Номын садан Бадарчийн Одсүрэн “1965 оны Өмнөд Солонгос...” гэж гарчиглаад facebook-дээ ийм пост оруулжээ:

–Гурван жилийн өмнө 75 настай солонгос зөвлөх инженертэй уулзав. Тэрээр надаас асуув. “Танай хотод нэг ангид одоо хэдэн хүүхэд сурч байна вэ?” гэв. Би “дундажлаад 40-45” гэхэд. Өвөө “Намайг бага байхад манай анги 45 хүүхэдтэй байсан, Сөүл хот 1950-60 онд бүх газраа аж ахуйн нэгж, иргэддээ тараагаад өгчихсөн, зам тавих газаргүй, түгжрэлтэй, маш хүнд нөхцөлтэй тулгарсан. Тэр үед Засгийн газар хууль өргөн барьж нийтийн эзэмшлийг нэмэгдүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх зорилгоор газар албадан чөлөөлөх, нөхөн олговортой чөлөөлөх хууль батлуулсан. Хэрэв тэр хууль батлагдаагүй байсан бол Солонгос улс балрах байсан” гэж ярив. Тэрээр “Хот бол хөл хөдөлгөөн учраас бүгд нэг нэг хашаа бариад, зам хаагаад амьдрах боломжгүй, хотжилт бол нийтийн эрх ашиг гэж үзэх ёстой, хувийн эзэмшил гэх газрын харилцаа зохимжгүйг мэдээд, алдааг зассан” гэж ярьж байсан сан гэжээ.

Тэр солонгос ахмадын хэлснээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хот нүдэн дээр яг баларч байна. “Балрах”, “балрав” гэдэг үгийг би шууд зоригтой хэлчихье. Ёстой баларч байна. Иргэдийн ярьдгаар цементэн ширэнгэн ой олноор нь ярайлгачихсан, тэр нь баялаг амьдрал, хөгжил дэвшил гэхээсээ там болчихсон, сул дэл газраа асфальтлаад цементлэчиxсэн, борооны ус нэвчих хөрсгүй, бороо орвол хотоороо дүүрэн шалбааг. Борооны дараа нар шарвал нэл тоос шороо. Өвөл зун, хавар, намаргүй замын түгжрэл. Өвөл, хавар тэр чигтээ өтгөрсөн хорт утаа. Дээр нь хотын хүн амын 30% засал авшгүй ядуу. Энэ бүхнийг нийлүүлээд баларч байна гэхгүй өөрөөр юу гэх вэ?

Эрхэм дүүгийн дээрх постын коммент болгож би ингэж бичлээ:–Хуулиар чангалъя, хуулиар дэглэе, хамгийн түрүүн нийслэлд аж төрөх ёсгүй иргэдийн шалгуур тогтоож хөдөө аймаг, сум руу нь илгээе гэж би мөн ч их бичиж ад болсон доо. Мөд зовлонг нь бүгд амсана. Ардчилал, хүний эрхэнд огт хамаагүй асуудал шүү!

Нийтлэлийн маань үндсэн санааг бид хоёрын харилцан яриа ба гарчигтаа тодоос тод өгүүлчихлээ. Монгол хүний мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд авир гэхгүй, дээшээ төрийн бодлогод бас л NО байна. Дээшээ шүүмжилсэнгүй гэж намайг ялладаг нөхдөд хандан хэлчихье. Дээр (Төр, засаг, эрх баригч намуудад) түмэн дутагдал бий. Тэр үнэн. Тэр хулгайлдаг, авилгаддагийг нь би хараагүй, мэдэхгүй тул ам уралдан муулах гээгүй. 

Төр, засгийн хамгийн том дутагдал бол хулчгар, ахай ижийсэг нялуун зан. Бүгдийнх нь толгойг зэрэг илдэг, бүгдэд нь хайр зарлаад түүндээ уярдаг, хууль цааз гэж байсаар атал ухуулга уран сайхны хэтрүүлгийг хэтэртэл нь хэрэглэдэг. Хавтгайд нь хайр зарлах дон энэ тэр гээд би их шүүмжилдэг дээ. Хайр даахгүй хүмүүст (хайр даахаасаа нэгэнтээ өнгөрсөн) хайр зарлаад ятгаж ухуулаад гуйгаад байдаг. Хайр даахгүй хүмүүстээ цөхөртлөө итгэдэг.

Цааш үргэлжлүүлье. Тэгвэл нийслэлд болохгүй бол хөдөө очиж жаргая гэхэд бас л NО байна. Хөдөө очуулж жаргуулъя гэхэд “100” тэмдэглэсэн ихэнх сумдыг нэг тольдчих, ний нуугүй. Facebook-д нэг нөхөр бичжээ:–Таваарын үйлдвэрлэл байхгүй учраас ажлын байр, цалин байхгүй. Сумын иргэд амьжиргаагаа залгуулах жижиг аж ахуй эрхэлдэггүй. Жижиг бизнес эрхлэх чадвар, овсгоо ч байхгүй. Амины цөөхөн үхэр малаа зардаг, түүгээрээ л хооллодог. Иймэрхүү байдалтай, огт хөгждөггүй сумуудтай болсон. Соц нийгмийн үед байсан ХАА-н хоршооллуудыг устгалгүй, реформ хийгээд аваад явж чадаагүй нь алдаа болсон гэжээ.


Зөв л хэлж. Яг л тийм. Гэхдээ албадлага, хуулийн чангалал хэрэгтэй гэдгийг хэлсэнгүй. “Жижиг бизнес эрхлэх чадвар, овсгоо байхгүй” гэснийг нь хуулийн хүчээр хэрэгжүүлчхэж болно л доо. “100” тэмдэглэсэн ганц нэг сумаар аялж үзлээ. Ердөө дөрвөн л зүйл сумын төвд илт сондгой харагдаж байна. Энэ дөрөв дээр хийсэн ажил илт дутагдаж байна. 

  • Хур бороо ихтэй байсныг хэлэх үү, нэгдүгээрт сумын төвийн зам гэж ёстой там байна. Сумын төвийн хэдхэн гудамжны хэдэн зуухан метр газрыг л ёстой нэг асфальтдаж өгмөөр санж. 100 жил (бүхэл бүтэн нэгэн ЗУУН) оршин тогтнохдоо ганц ч км хатуу хучлагатай зам тавих ухаан суусангүй юү хэмээн би үнэхээр харамсаж гутарч байна. 
  • Хоёрдугаарт жорлон. Монгол хүн хальт мөлт, байснаараа, ил цагаан гээд тэр нь бие засах, гар нүүр угаах, халуун усанд орох наад захын (бүр хамгийн наад захын шүү!) ахуйн соёл дээр ил цагаанаараа л дуусаж байна. Даян дэлхийд ЖОРЛОНГИЙН ТЕХНОЛОГИ хөгжөөд ёстой дээд оргилдоо хүрсэн нь “100” тэмдэглэсэн сумдад огт пад алга. Бөхөө барилдуулж, морио уралдуулж, найрлах наадамлахад тэр “даян дэлхийн жорлонгийн технологи” ямар хамаа байна гээд өөрсдийгөө зөвтгөөд гүрийчихсэн. НҮБ-аас “ЖОРЛОНГИЙН ЖИЛ” гэж даян дэлхийд бүхэл бүтэн нэг жилийг зарлаж зориулдаг юм шүү дээ, хайрт монголчууд минь! 
  • Гуравдугаарт сумын төвийн дэлгүүр буудал хавиар “хайр хүрч өхөөрдмөөр” архичид мөнхөд байж байх ба тэднийг сумын захиргаа, цагдаа нь өхөөрдөөд дураар нь тавьчихсан, хэзээ ч алга болдоггүй дархлаажсан хэдэн бөбө сум болгонд байдаг гэлцэх юм. 
  • Дөрөвдүгээрт сумын төв золбин эзэнгүй нохдодоо бариулахын даваан дээр байна. Миний очсон л тэгж харагдлаа. Ноход бэлчиж байна. Яах ёстой вэ?


Энэ дөрвийг засчихвал бусад нь аяндаа бүтчих болов уу гээд сэтгэлээ цайруулъя. Нийслэлд онц чухал ажил төрөлгүй, нийслэлийн хөгжилд хувь нэмэргүй, ажил хийхгүйгээр амьдарч болоод байдаг хэдэн зуун мянган хүн лав бий. Ардчиллын 34 жилд биш юм аа гэхэд, XXI зуунд хөдөөгөөс орж ирээд нийслэлд шигдчихсэн, одоо нийслэлдээ дараа болоод там бүтээгээд яваа бүх иргэдийг уугуул нутаг руу нь буцаан илгээх хууль-эрх зүйн арга хэмжээ нэн яаралтай хэрэгжүүлмээр байна. Оройтвол тэр солонгос инженерийн ёрлосноор нийслэл маань ёстой балрах гэж байна. Баларсан хойно нь амаа мянга бариад нэмэргүй!

Twitter-т эрдэмтэй шавь маань ийм нэг пост оруулжээ. “Бельгийн далайн эрэг. Аль нэг гуравдагч ертөнцийн Араб, Африкийн ядуу орон шиг. Халамж авч хог хаяж амьдрах, үүнийгээ баян орноос хариугаа авч байгаа зөв үйлдэл гэж боддог цагаачдыг чөлөөтэй оруулж, орогнуулсны үр дүн. Карма юм даа” гэжээ. Би энэ постыг шууд л эшилье гэж фотодоод оруулчихлаа. “Өөрийнхөө зовлонг хорвоод нялзаагсад” гээд гарчиглачихъя. Энэтхэг, Египетэд ажиллаж байсных энэ постын агуулгыг би шууд ойлгож байна. Тэнд хог новшиндоо дарагдан үнэхээр бохир заваан суудаг л даа. Ядуурал нь дээд цэгтээ тулсан. Түүнийгээ тэр их халуун, халууны налгар назгай, бас шашинтайгаа холбочихсон. Бурхан байна, түүндээ үнэнч, залбираад явахад тэр ядуурал, бохир заваан, экологийн сүйтгэлийг нь бурхан засчихна гэсэн мухар сүсэгтэй.

Харин жилийн дөрвөн улиралтай, өвөл нь хөлдөөж алах шахдаг Монголд яагаад ажилгүй, арчаагүй, төрдөө тунирхсан, төр нь нялганасан байдаг вэ? Одоо цэг тавих цаг болоогүй юү? Дээхнэ дээ, ийм нэг албаны мэдээ явж харагдсан–Хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай гэж. Ихэнх нь эрүүл саруул 100 гаруй мянган хүн хүнсний талон аваад төртөө эрхлээд хэвтэж байдаг гэсэн судалгаабий ч гэх шиг. Бүр 120 мянга гэсэн баримт байна. Тэгэхлээр энэ 2024 оноор төгсгөл болгоод, Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний хүрээнд хүнсний талон гэдгийг цуцалъя. Өлсөөд ирэхлээр бүгд л ажил хайж, хөдөлмөрлөж, мөнгө олохын төлөө зүтгэнэ.

Илүү үг дайчихъя. Хайрт малчид минь сумын “100”-г тэмдэглэж наадамлаж байх хойгуур хадлангийн ид үе буцлаад өнгөрч байна. Буриад сумд хадландаа гарчихсан, наадамлах мөртлөө хадлангаа базаагаад байдаг, халхууд нь сураг ч байдаггүй. Мал нь 100% өөрсдийнх нь өмч юм бол малчдыг нь зудтай нь орхи оо гэж би уриалдаг хэвээрээ шүү. Өвөл болгон би уриалсаар байх болно. Хөгжил дэвшил дэргэд нь, гар дор, хаяанд нь тулаад ирчихсэн, жаахан хичээгээд түүнийг нь шүүрээд авахын оронд монголчууд бид зуны хэдэн сарыг шал дэмий өнгөрөөж гарлага зарлагыг хэтрүүлж байна.

Ер нь хөгжил дэвшилд хүрчихсэн хол ойрын улс орнуудын туршлага бол аманд нь хоол хийж өгч эрхлүүлэн, нялуурах бус улс төр нь соён гэгээрүүлэх ажлыг эрх зүйн механизмтай хослуулан олон жилийн турш уйгагүй хийдэг, хөгжлийн тэр нууц нь иргэдийнхээ нүдийг нээж этик, ёс зүй, хувь хүний соёл, сахилга хариуцлагыг нь ойлгуулж чадсанд оршдог юм билээ. 

Тэгвэл монголчууд бараг бүгд материаллаг байдалд хүлүүлсэн, эд материалын асар их хүсэлд баригдсан. Түүнийгээ улс төрчдөөсөө шаардчихаад өөрсдөө зүв зүгээр суугаад байдаг. Зөрүүлээд эрх чөлөө нь хэтэрчихсэн, хэн дуртай нь юу ч хийж болдог. Ийм байдлаар 

34 жил толгойг нь илж нялуурлаа. Популизмыг больё гэтэл нь хийлээ. 2024 онооp төгсгөе!

Төгсгөл шигтгээ үгс. Дэлхий өөрөө эмх замбараагүй байна. Бэрхшээл их байна. Дайн мөргөлдөөн байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт улсууд өөрсдөө чармайж хичээхгүй бол олон улсын ямар ч хууль дүрэм очиж үйлчлэхгүй, амьдрах орон зай нь баталгаагүй болж байгаа жишээ олон. Гэхдээ тэгэх эсэх, ерөөсөө хувь заяа нь өөрсдөөс нь л шалтгаалж байна. Монголд туслах, өмнөөс нь ажлыг нь хийж өгөх гадаадын нэг ч улс үндэстэн байхгүй.Хэнд ч найдах баталгаагүй. Улс орон өөрсдөө л дотроо эв нэгдэлтэй байж, хүн бүр хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр тэмүүлэхгүй бол монголчуудад хэн ч туслахгүй!