Монгол – Хятад - АНУ: Гурван талын эрх ашгийн тэнцвэр цоо шинээр томьёологдохын босгон дээр (1)
- Хятад судлаач хоёр эрхмийн ярилцлага № 1
Дашдоржийн Баярхүү:–Энэ 2024 онд бид Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол-Хятадын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жилийн ой, БНХАУ-ын дарга Си Жиньпин УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд программын чанартай үг хэлсний болон Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой гээд тэгш тоотой олон ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгш тоотой ойнуудыг тэмдэглэх энэ жил БНХАУ-аас Улсын дарга айлчилна гэсэн хүлээлт манайханд байсан, энэ чиглэлээр ажиллаж байгаа хэмээн албаны нөхөд ярьж байсан. Тэгснээ Улсын дарга нь биш, Дэд дарга нь энэ 8 дугаар сард тэгш тоотой ойнуудыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр ирнэ гэдэг яриа гарсан. Тэгснээ нам гүм болсон, одоо ямар түвшинд айлчлуулахаар яригдаж байгааг мэдэхгүй байна. Найрсаг хөрш хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө Монголын Төр, засаг өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байна. Энэ тухай Та бид хоёр талархлын үгсийг ярих гэж уулзаагүй. Таны санал болгосон, бас монголчуудад санаа сэдэл өгөх, хамтын ажиллагааны шинэ салбарын тухай ярилцана гэж ойлголоо. Зөв үү?
Доржсүрэнгийн Болдбаатар:–Яг тийм. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтуудыг монголчууд бараг бүгд мэднэ. Энэ тухай улс төрчид, дипломатчид, бизнесчид, бас сэтгүүлч судлаач нар бишгүй нэг ярьдаг, сурталчилдаг тул би өөр сэдэв хөндье гэж зориглосныг дэмжиж ярилцаж байгаа Танд баярлалаа.
Д.Баярхүү:–Арван жилийн тэртээ УИХ-ын Хүндэт индрээс Хятадын удирдагчийн хэлсэн үгнээс эшилье. “Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсгаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаан ч бай бид Та бүхнийг урьж байна. “Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж үг байдаг” гэж хэлсэн байдаг даа. Энэ 10 жилд Монгол Улс үнэхээр хөгжил дэвшлийг олоод тэрхүү эвсэг, амгалан, баян хөрш нь болж чадсан уу гэдэг асуулт яах аргагүй тавигддаг. Эвсэг, амгалан гэдэг дээр би санал нэгдэж байна. Харин баян хөрш гэдэг дээр тун эргэлзээтэй. Тэрхүү “хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно, Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн дээр манайхан дүгнэлт хийгээсэй, хичээгээсэй, Хятадын хөгжлийн тэр их боломжийг түргэхэн ашиглаасай гэж би уриалдаг бичдэг нэгэн байгаа юм.
Д.Болдбаатар:–Хөндөж байгаа сэдэв үнэхээр чухал. Си Жиньпин гуайн “Хөршүүдээ баян чинээлэг болгох бодлого баримтална” гэсэн нь Монгол дээр хэрэгжихгүй байна. Цаана нь өөр бодлого яваад байна гэх арай өөр өнцөг надад харагддаг. Хятадын өнцгөөс авч үзэхээр тийм баримт надад байна.
Д.Баярхүү:–Нэгэнт л илэн далангүй ярилцана гэж бид хоёр тохирсноос хойш Та яригтун. Хятадтай ажил явахаа байлаа, 10 мянга ч гэл үү чингэлэг гацсан, Хятадаас мөнгө орж ирэхгүй байна гэх шүүмжлэл бишгүй сонсогдож байгаа учраас харин ч Таны олж мэдсэн тэр өнцөг монголчуудад практик талаасаа хэрэгтэй байж болно.
Д.Болдбаатар:–Бэлээхэн ил байгаа мэдээлэл FACEBOOK ертөнцөд байна. Хаяг нь https://www.facebook.com/haiyanwu1998/videos/415519107674433?idorvanity=259777567469910. Ийшээ ороод үзэж болно. “China was a part of Mongolia” нэртэй Facebook group Хятадад ажиллаж байна. Таны хэлээд буй монголчуудын тэр бэрхшээлүүдийн чинь цаад нарийн учир шалтгааныг энэ группийн мэдээлэл хариулчихсан байх магадлалтай гэж би үзэж байна. Тэнд юу өгүүлэв гэхлээр нөгөө бэрхшээлүүдийн чинь үндсэн шалтгаан буюу Хятадын талын болзлыг хэлчихсэн байна. Аливаа улс орнуудад айл хөрш рүүгээ агсран дайрдаг нөхөд байж л байдаг. Гэтэл “China was a part of Mongolia” группт нийтлэгдсэн постуудын хөндөж байгаа сэдвүүд, бичлэгийн чанар, өнгө аяс зэргийг харваас хувь хүний үзэл бодол төдийхөн зүйлс гэж үзэж болмооргүй санагдсан.
Д.Баярхүү:–Хувь хүмүүсийн ярилцлага, пост, мэдээлэл зэргээр албан ёсны байр сууриа илэрхийлдэг гэсэн үг үү? Хятад шиг нэгдсэн хатуу байр суурьтай, нэг коммунист нам, нэг коммунист лидерийн хатуу засаглалтай улсад бараг ч тэр нь зөв биз. “China was a part of Mongolia” гэж группийн хаяг нь ч хүртэл их адармаатай бууж байна. “Та нар эзэнт гүрэн байлаа, бид Та нарын эзэмшилд байлаа, гэтэл одоо...” гэсэн утгыг ч илэрхийлж байх шиг. Таны нэр зааж ярьсан тэр сайтын агуулгаас нөгөө бидний хүсэн хүлээсэн айлчлалууд хойшлогдоод байгааг тайлбарлаж болох уу?
Д.Болдбаатар:–Ер нь ганц энэ групп биш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений айлчлал эхлэхээс өмнөхөн иймэрхүү сөрөг утга агуулгатай бичлэгүүд хятадын нийгмийн сүлжээгээр маш өргөн хүрээнд тархаж эхэлсэн. Харин “China was a part of Mongolia” фейсбүүк группийн мэдээ нийтлэлүүд дээрх бичлэгүүдийн гол санааг базаж нэгтгэсэн онцлогтой байгаа нь анхаарал татахуйц байна. Монгол-Америкийн, магадгүй Монгол-Японы стратегийн түншлэлд өмнөд хөрш маань тун эмзэг ханддаг, түүнийгээ ч ил далд зөөлөн хэлбэрээр илэрхийлдэг гэдэг нь л харагдаж байна гэх үү дээ. Орос шиг ил цагаан дайрч давшлаад шүүмжлээд тог цахилгаан, шатахуунаар боогоод унахгүй ч гэсэн Таны дурдсан нөгөө чухал айлчлалууд хойшилсон, бас тэр олон мянган чингэлэг гацсан, хэрэв Японд газар хөдлөөгүй, Ерөнхий сайд нь зарласан айлчлалаа хэрэгжүүлсэн бол манайд өмнөд, хойд хоёр хөршөөс ямар ч дарамт ирэх байсан юм билээ, хэн мэдэхэв. Гэхдээ л “China was a part of Mongolia” гэж группийн мэдээлэл үүнийг тойруу замаар хэлээд анхааруулаад байх шиг санагдсан шүү.
Д.Баярхүү:–Арван жилийн өмнөх түүхэн баримтыг эргэж сөхөхгүй бол болохгүй байна л даа. Эшлэл их авах донтой тул би шууд л эшилье. БНХАУ-ын Даргын айлчлалын мөрөөр. “Иж бүрэн стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглал”-д Талууд Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинд хөгжиж буй таатай үндэс суурь болон бодит шаардлагад үндэслэн, хоёр улс, хоёр ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх хамтын хүсэл эрмэлзлэлийн дагуу мөнхөд итгэлтэй, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн анд байхын тулд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны түвшнийг дээшлүүлэн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцов гээд “Нэг. Улс төрийн харилцаа” гэдэг хэсэгт “Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны гэрээ” болон бусад баримт бичгийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов гэсэн заалт бий. Тэгэхлээр Таны ярьсан баримтууд бидний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх зарчмаасаа хазайгаад явчхав уу, яачхав? Манай улс чинь бие даасан гадаад бодлогоо хянуулах хэмжээнд очих болж байна уу хэмээн ганц би биш, монголчууд бултаараа асууна л даа.
Д.Болдбаатар:–Хятад тэгэх гээд байна гэж би гөрдөж тааж яриагүй, нөгөө л албан бус, эсвэл хагас албаны “China was a part of Mongolia” фейсбүүк группийн мэдээллээс эш татаж байна. Жишээ нь ингэж бичжээ. “Саяхан болж өнгөрсөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр Оросын Гадаад хэргийн сайд Лавров Монголын Ерөнхийлөгч Хүрэлсүхэд хандан: Танайх ажиглагчийн статустай 20 жил явлаа. Одоо ШХАБ-т элсэх цаг болсон шүү” гэхчлэн шахалт үзүүлсэн гээд барим тавим бичсэнээс үзвэл Хятадын далд мэдээллийн эх сурвалжид маш ойрхон байдаг хүмүүс уг группийн үйл ажиллагааг хөтлөөд байна уу гэж би хардсан. Уг группийн нийтлэлийн гол агуулга нь бүхэлдээ Монгол Улс АНУ-тай маш нягт хамтран ажиллахаар болж байгаад дургүйцсэн, маш эмзэглэсэн өнгө аяс зонхилсон байдаг юм байна.
Д.Баярхүү:–Ойлгомжтой. Та бид хоёр гарчгаа юу гэж авах вэ гээд ярилцахад Та“Монгол-Хятад-АНУ: Гурван талын эрх ашгийн тэнцвэр” гээд зүтгээд байсны учрыг оллоо. Улс төрийн өнгө аяс байна уу, цаана нь өөр ямар нэгэн эрх ашиг хэрхэн илэрхийлэгдэх юм?
Д.Болдбаатар:–Хятадын бизнесийн эрх ашиг Монгол-Хятадын харилцааг тодорхойлж байна уу даа гэх мөрүүдийг бид унших болно тэр группээс. Ялангуяа Монгол, АНУ хоёр улс газрын ховор элементийн салбарт нягт хамтран ажиллахаар тохиролцсон нь Хятадын энэ салбарт тогтоосон ноёрхох байр сууринд заналхийлж байна. Монгол улс үүнийхээ горыг түрүүчээсээ амсаж байгаа нь “Монголоор дайруулах учиртай байсан байгалийн хий дамжуулах төсөл” зогссон, Монгол-Америкийн хооронд эхлүүлэхээр тогтсон агаарын нислэг Хятад, Оросын шууд оролцоотой хойшилсон. Тяньжин боомтод Монголын 5400 чингэлэг ачаа гацсан нь ч үүнтэй холбоотой. Монгол Улс нь АНУ-тай хэчнээн сүжирлээ ч ганц ч килограмм газрын ховор элемент Хятад, Оросын нутаг дэвсгэрээр дамжин Америк руу гарна гэж саналтгүй. Хэрвээ Монголын удирдагчид энэ алдаагаа ухаарахгүй бол Монголын эдийн засгийн хувьд амин чухал гэж болох нүүрсний экспорт ч асуудалтай тулгарах болно гэдгийг анхаарах хэрэгтэй гэх мэт заналхийлэл, сүрдүүлгийн өнгө аястай үг өгүүлбэр тэр постод цөөнгүй байна. Энэ бол баримт шүү.
Д.Баярхүү:–Анх удаа сонсож байна. Ер нь бол эрдэс баялаг, уул уурхайн салбарт хамтран ажиллана гэсэн байр суурь хэвээрээ л дээ. Гэхдээ хоёр хөршийг ундууцтал бид тэгж яралзуулаад байгаа юм байхгүй. Монгол бол байгалийн асар их баялагтай, хөрсөн дороо бол Менделеевийн “Химийн элементийн үелэх систем”-ийн бараг бүх эрдэс баялаг байх магадлалтай цөөхөн хэдхэн улсын нэг. Энэ маань манай улсад нэмэх оноо, ашиг тус авчирна уу гэхээс хоёр хөрштэй муудалцуулах шалтаг биш байлтай. Дээрх группийн постын үндсэн санаа нь хөрш Монголоо хөгжүүлэхийн төлөө байна гэсэн БНХАУ-ын удирдагчийн уриалгатай зөрчилдөх бус уу? Бас манай улсын сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх зарчмаасаа хазайгаад явчих бус уу? Гуравдагч хөрш орнуудтай эрдэс баялгийн хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэх нь манай улсын сонгосон хөгжлийн нэг зам бус уу?
Д.Болдбаатар:–Шууд эшилье. Монголын эрх баригчид Америк болон Япон, Энэтхэг, Герман, Франц зэрэг өрнөдийн улсуудтай “Гуравдагч түнш” гэгчийнхээ хүрээнд харилцаж газрын ховор элементийн салбарт өргөн хамтын ажиллагаа явуулахаар санаархвал газар зүйн онцлогоос хамаарч тээвэрлэлтийн онц хүнд бэрхшээл тулгарахаас гадна агаараар тээвэрлэн хүргэлээ гэхэд цэвэршүүлэлт боловсруулалтын түвшинд буцаад Хятад улсын гарыг харахаас өөр аргагүй гэдэг санааг дээрх групийн постод илэрхийлсэн байна билээ. Манай гуравдагч хөрш гэдгийг гуравдагч түнш гэж нэрлэсэн ч байх шиг.
Д.Баярхүү:– “China was a part of Mongolia” фейсбүүк групп чинь хятадуудын хувьд геополитикийн мэтгэлцээний индэр юм биш үү? Хоёр орны харилцаа, газрын ховор элементээсээ халиад явчихлаа?
Д.Болдбаатар:–Тэгж бүр хурцатгахгүйгээр бас өөрөөр авч үзэх олон мэдээлэл тэнд байгаа л даа. Би бол хямрахгүй байна. Фейсбүүк группийн нийтлэл, бичлэгийн дотор танин мэдэхүй, мэдлэг мэдээллийн чанартай зүйлс олон байгаа нь бидний хувьд үнэ цэнтэй юм. Тийм болохоор шууд дав даруй манайхан хаачихгүй үйл ажиллагааг нь тодорхой хугацаанд анхааралтай ажиглаж байвал зүйтэй санагдана. Уг фейсбүүк групп мэдээллүүдэд өгүүлснээр бол, одоогийн байдлаар манай гариг дээр илрээд байгаа газрын ховор элементийн нийт нөөц 120 сая тонн орчим бөгөөд түүний 44 сая тонн нь Хятадад, харин Монгол улсад 31 сая тонн ногддог гэсэн байна. Хятадын хилээс 150 км зайтай Хотгор гэдэг газар Австралийн уул уурхайн нэг компани маш их хэмжээний газрын ховор элементийн нөөц илрүүлснээр Монгол Улс нь дэлхийд газрын ховор элементийн нөөцөөр тэргүүлэх боломжтой боллоо гэсэн нь бидний хувьд үнэт мэдээлэл бус уу?
Харин цаашаанаа манайд огтын хамааралгүй баримт бичсэн харагдана лээ. “Уг нөөцийг түшиглэн F-35 байлдааны нисэх онгоц 110 мянгыг үйлдвэрлэх боломжтой. Нэг F-35 онгоц үйлдвэрлэхэд 400 кг газрын ховор элемент шаарддагаар баримжаалж үзвэл үнэхээр том орд газар мөн” гэсэн бичлэг тархаж байгаа нь бидний хувьд түгшмээр, эмзэглэмээр ч юм шиг. Постын үндсэн санаа нь Хятадын тухайд газрын ховор элементийн нөөц, олборлолт, цэвэршүүлж боловсруулах тал дээр дэлхийд өрсөлдөгчгүй тэргүүлэх байр суурьтай гэж нотлохыг зорьжээ. “Ойрх Дорнодод газрын тос, харин манай Хятадад газрын ховор элемент байна” гэсэн Дэн Сяопины бахдан хэлсэн үг бий. Хятадууд үсрэнгүй хөгжлийнхөө эхэн үед газрын ховор элементийн үнэ цэнэ, ач тусыг тэр болгон мэддэггүй байсны улмаас өөрсдийнх нь хэлдгээр “Байцаа шиг хямдхан” үнээр олон жилийн турш гадагш экспортолж ирсэн гашуун түүхтэй юм. Энэ бол газрын ховор элементийн баялаг үүцээ нээгээгүй шахам байгаа Монголын хувьд маш ашигтай сургамж байж таарна. Эхэн үедээ Хятадын газрын ховор элементийн олзворлох, ялгах, цэвэршүүлэх технологи маш бүдүүлэг, байгаль орчинд хор хөнөөлтэй байснаа сүүлийн үед байгальд ээлтэй чиглэлд хөгжсөн нь хэзээ нэгэн цагт Хятад улстай энэ чиглэлд хамтран ажиллахад том давуу талыг буй болгож байна гээд тэнд бичсэн байна. Санаж сэрүүштэй л юм.
Д.Баярхүү:–Монгол-Хятадын хооронд эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цоо шинэ өнцгөөс харж, цоо шинэ шатанд гаргаж хөгжүүлэх уриа дуудлага, санаа сэдэл биш үү наадах чинь? Би л тэгж тусгаж авах юм байна. Нөгөө талаас АНУ байна. Америк-Хятадын гол өрсөлдөөн одоо ба хэтдээ хиймэл оюун дээр төвлөрнө гэсэн ерөнхий таамаг прогноз байдаг. Мэдээж түүнд нь асар их тог цахилгаан хэрэгтэй болно. Тэрийг нь хэн хаанаас хангах вэ гэдэг дээр бид тархиа гашилгах хэрэгтэй. Таны ярианд тэр эрчим хүчнийг Монгол хангах боломжтой гэсэн санаа цухалздаг. Тэр талаас нь хэдэн үг хэлээч?
Д.Болдбаатар:–Сонин байна уу? Манай улс нар салхины эрчим хүчний нөөцөөр дэлхийд гуравт ордог. Үүнийг бүрэн дүүрэн ашиглавал тэгж хангах боломжтой. Тэр нөөцөөрөө Хятадын цахилгааны хэрэглээний 30 хувийг ч хангах боломжтой. Яг одоо дэлхийн гүний дулааныг ашиглах тал дээр том гүрнүүд хошуурч байна. АНУ технологиороо тэргүүлж байна. Одоо энэ салбарын үйлдвэрлэл нэг хувь хүрэхгүй байгаа боловч 2050 онд АНУ-ын цахилгааны 8 хувийг хангана. Жилдээ 0.5 хувь гэдэг том өсөлт, Америк шиг эдийн засагт.Газрын гүний дулааны нөөцөөр Хятад дэлхийд нэгдүгээрт, Монгол хоёрт орохоор байна гэсэн тооцоо энэхүү группийн нэг постод явж байсан. Тэгэхлээр манай газрын гүний дулааны асар их нөөцийг америкчууд мэдээж судалсан байж таарна гэсэн төсөөлөл буугаад болдоггүй, надад.
Д.Баярхүү:–Хятад улс газрын ховор элемент хэрэглэгч маш том зах зээл гэдэгтэй маргах аргагүй. Хэрэглэгчээс гадна том боловсруулагч, бүтээгч юм биш үү? 1997 онд Монгол-Өвөр Монголын худалдаа-эдийн засгийн салбар комиссын хуралд оролцохоор биднийг Хөх-хотод зочлоход Бугат руу аваачиж Бугатын болд төмөрлөгийн үйлдвэр ба Газрын ховор элементийн хүрээлэнд зочлуулж байсныг сайн санаж байна. Тэгэхэд л хятадын тал газрын ховрын талаар хамтран ажиллах алсын хараагаа бидэнд ойлгуулах гэж оролдож байж л дээ.
Д.Болдбаатар:–Энэ салбарын асуудал сонирхдог хятадын зарим блогчдын бичлэгээс үзэхэд газрын ховор элементийн хамгийн том нөөцийг эзэмшигч Монгол, Хятад хоёр улс нь Вьетнам, Орос зэрэг газрын ховор элементийн боломжийн нөөц бүхий улс орнуудтай хамтран ОПЕК маягийн олон улсын байгууллага байгуулж, хамтын эрх ашгаа хамгаалж, энэ хүрээнд өргөн хамтын ажиллагаа өрнүүлж болох юм гэсэн санаа илт цухалздаг. Би үүнийг өлгөж аваад Төр, засгийн түвшинд Хятадтай энэ асуудлыг хөндөн, санаа бодлоо солилцож яагаад болохгүй байх билээ гэж үзэж байна. Үзэхээр барахгүй санал болгож байна. Манай улсын хувьд хоёр талын харилцааны шугамаар Хятадтай газрын ховор элементийн бодит төслүүд хэрэгжүүлэх тухай яриа хэлэлцээ эхлүүлбэл цаг үе, нөхцөл байдлын хувьд тохиромжтой, ашигтай байх магадлал өндөр байна.
Д.Баярхүү:–Харин би дээр хэлсэн дээ. Монгол-Хятадын хооронд эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргаж хөгжүүлэх уриа дуудлага, санаа сэдэл гэж. Түүнийг л Та яг нотлоод яриад байна.
Д.Болдбаатар:–Энэ сэдвээр хөндөж бичээд байдаг хятадын нийгмийн сүлжээнүүд дээр олонтоо дурдагддаг нэг сэдэв бий. Тэр нь Монгол-Энэтхэгийн газрын ховор элементийн хамтын ажиллагааны асуудал. Зөвхөн Хятад төдийгүй Энэтхэгийн хэвлэлүүдэд ч энэ талын мэдээ мэдээлэл олонтоо гардаг гэдгийг хятадын нийтлэл, пост, мэдээнүүд эш татсан харагддаг. Харин бидний хувьд эмзэглэмээр зүйл бол, ноён Э.Блинкений айлчлалын үеэр энэ асуудлыг хөндөж бичдэг мэдээ, нийтлэлүүдийн давтамж илт олширч “Монголчууд түгжилдлээ”, “Монголын Төрийн тэргүүн хөл алдаж гүйцлээ”, “Монголын Ерөнхий сайд зовлонгоо уйлагнан тоочив”, “Америк сээтэн хаясны зоргоор Монгол самбаганаад очдог нь илүүц” гэх мэт Хятадын “Соёлын хувьсгал”-ын үед л хэрэглэдэг байсан болов уу гэмээр хатуу ширүүн өнгө аястай үг хэллэг давамгайлаад эхэлсэн. Түүгээр үл барам “Халхын эрх баригч нам” хэмээх доромж хэллэг бичигдсэн нь хятадууд ихэд зэвүүцсэний илрэл байж таарна. “Монгол, Америк хоёр газрын ховор элементийн салбарт нягт хамтраад явчих нь уу?” гэж хятадууд илт болгоомжилсон янзтай байтал Э.Блинкений айлчлалын үеэр хоёр орны хооронд эрчим хүчний яриа хэлэлцээ явуулахаар тохиролцсоноо зарласан нь хятадуудын хувьд маш санаанд оромгүй хэрэг болсон ч юм шиг. Үнэндээ Монгол, АНУ-ын хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах тал дээр тохиролцсон нь хятадуудын хувьд газрын ховор элементийн асуудал хөндөгдсөнөөс ч илүү том айдас, цочрол, дохио өгсөн байх өндөр магадлалтай юм. Энэ талаар дараа өгүүлье.
–Үргэлжлэл бий