Гачлан. Олон санал-ялалт. Санал-сонгогч. Сонгогчдын хүсэлд хөтлөгдвөл ялна. Сонгогчдын хүсэл: онгон байгалиа сэвтээхгүйн төлөө, уранд хордохгүйн төлөө, орос ахаасаа холдохгүйн төлөө, хужаад уусахгүйн төлөө! Оюу толгойгоос колончлогчдыг хөөх, Гашуун сухайтын төмөр замыг гацаах, Цагаан суварга тэргүүтэй ордыг нийгэмчлэх, Эрдэнэтийн 49-ийн хулгайчдыг шоронд хадах! Ийм нугаршгүй ухамсартай нь бүх сонгогчдын олонх. Хуучнаа үгүйлж чулуужсан хандлагыг ашиглаж амташсан архаг нэр дэвшигчид ялдаг сонгууль бас л давтагдах нь. Ээлжит нялуурлаа сонгогчдын дийлэнх буюу харанхуйчуудад зориулаад эхлэв. Гачлантай нь ёс зүйтэй оюунлаг нэр дэвшигч гэнэн сонгогчдын дээрх хийрхүү хөнөөлтэй шаардлагыг үл зөвшөөрвөл навс ялагдана. Ялах уу, ялагдах уу? Өөрийн үзлээс урваж тэдний саналыг хэрэгжүүлэхээ амалбал УИХ-ын сэнтий бөгсөн дор чинь. Гүтгэлгийн бай-нэр дэвшигчдийн дунд дажгүй хүн бишгүй. 

“Масс”. Масс гэх үг монгол хэлэнд ороод ирж. Гэгээрсэн харанхуйгаараа масс ялгаатай агаад гэгээрсэн нь хөгжиж баяжсан барууныхан, азийн барууд, харанхуй нь хоцрогдож ядуурсан монголчууд. Ичмээр. Дүнхүү монгол толгойг өмөөрөмгүй ч амархан хууртдаг гэнэн зангий нь өрөвднөм. Залиланд гаршсан гадаад дотоод луйварчны өлөн нүдэнд дүйнгэ монгол бөөн олз харагдана. Олигархиудын хорхойг харанхуй масс гозгонуулна. Геополитикчдийн дипломат хөх инээдийг мулгуу улстөрчид өгдөөнө. Масс харанхуй аваас монжих хүн, шулах гүрэн мундахгүй. Монждог хүн, шулдаг гүрэн үгүй болж хүн төрөлхтөн цэвэршихийг хүлээснээс монголчууд-бид өөрсдөө гэгээрсэн масс болох арай дөт баймаар. Тиймээс би энэ сэдвийг хөнддөг. “Сохорт өдөргүй согтууд шөнөгүй”-г санаж нүдээ нээж ухаанаа сэрээ. Нилдээ харанхуй массаас хичнээн шилж сонгоод харанхуй массын яс махны тасархай-эд эсүүд л шалгардаг. Мулгуу маанаг эрх баригчдаар орос олигархиуд тоглодог.

Харанхуй. Масс ухаалаг пиарыг нулимна. Пиар бүдүүлэг тусмаа тэднийг эзэмдэнэ. Дүнхүү гавалд мангуу үгс хужир. Эдийн засгийн алуурчид баялаг зөөгөөд дууслаа гэж орил. Хятадууд мах хуу хамчихаад 70 сая малтай монголчууд өлсөж үхлээ гээд жагс. Хужаа мянгат малчид эзэлчихлээ гээд уйл. Эх орныхоо төлөө ингээд үхье гээд цэнхэр дэлгэцээр өөрийгөө С.Эрдэнэ шиг шатаа. Бензин аюултай. Гал унтраах дагуул багаа хажуудаа сайн бэлтгэхгүй бол үнс болно шүү. Зулын гол бололгүй мэнд үлдээд сонгуульд өрсөлдвөл ялалт бат. Хас сахиусаар гангарч “Хөх толбот босоо Монгол ялна” гэж хашгираад цамна. Дэвхэрч цовхор. Цээжээ балба. Үсээ хус. Өмдөө тайл. Амаараа улаан хөөс цахруулаад бөөл. Онгодоо дууд. Галзуур. Солиорох тусам хөгжөөн дэмжигч-сонгогчид хуйлраад орж ирнэ. Асар их эрчим хүч гаргасандаа муурч уна. Нэг мэдэхэд чинь масс уухайлан чамайг өөд нь шидэж байна. Чи сонгогчдод таалагдаж эхлэх нь тэр. Хүн амаа байлдан дагуулах галзуурлын оргил юу вэ? Галзууралд эцсийн цэг бий юү? Бий. Тэр нь гишүүнээр сонгогдох. УИХ-д горилогч шинэчүүд өөрийн үнэт зүйлсээр зүтгэвэл попуудын тоосонд булагдана. Архаг нам сонгогчдын харанхуйг халамжлаад байгаа нь ийм учиртай. Оюунлаг журамлаг нэгэн ялсан ч харанхуйд уусаад амиа л аргацаадаг. Үнэт зүйлсийн анивчих очийг өтгөн харанхуй бөхөөж буй нь тэр.

Бурхад. Хуулийн байгууллага луйвар хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй олигархиудыг дүнхүү сонгогчид “бурхад” хэмээн толгой дээрээ залж ирэв. Тиймээс сонгогдсон хулгайчид буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг Төрийн толгойд залсан сонгогч нар 90 онд Монголд үрсэлсэн ардчиллын үнэт зүйлсийг устгасан нүгэлтнээр түүхэнд үлдэв. Тийм нүгэлтэн-бүх сонгогчдын дийлэнх учраас тэдний санал шийдвэрлэх хүчтэй. Сонгуулийн шийдвэрлэх хүч болсон-мулгуу олныг дөрөөлсөн бүлэглэл эрх мэдэлд хүрч эргэлт буцалтгүй хожив. Ёс зүй үнэгүйдэж, луйвар оодров. Тархиар бус тагнуулдаж дийлнэ. Булчинлагууд бярдаж, боловсрол хог дээр хаягдав. Уг нь сонгогчид гэгээрвэл хулигаан-атаманууд Төр Засгийн толгойд заларч, жанжилж чадахгүй сан. 

Ажилд дургүй, бүтээж сураагүй, завшихдаа хэнийг ч дагуулахгүй, бизнест ухаан нь гүйдэггүй, чаддаг нь ТББ байгуулж тэргүүнээр нь өөрийгөө өргөмжилж цээжээ дэлддэг хөөрхийс хэн бэ? Тийм өчүүхэн амьтдад УИХ-ын гишүүн болох төрөл арилжиж буй гайхамшиг. Тэдний нэг Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайд болоход гайхах,.. Монголд бол илүү зан. 

Хүн шинжээч. Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх вэ? Манай тойрогт Т.Аюурсайхан Г.Уянга нар өрсөлдөж буй. Уянга Аюурсайхан хоёрын хэн нь алт, хэн нь гуулийг сонгогчийн боловсролоор таних болтой. Миний боловсролоор бол тэр хоёр гойд ялгардаггүй. Хэнээс асуух вэ. Ард олон сонгуулийн өмнө хоёр хуваагдаад үзэлцэж байгаа. Аюурсайханыг алт, Уянгыг гууль гэж байна. Мэдээж МАН-ын талынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс МАН-ын “сонгогчийн боловсрол”, АН-ын “сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. Хоёр боловсролын аль нэгээс суралцвал нөгөөг нулимна. Нэр дэвшигчдийн дунд шилэх алт нэг ч үгүй бол боловсролын хэрэг юу билээ. Хурдан морь шинжээч мэт хүн шинжих эрдэм гоё оо. Сонгуулийн боловсрол буюу хүн таних чадвараа хөгжүүл.

Халдашгүй эрх. “Эрхэм гишүүн ээ” гэх бялдуучлалд Та түвэггүй дасна. Мандатаа өвөртөлж тангаргаа өргөх ёслолоор Төрийн ноёлох оргилд заларснаа мэдэрнэ. Эхлээд тансаг хаус хүчирхэг жийп бүрэлзэж магад. Оргилд заларсан Танд ямар ч хууль үйлчлэхгүй, халдашгүй дархан эрхтэй болсон тань хамгийн гол олз. Хууль мөрдөхдөө залхуурдаг монгол хүн бүр хуульгүй амьдрахыг жаргал гэдэг. Хууль хүрэхгүй оргилд хөл тавьж гэмээнэ томилгоо, шахаа, лиценз, тендер мэт нь атганд. Тансаглах мөнгө аминых бус татвар төлөгчдийнх. “Хуульгүй 4 жилдээ амж” хэмээн хувиа борлуулах овсгоо чинь яаруулна.

Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд нэр нүүрээ барж авирсны утга юу билээ. Хуульгүй хугацаа 4-хөн жил. Иймхэн мөчид Төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл. Хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил ард олондоо хайртай хүн яг үнэндээ байхгүй. Оргилд арай гэж гарсных баяжаад буувал улсын хөгжлөөс чамд үнэтэй тусна. Юу ч бүтээхгүй өөрөө баяжих улс төр бол-хоосон маргаан. Хоосон хэрүүлийг улсаа хөгжүүлж байна гэж мангартдаг масс таныг сонгосон учир тэдний битүү толгой таны дураараа туйлах боломж. Хоосонд үнэн гэж байдаггүй. Байхгүй үнэнд итгүүлэх гэж эрх баригч нам попордог. Хоосон хэрүүлийн цаана баяжих сүлжээ бодиттой гэж мэд. Хутаг тавилгүй мах идээд, хундага тавилгүй дарс зооглоод хаад нээлттэй байжээ. Гишүүд бол хаалттай. Төрийн нууц гэнэ.


Хоёр. ГЭГЭЭРЭЛ-АМЬСГАЛЫН АППАРАТ

Даруу бай. Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ голоо зогоодог. Тиймээс даруу бай. Шилэн цамхагууд сүндэрлэж, янз янзын машин хахалдана. Ийм байгаагүйг хуучнаа магтдаг хөгшид мэдэх ч ярих дургүй. Энэ бүгд мануусын хөдөлмөрөөр бүтээгүй. 30 жилд гарсан ялимгүй ахиц бол эрх баригчдын бүтээл бус зэсийн баяжмал болон нүүрсний үнэ ахих мөчлөг, Австралийн үер, урд хөршийн хэрэглээний өсөлт байв. Бидэнд гавлаараа гараараа олсон мөнгө алга. Газрын гүнд хэдэн км-т орших баялгаар баярхах мунхаглал. Улсын сан хөмрөгт уурхай ба татвар төлөгчдөөс цугларсан та нарын шуналд бузартсан цөөвтөр цаас л бий. Түүн рүүгээ шүлсээ савируулан алалцдаг.

Налайж амьдарсан нүүдэлчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны хурдтай, алхаа нийлүүлэхгүй бол Монгол хаягдлаа. Хүн төрөлхтөний хөлд унаж гишиглүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олно. Хөл дор хэдэн их наядын баялаг дараастай ч олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах мөнгөгүй бол баялаг бус чулуу шороо. 

1911 оны ноёдын, 1990 оны ардчилагчдын мөрөөдөл-толгой мэдэлтэй улс болох гэгээ сүүмийснээ бөхчихлөө. Хэн унтраав? Бурууг гуравдагч хөрш, хужаад тохдогийг харанхуй масс уухайлан дэмждэг. Уухайлж буй хар масс нэр дэвшигчдэд ялалт бэлэглэдэг. Гадны хөрөнгө оруулагчид үүрд баяртай гэвэл дэлхийд ганцаардаад буй Орос ахтайгаа хоёулхнаа хуучин замаараа сурсан онолоо мандуулаад сажилна. Лусаас хичнээн хишиг хайрлаад, донор орнууд хичнээн зээл олгоод хүн ам нь нилэнхүйдээ журамгүй аваас өөдөлдөггүй ажээ. Эх орончид нь дөргүй сарлагтсан балай улсаас хөрөнгө оруулагчид зай барьдаг нь танигдлаа. Хөгжлийн зам-хурдны зам биш. Бартаа донсолгоо ядаргаатай. Хөгжил-ядарсны өгөөж. Язганатал хөдөлмөрлөж буй хятадуудыг бид хараад “Ингэж хөгжсөнөөс малынхаа бэлчээрт хэвтэж байгаад хорвоог амар барах минь” гэж философтдог.

Булхай. Булхайг гишүүд хийдэг, бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Бид сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнээ эргүүлэн татах хоншооргүй. Мэдсээр харсаар байж 76-н хэмжээгүй эрх-дархтаныг толгой дээрээ давруулснаа сонгогчид минь ухаар. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэд эрх мэдэлгүй сүрэг болжээ. Хариуцлага хүлээх нэг ч хуульгүй бол хэн ч юу ч үйлдэнэ. Тэр тусмаа хууль нулимдаг угшилтай монголчууд зоргоороо туйлна. Гудийхгүй. Эзгүй талын дур зоргоороо нүүдэлчид журамлагдах ясны дургүй. Ардчиллаар явъя гэсэн чинь авилгатай замд будилчихав. Шашнаа сэргээе гэсэн чинь ид шидийг асаачихав. 

Төр Засагт заларсан өнгөрөгч зууны монгол даргын галбир-аварга гүзээнүүд бөөндөө ичиж эмээхгүй идэж уухад, тэдний томилсон хуульч-утсан хүүхэлдээнүүд халагдахаас айгаад шалгах сачийгүй. Шүүх прокурор АТГ нэг бүлэглэлийн мэдлээс нөгөөд шилжив. МАНАН-гийн аюулыг хятад аюулын хэмжээнд Шинэ нам дэвэргэв. Сэлэм сэнсэрч, таван балиус хавиралдсанаар сонгогчид маллахад номхон сүрэг болж уу яаж вэ, сонгуулиар харах л үлдлээ.

200-300 толгой. Ард түмний өмч-уурхайгаар 30 гэр бүл хагартлаа баяжаад ханасангүй цааш эх орныг минь юу ч үгүй цөлмөөд гэр бүл ах дүүсээрээ гадаадад гарч тансаглах гэнэ. Ингэж ухуулдаг. Ухуулгыг би зөв ойлгосон байгаа биз. Энэ ойлголтоороо би сүүлийн сонгуулиудад саналаа өгсөн. 30 гэр бүлийг би үзэн яддаг. Гэхдээ 30 гэр бүлийн 200-300 хүний толгойг тасалж овоолоод тойрч бүжиглэе гэх улс төрийн тоймч Гантулгын уриалгыг арай дэмжээгүй. Ер нь дөхсөн дөө. Голомт самарч буй новшнуудыг эх орондоо хайртай хэн ч үзэн ядна. Гантулга тоймчтой дуу хоолойгоо нийлүүлэхэд надад юу саад болсон бэ гэвэл ардчилалтай оронд алан хядахыг уриалах үндсэн хуулиараа хориглосон байдаг. Зохиол бичихдээ би үүнийг баримталдаг. Алан хядахыг уриалсан тоймчид хариуцлага тооцох байтугай түүний цацсан пиар сонгуульд ялалт авчрахыг хараад “дэмждэг байж” хэмээн өнгөрсөн хойно амаа барьж билээ. Хар толгойнхоо өмнөөс харанхуй гавлынхаа цараар “би” гэж ярихаас бус “ард түмэн” гэж гурван сая хүний нэр барьж бурдаг бөх зүрх бүдүүн гэдэс надад заяасангүй.

Ардын дайсан. Ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд тийм биш. Монголчууд дундаас өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний улсад тушаадаг татвараас хүртдэг. Төрсөн ах дүү хоёр эцэг эхдээ хоёр биеэ муулах мэт хоёр гол нам ард түмэндээ бие биеэ хичнээн муулаад баялаг арвижиж, өр дундрахгүй. Өөдрөг яваа монголоо өөдгүй монгол нь дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн би дууслаа. Төр засаг баяжсан бизнесменээ хардаж хавчих нь гаарав. Үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхөөд Америкт суралцсан бол бүр үзэж чадахгүй болжээ. Америкийн тагнуул, ардын дайсан хорлон сүйтгэгч гэх улс төрийн ялаар цаазладагсан бол өдийд хэдэн хүн буудуулсан шүү. Хэн хэн буудуулах нь тааж цөхөлтгүй. Хэн хэн буудах нь ч оноож ядалтгүй. Буудах хууль алга. Буудах хувьсгалч бол бэлэн ажээ.

Чөдөр. Ухаалаг менежмент хувийн хэвшлээс ургадаг аж. Төр Засаг бизнес овсгоог чөдөрлөдөг нь нууц биш. Хувийнхан Төр Засгийн дарамтгүй мөрөөрөө мөлхвөл Монгол урагшилна. Гэхдээ нэг юмыг мэд: олигархиудад улс ахих чухал бус тэдний рейтинг өсөх чухал. Илрэл нь иргэдийн амьдрал өөдлөөгүй ч эрх баригчдын рейтинг өсч л байдаг. ХХI зууны шилдэг боловсрол-хүмүүжлийн стандарт хангахуйц залуус манайд байх шиг. Тэднийг олж харах билэг оюунтай сонгогчид харин алга. Хөгжлийн зүтгүүр-гэгээрсэн масс. Сонгогчдын шилж Төрдөө залсан монгол даргын коммунист галибрууд ордноор дүүрэн. Ерөнхийдөө том бага тойрон хүрээлэгчдийн угсаа. Тэд төрийн албанд сүргээрээ жаалж явна. Тэдэнд юун хуулийн засаглал. Эрдсээрээ дэлхийд юун өрсөлдөх. Том төслүүдээрээ валют уутлах юун мэдлэг, менежмент, англи хэл. Яг л нэгдлийн дарга.

Харж байгаарай, тэд дахиад бөөнөөрөө сонгогдоно. Сонгогдсон учраас тэд буруугүйг давтъя. Харанхуй массын сохор сонголтын ачааг бид үүрнэ. Бузар булай, усны түвшин мэт чимээгүй сэм дээшилсээр хоолойд тулж иржээ. Амьсгал нь боогдсон Монгол гэгээрлээр сэхнэ. Гэгээрэл-амьсгалын аппарат. ХХI зууны оюуны тэсрэлт хүн төрөлхтөний хөгжилд хурд нэмлээ. Энэ гайхамшиг өөд бүгд тэмүүлэв. Харамсалтай нь ХХI зууны оюуны их тэсрэлтийн чичирхийлэл монгол дарга нарын ялзарсан ёс зүй, монгол сонгогчдын тархины мөнх цэвдэгт мэдрэгдсэнгүй. Тэнэг улс Лусын хишгээр хөгждөггүй аж. Кувейтэд баялгаас гадна ухаан бас байжээ.

2020-05-25