Х.Киссинжер бодлоо өөрчлөх үү
Хоёр Герман нэгдсэний 25 жилийн ой аравдугаар сарын 3-нд тохиов. Майн дахь Франкфурт хотын Алте-Оперын театрт ой баярын хурал болж Холбооны болон муж улсын удирдлагууд, гадаад, дотоодын зочид оролцлоо.
Хоёр Герман нэгдсэний 25 жилийн ой аравдугаар сарын 3-нд тохиов. Майн дахь Франкфурт хотын Алте-Оперын театрт ой баярын хурал болж Холбооны болон муж улсын удирдлагууд, гадаад, дотоодын зочид оролцлоо. Гаднах талбай дахь том дэлгэцээр ёслолын хурлыг олон мянган хүн харж улсыхаа Ерөнхийлөгчийн үгийг анхааран сонсож, алга ташиж байв. Миний дэргэд, аавыхаа нуруун дээр суусан бяцхан охин “Tolerance” (Тэвчээр) гэсэн бичигтэй агаарын бөмбөлөг барьжээ. Өөрөө Зүүн Германы гаралтай, шашны номлогч асан, Ерөнхийлөгч И.Гаук эдүгээ баруун, зүүний ялгаа эрс багасаж, залуу үеийн хувьд бүрэн алга болсныг онцлоод, гэхдээ зүүнд барууныхаасаа ажилгүйдэл их, цалин, хөдөлмөрийн бүтээмж бага хэвээр байгааг тэмдэглэв.
Баруун, Зүүн Герман нэгдсэний 25 жилийн ойг угтан хүн амын дунд “Deutsche Welle” мэдээллийн агентлагаас явуулсан санал асуулгын дүнгээр 73 хувь нь нэгдэх үйл явц амжилттай болсон, харин 67 хувь нь бүрэн дуусаагүй гэж хариулжээ. Германы нэгдэл эдийн засаг, улс төрийн хувьд төгссөн ч, иргэдийнх нь үзэл бодолд бүрэн дуусаагүй л байна.
Зүүн нь Баруундаа дагаар орсон нь
1944 онд Холбоотнууд (АНУ, Их Британи, Орос) нацист Германыг бүрэн ялж, ямарч нөхцөлгүйгээр буулгаж авах, дараа нь Герман улсын хаана нь хэн эрх мэдлээ тогтоох, нийслэл Берлин хотыг хэрхэн хувааж хянахаа хэлэлцэн тохиролцов. 1945 оны тавдугаар сард фашистын Герман дайнд ялагдсан, үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн II дайн дууслаа. Улмаар зүүн хэсэгт нь ЗХУ хяналтаа тогтоосноор Ардчилсан Герман улс коммунист засаглалын замаар, баруун хэсэг нь Америк, Англи, Франц хяналтаа тогтоосноор ХБНГУ барууны ардчилал, зах зээлийн замаар тус тус явсан юм.
1933 онд Нацист намын дарга А.Гитлер Герман улсын Канцлер болсноос хойш дайн дуустал арваад жилийн турш ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг улс нийгмийн хөгжил, дэвшлийн амин чухал үнэт зүйлүүд Германы хөрсөн дээрээс алга болжээ. Зөвхөн аугаа их ари үндэстэн бусад улс орны дээр байхаар бурхнаас заяасан, тийм ч учраас дэлхийг эзлэн авч захирна, доод гаралтай жүүдүүдийг устгаж, славянчууд болон бусад үндэстнийг зарцаа болгох гэсэн нацист үзэл сурталд германчууд захирагдаж байлаа.
Дайны дараа АНУ Баруун Европыг сэргээн босгох төлөвлөгөө (“Маршалын төлөвлөгөө”) боловсруулж, нийтдээ 13 тэрбум долларын (одоогийн ханшаар 130 тэрбум) хөнгөлөлттэй зээл олгов. Улс хоорондын худалдааны хаалтыг багасгах, бизнэсийг хязгаарласан хууль, журмаа арилгах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнэсийг дэмжих нөхцөлтэй энэхүү хөрөнгийн 11 хувь нь Баруун Германд ногдсон юм. Америк, англичууд хүний эрх, ардчилал, чөлөөт өрсөлдөөн гэх мэт онц чухал үнэ зүйлсээ сэргээж, төрийн бус байгууллагууд, чөлөөт хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийг дэмжиж байлаа. Зөв хөрсөн дээр ургуулсан нийгэм удалгүй хөгжин цэцэглэж Баруун Германы эдийн засаг Европыг тэргүүлж эхлэв.
Орсууд Зүүн Европд коммунист нийгмийн үнэт зүйлийг суулгаж, хувийн өмчийг хурааж нийтийн болгох, шашин шүтлэгийг хорьж, зөвхөн нэг намын үзэл суртлыг тогтоон, хувь хүний биш нийтийн эрх ашгийг дээдлэх, үг дуугүй дагах, албан ёсны, зөвшөөрсөнөөс өөр үзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тараахыг тас хорих боллоо. Зүүн Европыг сэргээн босгох “Маршалын төлөвлөгөө” ч, олон тэрбум доллар гаргах бололцоо ч олон жилийн дайнд маш их материалын болон хүний нөөцөө алдсан ЗХУ-д байгаагүй юм. Зах зээл нь төвлөрсөн төлөвлөгөөнд суурилсан Ардчилсан Германы хөгжил удалгүй саарч, явцгүй болсныг мэдсэн олон сая иргэн, ялангуяа мэдлэг, туршлагатай “осисс”- ууд баруун Берлинээр дамжин Баруунд дүрвэж байлаа.
Ардчилсан Германы төр засагт 1961 оны наймдугаар сарын 13-ны өдөр баруун Берлинийг тойруулан 3.6 м өндөр, 140 км урт бетон хана босгохоос өөр сонголт байгаагүй юм. Айл гэр, ах дүү нарыг нэг өглөө салгасан энэ хана бол Зүүн Герман эдийн засаг, улс төрийн хувьд баруун Германдаа ялагдсаны de-facto илэрхийлэл болж 28 жил өнгөрсөн юм. 1990 онд Зүүн Герман Баруун Германд нэгдсэн тухай гэрээ байгуулснаар энэ ялагдал de-jure болов. Берлиний хана нурсны дараахан Германы Канцлер (1969-1974) асан Вилли Бранд “Хамтадаа заяасан юм, одоо хамтадаа хөгжих болно” гэж хэлжээ. Хамтадаа хөгжих тэр зам нь тийм ч амар биш байлаа.
Европдоо томдсон Герман
Европ дайн дажинтай байх эсэх нь юуны өмнө том орнууд, ялангуяа Герман, Францын хоорондын харилцаа ямар байхаас хамаарч ирсэн түүхтэй. Дахин дайн хийх нь утгагүйгээс гадна хөрөнгө мөнгө ч байхгүй учир харилцан худалдаа хөгжүүлэх, юуны өмнө нүүрс, гангийн үйлдвэрлэл, худалдаагаа хамтран зохицуулсан, аль нэг Засгийн газраас дээгүүр эрх мэдэлтэй (супра национал) олон улсын бүтэц байгуулах саналыг Францын Гадаад яамны сайд Роберт Шуман 1950 онд анх дэвшүүлсэн юм. Энэ саналыг бусад орон хүлээн авч, шуурхай хэрэгжүүлснээр удалгүй Европын эдийн засгийн холбоо байгуулагдав. Тус холбоог 1957 онд Ромын гэрээгээр тохиролцсон ажээ.
Европын эдийн засгийн интерац эрчимтэй өрнөж, ялангуяа Германы эдийн засаг улам хүчирхэгжив. Германыг хэт давамгайлахаас хөршүүд нь болгоомжилж байлаа. Италийн Ерөнхий сайд асан Жюлио Андреотти нэг удаа “Бид Германд маш их хайртай, тиймээс хоёр Германтай байх нь бидэнд таалагддаг” гэж 80-аад оны дундуур хэлжээ. Францын Ерөнхийлөгч Ф.Миттеран нэг удаа дойч марк бол Германы “цөмийн зэвсэг” гэж хэлж байсан аж.
1990 онд Хоёр Герман нэгдсэн нь Европын интеграцыг хурдасгаж эдийн засгаас гадна нийгэм, улс төрийн нэгдсэн үнэ цэнэ, соёл, тодорхой зарчим дээр суурилсан холбоо яаралтай байгуулахад хүргэлээ. 1992 онд Маастрихт хотноо 12 улс нэгдэн Европын холбоо байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Шинэ зуун эхлэхээс яг нэг жилийн өмнө Европ өөрийн нэртэй мөнгөн дэвстгэрттэй болов. Европчууд Ром, Маастрихтын гэрээнүүдээ 2007 онд Лисабонд шинэчиллээ.
Хана барихаас ч өмнө Зүүн Германы мэдлэг, туршлагатай хоёр сая ажиллах хүчнээр сэлбэгдсэн баруун Германы эдийн засаг хана нурж нэгдсэнээс хойш бүр ч томрон, эдүгээ 28 улсыг хамарсан буюу нэгдсэн худалдаа, гаалийн тарифтай, түүний 19 нь ижил мөнгөн дэвсгэрт хэрэглэдэг Европын эдийн засгийн интгерацыг тэргүүлж байна. Германд төрж, 1938 онд нацистуудаас дүрвэн гарсан жүүд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хэнри Киссинжер нэгэнтээ “Хөөрхий Герман, Европд хэтэрхий томдоод, дэлхийд арай багадаж байна” гэж хэлсэн гэдэг. Өнөөдөр нэгдсэнээсээ хойш 25 жилийн дараа Герман нь эдийн засгийн хүчирхэг гүрэн төдийгүй Европын Холбоо дэлхий хөгжлийг тэргүүлэгчдийн нэг болжээ.
Эдүгээ Ойрхи Дорнодын хямралаас болж эх орноосоо дүрвэгсэд олон мянгаараа Германыг зорьж байна. Германууд ч II дайны дараа эдийн засгаа сэргээхэд ажиллах хүч татан, олон мянган туркүүдийг хүлээн авсан туршлагынхаа алдаа, оноог тооцон тэдэнд хандаж буй юм. Берлиний Европын академийн захирал Эккард Стратеншултегийн хэлснээр хүн ам нь хөгширч буй Германд шиг оронд гэр бүлтэйгээ ирж байгаа, ажиллах насны сиричүүд маш чухал хэрэгцээтэй учир өдөрт арван мянган дүрвэгсэд хүлээж авах бүрэн боломжтой аж. Аягүй бол хөршүүд маань хожмын нэг өдөр германчууд дахиад л бүх дүрвэгсдийг булаагаад авчихлаа гэж мэднэ гэж тэр хошигнов.
Хорин таван жилийн өмнө германчуудын сонгосон зам зөв байжээ.Нэгдсэн Германы тэргүүлсэн Европын эдийн засаг нэг л өдөр “дэлхийд ч томдох” цаг иржээ. Х.Киссинжер бодлоо өөрчлөх болов уу.
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Та хариулахгүй ч байж болно
Яг зөв хэлжээ
Зочин
jambal
bold
gadaad helnii bagsh
Зочин
Зочин
Зочин
ЗАЛЬЖИН ХОЁР НҮҮРТНҮҮД ШҮҮ ЭД НАР!!!!
zochin
Зоригто.
Үнэн
Ардах
зочин
Гана
Зочин
Зочин
Зочин
germanaas
Зочин
Зочин
Хужаа угшилтай хүмүүс маш дотуур тамиртай бдаг!!!
ооо
Зочин
Зочин
зочин
bg
Зочин