Урт наслах тусам таньдаг хүн цөөрчих юм. Гудамжинд бужигнах олон дотор танилууд маань харагдахгүй нь гунигтай. Үеийнхэн хорогдоод л буй хэрэг. Гудманд зөрөх таягтай хөгшид намайг бас их ажиглах болжээ. Би ч тэднийг гөлөрч өгнө дөө. “За ашгүй энэ чинь миний хургийн хөгшин байна. Таньдаг хүн байж магад. Таньдаг нэгэн бол хэдэн үг солиод авъя” гээд би тэднийг дальдардаг хүн бол дальдармаар ширтэнэ. Ингэж хүний нүүр лүү удаан гөлөрч буйгаа би зөнөөд мэдэхээ больжээ. Гудманд зөрсөн хоёр өндөр настан бие биеэ хажуугийн улс гайхтал удаан цоо ширтэх нь хөгшчүүдийн нийтлэг өтлөлт юмаа даа. Голдуу танихгүй хүн таардаг тул тэгсгээд хөгшид танилуудаа цөөрч буйд харамссаар урамгүй цааш зам замаа хөөнө. “Үеийнхэн минь хорогдоод л байна, миний ээлж хэзээ ирдэг юм бол доо” гэж хүмүүст сонсогдохоор амандаа үглэх авч ганцаараа чанга ярьж буйгаа өөрөө үл мэднэ.

Саявтар би эртнээс муухан гадарлах өвгөнтэй байрныхаа хажууд таарч олзуурхав. Хөгшчүүд-бидний нарладаг урт сандалд тэр тухлажээ. Нэр нь хэн билээ дээ хэзээний их хувьсгалч нэгэн. “Үнэн” сонин, “Зөвлөлт холбоот улс” сэтгүүл чихчихсэн газар шүргэм цүнх савчуулаад, хороо хориноор таниулга хийж гүйдэг бөгөөд луухаанууын зуудаг нохдод хэд хэд хонгодуулсан ч шантраагүй баатарлаг ухуулагч гавъяагаараа хотын намын хорооны хүндэт самбарт заларч явсан эр. Яриа таарахгүй бол амыг нь дагуулаад жаахан хуучлаад авъя гэж би хорхойсов. Халцархай цүнхний нь тамтаг хажууд нь хэвтэнэ. Тэр нэлээд турсан агаад харц нь догшин аймаар атлаа хоосон хөндий, яриа нь нэг л биш ээ. Тэр бээр ийш тийш хялалзаж, уур хилэн нь багтаж цөхөөд, харсан бүхэнтэйгээ хэрэлдэх гээд тайвширч өгөхгүй хэцүү байгаа янзтай. Битүү шаналсан их зовиур түүнийг дотроос нь зовоогоод буй нь андашгүй ажээ.

Тэр хиймэл шүдээ тархийтэл сүрхий зууснаа өвдгөө ууртай дэлсээд,

-Ардчиллынхан намайг солиорсон коммунист өвгөн гэж хочилдог болсон. Улаан коммунист, болъщевик шизотой гэж доромжлохыг яана. Би солиороогүй. Харин ардчиллын бацаанууд солиорчээ. Би эв эрүүл өвгөн. Солиорсон хүний нүдэнд солиорсон хүн эрүүл харагдаад, эрүүл хүн солиотой харагддаг сэтгэл зүйн онол бий. Энэ онолоор би ардчиллынханд солиотой хүн мэт үзэгдэж байгаа. Аргагүй. Нүүрс зэсийн ордууд заавал Хятадын хилд ойр илэрдэг нь миний уурыг бүр барж гүйцлээ. Үүнээс болж бухимдсандаа би ядаргаанд орох нь орсон. Эмч нар тэгж оншилдог нь үнэн. Ардчиллын солиотууд ах нарын дургүйг хүргэчээгүй сэн бол орос ах нартаа хэлээд тэр муу ордуудын баяжмалыг хойд хил өөд хоолой тавиулаад соруулчих байсан юм. Нүүрсээ нутаг дээгүүрээ нэвт конвейердуулаад ах нартаа өгчих байсан юм гээд галзуу хүнийх шиг харцаар өөдөөс ширтэхэд би түүнээс ялимгүй холдож суув. Тэр цааш нь,

-Ах нарт чадахгүй юм гэж байх биш ганц товч дараад л Хятадын хилд ойр тэр муу ордуудын баяжмалыг хойш нь хуу сорчихно. Ингээд ах нартайгаа хөрөнгөт ертөнцийн нүднээс далд алт, зэс, нүүрсээрээ бульдаж амьдрахгүй юу. Тэнгэр газар шиг тэр их баялгийг ах нартайгаа хоёулхнаа хувааж идсэн бол өдийд Оюу толгой, Таван толгой гэх ямар ч хэрүүл гараагүй. Миний эв эрүүл ухаан эндээс чамд мэдэгдэж байгаа биз. Мэдэгдэж байна уу, үгүй юү? гээд тэр над руу давшлав. Би шалавхан “Мэдэгдэж байна аа” гэж түүнд сонсогдохоор чанга хэлээд түүнээс эртхэн холдохоор өндөлзлөө. 

Хүмүүс зай бариад түүнд ойртохгүй хашраасан болтой. Мань эр миний зугтах гэж буйг гадарлаад ханцуйнаас шүүрч өөр лүүгээ хүчтэй татаж, намайг хажуудаа суулгасан ч ханцуйг минь тавьсангүй. Барьцаа улам лавшруулж, дунд хуруунаас чанга атгаад, хэлсэн болгоноо надаар зөвшөөрүүлэх гэж хурууг минь өгүүлбэрийнхээ төгсгөл бүрт өвдтөл мушгив. Хэлсэн үгийг нь зөвшөөрөөгүй эргэлзээ цухуйлгавал тэр намайг яаж ч мэдэхээр дошгирлоо. Би айж эхлэв. Бас айснаа мэдэгдвэл тэр намайг бүр дарлах шинжтэй. Тэр миний хурууг үений нь эсрэг хүчтэй өчөөд,

-Манай энэ ардчиллын тэнэгүүд мань мэтийн эрүүл саруулаар сэтгэдэг хөгшчүүдийн үгэнд ороод ашигт малтмалынхаа ордуудыг орос ах нараар кнопдуулахыг огт хүсэхгүй, Хятад Япон Солонгос бүр цаашаа Канад Америк энэ тэр гэж сээхэлзээд ах нарыг гомдоож орхилоо. Улааныг үзэж урвана, шарыг үзэж шарвана гэдэг чинь энэ дээ. Улаан марксист Даш-Ёндон нагаржунайд хувирчихав. Би бол социализмын үед айлуудаар юу ухуулж явлаа түүнийгээ одоо ч гэсэн яг тэр хэвээр ярьж яваа хөгшин. Тийм биз? гээд аймшигт нүдээрээ намайг цоо ширтэв. 

-Яг тийм гэж дэмжвэл тэр миний хөндүүрлэсэн хуруунаас өөр лүүгээ өвдтөл татаж, хамрын үзүүрийг минь өөрийнхөө хамрын үзүүрт хүргээд, -Нээрэн үү? Аль эсвэл чи миний амыг дагуулаад байна уу, муу хөгшин ардчилагч аа? гээд нүүр лүү шаахаар гараа далайснаа гэнэт уурласан шигээ гэнэт зөөлөрч зангидсан том ясан нударгаа миний хамарт удаан үнэрлүүлээд, -Ахмадын тууштай өөрчлөгдөшгүй ухамсар гэж ийм нударгыг хэлдэг юм. Миний нударгыг ардчиллын муусайн гөлөгнүүд үнэгүйдүүлж орхилоо гэснээ нэгийг санав янзтай царай нь гэнэт хувираад, -Хятадууд яагаад манайх руу довтолж чадахгүй байгааг чи мэдэх үү? гээд намайг зодмоор уурласнаа (түүний царай огцом огцом гэнэт гэнэт хувхай цайж байв) -Манайд нарийн төмөр зам байхгүйгээс довтолж чадахгүй байгаа юм. Үүнийг ах нар урьдчилж мэдээд Монголд анх өргөн төмөр зам тавьсан байхгүй юу. Ах нар Хятадыг мөн гоё дөнгөсөн байгаа биз. Ха-ха! Үүний гол учрыг ерөнхий сайд байсан Содном хүртэл ухаарахгүй, Таван толгой-Гашуун сухайтын 267 кмт нарийн цариг тавьж нүүрсээ сэлгэж ачих илүү зардалгүй Бугат хүртэл зөөе гэж сонин дээр тэнэгтсэн байна лээ. Хэрэв нарийн төмөр зам тавчихвал хятадууд бидэн рүү далайн хар шуурга шиг цунамидна биз дээ. Орос ахын өргөн төмөр зам гэдэг чинь биднийг Хятадын аюулаас аварч байгаа манайдаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем. Содном хулгайчийн зөнөснийг эхо аппарат шиг оншилж чадаж байгаа миний зөнөөгүй ухааныг ардчилагчид солиорсон гэж улс төржүүлж байна. Миний эрүүл ухаан ард түмнийг иргэний дайнд босгоно гэж айж байхгүй юу. Хятадын хил рүү төмөр зам тавьчихвал байгаль экологио сүйтгэхгүй, тээврийнхээ зардлыг 4 дахин хэмнэнэ гэж унгас алдсан байна лээ. Орос ахын мянга мянган танк хуягт Монголд 1966 оноос 1992 оныг дуустал 26 жил хөндлөн гулд туучихдаа манай экологийг сүйтгэж огт шалиагүй. Дөнгөж 188-хан нутгийг хөндсөн гэх яриа байдаг. 

Тоо баримт яривал суртал нэвтрүүлэгч явсан түүнд торох янз алга аа. 

-Түй ардчиллын муу гөлөгнүүд гэж тэр газар нулмаад, -Хүнд даацын авто машинаар нүүрс зөөж, мал сүргээ бэлчээргүй баллаа. Нүүрсний тоосонцортой холилдсон элс шороо битүү манарч, говийнхон цөм багтраа өвчтэй боллоо. Алж идсэн малын уушиг нил нүүрс болсон байна гэж говьчууд, зарим сэтгүүлчид сүр бадруулж байна. Тэд алсыг харахгүй байна. Нарийн төмөр зам тавьж, хятадуудад эзлэгдсэнээс малын бэлчээргүй болоод багтраа өвчнөөр үхсэн минь нэрэнд цэвэр, эх оронч баатарлаг төгсгөл мөн биз дээ, эргүү ардчилсан малаа гэж намайг цочтол зандраад, -Хүнд байтугай малд ч гэсэн эрүүл өвчтэйн ялгаа их бий. Малаар бол би цоо эрүүл мал. Социализмыг нурааж дуусчаад одоо байтлаа бүр Ленин багшийн хөшөөг устгах гэнэ. Энэ бүгд цөм Бат-Үүлийн дайсагнал. Муусайн солиотууд эрүүл оюунаар сэтгэдэг мань мэтийг Төр Засгийн бодлогод ашиглахын оронд галзуу гээд нийгмээс тусгаарлаад байгаа юм даа. Гайгүй ээ, та нарыг орос ахдаа олиод Москва руу ачуулчихъяа би гээд хиймэл шүдээ харжгануулав. 

Тэр миний дунд хуруунаас өвдтөл тугтчингаа мэдрэлгүй эзгүйрсэн аймшигт нүдээ алсад бэлчээж, ямар ч цэг оноогүй үхсэн хүнийх шиг мэлгэр нүдээ хэсэг хий гөлийлгөв. Сүүлдээ дэргэдээ суугаа намайг мэдрэхээ болиод ганцаараа ярьж гарав. Ухуулгаа л хийж байх шиг зайлуул. Би энэ байдлыг ашиглан сэм бултах гэсэн боловч тэр миний хурууг тавьсангүй. Түүний лекц: 

-Ардчиллын гөлөгнүүд байтлаа бүр түүхийн хүрдийг буруу тийш эргүүлэх нь. Түүхээ хөрөнгөтний зууш болохоос өмнө буцааж зөв тийш эргүүлэхгүй бол тусгаар тогтнол бүдгэрлээ хэмээн хашгиртал зүрхээр нь хатгуулж ёо-ёо гэснээ, -Бат-Үүл Зоригийг алсан гээд нийгмийг итгүүлж орхивол миний санаа гүйцэд амарч зүрхээр хатгуулахгүй болох сон гээд дахин чангаар ёолов. 

Дотор нь айхтар давчдаж, хэсэг амьсгаадаад жаахан уужрав янзтай,

-Юу ч чадахгүй байж Чингис Чингис гэж цээжээ дэлдэх нь бүр ад хөдлөм. Чингис гэж бодит хүн түүхэнд байгаа ч үгүй биз. Евро-азийн явган тариачид эх газрын морьтой дээрэмчдийн хөлд сөхрөхдөө тэднийг ерөнхийд нь бүгдийг Чингис хаан гэсэн. Чингис байсан байлаа гээд монголчуудад юу үлдээсэн юм бэ? Чингис Цэдэнбалын хаана нь ч хүрэхгүй. Тариа тарих нөхцөлгүй Монголын энэ их үржил шимгүй хүйтэн цэвдэг нутаг Чингистэй Чингисгүй эзгүй хоосноороо өдий хүртэл хэвээрээ хэвтэж л байх байсан. Харин одоо ХХI зуунд нүүрс алт зэсийг нь ухаж техникийн хүчээр зөөх гээд гадныхан манай газар шороонд шунадаг болж. Чингисийн удам угсаа гэгдсэн ялзарсан язгууртнууд, пиндгэр хувалз-хуврагуудыг толгой дараалан устгах хатуу заалт Үндсэн хуулиндаа оруулж хэрэгжүүлээгүй аваас Монгол улс сөнөх байсан. Интернетээр ингэж жиргэдэг хувьсгалт дайчин троллууд язганаад ирж. Овоо доо. Хожимдоогүй дээрээ Ленин багшийнхаа хөшөөг суурин дээр нь эргүүлж залаад, суут багшийн сэнтий өөд аймшиггүй авирсан шаварт ойчсон архичин шиг баримлыг хаа ч юм нэг хороо хорины хог дээр хаячих. Алгууралбаас хойч үе Ленин багшийг мартаж орхино шүү. Аугаа их Октябрийн хувьсгалын баярыг сүрт жагсаалаар яралзтал тэмдэглэж байна гэж би зүүдэлсэн. Зүүдэнд мөн ч цоглог байсан даа. Хятад, солонгос, японуудыг хөөж гаргаад хилээ хааж байна гэж зүүдлэхсэн. Миний зүүд зөнг хэрэгжүүлж чадах лидер шовойдоггүй л юм байх даа. Орос гэргийтэй коммунист угшилтай жолоодогч л чадна. Империализмийг үүрэнд нь булшлах ёстой Хувьсгалт намынхаа жанжин шугамыг умартаад Америк Герман Японы технологи шүтэв. Үүнийг зогсоо. Капиталист технологи заавал хортой байгаа. Эвлэршгүй ангийн дайснаа устгаж байж жаргахаа бүү умарт. Хөрөнгөтний кино гаргасан телевизүүдийг түйвээ. Хөшигийн хөндийд Японы хөрөнгөөр байгуулах нисэх онгоцны буудлыг ч зогсоо. Япончууд буудлаа ашиглаад манайхыг бөмбөгдөхийг хэн байг гэх вэ. Байгуулдаг юм гэхэд Орос ахаараа бариулбал аюулгүй. Нарны гүүр ч гэсэн?! Дээгүүр нь явахаар Халх гол толгойд орж, үзэн ядах үзэл минь буцлах юм. Хятадад нүүрсээ зардаг мөхлөө дуудаж буй цондон. Энэ чинь дайсныхаа хөгжилд хандив өргөж буй тэнэглэл. Хятад хөгжих тусам Хятадын аюул ихсэнэ биз дээ тэнэгүүд минь. Хятадыг үзэн ядах үзлийг бидний тархинд хадаж өгсөн ач буянтныг монгол хүн хэзээ ч мартах ёсгүй. Мэдэв үү чи? Өвгөн чавганц хоёрын нэг нь нүд анивал нөгөө нь үхсэнийхээ тэтгэврийг авдаг хууль гаргах гэнэ. Насан турш дарлуулсан балмад өвгөндөө тэтгэврээ орхиод тонилох хөөрхий эмгэнд харамсалтай гэж нэг ухаантан гашуун үнэнийг илчилжээ. Зөв. Энэ чинь гэр бүлийн хүчирхийллийг хоёр хорвоо дамнуулж буй хөрөнгөтний харгис үзэл. Өөр нэг мэргэн хэлэхдээ өвгөн чавганц хоёрын нэг нь нөгөөгөө нударчаад хоёр хүний тэтгэврээр тансаглах зөнөг зөндөөн гарна гэж хэвлэл мэдээллээр сануулж, энэ хууль ашгүй гацах шиг байна. Ийм зөв үзэлтэн олширвол түүхийн хүрд хялбархан буцаад эргэж орхино. Найдвар төрүүлэх нам, хүн, сонин, телевиз ойрын үед бузгай шуугиад эхлэв. Бүх юм хуучнаараа сайхан болох байгаа. Түүхийн хүрд буцаад нэг эргэчихвэл хуучин хэвгий рүүгээ юунд ч торохгүй аяндаа өнхрөөд өгөх сөн. Араас нь хөгшчүүд бид өөрт үлдсэн тэнхээ юу байна түүгээрээ дэмнээд өгөхөд овоо хэдэн даварсан ардчилагчийг няц дайрна. Горьдоод л сууж байя. Сайн цаг-коммунизм минь удахгүй дахин морилох байгаа. Сүүлийн үед цагаан сарын хэвийн боов, битүүлэгний ууцыг хүртэл Хятадаас оруулж ирснийг зарим сортоотой эх оронч хэвлэл мэдээлэл анхааруулав. Мэдээж хортой хэвийн боов, хортой ууц байгаа. Шалгалтаар хортой нь нотлогдсон учраас сурвалжлагч нар тийм шуурхай мэдээлэл цацаа. Хятадын хортой хэвийн боов, хуурамч ууц монгол хэвийн боов, монгол хонины ууцтай ялгахын аргагүй яг адил гэнэ. Хятадад хонь байх биш орж ирсэн тэр ууц хониных биш хүний ууц байж таарна. Өвөр монгол хүний ууц биз. “Хятад муу санаа” эх орон руу минь чөлөөтэй урсдаг хонгил Эрээн болжээ. Хятадууд Эрээн хотоо биднийг уусгаж устгах далд муу санаагаар манай ганзагачдын мөнгөөр эх орны торгон хилд зориуд тулгаж байгуулсан. Эрээн сөнөөсэй. Тэгвэл бид гялс баяжна. Бидний ядуурал Эрээнээс л гайтаад байгаа. Орос ах ч далдуур тэгж намекдаад байна. Миний санаагаар болдог бол Эрээний хулхи барааг тас хаагаад зөвхөн орос ахтайгаа найрамдал дружбагаар хэрүүл уруулгүй Тувагаа дуурайгаад амар тайван хөгжих сөн. Тэгвэл адгийн наад зах нь бид оросоор ярихдаа монгол хэлнээсээ сурмаг дуржигнуулаад англи хэлийг шахан зайлуулна. Энэ чинь том соёл шүү дээ ардчиллын эргүү мал аа гээд дунд хурууны минь үеийг булгартал гөжсөнөө дуугаа чангалж, -Эх орноо 70-хан жилд хөгжүүлэх шиг хөгжүүлсэн хувьсгалт тэмцлийн ахмад дайчдын үр сад нар аа! Хөх толбот босоо монголчууд аа, хас тэмдэгт даяар монголчууд аа! Хуучнаа мөрөөдөж зүүдэлдэг хөгшид бидэндээ туслаарай! гэж тэр бээр чангаар хашгиран гараа зангидаж эргэн тойрноо занатал түүний зүрхээр дахин хатгуулж, царай нь цэлдэн хөхөрснөө ёо-оо-ёо гэж дуу тавиад, -Миний зүрхний энэ ёгхийдэг намайг нэг л ална шүү гээд өрөвдөм царайлах нь надаас аврал гуйх шиг. 

Таньдаг хөгшидтэйгээ уулзахын мөрөөс болж явдаг би хэнтэйгээ учрах нь энэ вэ гэж айхдаа дунд хуруугаа түүний гараас сэм тавиулах заль сүвэгчилж суув. Босоод ухас хийвэл хурууг минь хуга мушгих янзтай. Жаахан хүлээвэл солио нь намдаж тайвширдаг бол уу гэж горьдох л үлдлээ. Үеийн минь хөгшчүүд янз янзаар л өтлөж явна уу даа. Үзэл суртлын хорлолд уураг тархи нь нэвт гэмтсэн танил минь яасан өрөвдөлтэй вэ. Түүнийг минь эмчлээд өгдөг эмч, эмнэлэг байна уу? Туслаач! Би хуруугаа тавиулмаар байна. Шилжилтийн заагт ийм бухимдалтай нэг хөгшин шаналж явсныг хойч үе итгэхгүй л байх. Түүний буруу юу байх билээ. Хүн угаас нийгмийн тоглоом хойно. Өөрчлөлт өвдөлтөөр бүтдэг. Өвдөлтийн золиос үеэ өнгөрөөгч мань болдог авай. 

(2012)