ДОЛОО. ХУУЛЬ ТОГТООГЧДЫН МАРЗАН НАМТАР

Гадаад харилцааны сайд Занданшатар “урвагч дайснаар” тодорлоо. Түүнийг Монголд урааны шаар булшлах гэрээг америк, япончуудтай нууцаар хийсэн, аягүй бол үүнийхээ төлөө бөөн хахуул авсан гэж буруутгасан хэрэг. Үнэндээ ийм юм байгаагүй. Хаана ч ийм ил болоод далд хэлэлцээ хийгдээгүй. Энэ бол Монголд урааны хайгуул хийлгэхгүй, цуурхал гүтгэлэг үүсгэж байгаад гадаадын хөрөнгө оруулагчдыг монголчуудаар өөрсдөөр нь хөөж гаргах гэсэн зориудын бодлого байлаа. Ил санхүүжүүлэгч нь нэгэн солонгос гаралтай Японы иргэн байдаг. Цаад захиалагч нь оросууд л болов уу.

Монголоос гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах гэсэн энэ оролдлого санасныг бодвол маш өргөн дэлгэр болж төлөвлөөгүй том амжилтад хүрлээ. Намын гишүүн нөхөр Занданшатар болбоос нэгдлийн эдийн засагчаас бүхэл бүтэн улсын гадаад бодлого хариуцдаг болтлоо доороос дэвшсэн хүний хувьд тун эмзэг нэгэн аж. Ингээд гадаадын түрэмгийллээс сэргийлэн хамгаалах үйл хэргийг өөрийн үүрэг болгон хувиргаад үүнийгээ Монгол улсын гадаад бодлого гэж нэрлэв. Америк, Японы албаны хүмүүст тун ширүүн хандана, тэднээс зугтана, санаандгүй тааралдвал архирах зэрэг авир үзүүлэх боллоо. Үүнээ дотооддоо суртчилна. Их л эх оронч царайтай болчихсон. Сонгууль ойртож байгаа учир урааны хэрэгт огт хамаагүйгээ батлахаар шийдэн Гадаадын хөрөнгө оруулалтыг таслан зогсоох хууль бодож олжээ. Ийм сайхан үйлсэд хамтрагч хаанаас мундах билээ. Бямбацогт гээд бас нэг мундаг эх оронч байна. Өөрөөс нь түрүүн Монголын гадаад бодлогыг толгойлж байсан Н. Энхболд байна. Хэдүүлээ нийлж байгаад уул уурхайн эрдэс баялагийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, энэ асуудлыг УИХ тухай бүрд нь нухацтай хэлэлцэн байж туёгайлан зөвшөөрөл олгож байх лунаг хууль санаачиллаа. Иймэрхүү авантюрын мэргэжилтэн гэгдэг Фортуна Батбаярыг багтаа урьсан нь цаанаа учиртай. Энэ тэнэг эр юу ч хийж чадна. Үнэхээр ч хуулийн төслийг улам сайхнаар самарч эргийг нь чангалж хатууруулан хамрах хүрээг нь Харилцаа холбоо, Банк санхүүгийн салбар болгон өргөтгөв. Монгол улсын хаалгыг цоожлоод лацдаад ломбодоод тавьчихлаа. За одоо цөмөөрөө цоожтой хаалган дотроо мөнх жаргацгаая.

Үр дүн гарахад нэг их урт хугацаа шаардсанүй. Монголд хөрөнгө оруулаад эхэлсэн нь бушуухан гараад явчихлаа. Оруулахаар зэхэж байсан нь дээрэмдүүлэх юм байна гэж ойлгоод зугтаав. Богино хугацаанд Монголын экспорт 60 хувиар унаж, эдийн засаг эгшин зуур уруудаж эхлэв. Бараа эргэлт 17,3 хувиар буурлаа. Улс орон мөнгөгүй болов. Валютийн орлого муудсанаас болж төгрөгийн ханшийг барьж байхын тулд Монгол банк улсын нөөцийн 1,5 тэрбум долларыг зарлагадав. Орлогын гол үүсвэр болох ашигт малтмалын экспорт зогсонгуут аж ахуйн бусад салбар элгээрээ харуулдан унах нь тэр. Хөрөнгө оруулалтын хамгийн найдваргүй орны нэгээр Монгол зарлагдлаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монгол нь 2013 ондоо багтаж эдийн засгийн дампууралд орох төлөвтэй гэнэ. Орлогынхоо 90 хувийн эх үүсвэрийг цоожлоод лацадчихсан болохоор арга ч үгүй. Бүр хуулиар шүү дээ. Нэгэнт том хөрөнгө оруулалт хийчихсэн байсан том компаниуд хөрөнгө оруулалтаа зогсоолоо. “Рио Тэнто”, “Сэнтэро гоулд”, “Сауз гоби” зэрэг өрний компаниуд цаашдын эрсдэлээс болгоомжлон бүхий л төрлийн үйл ажиллагаагаа царцаалаа. Дотоодын үйлдвэрлэгчидийн ч идэвхи эрс сулран, олноороо үйлдвэрлэлээ хаах болов. Улс оронд мөнгөний эргэлт цөм үсрэн унах тул барилга, холбоо болон бусад биенесийн салбар том жижиг гэлтгүй сөхөрч эхлэв. Тэр байтугай хөөрөгний наймаачид хүртэл “нүүрснээс болоод хөөрөг үнэд хүрэхээ болчихлоо” гэж гомдоллохыг би чихээрээ сонссон.

Улс орны эдийн засгийг хорлож, хэмжээ хязгааргүй хохирол учруулаад ямар ч хариуцлага хүлээлгүй, харин ч энэ хорлонгоо улам лавшруулдаг ийм жишээ анхных нь биш, мэдээж сүүлчийнх нь бүр биш. Мөнгө тараах солиорлыг 2004 оны сонгуулийн өмнө нэг нь санаачилсан, түүгээрээ ч их бахархсан. Цааш нь энэ нь социалист уралдаан болж билээ. Хүүхдэд гэсэн гэнэн нэртэй тараалт цааш нь гэрлэх, хүүхэд гаргах гэсэн биологийн явдал руу орон улмаар хөгшдийнх иргэдийнх гээд замарч өгсөн л дөө. Нийлбэрээрээ олон тэрбум долларт хүрэх энэ их баялгийг дэд бүтэц, боловсрол, эдийн засгийн шинэчлэлд зарцуулсан бол Монгол улс өнөөдөр арай өөр харагдах байлаа. Ганц уул уурхайгаас хамаарахаа больё, бусад салбараа хөгжүүлье гэж их ярьдаг, үнэхээр тэгэх гэж байгаа бол үүнд мөнгө хэрэгтэй. Уул уурхайгаас асар их мөнгө олж болох оргил үед нь нэг талаас хаалт боолт хийгээд, нөгөө талаас олсон мөнгөө бүгдээрээ хувааж аваад жорлон руу асган нийтээр архидан согтуураад өнгөрөхөөр ямар үхснийхээ бусад салбараа хөгжүүлэх юм бэ?

Монголын эдийн засаг ид мөнгөжин оргил үе рүүгээ яг тэмүүлж байхад “68 хувийн гэнэтийн татвар” гээд юм гараад ирсэн. Эндээс олсон мөнгө бараг байхгүй боловч гадаадын хөрөнгө оруулагчдыг бөөнөөр нь үргээх том арга хэмжээ болсон юм. Үр дүн нь дороо гарч 2007 онд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж шууд 20,9 хувиар бууж байсан юм. Дараа нь бид 2008 оны хямралтай тулсан. Мөн алт зэрэг зарим ашигт малтмалын үйлдвэрлэл, арилжааг гэмт хэргийн хэлбэртэй болгожээ. Үүнийг санаачлагч нь эрүүл хүн биш. Юунд зарцуулах нь тодорхой бус, өндөр хүү бүхий Засгийн газрын бондын тэрбум хагас долларыг тэр өвчит одоо өөрийн хувийн мэт зарцуулахаар үүдэн дээрээ асар урт оочир үүсгэчихээд сууж байна. Мүднийхнийгээ дэмжиж фракцаа эргэж сэргээнэ ч гэх шиг. Солонгосчууд манай хүүхнүүдийг бузарлаад байгаа учир Сөүлтэй эдийн засгийн бүх харилцаагаа таслана ч гэх шиг. Гал тахиснаар бондоо амжилттай зарлаа, цаашид бүгдээрээ гал тахиж байгаарай ч гэх шиг. Гадаадынхан эдийн засгийн тооцоо хийж чадахгүй байна, манай охиноос суралц ч гэх шиг. Интернэтийн яахуугаар явж байгаад ийм мундаг санаа оллоо, одоо үүнийг Монголд туршина ч гэх шиг.  Энэ бол галзуунийн больницод биш, Монгол улсын хууль тогтоох байгууллагад, тоглоом наргианаар биш жинхэнээсээ болж байгаа яриа шүү. Улсын бодлого тодорхойлж, баялаг хуваарладаг газарт! “Стратегийн халдашгүй ордууд” гэх мэтийн эдийн засгийг тэр чигт нь самарсан хуулиас авахуулаад садар самууныг цаазлан хориглоно, архидан согтуурахын эсрэг, тамхи зууж болохгүй тухай, баячуудыг шахаж хадгаламжаас нь хүү авах, хүүхэд хөгшдийг харж үзэн мөнгө тараах, хүнээ үржүүлэхийн тулд гэрлэлтийг шагнах зэрэг эхлээд сонсоход их л шударга, эхоронч, ардтүмэнлэг боловч үнэн чанартаа аажмаар арай гэж эвлэрч ядаж буй тогтоцыг хөмөрсөн, олон түмнийг хууль бус үйлдэл рүү түлхсэн, нийгмийн давхрагуудыг дайсагнуулцсан түйвээн чухам энэ “Зургадугаар тасгаас” тасралтгүй хүч түрэн мэндэлсээр. Эдний хариу тайлбар ч их хялбар, архи уух нь зөв юм уу, эх орны газар шороогоо хайрлаж болдоггүй юм уу, шударга ёсыг өмөөрөх хэрэгтэй биз дээ, охин  үрээ янхан болгох гээ юу гэх мэт. Сонгууль болгоны дараа УИХ-д эзлэх сэтгэцийн доголдолтой хүмүүсийн эзлэх хувь нэмэгдээд байгааг ажигч нэг нь харж л байгаа байх. Анагаахын утгаар шүү дээ.

Ухаан муутай, харанхуй бүдүүлэг боловч гишүүн болсон нь өөрт нь ихэд таалагдаж үүнийгээ давтахаар “шударга” хэмээх дүр эсгэгчид хууль тогтоох байгууллагыг дүүргэх болж. Эд ганц нэгээрээ байдаг байснаа сүүлдээ олшрон бүлэг болов. “Эгийн голын цахилгаан станцын 13” бараг анхных нь байж магадгүй. Дараа нь гадаадад олон жил болсон Оюуныг байдлыг ойлгоогүй байхад нь “Ахыг чинь ардчилсан намынхан элбэж байгаад алчихсныг нүдээрээ харсан” гэж догиосоор нөмөр нөөлөгт нь нам болж тоглогчдын бүлэг гарч ирсэн. Улс төрийн гэх зорилготой байсан бол дараа дараагийн бүлэглэлүүд идэж уух, авилгад өрсөлдөх, хулгай хийх асуудалд илүүтэй хамтрах боллоо. Чухам ийм зүйлд сэтгэцийн өвчтэй эсвэл ард түмэндээ хайрлагдах гэсэн увайгүй тэнэгүүдийг ашиглах нь элбэг. Авсан орд газартаа их хөрөнгө хаяад шатсан арав орчим компани алдагдлаа нөхөхийн тулд үүнээ улсаар төлүүлэх арга бодож олжээ. Гол усны дэргэд газар ухаж болохгүй гэсэн хуулийн төсөл үйлдээд нэг мангар гишүүнд атгуулж орхив. Шинэ хуулиар төр алдагдлыг нь нөхөн төлөх юм байна. Хэдэн зуун лицензи хүчингүй боллоо. Газар дор нь шанд булаг байж магадгүй гэсэн тайлбартайгаар элсэн говийн компаниуд ч өөрийн хүсэлтээр хоригт багтав. Эдэнд улсаас нөхөн олговороор төлөх мөнгө бараг найман тэрбум доллар буюу ДНБ-ийг давав. Гэтэл хууль өргөн баригч эх оронч маань өөрөө Тужийн нарсыг хувхайртал нь огтолж урагш нь зөөсөн гэмт этгээд шүү дээ.

“Дуусдаггүй ярианыхан” гээд орой болгон зурагтаар жавжиддаг асан хэдэн сайхан гарыг санаж байна уу? Энэ орныг ертөнцөөс тусгаарлаж, эдийн засгийг нь хорлож, хуримтлал үл үүсгэн тарааж цацах тухай хэдэн жил тасралтгүй улиглах нь Монголд дайсагнагч орны хорлон сүйтгэгчдийн уран зальт төлөвлөгөө мэт сонсогддогсон. Эд тухайн үедээ гишүүнээс цаашгүй, тэрэндээ хорссон горилогчид байсан. Харин сонгуулийн дараа бараг бүгдээрээ төрийн хөрөнгө захиран зарцуулагч болж “дэвшжээ”. Амалсан л бол амалсан. Уул уурхайн сайд болсон нөхөр тэр даруйдаа “Монголоос гадаадыхныг хөөж ард түмэндээ амалснаа биелүүлнэ” гэж мэдэгдсэн нь дэлхийн 23 хэлээр даруй орчуулагджээ. Монголын утга зохиолын шинэ рекорд. “Нууц товчоо” 13 хэлээр орчуулагдсан нь хуучирсан рекорд.  

УИХ үе үеийн турш жижиг асуудалд маш их анхаардаг. Ерөнхийлөгч Очирбат найранд “тансаг” гэж үг хэрэглэсэн, гишүүн Ганболд хүлээн авалт дээр гадаадынхны өмнө хонины толгой мөлжсөн гэсэн асуудал УИХ-аар маш нухацтай хэлцэгдэж байлаа. Харин удаа дараа улс орны эдийн засгийг хөнтрөөд хаячихад дүлий дүмбэ, иймээс ч галзуугийн больницын өвчтөнүүд ямар ч хориогүй дураараа түйвээж болдог газар. Данте “Тэнгэрлэг комеди”-доо гэмтнээс илүү нүгэлтнийг бузар булайн хажуугаар үл тоомсорлон чимээгүй явагчдыг тооцсон байдаг. Ухаан саруул, боловсрол дажгүй, нийтийн жишгээр шударгад тооцогддог олон гишүүн ард түмний өмнө үүрэг хүлээсэн мөртөө улс орныг самарсан хууль журам мангаруудын гараас гарч түйвээж байхад төвөгшөөн чимээгүй өнгөрүүлдэг. Данте үнэн хэлсэн бол тэд тамын гурван давхрын хамгийн хүндэд нь очих нүгэлтнүүд юм.

2013.5.5