Хувь тавилан биднийг дахиад л “Чалко”-той учруулав бололтой. Нэг талаас зүдэрсэн үед гэнэт гарч ирдэг нөхөр мэт. Нөгөө талаас зовох үед “зоолох” аргаа олсон овсгоотой бизнесчид. Зөвхөн “Чалко” ч биш “ЭТТ”-н нүүрсний томоохон худалдан авагчид бүгд л санал тавьсан бололтой. Харин энэ удаад Монголын Засгийн газарт “ихэрхэж”, “харамнах” сөгөө даанч алга. Юутай ч Чалкогийн “хүслийн жагсаалт” буюу болзолтой нь танилцацгаах уу?

Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хаяглан ЭТТ болон “Чалко” хоорондын өргөтгөсөн бөмбөлөг тээврийн хамтын ажиллагааны талаар хүсэлт ирүүлсэн байдаг. Үүнд “Чалко компани нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанитай “Тавантолгойн нүүрсний хамтын ажиллагааг сунгах нэмэлт өөрчлөлт”-д гарын үсэг зурсан. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд “ЭТТ” болон “Чалко” нь Тавантолгойн уурхайн нүүрсийг Цагаанхадаар  дамжин БНХАУ-ын хил хүртэл чингэлгээр тээвэрлэх Өргөтгөсөн бөмбөлөг тээврийн экспорт дээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Одоогийн байдлаар Хятадын  орон нутгийн засаг захиргаа манай Өргөтгөсөн бөмбөлөг тээврийн экспортыг дэмжиж тусгай ажлын баг байгуулаад байна. Өргөтгөсөн бөмбөлөг тээврийн экспорт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх болон хяналттайгаар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь Эрдэнэс Тавантолгой болон Монголын талд ашигтай гэж бид үзэж байна” гээд тус яамыг Засгийн газрын холбогдох байгууллагуудыг зохион байгуулж бидний төлөвлөгөөг Хятадын тусгай хороотой уялдуулна гэж найдаж байна” гэжээ. 

Тэгэхээр нүүрсээ хил давуулж зарах ганц гарц маань одоогоор Өргөтгөсөн бөмбөлөг тээврийн экспортыг дэмжиж тусгай ажлын баг болоод байгаа юм байна. 

Харин одоо “Чалко”-гийн өргөтгөсөн бөмбөлгийн эскпортын тухай товчхон танилцуулъя. 

Энэхүү өргөтгөсөн бөмбөлөг нь “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаас Цагаан хадаар дамжуулан Ганц модны боомт хүртэл ковидгүйгээр, чингэлэг тээврээр экспортлох ганц боломж болчихоод байна. Уг  гаалийн хяналтын бүс нь 350 давхар чиргүүлтэй нүүрс тээврийн хэрэгсэл, 7 калмар, 3 дугуйт ачигч болон 500 хүний хүчин чадалтай кемп, зөвшөөрөл бүхий PCRлабораторитойгоор сард нэг сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай байх юм. 

Манай тал юу хийх вэ гэхээр юуны өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций дэх уурхайн аман дээр Чалкогийн тээвэрлэгчийн чингэлэгтэй нүүрс тээврийн хэрэгсэлд тогтоосон жин, тоннд тохируулан тухайн өдрийн ачих тоог үл харгалзан орж ирсэн даруйд нь нүүрсийг нь ачиж, чингэлэг тус бүрийг гаалиар гаргана. Цаашлаад “Чалко”-ийн үндсэн тээвэрлэгч “Говьхангайн хөдөлмөр” ХХК болон “Гуулин тал” ХХК-ийн ачаатай машинууд Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаанд гаргасан урьдчилсан хуваарийн дагуу тухайн өдрийн хил нэвтрэх битүүмжилсэн багийн хуваарртт орохгүйгээр хил нэвтрэхэд зөвшөөрөл олгодог байх юм. Мөн дээр дурдсан “Чалко”-гийн үндсэн тээвэрлэгч хоёр компанийн хилээр нэвтрэх машины жолооч нарын Цагаан хад дахь ХӨСҮТ-ийн PCR шинжилгээг авахгүйгээр Цагаан хаданд байрлалтай “Чалко”-гийн лаборатори болох  “Цог өрнөх говь” ХХК-ийн гаргасан PCR шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч Хятадын талд илгээнэ. Хятадын талаас ирсэн шинжилгээний хариуг үндэслэн ачилтын зөвшөөрлийг олгоно. Ингэж л саад тотгороо давж худалдан авагч талынхаа “дүрмийг баримтлах”-аас өөрөөр нүүрсээ зарах боломж алга. Дээрх хоёр компанийн машинуудын гаалийн хяналтыг “Чалко”-ийн гаалийн хяналтын бүс “Цагаанхад Мөнхийн их” ХХК дээр байрлаж хийх юм байна. 

Түүнчлэн “Чалко”-ийн дээрх хоёр компанийн машинуудад олон улсын тээвэрлэлт хийх зориулалтын “C” зөвшөөрлийг шаардлагатай тоо хэмжээгээр нь олгож, энэ хоёр компанид л зориулсан хилийн гарцыг Гашуунсухайт боомтод гаргаж өгнө. Тэр гарц нь зөвхөн энэ хоёр машины л тусгайлсан гарц бөгөөд бусад машинд ашиглагдахгүй гэнэ. 

Одоо хамгийн чухал нь: “Чалко”-ийн гаалийн хяналтын бүс “Цагаанхад Мөнхийн их” ХХК-иас Гашуунсухайт боомтын хил дээрх заагдсан гаалийн гарц хүртэлх хувийн замаа барих зөвшөөрлийг тухайн аймаг, орон нутгийн ИТХ-аар хэлэлцэж трассыг нь баталж өгөх болох нь. 

Ийм л болзлыг “Чалко” тавьсан байна. Гэхдээ байнга сар бүр 1 сая тонн нүүрс экспортолно, нөгөөтэйгүүр “гуя дагаж хүзүү” гэгчээр одоогоор хаалттай байгаа боомтуудаар нэвтрэх нүүрсний экспортыг ч нэмэгдүүлэхээр яриа хэлэлцээ өрнүүлж байна.

Мэдээж манай тал бас болзол-хүсэлт тавьсан. Ажлын хэсэг маш сайн ажиллаж байгаа, тэр хүрээндээ таван хүсэлт хариу болгож тавьсан талаар нь дараагийн удаа үргэлжлүүлэн нийтэлнэ. 

Өнөөдрийн байдлаар Эрээн хотод бас нэг төрлийн шинэ тахал гарч ӨМӨЗО болон бусад аймаг, хотуудын Улаан загалмай нийгэмлэгээс их хэмжээний эд материалын хандив цуглуулж хөл хориотой байгаа албан газрууд болон айл өрхүүдээр тарааж эхлээд байгаа бөгөөд ковидын тохиолдлын тоо хэмжээ ч нэмэгдсээр байгаа юм. Иймд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан энэ хүнд нөхцөлд манай Засгийн газар “Чалко”-гийн тавьсан саналд ямар хариу өгөх бол гэдгийг анхааралтай ажиглах л үлдлээ. Ямартай ч гарц байна. 

                                                                                                                                     /Үргэлжлэл бий/