НҮҮРС (II)
Хятадын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэнээс хойш 2000 онд 16 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан Өвөр Монголын эдийн засаг хорин жилийн дараа 322 тэрбум болж, Чили, Пакистаны эдийн засагтай тэнцүү болжээ.
НҮҮРС (II)
ӨВӨР МОНГОЛ ДАХЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ШАЛГАСАН НЬ
Өвөр Монгол бол Хятадын нүүрсний гурван гол бүс нутаг бөгөөд 523 нүүрсний уурхай нь жилд 1.3 тэрбум тонн нүүрс олборлодог. Энэ нь Хятадын нийт нүүрсний олборлолтын 3-ний 1 гэсэн үг.
Хятадын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэнээс хойш 2000 онд 16 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан Өвөр Монголын эдийн засаг хорин жилийн дараа 322 тэрбум болж, Чили, Пакистаны эдийн засагтай тэнцүү болжээ.
Ялангуяа, Хятадын нүүрсний нөөцийн 6-ны 1 оршдог 2.1 сая хүн амтай Ордосын нийт эдийн засаг 66.5 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн нь 32 мянган доллар болж, Өмнөд Солонгос, Саудын Арабыг давжээ.
Ордос хотын Хар-Ус нүүрсний уурхай нь дэлхийн хоёрдахь том нүүрсний уурхай билээ.
Гэнэт мөнгөжсөн Ордос 2012 оны Дэлхийн миссийг нутагтаа зохиож, 1 сая хүн амьдрана гэж тооцсон Хиа багш гэдэг тансаг хот цөлд шинээр босгожоо. Гэвч одоо 100 мянга хүрэхгүй үгүйтэй хүн амьдарч, “Ghost town” гэж баруунд алдаршчээ.
Монгол нүүрсээ 100 хувь Өвөр Монголд экспортолдог, тэр дундаа 80 хувийг нь Гашуунсухайтаар Баяннуур аймагт нийлүүлдэг.
Нэг. Хятадын удирдлага Өвөр Монголын нүүрсний хулгайг анхаарсан нь
2019 оны сүүл үеэс Хятадын удирдлага Өвөр Монгол дахь нүүрсний авлигын хэрэгт анхаарал хандуулж эхэлжээ. Хятадын Коммунист Намын Сахилга батыг хянан шалгах төв комисс өөрийн сониндоо Өвөр Монголын нүүрсний салбарын тухай ноцтой дүгнэлтийг анх удаа хэвлүүлсэн нь удахгүй эхлэх ажиллагааны дохио болжээ:
Өвөр Монгол нь манай улсын эрчим хүчний аюулгүй байдлын чухал газар бөгөөд нүүрсний арвин их нөөцтэй, олборлоход хялбар, дэлхийн хамгийн том ил уурхайтай бүс нутаг юм. Гэвч тодорхой хугацаанд нүүрсний салбарт гажуудал нүүрлэж, “зэрлэг ургамал ургаж”, нүүрс тойрсон авлигал газар аваад байгаа нь орон нутгийн улс төрийн орчныг бохирдуулсан “хавдар” болоод байна.
Нэг нам дангаараа засагладаг коммунист улс төрийн тогтолцоонд нам нь төрийн дээр залардаг учраас намын хяналтын алба нь бүх шатны албан тушаалтныг намын гишүүнийх нь хувьд шалгаж, намаас хөөсний дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Намын Сахилга батыг хянан шалгах төв комиссын үндсэн чиглэл нь авлигын эсрэг тэмцэл юм.
Удалгүй намын үзэл суртлын дуу хоолой Синьхуа агентлаг ч бас адилхан дүгнэлт нийтлүүлж:
Өвөр Монгол бол Хятадын нүүрсний хамгийн том олборлогч бүс нутаг. Нүүрсний салбартай гайхмаар хурдацтай хөгжсөн ч “зэрлэг ургамал” ургаж, авлигын үүр уурхай болжээ.
Нүүрсний салбарт ургасан “зэрлэг ургамал”-ыг хяргах ажлыг удирдуулахаар Өвөр Монголын удирдлагад сэлгээ хийжээ.
2019 оны 10-р сарын 25-нд Өвөр Монголын “нэгдүгээр хүн” буюу намын хорооны тэргүүнээр Ши Тайфэн томилогдов. Тэрээр 1978-1982 онд Бээжингийн Их сургуульд ирээдүйн Ерөнхий сайд Ли Кэчян-тай нэг ангид суралцаж байсан нэгэн. 1990-2010 онд Намын төв сургуульд хорин жил багшилсан профессор Ши Тайфэн-г Ши Жиньпин-ий тун ойрын итгэмжит шадар нь гэж “South China Morning Post” дүгнэжээ.
Ши Тайфэн 2022 оны 10-р сард Хятадын Коммунист Намын ХХ их хурлаар дэвшиж, Улс төрийн Товчооны 25 гишүүний нэг, Намын Төв Хорооны Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч болсон.
Өвөр Монголын намын хорооны Улс төр, хууль цаазын комиссын дарга (хууль хяналтын байгууллагуудыг намын удирдлагын түвшинд удирдах хүн)-аар Гуандун мужийн дэд дарга Линь Шаочүнь-ийг, Зохион байгуулалтын газрын дарга (намын хорооны хүний нөөцийн газар)-аар Ян Вэйдун-ийг томилжээ.
НАХГазрын даргаар 2012 оноос ажилласан Ма Мин авлигын хэргээр баривчлагдаж, оронд нь Хэн Сяофань томилогдов.
2020 оны 1-р сард, Намын сахилга батыг хянан шалгах төв комисс Өвөр Монголын намын хороонд 4 зүйлийг шалгах чиглэл өгчээ:
1-т, Нүүрсний нөөцийг хууль бусаар өмчилж, зарах
2-т,Нүүрсний хууль бус хуваарилалт
3-т, Нам, төрийн албан хаагчдын нүүрстэй холбоотой авлига
4-т, Нүүрсний салбарын экологийн асуудлуудыг шалгах зэрэг юм.
Хоёр. “Нүүрсний хулгайн 20 жилийг хөөн хэлэлцэх” кампанит ажил
2020 оны цагаан сар өнгөрмөгц Ши Тайфэн-ий ахалсан 7 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж, 2000 оноос хойш 20 жилийн хугацаанд Өвөр Монголын нүүрсний салбарт болсон хууль бус үйлдлүүдийг нь шалгах ажил эхэлжээ.
Ши Тайфэн Ажлын хэсгийн анхны хурал дээр онцлохдоо, “Энэхүү кампанит ажил нь Хятадын Коммунист Намын Төв Хорооноос манай бүс нутагт өгсөн улс төрийн чухал үүрэг даалгавар юм” гэжээ.
Энэ Ажлын хэсэг 2000 оноос хойш Өвөр Монголын нүүрсний салбарт төрийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалт, тээвэр логистик, экологийн үнэлгээ, татварын тайлан, энэ салбарт үйл ажиллагаа явуулсан бүх аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн аудит оруулсан аж.
Тэтгэвэрт аль хэдийн гарсан албан тушаалтнуудыг хүртэл шалгажээ. Жишээ нь, 18 жилийн өмнө тэтгэвэрт гарсан 80 настай Жао Дэфан гэдэг албан тушаалтныг хүртэл шалгаж, шийтгэжээ.
Намын болон төрийн албан тушаалтнуудын гэр бүл, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн дансыг бас шалгажээ.
Улмаар Ордос зэрэг нүүрс олборлодог 7 аймаг, Байгалийн баялгийн удирдах газрын Нүүрсний хэлтэс зэрэг 4 газар, Бугатын Гангийн групп зэрэг 3 төрийн өмчит аж ахуйн нэгжилт шалгалт оруулжээ. Мөн 21 шалгалтын баг байгуулж, нүүрсний салбарт гол 237 засаг захиргааны нэгжид шалгалт хийв.
Шалгалтын үр дүнд, нүүрсний аж ахуйн нэгжүүдэд 5261 зөрчил илрүүлж, 4862-ыг нь шийдвэрлэжээ.
Нүүрстэй холбоотой 789 авилгын хэрэгт хавтаст хэрэг нээж, газрын даргын түвшний 73, хошуу болон хэлтсийн даргын түвшний 286, нийт намын болон төрийн албан хаагч 942 хүн, нийт 1163 хүнийг яллагдагчаар татжээ. Энэ кампанит ажлын явцад 19 албан тушаалтан сайн дураараа хэргээ хүлээсэн аж.
Шалгалтын үр дүнд төрийн өмчийн 8 тэрбум 604 сая ам.долларын алдагдлыг нөхөж, 29.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг эргүүлэн татжээ.
Гурав. Нүүрсний дөрвөн “бар”-ыг намнасан нь
2013 оноос Хятадад авлигачдыг албан тушаалын зиндаагаар нь “бар”, “батгана” гэж эрэмбэлээд “хамтад нь устгахаа” зарласан байдаг.
Бай Сянцюнь – 2008 оноос Шилийн голын намын хорооны нарийн бичгийн дарга, 2012 оноос Өвөр Монголын Өөртөө Засах Орны орлогч дарга байсан. Нүүрсний лиценз, тендер, тээвэрт 1998-2018 оны хооронд 13.18 сая ам.доллар завшсан хэргээр 16 жилийн ял оноожээ.
Хятадын төв телевизээр авлигын эсрэг нэвтрүүлэгт шоронд хоригдож буй Бай Сянцюнь-ий ярилцлагыг оруулжээ.
Син Юнь – 2001 онд Ордосын, 2001-2006 онд Бугатын намын хорооны нарийн бичгийн дарга буюу нүүрсний гол бүс нутгийг удирдаж, 2006-2011 онд Өвөр Монголын намын хорооны Улс төр, хууль цаазын комиссын дарга, 2012-2016 онд Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга байсан. Түүний эгч нь Хөх хотын Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч даргаар ажиллаж байгаад авлигын хэргээр 2019 онд баривчлагдсан.
Син Юнь нийт 64 сая ам.долларын нүүрсний авлигын хэргээр шүүхээс цаазаар авах ялаар шийтгэгдэж, 2 жилийн дараа бүх насаар нь хорих ял болгон өөрчилжээ.
Юнь Гуаньжун -2006-2008 онд Хөлөнбуйрын Ардын төлөөлөгчдийн хурлын дарга, 2008-2011 онд Ордос хотын дарга, 2011-2014 онд Ордосын намын хорооны нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Өвөр Монголын орлогч дарга, 2016-2019 онд Хөх хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан.
13.48 сая ам.долларын нүүрсний авлигын хэргээр 14 жил хорих ялаар шийтгэгджээ.
Юнь Гүнминь – 2006-2008 онд Шэньхуа группийн дэд захирал, 2008-2019 онд Шэньхуа группийн Ерөнхий менежер, намын хорооны нарийн бичгийн дарга байсан. 2020 онд баривчлагдаж, 2022 онд 70.2 сая ам.долларын авлигын хэрэгтээ 2 жилийн дараа бүх насаар нь хорих ялаар сольж болох цаазын ялаар шийтгэжээ.
Дөрөв. Баяннуурын нүүрсний “батгана”-ыг шавхуурдсан нь
Баяннуур хотын Ганцмод боомтоор Монголын нүүрсний экспортын 80 хувь нэвтэрдэг учраас бидний хувьд Баяннуур дахь нүүрсний авлигын эсрэг тэмцэл сонирхолтой.
Баяннуур хотын нэгдүгээр хүн бол намын хорооны нарийн бичгийн дарга юм. Хотын намын хороог 2008-2010 онд удирдсан Ван Суи, 2011-2016 онд удирдсан Хэ Юнлинь хоёр авлигын хэргээр шийтгэгдсэн аж.
Ван Суи 2004-2010 онд хотын дарга, дараа нь хотын намын хороог тэргүүлсэн бөгөөд нийт 1.74 сая ам.долларын авлигыг евро, доллар, алтаар авсан нь тогтоогдож, 20 жилийн ял сонсчээ.
Харин Баяннуур хотын намын хороог 2017 оноос одоог хүртэл тэргүүлж байгаа, Хөх хотын Коммунист залуучуудын эвлэлээс угшилтай Чан Жиган хотынхоо авлигын эсрэг тэмцлийг удирджээ. Тэрээр 2021 оны 2-р сарын 4-нд хотын намын хорооны Сахилга батыг хянан шалгах комиссын бүгд хурал дээр “...дэргэд нүүрлэсэн авлига, ажлын дутагдлын асуудлууд, ядуурлыг бууруулах, нүүрс, мафи, гэмт хэргийг бууруулахад мэдэгдэхүйц үр дүнд хүрч чадлаа” гэж дүгнэжээ.
Баяннуурт маш олон том, жижиг албан тушаалтнууд баривчлагдсанаас хамгийн том нь хотын дэд дарга Гуо Ган юм.
1970 онд Хэбэй мужид мэндэлсэн Гуо Ган 1992-1996 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль төгссөн нэгэн. Тэрээр 2002-2004 онд БНХАУ-ын Худалдааны яамны томилолтоор БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн дарга, 2004-2006 онд 2-р нарийн бичгийн дарга, 2006-2007 онд ЭСЯ-ны намын үүрийн дарга, 2007 онд Эрээн хотын даргын туслах, 2007-2010 онд Эрээн хотын дэд дарга, 2010-2012 онд Өвөр Монголын намын хорооны Гадаад сурталчилгааны газрын дэд дарга, 2012-2017 онд Өвөр Монголын Худалдааны газрын дэд дарга, Боомтын хэлтсийн дарга, 2017-2020 онд Баяннуур хотын дэд даргаар ажилласан.
2020 оны 3-р сард ажлаасаа чөлөөлөгдөж, 4-р сард Баяннуур хотын намын хорооны дэд даргын ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч Гуо Ган-ыг шийтгэсэн шүүхийн шийдвэр албан ёсоор гараагүй бөгөөд хэргийг мөрдөн байцааж байна гэдэг мэдээлэл л байна.
Жя Жинбо нь 2017 оноос Баяннуур аймгийн Урадын өмнөд хошууны Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дарга. Тэрээр 20 гаруй жил Баяннуурт ажиллахдаа 500 гаруй удаагийн хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулж, бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. 2020 оны 9-р сард Жя тэргүүтэй 61 хүнд мафи зохион байгуулсан хэргээр 1 жилээс бүх насаар хорих хүртэл ял оноожээ.
Хятад судлаач Ч.Содбилэг