Нударганы цаадах нигүүсэл & Ц.Бат-Энх гэж хэн бэ?
Нударганы цаадах нигүүсэл& Ц.Бат-Энх гэж хэн бэ?
Одоогоос 13 жилийн өмнө юм. Шинэ жилийн уур амьсгал орчихсон үе. Тэр үед өдөр тутмын болон чөлөөт сонин, хэдэн сайтууд л улстөрчдийн “хөшигний цаадах” үйл явдлыг бичдэг байлаа. 2007 оны 12 дугаар сарын 22-ны өглөө хэвлэлийн хуудаснаа “Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэргэжилтэндээ ухамсрын шанаа өгсөн талаар дуулиан дэгдэв. Өнөөгийн бараг л эрүүгийн ертөнцөд амьдарч байгаа мэт нөхцөл байдлыг бодвол тэр үедээ л дуулиан байлаа. Уг нь тус яамны шинэ дэд сайд ирэх гээд сандралдаж байхад даалгасан ажлыг нь хоцроосон гэж ийм “арга хэмжээ” авч л дээ. Хамраасаа цус гартал зодууллаа гэж өнөөх мэргэжилтэн эхлээд дүүргийн цагдаа, цаашлаад салбарын сайд Р.Раш, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд С.Баяр, цаашлаад тухайн үеийн Ерөнхийлөгчид хүртэл хандаж, “арга хэмжээ авахуулна” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байв. Энэ үеэс л “Ц.Бат-Энх бол балмад танхай дарга юм” гэсэн ойлголт тээх болж билээ.
Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл ямар нэг ял шийтгэл хүлээсэн ч үгүй. Харин ч Нийслэлийн өмчийн газрын дарга, “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, МАН-ын Нарийн бичгийн дарга гээд хариуцлагатай ажлуудыг хийж байна. Намын дарга нь ч Төрийн ордонд УИХ-ын гишүүнийг унатал цохисон боловч “ЖИНХЭНЭ ЭР ХҮН” гэдэг үнэлгээгээр “ШАГНУУЛСАН” болохоор гар хөл нийлдэг биз ээ. Харин өнөөдрийг хүртэл Ц.Бат-Энхийн талаар дахин муу мэдээ дуулдсангүй. Хэвлэлийнхэн хайртай, намынхан нь бүр ч хайртай байх аж. Дээр нь урлагийнхан бараг л “манай хүрээнийх” гэж өөриймснө.
Учрыг нь асуухаар “балмад” Ц.Бат-Энхээс үргэлж хүн чанар үнэртэж, дандаа л хариу нэхээгүй тус хийж явдаг гэдгийг хэлсэн юм. “Хит”-ийн Давааням агсны амьдралыг өөд татахын тулд халуун сэтгэлээр хандаж байсан. Гэхдээ энэ нь “Айзам” хамтлагийн дуучин Ц.Батсайхан ахтай нь холбоотойгоос биш л дээ. Ц.Бат-Энхийн ах “Тод манлай уяач” нэгэн түүний хурдан хүрэн морийг нь уяж, “Хотгойдын хурд”-д түрүүлүүлж явахад дүү Ц.Бат-Энх нь “Хит”-ийн Даваанямыг дэмжиж явсан ч гэдэг. Урлагийн тоглолтуудыг олноор зохион байгуулж, дэмжсэн дуучдынх нь тоо гүйцэгдэхээ больсон ч тэр тусалж явснаа дурсдаггүй, хариу нэхдэггүйгээрээ хүндэтгэл хүлээдэг. Энд нэг сонирхолтой зүйл байдаг нь “Эрос” хатагтай Т.Ариунаа, поп дуучин Б.Сарантуяа нарын зэрэг өнөө цагийн гавьяатуудыг ид үед нь хооронд нь нөхөрлүүлээд зогсохгүй хамтад нь тайзан дээр гаргаж чадсан хүн нь Ц.Бат-Энх юм.
Түүний энэ “хачин” эвлэрэхээргүйг эвлэрүүлж чаддаг увидас улс төрд, тэр тусмаа намд нь хэрэг болсон удаа олон бий. Тиймээс ч Бага хурлын заалнаас намын дарга М.Энхболдынхоо бодлогыг сөрж дэвшсэн түүнд намын хамт олон нь нарийн бичгийн даргын албан тушаалаа өгч “гал тогоо”-ндоо болохгүй бүтэхгүй байгааг засуулж, цэгцлүүлж явдаг биз.
Ховд аймгийн МАН хагарч, Д.Галсандондогоороо “туг тахьчихаад” байхад нь дараагийн дарга Б.Дүгэржавтай нь эвийн цавуугаар нааж, Сүхбаатар аймагт БХБЯ-ны дэд сайд Ш.Лхамсүрэн “морь уядаг” гэх ганц шалгуураар мандан бадарч, аймгийн намын даргын суудалд шунаад зогсохгүй ИТХ-ын дахин сонгуульд унаж ёстой л шороотой хутгалдаж нүдний булай болж явахад нь Засаг дарга Л.Эрдэнэбаатартай нь “зодолдуулчихгүй” ширээний ард өөд өөдөөс нь харуулж суулгаж чадсан гол хүн нь бас л Ц.Бат-Энх байв. Тэгж эвлэрүүлээгүй бол Сүхбаатар аймаг Засаг даргын суудлаа сөрөг хүчинд алдах дээр тулаад байсан учраас намын гишүүд, дэмжигчид түүний чимээгүй гавьяаг үнэлж явдаг юм билээ. Бас НАМЗХ-ны удирдлагын төлөөх Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын маргааныг зогсоож,нэгэн цагт хуваагдлын ирмэгт ирээд байсан намын дэргэдэх залуучуудын байгууллагаа нэг зүгт харуулж чадсан нэгэн.
Мөн Говь-Алтайд Засаг дарга С.Гансэлэм өмнө нь Гаалийн ерөнхий газарт хамт ажиллаж байснаасаа болоод АН-ын түрийвч нэгтэй найздаа “барьцаалагдчихаад” байсан. Дээр нь МАН-ын генсек Д.Амарбаясгалантайгаа үл ойлголцоон үүсгэж,аймгийн намын хороо Ш.Раднаасэдийн өрдсөн галыг намжаахын тулд Говь-Алтайн намын хорооноос болж нойргүй хонож явсан намын дарга У.Хүрэлсүхдээ том дэм болж, толгойг нь амраасан байдаг. Хөвсгөлийн Засаг дарга Л.Ганболдыг Үндсэн хуулийн Цэцэд өгч “унагаах” ажиллагаа явагдахад аймгийн ИТХ-д олонх болсон МАН-ыг их хагарал зөрчлөөс бүтэн авч үлдэж чадсан гол яриа хэлэлцээг мөн л Ц.Бат-Энх, Л.Энх-Амгалан нар хийжээ. Эрдэнэтийн “хоёр хүү” буюу Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, эдүгээгийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар нэг хотод байтугай нэг улсад багтахаа больтол муудаагүй ч мэндийн зөрүүгүй явах дээрээ тулчихаад байхад нь эвлэрүүлж гар барилцуулсан хүн нь дахиад л нөгөө Ц.Бат-Энх… Хачин байгаа биз.
Энэ бүхэн Ц.Бат-Энхийн нэг удаагийн нударганаас илүү эвлэрлийн гарцыг олж чаддаг ховор чанарын нотолгоо нь юм. Тийм ч амар олддоггүй чадвар гэх үү дээ. Модон бар жилтэй энэ залуу 99 настай МАН-ыг даргалж явсан М.Энхболдтой, Ө.Энхтүвшинтэй, У.Хүрэлсүхтэй хамт намын “гал тогоо”-нд хамтран зүтгэхдээ амиа аргацаасан дуугүй “нарийн бичиг” байгаагүй нь үнэн юм. Н.Энхбаярын үед НАМЗХ-нд орж ирсэн хамаатан нь гэж нүд үзүүрлэх залуус байсан ч Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Н.Учрал гуравтай хэл амаа ололцож чадсан нь Ц.Бат-Энхээс өөр гараагүй л яваа. Үүргээ ухамсарласан, орон нутаг дахь намын гишүүдийн эвийг сахиулсан маш завгүй, гарц гаргалгааг гайхалтай олдог, удирдагчийн шилмэл чанарууд цогцолсон авьяаслаг удирдагч боловч бүх үйл хөдлөл, үр дүн нь “хөшигний цаана” байх тавилантайгаараа жаахан “азгүй товарищ” гэж Ц.Бат-Энхийг хэлж болох юм.
Одоо ч тэрбээр МАН-ын мөрийн хөтөлбөр, төвлөрсөн арга хэмжээг гардан зохион байгуулж Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргынхаа ачаанаас үүргийн дагуу үүрэлцэж явна. Үүнийхээ төлөө тэр юу ч үл хүснэ. Ер нь тусын хариуд тус нэхдэггүйд л Ц.Бат-Энх гэдэг тэр нялуун биш шулуун эрийн мөн чанар оршино гэж тодорхойлоход буруудахгүй байх.
Сонгуулийн үеэр гардаг олон дууны санаа оноо, клип зэргээс ч наад зах нь цухалзана. Бас эмэгтэйчүүдтэй хачин ажил хэрэгч харилцааг үүсгэж чаддаг. Гэхдээ энэ нь мөнөөх л хариу нэхдэггүй тус гэдэг сэдвээр л тайлбарлагдана. “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал байхдаа үйлдвэрийнхээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг удирдаж төвийн болон орон нутгийн сэтгүүлчдийг асар их дэмжсэн. Хожим нь ч эмэгтэй сэтгүүлчид болон өдөр тутмын сонины эрхлэгч хүүхнүүдийн “Даймонд пресс” клубынхэнд, мөн “Эрдэнэт таймс” сонин, АН-ынх гэж адлалгүй хамтад нь дэмжиж явсан “Номин” телевиз зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тусаа хүргэж явсныг нь үүнийг бичигч би мэдэхийн дээдээр мэднэ. Нөгөөдүүл нь ч худлаа гээд маргахгүй. Хариуд нь ганц мэдээ ч нэхэж гаргуулж байгаагүй юм билээ. Эрдэнэтэд бол нийт таван телевизийг хөл дээр нь босгосон гэдэг. Хэвлэлийнхэн түүнд хайртай ч байдаг, хатуурхаж ч явдаг. Тэглээ гээд юм санадаггүй санах ч шаардлагагүй эр бол тэр өөрөө.
Харин Ц.Бат-Энх өөрөө Хөвсгөлийн Их уул сумынх. Ээж нь Увсын Өндөр хангайнх. “Симба” хочит ах Ц.Батаа нь бас л овоо танхайгаараа алдартай. Ах Ц.Батсайхан нь дуучин, харин отгон дүү Ц.Бат-Энхийг нь товчхондоо одоогийн байдлаар “намчин” гэж хэлж болох ч олонд хүргэсэн тус, эргэж уулзах нүүрээрээ гэр бүлээсээ хамгийн нэр хүндтэй нь гэж хэлчихвэл үүнийг бичигч намайг өөлөхгүй л байх. Түүний тусыг хүртсэн хүмүүс ёстой л “олон хүнтэй газар” ярьж явах дуртай байдаг. Учир нь Ц.Бат-Энх өөрөө ярьдаггүй учраас тэр шүү дээ.
Харин миний мэдэхээр тэр бол чимээгүй далд байх дуртай, орос, англи хэлээр чөлөөтэй ярих бөгөөд түүний энэ чадварыг шахааны хүнд шахуулсаар хаширсан Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг хүртэл гайхширан магтсан удаатай юм гэдэг. Хурдан морь, сагс, волейболд дурлагч, авто спортын мастер цолтой, хөгжмийн галзуу фанат гээд мэдрэмж өндөртэй жирийн л чөлөөт эр.
Хачирхалтай нь яагаад ч юм би түүнийг “амьдаар нь” огт хараагүй. Домог юм уу, хаашаа юм зөвхөн сураг сонсож л явж. Гэхдээ л өнөөдөр түүний тухай элдэв мэдээллийг хараад түүний мөн чанарын тухай бодолтой минь “зодолдоод” тэссэнгүй. Имиж нь аятай болсон ганц цохилтын цаана нүдэнд үл харагдах нэг нинжин, торгон мэдрэмж нь түүнийг хууль зөрчих этгээд мөн үү, хэн нэгний дургүйг хүргэж МАН-аас зайлуулах шалтаг хайхад хүргэв үү гэж бодохоор тэр мангар өөрийнхөө тухай сайн мэддэггүй юм шиг байгаа юм. Одоо эмнэлэгт тусгаарлагдчихсан байгаа дээрээ өөртэйгээ танилцаг. Тэгээд гарч ирээд тайлбарлаг дээ.