Нүүрсний хулгайн асуудал дахиад “цоо шинээр” сөхөгдөж эхэллээ. Одоогоор энэ хэргийг шалгахаар ТЕГ, АТГ, ЦЕГ-ын ЭЦА, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэргээс бүрдсэн Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хилийн цэргээс болон Цагаан хадны цагдаагийн газраас нийт арав гаруй хүнийг баривчилсан гэх мэдээлэл бий. Энэ дунд анхаарал татсан нэг асуудал бий. Энэ бол нүүрсний хулгайн хэрэг гал шиг асах бүрт “унтраадаг баг” байдаг. Хэчнээн баримт нотолгоо дэлгэсэн ч “Хэрэг биш байжээ” гээд хаадаг явдал юм. 

Түүх сөхье. 2013 онд 300 гаруй мянган тонн нүүрс хулгайгаар ачигдсан гэх мэдээлэл гарч байлаа. Тэр үед хэрэгсэхгүй болгосон хүмүүст Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга Б.Билэгт генерал, уг Ажлын хэсгийг ахлагч нь одоогийн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир байлаа. Ажлын хэсэг “Нүүрсний хулгайн хэрэг” гэгч огт байгаагүй болгож хэргийг хаасан.

Дараа нь 2018 онд хуулийн байгууллагаас энэ хэргийг сөхөж шалгаж байхад тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн дэд захирал Л.Энхболд “Нүүрсний хулгайчууд” гэж сүр дуулиантайгаар зарлаж дэвэргэсэн. Тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “Нүүрсний хулгайчуудтай тэмцэнэ” гэдгээ чуулганы танхимд зарлаж Монгол төрийн хяналтын бүх байгууллагыг оролцуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах болсон юм. 

Сонирхолтой нь уг Ажлын хэсэгт дахиад л одоогийн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир ЭЦГ-ын даргын хувиар оролцож ажилласан. Мэдээж дахиад л “Нүүрсний хулгайн хэрэг гэгч огт байгаагүй” болж таарав. Гэхдээ энэ нь зөвхөн түүний дүгнэлт биш, тэр үеийн албан тушаалуудаар нь нэрлэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Д.Гэрэл, тус газрын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нарын оролцоо голлож байсныг тухайн үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн хүмүүс мэдэж байгаа биз ээ. Үүний дараахан Д.Гэрэл, Н.Баясгалан нар тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан гэх асуудалтай холбогдуулан шалгагдаж, улмаар ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгаланг  баривчлан хорьж байсныг олон нийт санаж байгаа байх аа. 

Харин одоо Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнэ “нүүрсний хулгайтай хийх тэмцэл”-ээ үргэлжлүүлсээр байна. Энэ багт хоёр удаагийн Ажлын хэсэгт байлцаж “нүүрсний хулгай гэгч байхгүй” гэж дүгнэлцэж байсан Ц.Ням-Очир ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа болохоор цаанаа сэжигтэй санагдаад байгааг нуух юун. Энэ бол хуулиар олгогдсон хардах эрхээ эдэлж байгаа хэрэг юм шүү. Ц.Ням-Очирыг одоогийн албан тушаалдаа томилогдсоны “нууц” нь түүний нутгийн ах, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тэр үеийн Ерөнхийлөгч байсан Х.Баттулга нартай холбоотой байж болох юм.

Сануулахад, 2018 онд “300 гаруй мянган тонн нүүрс” гэж яригдаж байсан нүүрсний хулгайн хэмжээ бодит байдал дээр 500 гаруй мянган тонн нүүрсний хэрэг байсныг хөдөлшгүй нотолсон талаар тэр үеийн Засгийн газрын хуралдаан дээр амаар хэлэлцээд өнгөрүүлж байсан хэдий ч цагдаа, прокурор хэрэгсэхгүй болгосон. Тэр үед “нүүрсний хулгайн хэрэг гараагүй” гэж амаар дүгнэлт хийж байсан Ажлын хэсгийн гишүүд буюу жинхэнэ “Нүүрсний хулгайн мафи”-уудаа төрөөс цэвэрлэх, хулгайтай тэмцэх замаасаа зайлуулахгүй бол энэ хэрэг дахиад замхарч болзошгүй гэдгийг зориуд анхааруулъя. Харин өнөөдөр ийм хулгайг техникийн дэвшилтэт технологи, арга хэрэгслийг ашиглан илрүүлсэн явдал бататгах магадлалтай байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нүүрсний хулгайтай хатуу тэмцэхээр дахин ажиллаж өнгөрсөн дөрөвдүгээр сараас холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж, авлигын хэрэгт холбогдсон хүмүүстээ арга хэмжээ авч, ажлаас халах, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. 

Үүнтэй холбоотойгоор 2018 онд “хэрэгсэхгүй болгосон” 500 мянган тонн нүүрс хулгайлагдсаныг шалгаж илрүүлсэн дүгнэлт байсаар байтал шалгаж байсан мөрдөгчдийг сольсоор эцэст нь хэрэг биш болгож хаасан тэр хэргийг сөхөн шалгаж эхлээд байгааг сонссон тэр үед алба хашиж байсан зарим хүн хэдийн сандарч эхэлсэн. Ялангуяа 2013 онд прокурор дээр, 2018 онд цагдаагийн байгууллага дээр энэ хэргийг шалгах нэрийдлээр хэрэгсэхгүй болгосон тэр “мафийг” задалж “Хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэг”-т холбогдуулан хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай шүү гэдгийг хатуу сануулъя!