“Явгалах зуур”

Махчин шувуу гэхлээр хамгийн эхэнд тас л санаанд бууна. Гэхдээ тэр ганцаар биш. Махчин төрлийн жигүүртэн цөөнгүй заяажээ, энэ дэлхийд. Таван зуу гаруй зүйл махчин шувуу байдаг, түүний дотор 22 зүйлийн 20 орчим мянган тас тоологдсон гэж ном сударт дурджээ. Харин манай оронд нөмрөг тас, нохой тас хоёр нутагладаг аж.

Ер нь энэ ертөнцийн амьд болоод амьд бус бүхнийг Бурхан хэрхэн нарийн урлаж, гайхалтай зохиролдуулан бүтээсний учир начрыг мөхөс миний бие эс ухаарах. Гэхдээ “юм бүхэн учиртай, сум бүхэн мичиртэй” учраас араатан амьтан ч, махчин жигүүртэн ч идэш хоолоо эрж олох, ангуучилж барих, амтархан хүртэх, үрсээ тэжээх,тэгээд бусадтай хуваалцах зэрэг амьд байгалийн зохирол болоод зохицлыг ажиглаж ойлгох, гэрэл зурагт буулгахыг оролдож явдаг ухаантай. Чингэх нь маньд бөөн жаргал. 

Ирвэс, баавгай, шилүүс, чоно ангуучлах уул хад, ой мод, тал хөндийд тас, бүргэд эргэлдэн нисч,харуулдан сууж харагдахаас гадна хэрээ, шаазгай мэт нь тэднийг бараадаж, үнэг, хярс, мануул зэрэг нь горьдож шогших нь энэхүү уран зохиролд заяасных болой. Ооно, шаргачин, гур, зүр, буга, согоо, туулай, хэрэм, тарвага, зурам, огтоно, үен болоод эдгээрийн нялхас нь тэднээс цаг үргэлж жийрхэж амьдрах тавилантай аж. Гэхдээ амьдидшээ олж барих, тэгээд хүртэх нь амьтнаас ч, шувуудаас ч арга ухаан, заль мэх, зүтгэл чармайлт шаардана. Тэд нялх балчираасаа мэргэн ангуучлахын эрдэмд суралцаж эзэмшдэг. Харин тэдэнд өртөгсөд нь сэрэмж, арга заль, тэмцлийн хүчээр махчдын аюулаас зайлсхийх өвөрмөц мэдрэмж, чадавхийн ачаар л амьдардаг.

Хашир саарал гуай нэгэн бүдүүн зүр дарчихсан ноцож байхыгалс өндрийн орой дээрээс олж харлаа. Үүр дөнгөж гэгээрч байсан цаг. Яндан дурангийнхаа хүчийг биширч суув. Уул хаданд бадарчлах эгэл зурагчинд ийм аз гийх нь ховор. Намрын адаг сарын сувай зүр гэдэг бол тэр боохойн хувьд бал бурам л гэсэн үг. Халуун мах, цусанд “согтсон” түүний олз руу өөр нэг саарал сэмхэн мярайсаар халдлаа. Тэр болбоос идэр нэгэн болтой. Нөгөө хашир нь ухасхийн нэг ярзайж, нэг архирсанаа зүрийн ярагдсан хэвлий рүү шургаж ховдоглов. Харин зочин бээр зүрийн шилэн хүзүүн дээрээс долоож нэг үзснээ нуруу талаас нь лав зуулаа. Тэнгэрт хэсэг хэрээ, гурав дөрвөн тас хальж байх. Тэд баярлалдан хушуу амаа билүүднэ. Тэгснээ гурван тас нь ойролцоох хадан цохионы орой дээр буув. Идэр насны нэг нь хахирдуу бөгөөд горьдонгуй орилж, лагсгар хоёр нь шүлсээ залгиж тэвчээртэй хүлээнэ. Өлөн ходоод өрвөлзсөн нь тэр биз.

“Шүлс асгарах агшин”

Хоёр боохой ч ганц зүрийг дорхноо л урж, тасдаж ханаад хажуу жалга руу орж далдрав. “Бод идсэн боохой”-н зан.Шөнөжинжөө хоолны эрэлд холхиж зүдэрсэн, тэгээд халуун олзондоо цохиулсан тэр хоёр дугжирч ч мэднэ, тэндээ. Харин зүрийн үлдэгдэл дээр өрнөх үйл явдлын дарааллыг гадарласан учраас би ч тийш дөхөх гэж хөдөллөө. Нөгөө гурван тасын суусан хясаат хадан толгойгоор баримжаалан цаг гаруй бэдэрсээр өмнөх хяр дээгүүр нь өнгийтэл тэд шурхийн босч зүрийн сэг рүү дайрахтай тааралдав.

Тэдний довтолгоонд цочирдсон хэдэн хар хэрээ гуагласаар тал тал руу бутарч одлоо.

Өлөн тасууд зүрийн сэг рүү хушуу, зэтрээ дүрж түнтэгнэнэ. Зарим нь нэг өндийж, нэг тонгойж ув улаан зэтэр, духаа сэгсрэх. Төдөлгүй хоёр нь цадсан янзтай алсыг ширтэж амсхийснээ хүнд цогцсоо дааж ядан явгалсаар зэргэлдээ жалганы эрэг дээр гарч цомцойн суув. 

“Цатгалан”

Тэр хоёр биесээ түшингээ хөшөө оргиж, том хар нүдээ нэг аньж, нэг нээж сууснаа зүйрмэглэх аядав. Цадсаны шинж биз. Нөгөө нэг нь залхуутайяа өндийж холгүй урсах горхины эхэнд буугаад бие хаагаа цэгцлэх нь жаргалтай харагдана.

“Жаргалтай архаг”

Тэр хушуу, шанаа, хацраа цэвэрлэж, өд сөдөө цэгцлэн тонголзож дуусаад салхи сөрж төмөр дэгээ шиг махир хар хушуу, нүцгэн ягаан зэтрээ гайхуулж, хурц хараагаа алсад чиглүүлэх нь нэн сүрлэг. Аргагүй л “хал үзэж, халуун чулуу долойсон” архаг нэгэн санж. Тэгснээ цээжин биеэ өргөж, сүүлнийхээ залуур өдийг сэрвэлзүүлэн хоёр хөлөө ээлжлэн өргөв. 

“Сур харвахуй”

Хөөрч одох нь үү гэж тааж суутал нөгөөдөх чинь урагшаа ганц хоёр алхаад бөгсөн биеэсээ ганзаганы сурын дайтай нарийхан агаад цайвар шаргал “юм”-аар харвачихав. Мань эр чингэж “хөнгөрсөн” юм. Тэр “сур”-ыг нь сангас гэх бөлгөө. 

Харин зүрийн сэг дээр шаагилдаж суусан хэдэн хэрээ рүү үнэгний авар гэмээр нэгэн гэтэж очоод хөөгдөж холдов. Хоол хайж яваа амьтан шүүдээ, бас. Лавлан халайвал тэр зөнжиг санж. Тэгээд л хэрээнүүдээс айж л дээ, эхээсээ төөрчихсөн хөөрхий амьтан. Тэр хооронд нь хоёр алаг шаазгай сэг рүү амжиж шургалав.

Хашир өвгөн тас өглөөний зоогоо барьж, сангасаа тийнхүү орхиж дуусаад зугуухан явгалсаар аварга далавчаа дэвж хөөрлөө. 

“Хөөрөхүй”

Тэр торгон цэнхэр огторгуйд гарч хос жигүүрээ дэлгэн дүүлж амьдын жаргалд умбан цэнгэж одов.

“Дүүлэхүй”

Хоёр чоно, гурван тас, хэд гурван хэрээ, төөрсөн ганц зөнжиг, хошгоод шаазгайн намар цагийн өглөөний зоог тийнхүү өндөрлөв. Нэг хэсэг нь ангуучлан барьж, нөгөө нэг хэсэг нь ээлж дараалан хүртэх нь амьд байгалийн гайхамшигт зохицол болой. Түүнийг гэрчлэх завшаан тохиосон нь энэ.

Тас нь Харцагынхан овгийн махчин шувуу. Тэд Европын Испаниас Зүүн хойд Азийн Солонгосын хойг хүртэлх нутаг дэвсгэрт оршдог. Үндсэндээ 11-15 кг жинтэй, бараг 3 метр урт далавчтай, бахим атлаа мохоо хумстай, өд сөдгүй зулбан хүзүүтэй, нүцгэн ясан хоншоортой бөгөөд нэн хурц хараатай. Тэгээд ч арван мянган метрийн өдрөөс ч идшээ олж хардаг увьдастай.
Эм тас цавчим элгэн хадхясаа, өндөр модны оройд үүрээ засч, 1-2 өндөг гаргаж, 50 гаруй хоног дарж ангаахай болгодог. Анхаахайг нь мануул, үнэг, чоно, заримдаа хон хэрээ ч хулгайлж зооглодог гэнэ. Тэр өөрөө байгаль орчныг цэвэрлэдэг ачтан. Учир нь амьтан ба малын шинэ, хуучин сэг зэмээр хооллодог онцлогтой. Амьд амьтан авладаггүй гэсэн үг. Гэхдээ заримдаа шавьж, хааяа нэг могой идэж тааралддаг гэнэ.

Тасынлагс бүдүүн бие, урт бөгөөд өргөн далавч, өндөр хүзүү, махир шовх хушуу нь түүнийдүр төрх, ааль араншинг илэрхийлнэ. Тас махчин ч гэсэн номхон дөлгөөн зантай. 

Өвгөн тас үүрээ чухалчлан цэвэрлэж эхэлбэл “тэнгэрт халих”-ын шинж хэмээн эмээ минь сүү өргөдөг байсан нь санагдах бөлгөө.


“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас