Ойрын зайны атаархал
Эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ.
Эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч 20-30 жилийн бөгсөнд юу болов? Улс хөгжих сайхан ч явцын дунд өөрөө баяжих бүр гоё нь ховсдов. Эх орны ба хувийн мөрөөдөл ид шид шиг бүтсэнгүй. Өр зээлд унав. Луйвар хулгай авилга хяналтаас гарч, хууль гууль болж, монжигчид хуйвалдагчид оодорч, баян хоосны ялгаа гаарч, танил бус сорилтууд халиранхай харанхуй залхуучуудыг шогнойлгов. Өрсөлдөөнөөр баяжих ёстой чөлөөт зах зээлийн жамыг зальдахаар сул олзонд хошуурлаа. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч ард олондоо бүгд хайртай гэвэл худал. Улсаа хөгжүүлэх хүслийг хувиа хичээх луйвар дийлдэв.
Саарал хар жагсаалт, зээлжих зэрэглэл унаж, төсвийн хулгайдаа ялагдаж ОУВС-гаар мануулав. Харанхуйлсан хар мэдээлэл дунд МСS олон улсын биржид гарч, тэднийг гадныхан хамтрах хэмжээнд дөхсөн менежменттэй Монголын ганц компани гэсэн өчүүхэн оч ёлтос хийв. Тэгтэл түүнийг унтраахаар улс төрчид “бид эх орноо хөгжүүлэх гэж ядарч явахад хувийнхан биднээс томрох ёсгүй” гэж баадуурав. Тэд “Эх орноо зөвхөн эрх баригчид хөгжүүлнэ. Улсаа өөд татах гарааны бизнес бол хувийн том компаниудыг Төрийн мэдэлд авах. Уул уурхайгаас баяжсан 30 гэр бүлийн хөрөнгийг хураах. Оджаргал Нянтайшир нарын босгосон бүтээн байгуулалт бол тэдний өмч бус газрын баялаг. Эрх баригчид хувьдаа орд эзэмшиж авилгад гар тосохгүй болтлоо баяжъя”.
УИХ-ын дарга ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Салхитын мөнгөний ордыг нийгэмчлэх тусгай ажиллагааг модон алхаар бус зэвсгээр гүйцэтгэсэн нь одоо байтугай социализмд гараагүй тэргүүн туршлагаар алдаршив. Туршилт амжилттай болсон тул цааш өрнөх гэнэ. Зээлээ тэглүүлсэн хөгшид хөөрөөд хөлөө хугалах дөхсөнийг бүх ардын баяр гэв.
Эрх баригчид хоорондоо зодолдоод эх орноо өндийлгөсөнгүй гэж амтай болгон цуурна. Яс булаацалдсан ноход шиг уралцаж буйг нүдтэй бүхэн харж, чихтэй бүхэн сонсож ахуйд “уралцаагүй, гүтгэлэг” гэж мэлзэхдээ нүүр нь улайдаггүй дүүрчихсэн амьтад дийлдэхээ болив. Өөрийн төлөө зүтгэж баяжихыг зуун хувь дэмждэг ардчилалд гадны хомхой баячуудын далд хатгаасаар олон тэрбум доллар олох төслөө түгжиж байгаад өөрсдөө баяжиж буй бүлэглэл нэг л биш ээ. Ийм хүйтэн санаатнуудад өвгөн хүний ч дургүй хүрч бухимдах юм гээч.
Мега төслөөр хэдэн арван тэрбум доллар олохын дэргэд ганц хоёр хүн баяжих дусал төдий агаад харин эдийн засаг эрс агшив. Улсаа хохироож өөрөө баяжих амбицтай эх оронч баатар “Тэр муу надаас илүү баяжих ёсгүй” гэж хөмсөг зангидаж хөмхий зууна. Харанхуй баатрын бас нэг онцгой араншин гэвэл оросуудын өмнө өмдөндөө шээс алддаг атлаа нөхдөө хилсдүүлэхдээ чулуу шиг. Хар аминыхаа төлөө харц ардаа сөхрүүлчээд ханасангүй, ардчиллыг араандаа зуух нь чанга.
Найз маань баяжихгүй бол би хоосорсондоо яахав гэх жөтөөгөөр эхэлсэн томчуудын тэмцэл өдгөө “Хувийн том компаниудын эзэд үндэсний хөрөнгөтөн болчихгүй бол Монгол дампуурсандаа яахав” гэхдээ хүрчээ. Ийм мунхаг эрх баригчид, эх оронч нялуун үгнийхээ цаана нуугдаж буй гэх хардлага ортой юу оргүй юу? Магадлаач, 3 сая тэнэгүүд ээ. Магадалчаад дараа нь хаадаа сонго.
Эрсдэлээ үүрээд өөрийн хөрөнгөөр баялаг бүтээж яваа сортоотой хэдхэн бизнесмен “найзаа татаж унагадаг монгол атаа жөтөө”-г дэврээв. Дэвэрч сагасан атаа жөтөө тархитай урвалд орж исэлдээд шатах (харвах) учиртай сан. Гавал дотор атаа хорслоор паг паг буцлах давирхай! Зарсхийм мэдрэмж. Сэжгийн төсөөлөл. Найз маань баяжихгүй бол би хоосорсондоо яахав гэдэг атаархал тээж явдаг тархийг өөр юутай ч адилтгах билээ. Атаа жөтөө өөдгүй ч хэрэгтэй хүндээ хүчтэй бизнес. Атаа буцалбал өмч булаана. Гагцхүү хувийн хэвшилд эр бар ч олигариудад эрх хавсар. Монгол атаа жөтөө ойрын зайных.
Мангар зодооны гол талбар уул уурхай. Барилдахдаа байдаг хүчээ дайчилдаг атлаа багаар тоглохдоо “яллаа гэхэд гавъяа нь ганц надад бус бүгдэд нялзана” гэж чамлаад, бие нь хөдөлж өгөхгүй хөшчихдөг тамирчин байжээ гэж хийсвэрлээд, түүнтэй өөрийгөө (баяжсан найздаа уур чинь хүрч хорсоод яваа бол) харьцуулаад нэг үз. Улсаа суга хөгжүүлээд өвдөг цоорхой үлдсэн ч Монгол уг нь газардахгүй хүнлэг орон. Ард олныхоо алган дээр бөмбөрч яваад л хорвоог барна. Муу нэрт бүдүүлэг монголчууд минь цаанаа тийм л хүмүүс.
Хувийн хэвшлийг үрэлгэн бус хамгийн хямгатай хэлбэр гэж үздэг итгэл минь намайг нүгэлд унагаж байх шиг. Би уг нь нийгмийн өмчөөс хүртэх ёстой хувиа бусадтай тэнцүү халбагадсаар 1990 онтой золгосон тэжээвэр гөлөг л дөө. Социализмээр тэтгүүлж, банхар болтлоо насалчаад өнгөрснөө шүүмжлэлээ гэж намайг загнах хүн сүүлийн үед олширч сүрхий ширүүсэв. “Өнгөрсөн зууны алдааг энэ зууны сургамж болгоё” гэж бичдэг өвгөн зохиолчийн гай гэж юу байх билээ.
Нийгэмчлэх сэлэм толгой дээгүүр сэнсэрч буй баргар үед Ж.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар гэх хоёр балиус Bааbаr mn сайтын-надтай нэг клубын сэтгүүлч Оргилмааг олон янзын санаанд багтамгүй аймаар хэрэгт ороож эхэлмэгц би эмгэндээ хэлмэгдэгч болж томрохоор “Намайг бас байцааж магадгүй. Би Чойномоо байг гэхэд Оргилмаа анзааны” гэж онгирсон боловч хэн ч тоосонгүй. Эмгэн намайг шоолонгуй жуумалзана.
Эх орончдод нулимуулж, Төр засгийн муйхар дарамт хавчлагад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ч гүрийж яваа бизнесмен цөөнгүй. Чөмөгтэй хэдэн компанитай болчихвол хөгжил цэцэглэнэ гэж ёргидог дэврүү хөгшдийн нэг нь би. Боловсноор хэлбэл оптимист өвгөн. Том компаниудын олз омог надад хүртээлгүй нь хамаагүй л дээ. Хойч үе чинээлэг амьдарвал үхэж буй хөгшдөд тэр чинь жаргал. Үлдэж буй хойч үеэ сайхан амьдраасай гэж залбирдаг ёс зүй хуурамч хорвоог сүлдэг.
Миний зарчим: өөтүүлэх өчүүхэн ч хийгүй бичих! Өтлөөд жагсаалаас гарах сайхан уу, гунигтай юу? Эхлээд хөгшрөл, дараа нь тэнэгрэл, эцэст нь үхэл. Хэндээ ч гомдох билээ. Тоогдохгүй болсон тавилангаа наргиан болгов. Хошин мэдрэмж гарцгүй нөхцөлд тайвшрах цэнэг. Юу л гэж бичвэл бичиг зайлуул гэх өхөөрдлийг далимдуулж, гүтгэлэг сараачиж буянаа бузарлахгүй ээ. Эрихээ имрээд, компьютерээ тоншоод жаргах мөчөө хүлээхээс. Бичмээр сэдэв нисээд ирвэл дуртай яа зугаацна аа. Үхлийг зөв хүлээж авах эргэцүүлэл уяатай. Жудагтайгаа зөвлөлдсөөр төгсөх юмсан. Тэр агшинд бурхан намайг хөтлөөсэй.
2020-10-18
dsgf
/*-*/
ЦОЛМОН
Амарсанаа
Дүү нь
Нүүдэл
оссо
Зочин
Jenko
64.53.213.82-ын БУУНЫ НОХОЙД
Bagi
Дорх нөхөрт
Зочин
Tugs
иргэн
Зочин
Зочин
Мөнхбадрах
Зочин
Бат
Махбал С
Бас нэг Дурак Монгол
давхараа
гайхшрагч
s
с
ГУНИГ
дп
Уншигч
Зочин
Золбоо
МАН
Басаа
ЗОЧИН
Ж.Бат
Иргэн
Зочмн
Зочин
Зочин