Өнгөрөгч долоо хоногт УИХ 2021 оны Төвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авалгүй буцаасан билээ. Тэгвэл Засгийн газар цар тахлын хүнд үеийг даван туулах, төсвийн бодлогодоо өөрчлөлт хийх ямар арга замууд байгаа талаар эдийн засагч Н.Туяатай ярилцлаа.


-“Ковид-19” цар тахлыг дотооддоо алдсанаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө. Хатуу хөл хорио тогтоосон ч үр дүн нь гарахгүй, халдварын тархалт нэмэгдсээр байна. Харамсалтай нь УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. Тэгэхээр өнөөдөр хямралыг даван туулах өөр ямар арга зам үлдсэн бэ?

-2020 оны эхэнд Хятадад короновирусын халдвар гарсан цагаас хойш цар тахал дэлхий даяар тархах, нэг хоёр жил үргэлжлэх нь тодорхой болсон. Товчоор хэлбэл, дэлхий нийтээрээ цар тахлын нөхцөл байдалд жил орчим амьдарч байна.  Энэ онцгой нөхцөлтэй холбоотойгоор энэ оны дөрөвдүгээр сард УИХ-аас “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх  сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталсан, одоо хэрэгжээд явж байгаа.

Дотооддоо халдвар алдсан тухай ЭМЯ  арваннэгдүгээр сарын 11-нд зарласан. Өөрөөр хэлбэл, 2021 оны төсвийг боловсруулж, хэлэлцэх бүх үе шатанд нөхцөл байдал ковидын аюултай хэвээр байсан. Харин төсөв батлах цаг мөч  халдварыг дотооддоо алдсан үетэй давхацсан. Тиймээс 2021 оны төсвийг боловсруулах, хэлэлцэж батлах үйл явц бүхэлдээ энэ нөхцөл байдлыг тооцсон байдлаар явагдах учиртай байсан. Харамсалтай нь төсвийн номыг уншихад хуудас бүрт ковид гэх үг байх боловч яг гол агуулга, зорилго нь багтаагүй. Цаг үеийн зайлшгүй нөхцөл, шаардлагыг тусгалгүй өмнөх жишгээр маш олон байшин барилгад мөнгө төсөвлөсөн, урсгал зардал өндөртэй “уламжлалт” төсвөө баталлаа.

-Яг ийм үндэслэлээр Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан шүү дээ. Харамсалтай нь УИХ хоригийг хүлээж авсангүй?

-2021 оны улсын төсвийг 11.8 их наядын орлоготой, 13.9 их наядын зарлагатай, 2.1 их наядын алдагдалтай баталсан. Энэ нь зүйрлэж хэлвэл “дайны” үед “энхийн” бодлого төлөвлөлөө гэсэн үг. Төсөв хэлэлцэх батлах үеэр эдийн засагчид, судлаачид, бизнес эрхлэгчдээс “Хөл хориотой холбоотойгоор байдал хүндрэх нь байна шүү. Ажлын байраа хадгалах, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд төсвийн нөөцөө зарцуулаач” гэдэг саналыг маш олон сувгаар маш их шаардаж, шахаж байсан боловч Засгийн газар авч хэлэлцсэнгүй. Одоо энэ төсвөө тодотгох, үгүй бол Засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу зардлын зориулалтыг өөрчлөх замаар нөхцөл байдлыг даван гарахаас өөр замгүй.

Яагаад гэвэл бодит нөхцөл байдал биднээс онцгой үеийн бодлого шаардаж байна. Улсын төсвийн бодлого гэдэг зөвхөн төрийн албаны үйл ажиллагааг санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл төрд хамааран ажилладаг 180 мянган хүний цалин хангамж, төрийн захиргааны зардлын асуудал биш шүү дээ. Төсвийн бодлогоор дамжуулан эдийн засгийн тэнцвэрийг хангах, төрөөс үзүүлэх нийгмийн зайлшгүй үйлчилгээг хүргэх  нь төрийн гол үүрэг байгаа юм. 

-Эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны тал дээр хамгийн их харанга дэлдэж, яаралтай зохицуулалт шаардаж байгаа зүйл нь юу вэ?

-МҮХАҮТ-аас өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлээр яг энэ нөхцөл байдалд бизнесийн салбар, тэнд ажиллагсдын нөхцөл байдал ямар байгааг судалгаагаар гаргаж олон нийтэд танилцуулсан. Уг судалгаагаар хатуу хөл хорио тогтоосноос хойш 152,9  мянган ажлын байр алга болсон. Хөл хориог дахин нэг сараар сунгахад 430 мянган ажлын байр үгүй болно гэсэн үзүүлэлт гарсан. Хатуу хөл хорио тогтоосноос бизнесийн  66 хувь нь бүрэн зогссон, ердөө хоёрхон хувь нь л үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа дүр зураг гарсан байна лээ. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь нэмэгдсэн өртгийн болон бусад татварын хөнгөлөлт үзүүлэх, 52 хувь нь НДШ-ийг хөнгөлөх, нийт бизнес эрхлэгчид тодорхой дэглэмийн дор үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж олгохыг хүссэн байна.

Энэ бол бизнес эрхлэгчид, ААН-үүдийн дунд явуулсан судалгаа. Гэтэл албан бус хөдөлмөр эрхлэгчид, өдрийн орлогоороо амьдардаг иргэдийн ажил амьдрал үндсэндээ зогсчихлоо. Тэгэхээр эхний ээлжинд хатуу хөл хорио тогтоосноос орлого нь тасарсан иргэдэд нөхөн олговор олгох, үйл ажиллагаа нь доголдсон бизнесүүдийг дэмжиж, ажлын байрыг нь хадгалах гэсэн хоёр чиглэлд төсвөөс хөрөнгө гаргах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ арга хэмжээнд шаардагдах төсвийн тооцооллыг нэн тэргүүнд хийх ёстой. Царцааж болох хөрөнгө оруулалтууд, зайлшгүй биш урсгал зардлуудыг танах замаар санхүүжилтийг шийдэх хэрэгтэй.

-Гэвч хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэж байгаа албан бус  секторт ажиллаж байгаа хүмүүс маань хүн амын хэдэн хувийг эзэлдэг юм бэ?

-ҮСХ-оос 2019 онд гаргасан “Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан-2018”-аас харахад Монгол Улсад 894,5 мянган өрх байгаагаас 80,3 хувь буюу 749,4 мянган өрхөд цалин олох зорилгоор хөдөлмөр эрхлэгчид байна.  Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсад байгаагийн 220.0 мянга нь албан бус секторт ажиллаж байна. Эдийн засгийн салбараар нь ангилаад үзвэл хатуу хөл хорионд орсон худалдаа, үйлчилгээ, барилга, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, нийтийн хоолны салбарын ажиллагсад нийт ажил эрхлэгчдийн 45 орчим хувийг эзэлж байна. Эдгээрээс харвал хөл хорионд орж цалин орлогогүй болсон иргэн 560 орчим мянга байна гэсэн багцаа тооцоо гарч байгаа юм.

Цалин бол хүний наад захын хоол хүнс, орон байр, эрүүл мэнд, ахуйн хэрэгцээгээ хангах эх үүсвэр. Энэ ажиллагсдын цаана дор хаяж 3 ам бүл байна гэж тооцвол 1,7 сая хүний амьжиргааны асуудал хөндөгдөж байна гэсэн үг. Тиймээс эхний ээлжинд эдгээр хүмүүст хөл хорионы үеийн цалингийн нөхөн олговрыг шийдэх зайлшгүй шаардлагатай.

-Засгийн газраас цар тахал алдсантай холбогдуулан 21 арга хэмжээ авахаар зарласан. Үүн дотор хэрэглээний зээлийг ирэх оны долдугаар сар хүртэл хойшлуулах, татварыг төдий хугацаанд төлөхгүй байж болохоос өөр дорвитой шийдэл харагдаагүй. Сая хориг хэлэлцэх үеэр ч гэсэн гишүүд “ААН, иргэдээ хамгаална гээд улсаа хорлож болохгүй” гэсэн байр суурь гаргаж байна лээ шүү дээ?

-Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой бизнесийг дэмжих арга хэмжээ гэж танилцуулсан арга хэмжээнүүд дотор яг одоо үйл ажиллагаа нь зогссон ААН-үүдэд шууд дэмжлэг болох, орлогогүй болсон иргэдийн ядаж өдрийн хоолны асуудлыг шийдсэн нэг ч зүйл байхгүй. Зээлийн хуваарийг хойшлуулах, татвар хөнгөлөх, хүү торгууль тооцохгүй гэх мэт нь шууд дэмжлэг биш, дам нөлөө байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хүү торгуулийн нэмэлт өрөнд орох эрсдэлийг л бууруулж байгаагаас биш, тулсан асуудлыг шийдэх арга хэмжээ биш.

Гэтэл иргэдэд, өрх гэрт орлого хэрэгтэй байна. ААН бизнесүүдэд үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд явуулаад ажлын байраа хадгалах, бүрмөсөн дампуурчихгүй тэсч үлдэх санхүүгийн нөөц хэрэгтэй байна шүү дээ. Хамгийн нэгдүгээрт ажиллагсдад цалингийн нөхөн олговрыг ямар нэг хэмжээгээр шийдвэрлэх хэрэгтэй. Төрийн албаныхан хөл хорионд орсон ч цалингаа авч байна, нийгмийн эмзэг хэсэг өмнөх шигээ халамжаа авсан хэвээр. Энэ хэсэг орлогын эрсдэлд өртөөгүй. Харин яг ажил хийдэг, татвар төлдөг нийгмийн бүтээмжийг бий болгож байгаа хэсэг таг зогсчихлоо.  Яг энэ хэсэг нэгд татвар төлж төсвийг бүрдүүлэгчид, хоёрт сар бүр цалингийн сангийн 24 хүртэл хувиар нийгмийн даатгал төлж байна, үүн дотор ажилгүйдлийн даатгал мөн орж байгаа.

-Ажилгүйдлийн даатгал гэснээс, даатгалаас нөхөн олговор авах боломжтой юу? Эсвэл заавал төсвөөс гаргах ёстой юм уу?

-Ажилгүйдлийн даатгалын утга учир нь ажилгүй болох эрсдэлээ даатгаж, ямар нэг шалтгаанаар ажил, орлогогүй болвол даатгалаасаа нөхөн төлбөр авахад байдаг биз дээ. Гэтэл энэ хүмүүсийг захиргааны шийдвэрээр орлого олох боломжгүй болгочихоод яагаад төсвөөс, ажилгүйдлийн даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгаа юм бэ. Төр нэг талаас хувь хүний эрхийг хязгаарласан шийдвэр гаргаж байгаа бол нөгөө талд үүсэх зөрчигдсөн эрхийг нөхөн эдлүүлэх үүргээ давхар хариуцах үүрэгтэй. Төрийн энэ чиг үүрэг Үндсэн хуульд ч, бусад холбогдох хуулиудад ч үзэл баримтлалын түвшинд суусан байгаа.

Том, жижиг гэлтгүй ихэнхи улс орнууд иргэддээ цалингийн нөхөн олговор олгож байна. Өмнө дурдсанчлан цалин, орлогоосоо салсан 560 орчим мянган хүн байна гэж үзээд хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээгээр 420 мянган төгрөгийн нөхөн олговрыг нэг удаа олгоход 235 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг санхүүжүүлэх нөөц төсөвт хангалттай бий.

Өмнө хэлсэнчлэн ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлж болохоос гадна сургууль, цэцэрлэг хаагдсанаас гарч байгаа Үдийн хоолны мөнгө болон бусад хувьсах зардлын төсвийн хэмнэлтээс гаргаж болно. Багш нар болон төрийн бусад албаныхан зөвхөн үндсэн цалингаа аваад хөл хорионд байна. Эндээс нэмэгдэл цалингийн зардал хэмнэгдэж байна.

-Ингэхэд, энэ хэмнэлтийн талаар хэн ч өмнө яриагүй юм байна?

-Үүнээс гадна бизнесээ дэмжих, ажлын байрыг хадгалах цогц арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг шийдвэр гаргагчид ойлгох хэрэгтэй. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүд зээл, татварын өрийг хойшлуулах,  хүү торгууль тавихгүй байх гэх мэт багахан дэмжлэгээр зогсчихоод байна. Гэтэл судалгаанаас харахад бизнес эрхлэгчид НӨАТ, НДШ-ийг хөнгөлөх, тодорхой хугацаанд чөлөөлөх, бага хүүтэй эргэлтийн зээл олгох, түрээсийн зардлын татаас олгох, цаашдаа тодорхой дэглэмийн дор үйл ажиллагаагаа хэвийн явуулах зэрэг тов тодорхой, зайлшгүй тулгамдсан хүсэлтүүдийг тавьж байна. Өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс НДШ-ийн хөнгөлөлт /9 хувь/ л үргэлжлэн хэрэгжиж байгаа, өөр бодитой дэмжлэг байхгүй байна.

Тэгэхээр хойшлуулж болох хөрөнгө оруулалт, тэвчиж болох урсгал зардлуудаа танах замаар ажиллагсдад цалингийн нөхөн олговор олгох, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох, үйл ажиллагааг нь нээх зэрэг бодитой дэмжлэг яаралтай үзүүлэх шийдэл тулгамдаад байна.  Хувиараа ажил эрхэлдэг оёдолчин, гуталчин, үсчин, засварчин гээд маш олон төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг, албан бус секторт ажилладаг 200 мянган жижиг бизнес эрлэгч орлогогүй боллоо. Тэдний үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дор нээх зайлшгүй шаардлагатай. 20 хүртэл хүн ажилладаг, иргэдийн бөөгнөрөл үүсгэдэггүй гэх ч юм уу шалгуур тавиад бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээх, маск, бээлий, хүн хоорондын зай гэх мэт шаардлагыг чанд сахиулаад ажиллуулах хэрэгтэй л дээ.

-Гэтэл ирэх оны төсөвт ЖДҮХС-д нэг ч төгрөг төсөвлөөгүй. Сангийн сайдын хэлснээр “татвар төвлөрүүлдэггүй” гэх шалтгаанаар энэ салбарыг тэр чигт нь орхичихож байгаа юм биш үү?

-УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сард батласан  Ковид-19 цар тахлаас сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд Засгийн газарт төсвийн маш том эрх мэдэл өгсөн шүү дээ.  Энэ хуулийн 7.1.2-т “цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” эрхийг Засгийн газарт олгосон. Тиймээс Засгийн газар заавал УИХ-аар төсвийн тодотгол хийж батлуулахыг хүлээхгүйгээр тэвчиж болох урсгал зардлаа танаад зайлшгүй шаардлагатай зардал гаргах, тэр бүү хэл батлагдсан хөрөнгө оруулалтын зардлын төсвийг цалин орлогын нөхөн олговор, бизнесийн хөнгөлөлттэй зээл, бусад шаардлагатай татаасаар олгох эрх нь бүрэн нээлттэй байгаа юм.

Засгийн газарт яагаад ийм том эрх мэдэл олгосон бэ гэхээр голомтот халдварын онцгой нөхцөлд Засгийн газар шаардлагатай арга хэмжээг маш шуурхай авах боломжоор хангасан хэрэг шүү дээ. Нэг ёсондоо Гамшгийн менежмент хийх бүрэн боломж олгосон хуулийг УИХ нь батлаад өгчихсөн байхад Засгийн газар нөхцөл байдалдаа тохируулан бизнесүүдээ дампууруулчихгүй авч үлдэх, иргэдийн орлогыг бууруулахгүй байх арга хэмжээнүүдийг авахгүй хагас жил боллоо. Дэндүү хариуцлагагүй, хөшүүн хойрго байна.

-Ингэж хойрго хандсаны үр дагаврыг хожим нөхөж барахгүйд хүрэх байх даа?

-Асуудал гүнзгийрсээр дийлэнх ажлын байрыг бүрдүүлдэг жижиг дунд бизнесүүд дампуурвал Монгол Улс асар их хохирол амсана. Энэ хохирол дунд хугацаанд ч нөхөгдөхөд хүнд болно. Засгийн газар 180 орчим мянган хүнийг л ажлын байраар хангаж байгаа бол үлдсэн 800 гаран мянган ажлын байрыг жижиг дунд бизнес бүрдүүлж өгч байна. Тэгэхээр татвар төлөгч гэхээсээ илүү ажлын байр бий болгогч гэдэг утгаар нь ажил олгогч энэ сегментээ төр зайлшгүй дэмжих ёстой юм. Хэдийгээр төсвийн орлогын дийлэнхийг том аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг, үүний дотор уул уурхайн салбар үүрдэг боловч уул уурхайн салбар ажлын байрны 4.6  хувийг л бүрдүүлдэг.

Энэ оны төсөвт ЖДҮХС-д мөнгө хуваарилаагүй, өмнөх зээлийнхээ эргэн төлөлтөөр эргэлтээ бүрдүүл гэж байгаа. Эрх баригчдын өмнөх муу туршлагын золиос нь өмнө хохирсон ЖДҮ эрхлэгчид, тэнд ажиллагсад болж болохгүй л дээ. Сахилга харуцлагаа сайжруулаад жижиг дунд бизнесээ улам  сайн дэмжих бодлого барих ёстой байсан юм.

-Гэтэл Сангийн сайд “Бизнесийг дэмжих төсөв хөрөнгө байхгүй” гэж яриад байгаа?

 -Сангийн сайд ч, зарим гишүүд ч ярьж байна лээ. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Сэтгэл, зүтгэл гаргавал нөөц боломж хангалттай байгааг тоо баримтаар нотолсон ч болно. 2020 оны төсөвт хөрөнгийн зардлын, барилга байгууламжид 2,1 их наяд, их засварт 132.2 тэрбум, бусад хөрөнгө буюу машин тавилга эд хогшилд зориулж 636.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны төсөвт барилгад 2.2 их наяд, их засварт 88 тэрбум, машин, тавилга эд хогшилд 752.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эдгээрээс үгүй ядаж тавилга эд хогшил, үнэтэй жип машин авах 750 тэрбум төгрөгийг ажлын байрны 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэлд зээл хэлбэрээр олгочихвол маш том дэмжлэг болно.

Мөн бас нэг ярих ёстой нөөц боломж бол Улсын үйлдвэрийн газрууд, төрийн том компаниудын тансаглал, үргүй зардлыг танах замаар төрийн өмчийн ашгаа нэмэгдүүлэх арга байна. Шилэн дансны мэдээллээр сүүлийн үед ил болж байгаа Эрдэнэт үйлдвэрийн гэх мэт хууль бус, хэт тансаглалын жишээг нийгмээрээ харлаа. Тэгэхээр хууль бус тансаглалыг зогсоож, төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх замаар төр ногдол ашгийн орлогоо хэд дахин нэмэгдүүлэх бүрэн боломж байна.

2021 оны төсвийн тайлбарт бичсэнээр төрийн өмчийн ногдол ашгаар 183.0 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцсон байна лээ. Энэ бол өмнөх жилүүдийн жишиг тоо. Тэгэхээр төрийн өмч дэх авлига, тансаглалыг танаж чадвал төр өмчөөсөө 1.8 их наядыг ч олох боломжтой. Үүнээс гадна онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан төрийн өмчийн 2020, 2021 оны ногдол ашгийг урьдчилж авч бизнесээ дэмжихэд нэмэлт санхүүжилт болгох боломж ч байна. 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/ гэж бас нэг сан бий. Энэ санд хэр их мөнгө тавьсан бэ?

-Жил бүрийн төсөвт ХЭДС-д багагүй мөнгө төсөвлөдөг. 2020 оны төсөвт 89.0 тэрбум, 2021 онд 99.6 тэрбум төгрөгийг энэ санд төсөвлөсөн байна. Энэ сангийн төсвийн 2020 оны үлдэгдэл, 2021 оны 99.6 тэрбум төгрөгийг бүгдийг нь ковидын эрсдэлийг даван туулах, ажлын байр хадгалахад зарцуулах хэрэгтэй. ХЭДС-ийн төсвийн зарцуулалт жилийн жилд үр ашиг муутай, хяналтгүй явж ирсэн нь жил бүрийн аудитын шалгалтаас ч, сангийн захирагчид хуулийн байгууллагаар шалгагдаж, зарим нь ял шийтгэл авснаас ч харж болно. Тиймээс биелэх эсэх нь тодорхойгүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээсээ илүү нэгэнт бий болсон баталгаатай ажлын байрыг хадгалахад зориулах нь үр ашигтай.

Энэ мэтчилэн Засгийн газар үр ашиггүй зардлуудаа танаад, нөөц боломжоо бүрэн дайчилж чадвал хөл хорионоос болж орлогогүй болсон иргэддээ цалингийн нөхөн олговор олгох, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэх, энэ чиглэлээр цогц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд 2,5 их наядын боломж байна гэдэг тооцоо гарсан.

“Бизнесээ дэмжвэл улсаа сүйтгэнэ” гэж яриад байгаа хүмүүст хэлэхэд тэднийг дэмжсэнээс бус, харин дэмжихгүй хөсөр хаявал Монгол Улс сүйрэх нь хэнд ч ойлгомжтой. Өмнө хэлсэнчлэн “Ковидын” хуулиар “цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх” гэсэн чиг үүрэг Засгийн газарт шууд оногдсон байгаа. Тэгэхээр энэ онцгой цаг үед бизнест болон иргэдэд тулгамдаад байгаа ажил орлого, үйл ажиллагааны доголдлыг шийдвэрлэх боломж Засгийн газарт хууль эрх зүйн хувьд ч, хөрөнгө санхүүгийн хувьд ч бүрэн байна. “Ковидын” хуулиар энэ Засгийн газарт аль ч засагт байгаагүй маш том эрх мэдэл өгсөн. Энэ том эрх мэдлийн цаана Үндэсний маш том эрх ашиг, хариуцлага байгаа гэдгийг Засгийн газар, тэр тусмаа Ерөнхий сайд, Сангийн сайд нар ойлгож ажиллах хэрэгтэй.

-Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтад хамгийн их жин дарж байгаа Соёлын салбарын хөрөнгө оруулалт. Бараг аймаг, сум болгонд театр, соёлын ордон барихаар 5-10 тэрбумаар нь төсөвлөсөн байна лээ. Тэгээд зарим гишүүд “Энэ бол улс орны тусгаар, тогтнол, аюулгүй байдлын асуудал. Хөрөнгө оруулалтыг танах нь үүнд дайсан болсон хэрэг” гэж хүлээж авсан шиг байна лээ. Хоригийг хэлэлцэх үеэр хэлж ярьсан байдлаас нь харвал?

-Сүүлийн жилүүдэд төсөв боловсруулахдаа хөрөнгө оруулалтын зардлыг их том дүнгээр тавьсаар жил бүр төсвөө алдагдалтай батладаг жишиг бараг тогтчихлоо. Ирэх жилийн төсөв ч ялгаагүй маш их хөрөнгө оруулалтын зардалтай батлагдлаа. Иргэд, олон нийт ирэх жилийн төсвийг “сонгуульд зориулсан, авлилгажсан төсөв” гэж шүүмжилж, хардаж ч байна. Төсвийн гүйцэтгэл, төлөвлөлтийн тоо баримтуудаас харахад ч эргэлзээ төрүүлмээр, засмаар зүйл олон байна лээ. Тухайлбал Сангийн яам Төсвийн тайлбартаа “2020 онд батлагдсан 1,654.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл одоогийн /2020 оны 9 дүгээр сар/ байдлаар 52.4 хувьтай хэрэгжиж байна.” гэсэн байгаа юм. Есдүгээр сараас хойш нэг сар ажиллаад л бараг бүх барилга, бүтээн байгуулалтын ажил зогслоо. Тэгэхээр энэ гүйцэтгэл оны эцэс хүрэхэд тийм ч их явахгүй л болов уу. Тэгэхээр 60 орчим хувийн гүйцэтгэлээр тооцвол 2020 оны хөрөнгө оруулалтын санхүүжилтээс гүйцэтгээгүй ажлын  санхүүжилт 660 гаруй тэрбум төгрөг он дамжиж үлдэх нь. Гэтэл ийм нөхцөл байдлын хажуугаар 2021 оны төсөвт 1,384.0 тэрбум төгрөгийн 1031 төсөл арга хэмжээ төлөвлөчихлөө. Үүнээс 2021 онд шинээр эхлүүлэх 368.1 тэрбум төгрөгийн 389 төсөл, арга хэмжээ, өмнөх оноос дамжин хэрэгжүүлэх 1,240.8 тэрбум төгрөгийн 647 төсөл арга хэмжээ байна.

Өмнөх оны хөрөнгө оруулалтын ажлаа дуусгаж чадахгүй нөхцөл үүссэн энэ үед ядаж шинээр эхлүүлэх 389 төслийн 368.1 тэрбум төгрөгийг ковидоос үүдсэн асуудлуудаа шийдэхэд зарцуулмаар байна. Дээр хэлсэнчлэн хэдийгээр төсөв ингэж батлагдсан ч Засгийн газар Онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөөр энэ санхүүжилтийг зарцуулах эрх нь хууль зүйн хувьд нээлттэй байгаа. Заавал төсвийн тодотгол хийхгүйгээр зохицуулаад явах боломжийг “Ковидын” хуулиар олгосон шүү дээ. Гэтэл зайлшгүй шаардлага гарч, түүнийг санхүүжүүлэх төсвийн боломж байсаар байтал төсөвт боломж байхгүй гэж муйхарлан суугаа нь улстөрчдөд “өөр сонирхол байна уу” гэж хардах нь зүй ёсных юм.

-Сангийн сайд маань оруулж ирсэн төсвөө “Коюидын үеийн, сайн төсөв” гэж хэлж байсан. Гэтэл вакцин авах мөнгөө ядаж яагаад мартчихсан юм бол?

-(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, цар тахлаас үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2020 онд 2019 оноос 265.1 тэрбум төгрөгөөр, 2021 онд 2020 оноос 225.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж эрүүл мэндийн салбарт ирэх жилд 1,405.6 тэрбум төгрөг төсөвлөлөө гэж Сангийн яам тайлбартаа бичсэн байна. Задаргааг хараад үзэхээд яг вакцин гэсэн худалдан авалт харагдаагүй. Сүүлийн үед Сангийн сайдын ярианаас Дэлхийн банкнаас 50.6 сая долларын зээлж вакцин захиалах хүсэлтээ өгсөн гэж дуулсан. Энэ нь 145 орчим тэрбум төгрөг болох юм байна. Төсвийн бодлогыг уншихаар Ковид, цар тахал гэсэн үг хуудас бүр дээр байгаа мөртлөө 13 их наядын зардал дотор вакцины санхүүжилт тусгагдаагүй гэхээр энэ төсвийг “Ковидын үеийн онцгой төсөв” гэж хэлэхэд хэцүү. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал, түүнээс улбаалсан өр зээлээс манай улстөрчид айхаа байсан нь маш муу үр дагавартай. Маш муу ирээдүйг зөгнөж байна даа. Улстөрчид өнөөдөр өр тавьж, улс төрийн зорилгодоо ашиглаж, ашиг олж болох ч төлөх үүрэг нь ирээдүй үеийнхэнд ирнэ. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа байн байн өөрчилдөгөө больж, төсвийг алдагдалгүй батлах зарчмыг аль нэг суурь хуулиндаа хийж өгөхгүй бол өрийн хавханд орох эрсдэл бодитой байгааг эдийн засагчид байнга хэлсээр байгаа. Ард түмэн ч шаардах хэрэгтэй. Өр зээл хэр их тавьж, юунд зарцуулснаар нь улстөрчдийг ч, Засгийн газрыг ч үнэлдэг болж байж дураар аашлахыг нь хазаарлаж чадна.

-Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                                                           inews.mn