МАН-ын хүүхдүүд АНУ-д сурах нь аюулгүй, манай хүүхэд англи хэл сурах нь "аюултай байдал"
“Дарга нарын хүүхэд яагаад зээлээр сурчихав, миний хүүхдэд яагаад зээл олдсонгүй вэ” гэж хэрэлдэхээсээ өмнө суурь боловсролоо л сайжруулах ёстой. Тэрний нэг чухал хэмжүүр нь англи хэлний боловсрол, англи хэлийг аль болох эрт үзэх явдал юмаа гэдгийг эцэг эхчүүд ойлгох ёстой.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна” гэдэг заалт унасан байна. Байнгын хороон дээр эсрэг санал өгч унагасан гишүүд нь С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амалан, Э.Батшугар, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нар гэдгийг хэвлэлүүд онцлов. Тэр дундаа хуулийн төслийг өргөн барьсан Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрөө дунд нь орж суугаад эсрэг санал өгсөн нь ингэхэд хүрсэн “но”-той, “ноцтой” шалтгаан байсан гэсэн үг. Тэдний хэлж буйгаар англи хэлийг хоёр дахь хэлээ болгох нь “үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах” юм байх аа.
Ердөө жилийн өмнө Боловсролын сайд Л.Энх-Амгалан салбарынхаа 100 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэж, энэ үеэр 1990 оноос хойш боловсролын салбарыг удирдаж ирсэн үе үеийн сайд нарыг урьж ярилцсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Эндээс гарсан үр дүн нь “Англи хэлний боловсрол дутмаг байгаа нь манай хүүхдүүдийн боловсролын чанарыг унагах гол хүчин зүйл болж байна” хэмээн дүгнэж, англи хэлийг хоёр дахь албан ёсны хэлээ болгох дээр санал нэгдсэн байдаг юм. Үүнээс өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч бас энэ асуудлыг дэвшүүлж байв. Монгол хүүхдүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь англи хэлний боловсрол юмаа гэж. Ер нь бол аман дээрээ хүн бүр лтэгж ярьдаг юм. Жилийн өмнө болсон сайд нарын уулзалт дээр ч гэсэн Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ асуудлыг уухайлан дэмжиж, “Боловсролын салбарт жил бүр 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя” гэж байсан нь саяхан. Гэтэл ердөө жилийн дараа, энэ бодлогоо хууль болгож батлуулах дээр хүрч ирээд ухарчихлаа. Ингэхэд хүрсэн сэдэл, шалтгаан юу байв?
Нэгдүгээрт, гадаад хэл дээр сургалт явуулдаг хувийн сургуулиудын лобби орчихлоо гэдэг дээр маш олон хүн санал нэгдэж байна. Хэрвээ улсын сургуулиуд бүгдээрээ англи хэлийг бага сургуулиасаа үзээд эхэлбэл эцэг эхчүүд тэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хүүхдээ өгөх хэрэгцээ шаардлага үгүй болно.
Хоёрдугаарт, боловсон хүчний асуудал. Хэрвээ ЕБС-иуд бүх нийтээрээ англи хэлийг монгол хэлтэй зэрэгцүүлээд үзээд эхэлбэл тэнд ажиллах багш нар, түүнд нь зориулсан төсөв хэрэгтэй болно. Тэр нь манайд байна уу, үгүй юу?
Уг нь энэ бол цэвэр менежментийн асуудал юм л даа. Өнөөдөр бараг гудамжны булан бүрт англи хэлний сургалтууд байна. Тэнд ажиллаж байгаа боловсон хүчин улсын сургуулиудад ажиллаж байгаагаасаа ч олон. Тэднийг татаж оруулж ирэх нь салбарын яамны бодлого, зохицуулалт л байхгүй юу. Мэргэжлийн, ур чадварын шалгалт аваад, түүнд нь тохирсон цол, зэргийг нь олгоод, тэр хэмжээгээр цалинжуулаад явчих л асуудал шүү дээ. Гэтэл Боловсролын сайдад ийм бодлого алга. Хүсэл эрмэлзэл ч алга. Тийм бол тэр 1,7 их наядын хөрөнгө оруулалтыг өөр юунд зориулах гээд байгаа юм бэ?
Гуравдугаарт буюу хамгийн эмзэглүүштэй зүйл бол угаасаа манай төр, хууль тогтоогчид болон Засгийн газар угаасаа боловсролын ялгавартай байдлыг бодлогоор дэмждэг, бий болгодог юм байна. Саяхан нийгэмд “буум” болоод өнгөрсөн БЗС-гийн асуудлаа эргээд хар л даа. Сангаас олгосон бүх зээлийн 96 хувийг МАН-ын дарга нар, тэдний хүүхэд, гэр бүлийнхэн авсан гэдгийг сангаас танилцуулсан биз дээ. Гэтэл нийтдээ сая гаруй хүүхэд энэ сангаас зээл авч сурсан байдаг. Энэ нь 960 мянган хүүхэд гадаадад сурсан гэсэн үг биш юм. Зүгээр МАН-ын дарга нарын хүүхдэд олгогдож байгаа зээлийн дүн дотоодын их сургуулиудад сурч байгаа манай хүүхдүүдийн авсан зээлийн хэмжээ 96:4 хувь байна шүү дээ.
Энэ бол манай улсын сургуулиуд болон хувийн сургуулиудын олгож байгаа боловсролын чанарын бодит ялгаа. Харвард, Оксфорд, Кембрижийн их сургуульд боловсрол эзэмшсэн унаган англи хэлтэй нөхөд болон ШУТИС, МУИС төгссөн манай хүүхдүүдийн авсан боловсрол, амьдралын чанар тэнд төлж байгаа мөнгөөр хэмжигдэж байгаа гэдгийг бид ер нь хэзээ ойлгох вэ?
Хавар ЭЕШ-ийн шалгалт өгөхөд нэг их хол зөрүүтэй гараад байдаггүй (мэдээж чанарын хувьд ялгаа байгаа, гэхдээ арай ч 96:4 биш) энэ ялгаа юун дээр илүү тодордог вэ? гэхээр гадаад хэл, тухайлбал англи хэлний боловсролтой л холбоотой байдаг. Хувийн сургуулиуд ихэнх нь бага сургуулийн 1, 2-р ангиасаа эхэлж англи хэл үздэг. Хувийн цэцэрлэгүүд бол бүр хэлд орохоос нь эхлээд англиар яриад явчихаж байгаа шүү дээ. Атал монгол сургуулиар явсан хүүхэд математик, физик, хими, биологи гээд байгалийн ухааны хичээлүүддээ хичнээн мундаг байгаад, хичнээн ч олимпиадад түрүүллээ гээд IELTS, TOEFL дээрээ хүрээд унадаг, дандаа ард нь хаягддаг. Хэлний чадвар нь хүрдэггүй л гэсэн үг шүү дээ.
Тийм болохоор ядаж БЗС-гаас зээл аваад дэлхийн шилдэг их сургууьд сурчих хэмжээний боловсролыг хүүхэддээ олгоё гэвэл “Дарга нарын хүүхэд яагаад зээлээр сурчихав, миний хүүхдэд яагаад зээл олгосонгүй вэ” гэж хэрэлдэхээсээ өмнө суурь боловсролоо л сайжруулах ёстой. Тэрний нэг чухал хэмжүүр нь англи хэлний боловсрол, англи хэлийг аль болох эрт үзэх явдал юмаа гэдгийг эцэг эхчүүд ч гэсэн ойлгох ёстой. Юу яасан “монгол хүүхдийн identity”, ямар юмных нь “үндэсний аюулгүй байдал”. Яахаараа МАН-ын дарга нарын хүүхэд АНУ, Европод сурах нь үндэсний аюулгүй байдал, манай хүүхэд англи хэл сурах нь "үндэсний аюултай байдал" болчихдог юм. Эрх барьж байгаа нөхөд чинь энэ үгээр хаацайлаад үр хүүхдийн чинь сурах, боловсрох боломжийг л хулгайлж, өөрийнхөө хүүхдэд давуу байдал бий болгож байгаа шүү гэдгийг л ухамсарлах ёстой.
inews.mn
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батбаяр
иргэн
Бат инженер