгээр олон нийтэд түгээж байгаа нь өөрөө гэмт үйлдэл юм.
-Олон нийт мэдээлэлд хандахдаа нарийн шүүлтүүртэй болсон. Энэ хүн баримтгүй юм яриад байна шүү. Нэг ч баримт үзүүлсэнгүй дээ гэсэн хардлага үлдсэн. Тэгэхээр үүнтэй хамааралтайгаар хүний эрхийн талаасаа иргэн Б.Хурц дээрх мэдээллээс хойш яг энэ сөрөг гомдлоо дахиж гаргасан уу?
-Дээр дурьдсанчлан иргэний шүүхээр нэр төрөө сэргээлгэх гээд явахаар холбогдох хууль тогтоомжийн хүрээндямар байдлаар хэргийг “завааруулж” будилаантуулахаа Ж.Батзандан гишүүн өөрөө хуульчийн хувьд мэддэг юм билээ. Хамгийн сүүлд л гэхэд 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр дахин мэдээлэл хийсэн. Энэ үеэр өнөөх “энтертайнмент” гэдгээ ярьсан бичлэг цацагдаад, дээр нь “О.Баасанхүү гишүүнтэй холбон МАНАН бүлэглэлийнхэн утас чагнаж мэдээлэл цацлаа. Энэ бол Хурц генералын хийж байгаа ажил” гэдгийг бүр тодотгож хэлсэн. Энэ нь мөн л хууль бусаар хүний нэр төрийг гүтгэсэн буюу олон нийтэд мэдээллэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгээр нь бид бас Улсын Ерөнхий прокуорын нэр дээр болон ХЗДХ-ийн сайдын нэр дээр өргөдлөө өгсөн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа байх. Энд онцолж нэг зүйл хэлмээр байгаа юм. 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлд худал мэдээлэл тарах гэсэн зүйлчлэл Зөрчлийн тухай хуулиас шинээр нэмэгдэж орсон. Үүний дагуу энэ хүнийг хууль хяналтын байгууллага буюу цагдаагийн байгууллагаар шалгуулаад явах эрх зүйн орчин нь бүрдчихсэн.
-Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн үг үү?
-Бид цаашид үргэлжлүүлэн шалгуулаад явна. Энэ хүн одоо яагаад ингээд нам болчихов гэдэг нь өөрөө их сонирхолтой. Хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдсөн цаг хугацаанаас хойш мэдээлэл маш их танагдсан.
-Ж.Батзандан гишүүн эхний шүүх хурал дээр “Нийтэд илэрхий болсон үйл баримтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан, ийм зүйл болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй, нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг мэдээллийг ярьсан учраас нэхэмжлэгчийн нэр төр ажил хэргийн нэр төрийг гутаасан үйлдэл гаргаагүй” гэж маргасан байдаг. Жирийн сэтгүүлч ч шүүх хурал дээр ийм тайлбар өгөөд ялахгүйгээ мэднэ. Харин шүүх энэ байдалд яаж хандсан бэ?
-Хариуцагч тэгж маргасан нь үнэн. Шүүхээс “Хариуцагчийн татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан нийтэд илэрхий үйл баримт гэж тогтоогдоогүй гэж үзсэн. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ. Үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь нийтэд илэрхий байх шинжийг тодорхойлох бөгөөд урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараагдсан мэдээ, ярилцлага нь хариуцагчийн тайлбарласнаар хэн ч эргэлзэхгүйгээр нийтэд илэрхий болсон гэсэн ойлголт биш гэж шүүхийн шийдвэрт дурдагдсаныг үзэж болно. Мөн тэрбээр “Нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг” гэсэн нь дахиад нэхэмжлэгчийг гүтгэсэн болон шүүхэд үнэн бодит бус мэдүүлэг өгсөн үйлдэл юм.
-Тагнах, чагнах, бичлэг задрах гэгчийг Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан үеэс хойш газар авсан гэж ярьдаг. Хардаж асуухад Ж.Батзандан гишүүний хятадуудтай уулзсан болон газрын тосны бизнесийн бичлэг, мөн хийж байгаа улс төрөө энтертайнмент гэж хэлсэн зэрэг бичлэг яагаад Ж.Батзандах, Б.Хурц нарын шүүхийн маргаантай үед задрав. Тэдгээр бичлэгт таны үйлчлүүлэгч Б.Хурц хамааралгүй гэдгийг та нотолж чадах уу?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, одоо ч мөрдөгдөж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад заасанчлан гүйцэтгэх ажиллагааг хянадаг тодорхой албан тушаалтан байдаг. Хуульд заасанчлан нэгдүгээрт ,энэ бол бусдад задруулах боломжгүй зүйл. Хоёрдугаарт техник технологи маш сайн хөгжсөн. Өнөөдөр бид хоёр хоорондоо ингээд ярилцаж байгаа тохиолдолд хэн нэгэн нь ямар нэг байдлаар таны ярьж байгааг дуу хураагуурт хадгалаад авах боломжтой. Үүнийг бусдад задруулж байгаа нь өөрөө тагнасан, чагнасан гэмт хэрэг биш юм. Энэ бол хоёр хүний хоорондох харилцаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл тэр гишүүнтэй ярьж байсан хүн нь ч задалсан байхыг үгүйсгэхгүй.
Энэ бичлэг задарсан асуудал гэмт хэргийн шижтэй бол хууль хяналтын байгууллагууд тогтооно. Тухайн бичлэгийг задалж байгаа этгээдийн ажлын байрны тодорхойлтод заасан тэр хүн Тагнуулын ерөнхий газрын дарга хүн байсан эсэхийг тогтоох ёстой. Мөн тухайн ажлын байрны тодорхойлолтоор тэр хүн гүйцэтгэх ажлынхаа гардан зохион байгуулах эрх бүхий субъект мөн үү биш үү гэдгийг нь судалж тогтоох ёстой. Тогтоогоогүй бол дахиад л гүтгэсэн хэрэг болно. Өөрөөр хэлбэл Ж.Батзандан гишүүний талаарх дээрх ярианы бичлэгийн хувьд Б.Хурц гэдэг хүн ажлын байрны тодорхойлолтоороо ч, Тагнуулын байгууллагын тухай хуулиараа ч удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх ажиллагааг гардан зохион байгуулах эрх бүхий албан тушаалтан биш. Өөрөөр хэлбэл Б.Хурц ажлаа өгснөөс хойш ямар хугацааны дараа дээрх бичлэг гэгч задарсан, хэзээ хийсэн бичлэг байж болох вэ гэх зэргээс харахад миний үйлчлүүлэгчийн хашиж байсан албан тушаал, ажлын чиг үүрэгтэй холбоотой гэх ямар нэг сэжүүр олдохгүй л болов уу.
-Ж.Батзандан гишүүн таны үйлчлүүлэгч Б.Хурцаас танаас тусдаа хоёулхнаа уулзсан, уучлал гуйсан байж болох уу, Тэр тохиолдлолд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох уу? Яагаад ингэж асууж байна вэ гэвэл тухайн гишүүний хувд асуудалд сэтгэлийн хөөрлөөр ханддага онцлогтойг олон нийт удаа дараа харж байсан. Энэ удаад ч мөн сэтгэлийн хөөрлөөр буюу өөрийнхөө хэлдгээр “энтертайнмент хийж” мэдээлэл хийхдээ дэндүү ноцтой хэрэгт Б.Хурцыг холбогдуулж мэдээлсэндээ уучлал гуйгаад өнгөрвөл яах вэ гэдэг сонирхолтой байна?
-Тэднийг өмгөөлөгч, итгэмжлэгчгүйгээр уулзсан, тохиролцсон гэж бодохгүй байна. Чиг үүргийнхээ хувьд бол тэр хүн бол УИХ-ын гишүүн, хуулиар олгогдсон бүрэн эрхтэй субъект. Гэхдээ Монгол Улсад үндсэн хуулиар, шүүхийн байгууллагаар хуулиар зөвхөн хүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно. Өнөөдрийн байдлаар Батын Хурц гэдэг хүн дээр дээрх үйлдлүүдийн нэг ч гэм буруутайг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Бас ямар ч баримт байхгүй. Хэрэв баримттай бол холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуул. Баримтгүйгээр хүний нэр төрд халдаж байгаа тохиолдолд бид таныг харин холбоглох хууль хяналтын байгууллагаар нь шалгуулъя гэсэн ийм л байр суурьтай байна. Мөн Ж.Батзандан та Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгээч ээ. Хоёр шийдвэр байна. Нэгдүгээрт 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Та энэ хүнээс уучлалт гуйх нь байна. Тухайн мэдээлэлээ худал гэдгийг анх тараасан хэлбэрээрээ буюу хэвлэл мэдээллийнхний өмнө зарлаж залруулна. Хоёрдугаарт шүүхээс Ж.Батзандан таныг эрэн сурвалжлахаар цагдаагийн байгууллагад даалгавар өгсөн. Та үүний дагуу оршин суугаа газрынхаа мэдээллийг өгөөч. Бид түүний дагуу цааш цаашдынхаа хуулийн дагуу үйл ажиллагаануудыг хиймээр байна. Та хууль тогтоох дээд байгууллага- УИХ-ын гишүүн хуульч хүний хувьд шүүхийн шийдвэрийн үүргээ биелүүлнэ үү гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уламжлуулан хүсч байна. Эцэст нь хэлэхэд хуулийг үл хүндэтгэсэн, бусдыг хохироосон ийм хүн Монголын төрд ажиллаж, “УИХ-ын гишүүн болчихвол хуулийг, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болдог” мэт тийм дүрийг бүтээж яваад түүнийг дагадаг залуусын төлөө хувь хүнийхээ хувьд ч, залуу хүнийхээ хувьд харамсч байгаагаа ч нуухгүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.