Ийм нэг хар хүчний эрэлд монголчууд явж байна. Өнгөрсөн түүхээ эргэж санахул би тэгж дүгнэж байна. 

“Монголчууд тийм залхуу, арчаагүй байсан юм бол XIII зуунд дэлхийн талыг эзлэхгүй байсан”, “Монголчууд залхуу ард түмэн биш” хэмээн сайн танил япон эрдэмтэн маань надтай маргаж байна. “Ард түмнээ дорд үзэх юм даа”, “Энэ ард түмэн ийм залхуу хойрго, дорой буурай байсан юм бол дэлхийн талыг байлдан эзлэхгүй л байсан байх” хэмээн монгол эрдэмтэн танил маань МУИС-ийн нэг хурал дээр намайгаа шүүмжлэнгээ хэлж байх юм. 

Өнөө цагт ажилгүй монгол хүн олон байна, ажил хийх хүсэлгүй нь бүр ч олон байна. Эдийн засгийн аюулгүй байдал нь нойл зааж байна. Ажилгүй, ажил хийх дургүй, ажилгүйдэл ядуурал нь дэндсэн, эдийн засаг нь урагшилдаггүй, түүнээсээ болоод гадаад бодлого, бүр тусгаар тогтнолоо золих дээрээ тулах гэж байна хэмээн өнөө цагийн асуудал ярьсан хурал дээр намайг хариуд нь гөвж өгсөн нь тэр л дээ.

“Чингисийн үед ийм байгаагүй юм”, “Чингис хаан ийм Монголыг өвлүүлээгүй юм”, “Дэлхийн талыг байлдан эзэлсэн их ард түмэн өнөө цагт ийм ч болох ёсгүй байсан юм”, “Монголыг хэн ийм болгосон юм бэ?” хэмээн нэг бус эрдэмтэд ярихыг бишгүй нэг сонсож байлаа. 

“Чингис тэгсэн, ингэсэн”, “Чингис тийм ч гайхамшгийг бүтээсэн, ийм ч аугаа үйлс бүтээсэн”, “Чингис хааны аугаа өв ийм тийм”, “Чингисийн хууль цааз ийм аугаа” гэсэн гарчиг агуулга бүхий илтгэл айлтгал, ном зохиол, эрдмийн зэргийн бүтээл, төрийн шагналт бүтээл, дэлгэцийн бүтээл одоо цагт тоогоо алдсан. Монголч эрдэмтдийн удаа дараагийн их хурлуудын салбар бүх хуралдаанд “Чингис” яригдаастай, мөн ч олон илтгэл төрсөн, төрнө чиг. Тэр тухай энд би ярих гээгүй байна. 

Тэр “Чингисийн Монгол”-оос чинь өнөөдөр юу өвлөгдөөд үлдэв ээ, ийм их буян заяатай ард түмэн чинь яагаад ядуурч хоосроод гуйлгын тулам болох дээрээ тулав аа, дэлхийн талыг морин дэл дээрээсээ эзлэн номхотгосон тэр ард түмэн чинь өнөөдөр яагаад ийм арчаагүй, анхиагүй, ажилгүй, ажил хийх дургүй, ядуу гуйранч болчих воо, нөгөө “Чингисийн суу билэг хааччих ваа” гэдгийг л би хөндөж бичээд хариулт хайгаад, нэхээд байна л даа. Хариултыг одоо ч олоогүй явна. Хариултыг үнэн зөвөөр оновчтой, гарцаагүй өгчих улс төрч, эрдэмтэн мэргэдтэй одоо хүртэл Монголдоо тааралдсангүй. “Муусайн ардчиллынхан ард түмнийг ийм болгосон” гэдэг бол үнэн зөв, гарцаагүй хариулт яав ч биш.

XIII зуунд дэлхийн талыг эзлүүлсэн тэр аугаа цагаан хүч гэж байсан бол (байхаар барахгүй, тэр хүчний судсыг Эзэн Богд Чингис атгаж байсан!) өнөөдөр дэлхийд гуйлгын тулам болгож муухай харагдуулж байгаа тэр нэг “хар хүч”-ийг л би олж нэрлэх гээд олон жил мунгинаж байна. Хойшдоо ч тэгэх нь шиг байна. 

Монголчууд бол этносын (үндэс угсаатан) хувьд тайлж унших аргагүй, оньсого таавар шиг ард түмэн хэмээн гадаадын ганц нэг судлаач биччихсэн байсныг манайхан мэддэг болсон доо. Маш сонин өвөрмөц ард түмэн, их сониуч, шооч, саваагүй, этгээд, ер нь яаж ч тайлбарлах аргагүй, гэхдээ ерөнхийдөө сайхан сэтгэлтэй, гэнэн цайлган, юу байгаагаараа дайлдаг, монголчууд бол өөрийнхөөрөө, байгаагаараа ард түмэн гээд ХХ зууны эхээр манайд ирсэн гадаадын аялагчид бичсэн нь олон бий. Тэр болгонд уяран хайлах нь нөгөө хариулт олоход огтоос нэмэргүй.

Одоо цаг руу орж ярья. Албан ёсны мэдээ. “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050” буюу “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн төсөл УИХ-д очжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан нийт 517 бодлогын баримт бичгийг түүхэндээ анх удаа нэгтгэн ийм баримт бичиг болгож, манай улс ирэх 30 жилийн хугацаанд хөгжих алсын хараатай болжээ. “Уул уурхай+5 салбар” гэж эдийн засгий тэргүүлэх чиглэлүүдээ зарлажээ. Одоо байгаа ДНБ-ийг нэг хүн амдаа хуваавал 15 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн дэд бүтцийн асуудлуудыг томоор тавина. Эдийн засгийн өсөлт уул уурхайн мөчлөгөөс хамааралтай байгаа асуудлыг баялгийн сан дээр тулгуурлан хэрхэн бусад салбарт төрөлжүүлэн зохион байгуулах зэрэг гол асуудлуудыг тусгажээ. Хүн ам 5.5-6 саяд хүрэхээр тооцжээ. Манай улс 2025 оноос эхлэн ажиллах хүчний тооцоолол гарсан тул одоо байгаа боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх тал дээр боловсролын салбар хэрхэн зохион байгуулах асуудлыг ярьж байна.

Тэтгэврийн хуримтлалын сан, э-засаглалтай холбоотой ажлуудыг тусгаж, чинээлэг дундаж давхаргатай холбоотой ойлголтыг Дэлхийн банкны аргачлалаар тооцон гаргажээ. Өнөөдөр 16.2 хувьтай байгаа дундаж давхаргыг 80 хувьд хүргэх маш том амбицтай зорилтыг дэвшүүлжээ. Үндэсний хөгжлийн яамтай болоод эл асуудлыг шуурхайлуулна гэх утгатай мэдээлэл явж байсан даа.

Гучин жил зүтгэн байж дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ гэдэг бол надад даан ч удаан, бүр хэтэрхий удаан мэт санагдлаа. Ард түмнээ доромжилж ч байгаа юм шиг. Эсвэл сэхээрэх гэгээрэх чадваргүй, арчаагүй дорой, эдэнтэй 30 жил уйгагүй ажиллах хэрэгтэй хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу? 

Гуравхан сая хүнийг өөд татчихаж чадахгүй бууж өглөө гэж үү дээ? Гуч дөчин саяулаа биш, гуравхан сая хүн ард! Ард түмний лав хоёр үе тэр их аз жаргалыг үзэхгүй өнгөрнө. Гучин жилд юугаа хүлээгээд, юугаа бүтээж нөөцлөх гэж тийм хугацаа заав аа? Ганц хоёрхон хууль гаргаад УИХ-ын нэг сонгуулийн 4 жилд зүтгүүлчихэд л гуравхан сая хүн цэгцэнд орчихно, хүн нэг бүрийг ажил хийж байна уу, орлого олж байна уу гэдэгт хяналт тавьж шахаж шаардах техник, технологи, сүлжээ үүсчихсэн цаг үе шүү дээ. Ардчилал хүний эрхэндээ харшлуулахгүйгээр ажил хийгээд амьдралыг нь өөд татуулчих боломж асар их байна. Гучин жил хүлээх шаардлагагүй ээ. Гурав дөрөвхөн жилийн ажил шүү дээ! Хамгийн гол нь ардчилал, чөлөөт зах зээл рүү хийж буй шилжилт маань 30 жилээр цааш сунжрах, 1990 оноос тооцвол 60 жил шилжилт хийж байж өсөлтөд хүрсэн улс гэдгээр дэлхийд цоллогдох болж байна. 

Зүгээр сууж байгаад гэдсээ тэжээлгээд байхад амташсан, улсаар тэжээлгэх хүсэлтэй, өр зээлээ тэглүүлэхэд амтшиж байгаа, нийгмийн халамжинд умбадаг, төр-засаг нь тиймчүүдийн өмнө бөхөлздөг байдлыг халчихад тийм хэцүү гэж үү дээ?Улс төрийн зориг дутаж байна. Популизм илүүдэж байна.

GallupInternational хэмээх олон нийтийн санал бодлыг рейтингийн аргачлалаар судалдаг Америкт төвтэй нэг агентлаг бий. Даян дэлхийгээр аз жаргалын индексийн судалгаа хийжээ. Даян дэлхий гэхлээр дэлхийн 200 гаруй улс орны 7 тэрбум хүн амыг нэгд нэгэнгүй нягталлаа гэсэн үг биш. Тодорхой хэсгийнхнээс түүвэрлэн асуулт тавьж хариулт авахад улс орон бүр дээр 45 хувь нь өөрийгөө аз жаргалтай, 20 хувь нь аз жаргалгүй, үлдэх нь дундаж гэж хариулжээ. 

Хэрэв манай улсад энэ асуултыг тавибал аз жаргалгүй гэдэг нь лав 70 хувиас даваад явчих байх. “Та юунаас болж аз жаргалгүй байгаа вэ?” гэж тодруулж асуухад л мөн ч хөгийн хариулт хэлнэ. МАНАН, мафи, олигархийн уршгаар, буруугаар би зовж байна, би угаасаа гэнэн цайлган, хүнд муу юм хийдэггүй, гол нь дээр байгаа хулгайч авилгач нар л ... гээд цаашаа хэлэх үг нь гарахгүй. “Та өөрөө аз жаргалынхаа төлөө юу хийсэн юм бэ?”, “Та гэрэлт ирээдүйнхээ төлөө, үр ач нарынхаа төлөө юу хийсэн юм бэ?”, “Та өөрөө үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсэн юм бэ?” гэж тулгаж асуухад МАД гэсэн ганцхан хариулт өнөөгийн монгол хүнээс гарахаар байна. МАД-ын эсрэг өөр нэг хариулт бий: Хүчирхэг удирдагч, шударга дарангуйлагчийг нийгэм даяараа хүсэх! Яг гаргаад ирэхлээр монголчууд яах бол?