Хрущев хувьсаад У.Хүрэлсүх болчихов уу?
“Алсын хараа”- гаас алсын байтугай ойрын харааг ч олж харсангүй.
Сахалт Сталины нас барсаны дараа богино хугацааны ЗХУ-ын удирдагчаар Н.С. Хрущев тодорсон байдаг. Тухайн үед ЗХУ-ын удирдагч болно гэдэг нь ЗХУ-ын Коммунист намын нэгдүгээр (ерөнхий) нарийн бичгийн дарга болохыг хэлж байв. 1961 онд болсон ЗХУ-ын Коммунист намын 22-р их хурлыг нээж хэлсэн үгэндээ Н.С.Хрущев 1980 он гэхэд коммунизм байгуулна гэж дэлхий нийтэд зарласан билээ.
Энэ нь зүгээр нэгэн тунхаглал байгаагүй. Тэгээд ч зоригтой мэдэгдэл хийхдээ тэр “коммунизм” гэгчийг шууд байгуулна гэж хэлээгүй юм. Бас нэг тодорхой үе шат заасан байдаг билээ. Тэрбээр “Ойрын 10 жилд (1961–1970 онд ) ЗХУ коммунизмын материалаг техникийн бааз байгуулж, нэг хүнд ноогдох бүтээгдхүүнээрээ хамгийн хүчирхэг, баян капиталист орон болох АНУ-ыг гүйцэж түрүүлж, Зөвлөлтийн иргэдийн орон сууцны асуудлыг үндсэнд нь шийдэж, хүнд хүчир хөдөлмөрийг үгүй болгож, ЗХУ нь хамгийн богино ажлын өдөртэй болно” гэж коммунизм байгуулах эхний үе шатаа тодорхойлов.
Дараагийн 10 жилийн хугацаанд (1971–1980 онд) коммунизмын материаллаг техникийн баазыг байгуулж, ард түмний материаллаг болон соёлын хэрэгцээг бүрэн хангаж, зөвлөлтийн нийгэм нь нэгдсэн ард түмний өмчтэй болж, хэрэгцээгээр хангах зарчимд шилжинэ. Ийм байдлаар ЗХУ-д коммунизм байгуулагдана” гэж мэдэгдсэн.
Яагаад гэнэтхэн Хрущевыг дурсах болов гэж гайхаж магадгүй. “Алсын хараа-2050” гэгч хөтөлбөрийг уншаад л тэр. Агуулгын талаар ярьж, хэлэх олон зүйл байна. Гэхдээ өнөөдөр зөвхөн эхний сэтгэгдлийн тухай бичиж байна. Хрущев өөрөө бол тухайн үеийн ЗХУ-ын коммунист намын аппарат нь энэ бол биелэшгүй амлалт гэдгийг маш сайн ойлгож байсан гэдэг олон баримт байдаг. Тэгээд яагаад ийм амлалт өгөх болов? Хамгийн гол шалтгаан нь бол Дэлхийн 2-р дайнаас хойш амьдрал нь бодитоор дээшлээгүй ард түмэндээ сэтгэлийн дэм өгөх зорилго байсан гэдэг. Ямартай ч энэ нь ЗХУ-ын хамгийн том онигоо болж өнөө хүртэл ард түмний сэтгэлд үлдсэн. Санаанд орсон ганц онигоог хуваалцъя.
“Хрущев дотны найзтайгаа уулзсан чинь нөгөөх нь “Чи яагаад ийм бүтэхгүй юм амлаваа” гэж асуухад Хрущев “Чи Хожа Насреддины домог мэдэх үү?” гэж асууж. Тэрбээр “Мэдэхгүй” гэсэн хариу аваад тухайн домгийг ярьж өгчээ. Нэгэн удаа Хожа “20 жилийн дотор хааны илжигийг хүний хэлээр ярьдаг болгоно” гэж амлаад бооцоо тавьжээ. Харин яагаад ийм бүтэшгүй зүйлээр бооцоо тавьсан талаар асуухад найздаа тайлбарлахдаа “20 жилийн дараа би ч юм уу, хаан ч юм уу, илжиг ч юм уу амьд байхгүй биз дээ” гэж хариулсан гэдэг. Ямартай ч коммунизм байгуулна гэдэг популист мэдэгдэл нь өнөөдөр зөвхөн онигоонд юм уу эсвэл ардын аман зохиолын хөмрөгийн санд үлдсэн гэдгийг та бид харж байна.
Өнөөдөр би тухайн баримтын агуулга биш зөвхөн эхний сэтгэгдлээ бичиж байгааг дахин сануулъя. Энэхүү нүсэр (480 хуудас) бүтээлийг мэргэжлийн үзмэрч, мэргэжлийн мөрөөдөгч (худалч гэдэг үгийг хэрэглэхгүйн тулд), график дизайнерийн баг бүтээсэн юм болов уу гэж санагдлаа. “Алсын хараа-2050” гэж нэрлэсэн нь нэг талаас өнөөгийн МАН асар алсын хараатай бодлоготой бөгөөд улс орны бүхэл бүтэн 30 жилийн хөгжлийн төлөвлөж чадна гэдгийг харуулахад оршсон биз. Бодит байдлаар бол “60-аад оныхон” бол энэхүү үлгэрийг яаж дуусахыг үзэхгүй, “70, 80-аад оныхон” нь байгалийн жамаар санахгүй. Үлдсэн хэсэгт нь зориулж өөр нэгэн үлгэр зохионо гэсэн үндсэн агуулгаар бүтээсэн байж болох юм
Үнэндээ “Алсын хараа”-гаас алсын хараа байтугай ойрын харааг ч олж харсангүй. Өнөөгийн бодит байдлын тухай мэдээлэл, сонгуулийн сурталчилгааны агуулгатай хэдэн популист амлалтын цуглуулга гэж харагдаж байна. Хрущев хувьсаад У.Хүрэлсүх болох нь энэ үү?