Монголчууд 1911 онд олж авсан үндэснийхээ тусгаар тогтнолыг өөрсдийн зохиосон Үндсэн хуулиар баталгаажуулж чадалгүй явсаар 1921 онтой золгосон нь өөрийн шалтгаантай. Богд хаант Монгол Улс Үндсэн хуультай улс орон болох талаар гар хумхин суусангүй. Дэлхийн улс орнуудын үндсэн хуулийг сайтар   судалсан баримт олон байсныг эрдэмтэд нотолдог. Монгол төрийн томоохон зүтгэлтнүүд ч сайн Үндсэн хууль  жижиг улс орны хувьд тусгаар тогтнолын баталгаа мөн гэдгийг түүхэн сургамж, яс махаараа ойлгож байсан. Гэвч Орос, Хятад хоёр Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй. Автономит улс орон, өөртөө засах улс, хараат улс гэж нэрлэн бүх гэрээ хэлцлүүдэд их гүрний дээрэнгүй зан гаргаад, Үндсэн хуулийг батлах ажил удаашраад байлаа. Япон мөн л наашаа санаархаж, алсын Америк жижиг Монголыг биш Хятадыг дэмжиж байв. Эрдэмтэн С.Отгонжаргалын мэдээлснээр Богд хаант монгол улсын үндсэн хуулийн төсөл 1914 онд бэлэн болжээ. Богд хаант Монгол Улсын эрдэмтэд уг хуулийг боловсруулахдаа Англи, Америк, Япон, Норвеги, Швецари улсуудын Үндсэн хуулиудыг орчуулан бэлэн болгосон байна. Богд хаант Монгол Улсын Үндсэн хуулийн төсөлд:

Улсын дээд, доод хурлын эрх үүргийг тодорхой заасан байна. Монгол Улс хаантай. Хааны эрхийг дээд хурлаас хянах. Дээд хурал самуурах аваас хаан дээд хурлыг тараах хүртэл эрхтэй байхаар Үндсэн хуулийн төсөлд оруулж байжээ. Тодруулбал, Монгол Улс хэмжээт цаазат засаг төртэй байхыг тодорхой тусгажээ. Уг үндсэн хуулийн төслийн нэгэн зүйлд “Улсын дээд эрхийг эзэрхэгчид хэн билээ хэмээвээс, нэгд болбоос улсын эзэн хаан, хоёрт улсын хурал, гуравт улсын яамдын тэргүүн сайдууд болой. Хэрэв энэ гурав нийлж үнэнч шударгаар улсыг засваас улс мандахад бэрхгүй. Хэрэв энэ гурав хэргийг мэргэнээр шийтгэхгүй ба үл хичээх болбоос хүчирхэг улс буурай болж мөхөхөд хялбар“ гэж Үндсэн хуулиа тайлбарлажээ. Богд хаант Монгол Улсын боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд хувийн өмчийг хамгаалах, олон ардад үг хэлэх эрх чөлөө, нэр нийлж хоршоо, нам, хороо байгуулах эрх, хүн бүрт аливаа хэргийг цугларан хэлэлцэх, шүүмжлэх, сонгох сонгогдох эрхийг бүрнээ олгосон ардчилсан шинжтэй Үндсэн хуулийн төсөл байв гэж эрдэмтэн С.Отгонжаргал бичжээ.

1919 онд Хятадын цэрэг Монголын Нийслэл Хүрээг эзэлсэн. Дээд, доод хурлыг тарааж, Богд хааныг шоронд хорив. Харин Барон Унгерн Богд хаантай холбоотон болон хүрээнд орж ирж хятад цэргийг бут цохилоо. 1921 оны 7 дугаар сард Оросын улаан цэрэг Ардын намынхнаар замчлуулан Хүрээг дахиад л эзлэв. Үнэндээ улаан цэрэг Хүрээг эзлэх шалтгаан үгүй болсон байлаа. Нийслдэлд хүрээнд гамин цэрэг байгаагүй.

Барон Унгерн ба Богд хааны хамтарсан цэргийн хүчинд бут цохигдоод Хүрээг орхин зугтаасан.  Цагаан цэргүүд нийслэл хүрээнээс гараад явчихсан нийслэл хүрээ гадаадын цэргээс чөлөөлөгдчихсөн үе. Ардын намынхны дагуулж ирсэн улаан Оросын цэргүүд гамин цэргүүдтэй тэртээ тэргүй байлдахгүй байв. Эрхүүд байгаа коминтерний удирдагчид Барон Унгерн, Богд хаан хоёрын цэрэгт бут цохигдсон гамин цэргийг хойд хил дээр найрсгаар угтан эх оронд нь Манжуураар дамжуулан буцааж байлаа. Ийм учраас л улаан намын Орос цэрэг Нийслэл хүрээг эзлэх нь илүүц байсан. Улаан цэрэг хүрээг эзэлж, улаан Оросын гар хөл болсон Ардын намынхан засгийн газрыг тэргүүлэх болов. Ерөнхий сайдаар Ардын намыг үүсгэн байгуулагч Богд ламын шавь Бодоо лам тохоон томилогдсоныг та бид мэдэж байгаа. Богд лам болон түүний шавь Бодоогийн хамгийн түрүү хийх ажил бол Монгол Улсыг Үндсэн хуультай болгох явдал байв. Үндсэн хууль боловсруулах комиссын даргаар Ерөнхий сайд Бодоо өөрөө ажиллалаа.

БОДООГИЙН БОЛОВСРУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИАС

    Хоёрдугаар бүлэг: Ардын эрх ба үүргийн тухай

    Аравдугаар зүйл:

Монгол ард хэн болов хуучин эрх чөлөө, заншлаа эдлэхээс гадна, сонгон хэрэглэгдэхүйд нийлэлдэх эрдэм явдал буй бөгөөд бичиг цэргийн их тушаал ба бусад ямарч албанд орж болно.

Бодоогийн Үндсэн хуулийн чухал заалт энэ бөгөөд хуучин цагийн хамжлагат ёсонд зөвхөн алтан ургийнхан, хаад ноёдын удам төрийн албанд илүү эрхтэйгээр орж ажилладаг байсныг халсан ардчилсан олон заалтын нэг гэж судлаачид үздэг.

Мөн ард гэдэг үгэнд дээд дорд эрхтэн дархтан лам хар ялгаалгүй цөм ард ба хөрөнгө чинээнээс үл хамаармой гэсэн заалт хийсэн байна. Сонгон хэрэглэгдэхүйд нийлэлдэх эрдэм явдал гэдэг нь төрийн албанд тохирсон эрдэм чадалтайд тооцогдвоос хэн ч төрийн албанд орж болохыг өгүүлж, хамжлагат угсаа залгамжилдаг ёсыг халсан ардчилсан Үндсэн хуулийн эх сурвалж нь Бодоогийн Үндсэн хууль гэж эрдэмтэд одооноос эхлэн сонирхож байна.

    Арванхоёрдугаар зүйл

Монгол ард өөрийн хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгийг эдлэх эрх буй. Гагцхүү улсын хууль зөрчих ба захиргаанаас тогтоож үл болно.

    Арвангуравдугаар зүйл

Монгол ард гагцаар буюу олноор нэр нийлж, өөр өөрийн эрх ашгийг дэлгэрүүлэх бодлого гаргаж дээд газар өргөн мэдүүлэх эрх буй. Гагцхүү улсын хууль зөрчих ба захиргаанаас  тогтоож үл болно.

    Арвантавдугаар зүйл

Монгол ардуудыг хуулийн гадна зоримгоор барьж хорих ба гянданд хийх, орон нутгаас үлдэн хөөх хийгээд нэрийг нь гутаан доромжилбоос үл болно.

    Арванзургаадугаар зүйл

Монгол ард хэн боловч улс төрийн хэргийг сайжруулах зэргийн санал гаргаж, цугларан хэлэлцэх ба нам, хоршоо байгуулах эрх буй гэжээ.

Богд хааны Засгийн газраас эхлэн Бодоогийн боловсруулсан Үндсэн хуульд  олон намын тогтолцоотой, хувийн өмчийг хуулиар зөвшөөрсөн хөрөнгөлөг улс орныг байгуулах ардчилсан Үндсэн хуулийн бүх заалтууд байсан байжээ.