Нэхэл
Ардчилал монголчуудыг хэрсүүжүүлчих болов уу гэж би лав 30 жил харлаа. Байдаггүй ээ.
- “Монголыг хэн ийм болгосон юм бэ?”
Монголчууд ер нь ямар их нэхэл хатуутай улс вэ, тэгэхдээ шал хэрэггүй юман дээр шүү хэмээн гадаадын нэг нөхөр надад дотночилон ярьж байсансан. Аль ч асуудал дээр гонгинуур талдаа. Монгол-Хятадын хамтын ажиллагаанд манайхан л их гонгинож, болохгүй бүтэхгүй асуудал үүсгэчихдэг тухай Гадаад харилцааны сайд ярьсан нь бас тодхон санагдаж байна.
Эрүүл мэндээ сүйтгэж явж явчихаад эргээд эрүүл мэндээ эмч, эмнэлэг, аптекаас бүр хилэнтэйгээр нэхнэ гээч. Эрүүл мэндийн сайдыг бүр огцруулахдаа тултал нэхнэ. Эрдэм ном сурахгүй сул дэл явж явчихаад гуриатаад ядуураад золбироод (ажлын ямар ч байранд тэнцэхгүй) ирэхийн цагт тэр баясгалант амьдралаа төр-засгаасаа огцортол нэхнэ. “Би ядуурчихлаа. Хэн нэг нь л буруутай” – гэмэгц нь улс төр нь тоглолт хийнэ.
“Хэний төлөө Та амьдарч байгаа вэ?” гэдэг нэхэл хатуу асуултыг харин сөргүүлж тавимаар. Хэвлэл мэдээллээр явдаг гонгинуур шүүмжүүдийг аваад үзвэл яг тийм асуулт тавиад хариултыг нь газар дээр нь нэхмээр надад санагддаг. Энэ бол миний нэхэл шүү!
“Элбэгдоржийн хар дарсан 8 жил”-ийн тухай аймшгийн үлгэр одоо ид цэцэглэж байна. Тэрээр 8 жил Ерөнхийлөгч байсан нь үнэн, гэхдээ ард түмний хоёрудаагийн сонголтоор байж таарсан. Тэр үед УИХ үүргээ зүв зүгээр гүйцэтгэж, хоёр том нам парламентад шийдвэрээ гаргаж байлаа. С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрууд хэвийн ажиллаж байлаа. УИХ-ын гурван ч спикер–Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар ҮАБЗ-д тэрхүү “хар дарсан 8 жил”-ийн ихэнхид нь хамтран ажиллаж шийдвэрээ гаргаж байлаа. “Хар дарсан 8 жил”-д ҮАБЗ-ийг хамтран бүрдүүлж байсан 8 эрхмийг би нэрлэчихлээ.
Элбэгдоржийн “идэж уусан”-ыг шүүх тогтоогоод ял өгөхийг би үгүйсгэх гээгүй. Элбэгдорж цэргийн эргэлт хийгээгүй, фашист дэглэм тогтоогоогүй, яргалал үйлдээгүй, олныг хамарсан хэлмэгдүүлэлт хийгээгүй. Гэтэл яагаад өнөөдөр үзэн ядагдах дээрээ тулчихав аа? Хамт ажиллаж шийдвэр гаргаж байсан дээрхи нөхдөөс ганц нэг нь үзэн ядагдаж байгаа ч бусад нь хумсын толионы чинээ хариуцлага (ядаж шүүмж) хүлээдэггүй юм уу? Оюутолгой хэмээх мөнгөний их сураг сонссон нэхлээр үзэн ядагдаж буй хоёр л нөхөр бий.
Baabar.mn сайтад нийтлэлч Элбэгдорж өгүүлэл бичжээ. Түүнийг нь шүүрч аваад дор нь комент бичсэний ихэнхи нь иймэрхүү агуулгатай:–Чамд хууртагдаж 8 жил амьдралаараа тоглуулсан. Монголын бүх үеийнхний 8 жилийн амьдралаар нь тоглоод хохироогоод хаячихсанаа мэддэг үү? Чиний 8 жилийн балгийг арилгахад дахиад нэг үеийн 15 жил хөсөр хаягдах болчихоод байна даа гэжээ.
Элбэгдоржоос юу ч олж долоогоогүй гэсэн уур хилэн л яваад байна. Ердөө л нэхэл. Ухарч нэхэж байна.
Бодвол нас бие гүйцсэн хариуцлага хүлээх чадвартай нөхөр бичсэн байх. Тэр 8 жилд фашист дэглэмийн яргалал явуулаагүй л бол өөрөө өөрийнхөө төлөө, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж хэвтэхгүй, Элбэгдоржоос тэнгэрийн хишиг горьдож суусан нь хохь юм биш үү? Тэр 8 жилд (2009-2017 он) ажлын байрууд хэдэн зуу, мянгаараа, төвийн сонинууд ажлын байрны зард дарагдчихсан байж байсан. Тэгтэл Элбэгдоржийн тэнгэрийн хишигт найдаад 8 жил гуриатчихжээ. Бүр Төрийн ордоноос яван явтал нь горьджээ. Хайран ч 8 жил, хохь нээ гэхээс.
Тэнгэрийн хишгийн үлгэр нүүдэлчдэд эрт дээр үеэс улбаатай. Манжийн хаад монгол ноёдыг хэрхэн тойгдож 200 жил тусгаар тогтнолыг нь эдлүүлэхгүй болоод байсан түүх саяхных. Бээжингээс монгол ноёдод тогтмол олгодог байсан мөнгөө багасгаад заримыг нь өгөхөө болиход л манай 1911 оны тусгаар тогтнолын хувьсгалын нэг нөхцөл бүрдчихэж байгаа юм. Нэг гэснээс бус гол гэж хэлээгүй байна шүү. Манжийн хаан мөнгө өгөхөө больчихлоо, оронд нь Цагаан хааныг тойгдоод авах нь тэр.
Тэнгэрийн хишгийн үлгэр цаашаа нэхэл дагуулан явж өгнө. Ардын хувьсгалын жилүүд, социалист Монгол бол тэр чигтээ Алтан Москвагийн тэнгэрийн хишигт амь нас, үр хүүхэд, улс гэрээ даатгасан 70 жил. Хөдөлмөрлөөгүй биш хөдөлмөрлөсөн. Одоогийн өндөрлөгөөс ажвал удаан, үр бүтээл багатай, орос ах нарт чихдүүлж, тэнэг малаараа дуудуулан байж хөдөлмөрлөсөн он жилүүд шүү дээ. Зөвлөлт улс тарсан, зөвлөлтийн зээл тусламж зогссон, мэргэжилтэн ба цэрэг нь нутаг буцсан. Манай эдийн засаг хөмөрсөн. Харин тэр жилүүдэд, түүнээс хойш ч манайхан нэхлээ огт зогсоогоогүй. Зүв зүгээр байж байсан орос ах нарыг хөөж явуулсан, үлдээснийг нь хувааж залгисан тэр тэр нар гээд ухарч нэхээд өс авахыг уриалаад байх нь тэр. Цэдэнбалыг их дурсаж байна гэдэг чинь нөгөө нэхэл нь л явж байна гэсэн үг шүү дээ.
Цаг үедээ эзэн байх чанар монголчуудад сууж өгөөгүй байтал ардчилал эрх чөлөө нь залгаад авлаа. Тохиолдлын амьдрал, тохиолдлын аз гийлт, тохиолдлын томилгоо, тохиолдлын олз, тохиолдлын бизнес. Ардчилал монголчуудыг хэрсүүжүүлчих болов уу гэж би лав 30 жил харлаа. Байдаггүй ээ.
Гэрэл зургийг С.ЦАЦРАЛТ
Ардчилын жилүүдэд нэхэл ёстой нэг цэцэглэж өгчээ. “Монголыг хэн ийм болгосон юм бэ?” гээд л үсчээд байх нь тэр. Кремлийн халамжин дорхи социализмаа л ардчиллаасаа шувтан нэхлээ. Улс төрчид популист амлалт, популист бэлгээрээ элдэв нэхлийг ёстой гаарууллаа. Тэнгэрийн хишгийн бороо орсон сонгуулиуд шил дарна. Сонгуульд үзэл санаа, мөнгө, нетворк сүлжээ ялдаг бол манайхан мөнгө ба шил архиар сонгогчдыг авилгадаад өвчин болгож дууслаа. Дээр нь овоолчихсон нөгөө чанарууд – шударга, эх оронч гэх мэт пайзаа тэр бэлгэн дээрээ наачихна. Ялуулж аль гэсэн нэхэл, ялсныхаа дараа тийм тийм юм өг гэсэн нэхэл хоёр талаасаа уулзана.
Гэнэтхэн бороо оруулчихад л ялалт хүрээд ирнэ. Гэхдээ хэт их бороо оруулаад байнга тойргоо услаад байвал залхалт гээч нэг үзэгдэл бас дагалдана. Популист халамж популист бэлгээр амьдрал нь сайжрахгүй байгаа учраас нэг л өдөр цаад сонгогч гэрэвшчихнэ. Монгол хүн гэрэвшчихлээрээ буруу харсан ац л гэсэн үг. Нүүдэлчдэд гэрэвшил их садаа болдог.
Энэ олон сонгуулийн дараа ганц л бодит үнэн үлдэнэ. Дөрөв дөрвөн жилд сонгуулийн дараа ирсэн Засгийн газар болгон бөөн болохгүй бүтэхгүй, мөнгөгүй, төсөвгүй, ядуус нь дэндчихсэн, эдийн засаг нь ямагт эмзэг, зээлтэй өртэй улс орныг хүлээн авна. Tөсөв улайсан, үргэлж мөнгөний гачлантай. Хэзээ ч мөнгө байдаггүй. Тэр асуудлаа шийдэж чадахгүй 4 жил ухнатана. Дараагийн сонгуульд тэсч гарахын тулд (очих газар нь нэгэнт тодорхой болчихсон хүмүүсийн эцсийн тулалдааны сонгууль) популист халамжийн бороо оруулна.
Ердөө ганц теорем: Нэг удаа авлаа, идлээ, уулаа, дууслаа. Дараагийнхыг нэхлээ. Дахиад нэг удаа авлаа, идлээ, уулаа, дууслаа. Цаг наргүй үргэлжилж байх ёстой мэтээр өнөө цагийн монголчуудад гүн сууж өгчээ. Ажил төрөл эрхлэх сэтгэхүй нь нэхэлтэйгээ холилоод алга боллоо. Ганц үр дүн: Төр засгаа 30 жил хараагаад л сууж байна.
Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан гэж хоёр дүүрэг тэнгэрийн хишгийн бороо оруулдаг буянтай тойргууд байнаа гэмэгц хөдөөгийн бэлэнчлэгчид хот руу хуйлраад энэ хотыг нураах дээрээ тулчихаад байна.
Сайн малчны яриа: Манай сумынхан цөөрсөн. Манай сумын хамаг залхуучууд Улаанбаатар руу нүүгээд алга болсон, мал маллахаасаа залхуураад.
Би хоёр чихээрээ сонссон Дундговийн нэг сумын малчны яриа шүү дээ. Ингэж ярих хүн бүх аймаг, бүх суманд байгаа байх.
Ажил зүтгэлээр өөрийнхөө амьдралыг босгох ёстой. Энэ бол хүний ертөнцийн жам ёсны үзэгдэл. Сайн сайхан амьдралыг зөвхөн ажил зүтгэлээр олдог юм. Энэ теоремыг л монголчуудад гүн суулгаад өгчихмөөр.
Нэхлийг нь зогсоолгоод өөрөөсөө, өөрийн гэр бүл, үр хүүхдээсээ тэр нэхлээ олж нэх гэж уриалан дуудъя! Соён гэгээрчихээд нэхээсэй!