З.Энхболд, Сү.Батболд нарын “зассан зам”
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх үү?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2020 оны хоёрдугаар сарын 13-нд ажлаа хүлээлгэн өгөв. Юуны өмнө З.Энхболд ЕТГ-аас гараад “хаашаа” алхав? Ардчилсан намын С.Эрдэнийн “дор” эсвэл “дээр” ажиллах З.Энхболдыг хэрхэн хүлээж авах бол гэдгээс илүү МАН түүнийг сонирхож байна. Яагаад?
Х.Баттулга З.Энхболдын зөвлөснөөр А.Гансүх, С.Батболд хоёрыг баз гэдгийг мартсан нь
Ингэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх хаана явна? Намаа цэвэрлэх, авлигачдаа цавчих сэлэм чинь З.Энхболдод байгаа юм биш үү? ЕТГ-ын даргаар “мөнхөд хадагдсан” мэт үгэнд нь ороод байсан З.Энхболд өрсөлдөгч намыг чинь сонгуульд ялуулахаар ажлаа цэгцэлчихлээ. Намын дарга, Ерөнхий сайд Таныг түүнтэй сүжирлээ гэж олон ч гишүүн чинь гомдсон. Та тоогоогүй. Намынхаа болохгүй бүхэн үүрлэснийг гайхаад л “дээшээ” гүйгээд байсан. Одоо З.Энхболдын нэг гарт прокурор дээр үүсгэгдсэн МАН-ынхны хавтаст хэрэг, нөгөө гарт Сү.Батболд байна.
Тэрбээр Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд байгаа мэт дүр зураг эртнээс ажиглагдсан. “Арай ч үгүй байлгүй. А.Гансүх, С.Батболд хоёрыг баз гэдгийг мартаад өгөөч” гэж марттал гүрийсний эцэст Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тэднийг баз гэдгийг мартаж гэнэдсэн гээд бод доо! Тэднийг баз гэдгийг мартаж болох ч А.Гансүхийг улс төрд оруулсан хүн нь З.Энхболд гэдгийг л мартаж болохгүй байсан юм шүү дээ.
У.Хүрэлсүх та сонгуулийнхаа ноён нуруу, гол найдварыг залуучуудын байгууллагаа гэж хардагийг өмнөх сонгуулиудаас мэдэрсэн. Харин энэ удаад таны томилуулсан УИХ-ын гишүүн Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгч мэт боловч знэн хэрэгтээ дэд ерөнхийлөгч нь болох С.Батболдын хүү Б.Баттүшиг аавынхаа ирээдүйг засалцаж явааг магадгүй УИХ-ын сонгуулийн дараа мэдрэх байх аа.
Монголын “Страто” Хятадын төрийн өмчит “TTJVCo”-ийн адил “дархан цаазат” болсон нь
Олон нийт нэг л зүйлийг ойлгож авсан нь З.Энхболд Тавантолгойн нүүрсийг баяжуулдаг, экспортолдог Страто гэдэг компаниа энэ “дайнд” ялуулсан. Монголын “Страто” Хятадын төрийн өмчит “TTJVCo”-ийн адил “дархан цаазат” болсон. Страто Үндэсний хөгжлийн газартай тогтвортой байдлын гэрээ хийгээд экспортын татвараас чөлөөлөгдөж чадаж байна. Үндсэн хуулийн Цэцээр шийдвэр гаргуулаадАМНАТ-аас бултаж чадаж байна. Хуулийн дагуу “хулгай хийнэ” гэж үүнийг л хэлнэ. “TTJVCo”-ийн “нууц ноёнтон” Юн Чен Фейтэй Монголын А.Гансүх л хэлүүлээгүй бол монгол дарга нартай уулзаад байдаггүй атал яагаад С.Батболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дотночлон уулзав. Яагаад З.Энхболд “нүүрс сонирхдог” болчихов. Түүний нутгийн дүү нар хувийн бизнесийг нь үргэлжлүүлсээр байшин үйлдвэрлэх комбинат, сүү сааль, өндөр ашиг шимтэй малын үрийн шингэний бизнесээс хэдийнэ хальж Өмнөговьд уул уурхайн компани нээж эхэлсэн. Өнөөх л танил нэрс дээр зөвхөн З.Энхболдыг ЕТГ-ын даргаар томилогдсоноос хойш буюу 2019 онд л гэхэд Говьсүмбэр аймагт“Их дэлгэмэл ингүүн”, “Маш Богд групп” гэх компаниуд байгуулагдаж автомашинаар ачаа тээвэрлэх, шатахууны бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. “Страто” бол улиг болсон мэт боловч Хятадын талын хөрөнгө оруулагчид нь анхаарал татдаг. Дээр нь тус компанийн удирдлага Ачитсайханы Баттүшигийн “бизнесийн түүх” тун ээдрээтэй. Энэ бүхэн хожмын өдөр хаанахын хэнд ямар давуу байдал олгосон талаарх “аалзны тор” болж анхаарал татах нь дамжиггүй.
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх үү?
Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад арван жил ч ХААН байж болох байв. Харин сайн, муу аль нь болохыг бүү мэд, “гацаасандаа баяртай явдаг” Тамгын дарга нь түүний мөрөөдсөн “дарангуйллыг” ч бас гацаасан юм. Хуулийн хэрэгжилтийн хугацаагаар шахалт үзүүлсэн ч агуулга дээр нь манарна гэдэг ИТГЭЛИЙН МАНАН л байж болох юм. Дээр дурьдсанчлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших гол кандидат нь С.Батболд байх магадлал тун өндөр байна. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай “тайган” /хааны шадар гэх утгаар өргөмжлөв / түүнийг бэлтгэх бололтой. Гарт байгаа зэвсэг нь гэмт хэрэгт нэр холбогдогсдын баримт материалууд. С.Батболд өнгөрсөн хугацаанд хилийн чанадад байсан оффшор дансуудаа цэгцлэхээс эхлээд Дундговьд байтугай Монголын хэмжээнд төвөггүй ялах “замаа засаад” иржээ. Түүнээс одоо “толбо” ч олоход бэрх бөгөөд ээж Янжингийнх нь уугуул нутаг Дундговийн сонгогчид нам харгалзалгүй нэгдмэл үзэл бодолтойгоор түүнийг ирж нэр дэвшээч гэж гуйсан юм байх. Ийм шийдвэрийн дэргэд Д.Дамба-Очир юусан билээ. Ерөнхий менежерээр зэхэж байсан хүнээ хүртэл бэлэглээд Дундговийг орхижээ. Одоо С.Батболд, З.Энхболд нар өөрийн тойрон хүрээлэгчидтэй болж, Шинэ МАНАН байгуулж дэмжлэг авснаар ялалт байгуулж мэдэх л юм. Тэр цагт С.Батболдод “МАН-аас том” хоёр багана нь гарцаагүй А.Гансүх, З.Энхболд нар байх биз ээ.
Харин Х.Баттулга хаачих вэ? Шинэ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл “хэсэг хугацаанд хэдэн хуудсаа алдаж солигдсон уу”. Эсвэл хэт итгэснээсээ болж хугацааны шахалт, агуулгын алдаанаас болж хулхидуулсан уу? Аль нэг шалтгаанаар Х.Баттулга дахиад хэдэн жил Ерөнхийлөгчийн алба хаших байтугай ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ч орох боломжгүй болох нэг хэрэг. Арай шинэ төмөр замын төсөл хоёр дахиа бүтэлгүйтэж эзнээ хэрэгт унагаах юм биш биз? Энэ бол тэс өөр хэрэг!