Октябрийн баяраар шинэлдэг болцгооё
Шог зохиолч уншигчдаа ухаажаасай гэж хүсдэг бол календарь зохиогч ард олноо улам харанхуй болоосой гэж залбирдаг нь жаахан тийм. Гэхдээ тэрбумтан болж чадвал ард түмэн хамаагүй гэдэг эрин зуунд өчүүхэн шог зохиолч нэрэлхэх муу эрд халдага дараа гэгч биз. Чөлөөт зах зээлд зурхайчтай үзмэрч өрсөлдөөд ялагдсан. Харин шог зохиолч яах бол?
Аль сарын ямар өдөр шинэлэх маргаан (хэрүүл цөөдөж, хийх юмгүй болсон мэт) өрнөв. Аминд тулсан хутагны ирэн дээрх асуудал бус атлаа улстөржсөн ч юм шиг-золгох өдрийн маргаанд шог зохиолч зодоглов. Хоосон хэрүүлд ялагч, ялагдагч гэж байдаггүй. Ялж хожих нь бүрхэг ч ялагдаж хоосрохгүй нь баталгаатай хэрүүл эрсдэлгүй агаад олонд нүдлэгдэж алдарших дур асаадаг. Танд бас тэгдэг үү?
Бүх төрлийн номноос гүйлгээгээр малчны календарь толгой цохьдог гэнэ. Орлогогүй хошин зохиол бичих гэж үйлээ барж буйгаа би насны эцэст ухаарав. Ингээд календарьт азаа үзэхээр шийдлээ. Календарьт юу ч гэж залсан яланд унахгүйг овжин ашиглаад баяжсан-сүйхээтэй зурхайч шог зохиолчийн атаа жөтөөг бадрааж, шунал асаасныг уншигч та гадарлав уу? Надад зурхайгаа батлах онол бүү хэл нэг ч аксиом теорем байхгүй. Гэхдээ би ямар ч зурхайчтай маргахад мад тавиулахгүй. Яагаад гэвэл зурхай гэгч-амны хэмжээ, цээжний бангаар хөдөлдөг бизнес. Үзэлцээд байдаг салбар.
Азийн орнуудаас нэг хоногийн зөрүүтэй золгодог цагаан сараа нэг сарын зөрүүтэй болгосон нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо аврав гэж зурхайч хамраа эх орончоор сөхдөг. Би түүний өрсөлдөгч юмсан хойно ялахын тулд Октябрийн баяраар шинэлдэг календарь тэрлэлээ. Урваач халхын олон зуун жил золгосон шар зурхайг эх оронч ойрадын Төгсбуянт гэх бөглүү хязгаар дахь нэг хийдийн зурхайгаар шахаж буйг би анзаарч-энэ ялалтын менежментээр коммунист шүтлэгийг дөрөөлбөл Октябрь Төгсбуянтыг ялна гэж тооцлоо. Календарьтаа “Октябриар золгоогүй эрлийзүүд учир битүүлэг мажийна” гэж туув. Магадгүй новичкоор хордож.
Хар, цагаан, шар тивийн өвөрмөц гоо сайхан заяамал ялгаатай. Угсаатны нарийн ондоошил гойд гойд соёлоор хүн төрөлхтөнийг чимдэг. Гэлээ ч нэг тивийн хүмүүний галбир антрополог төстэй, арьс ижил өнгөтэйн дээр заншил, шүтлэг, урлаг нь ойролцоо. Угалз гэхэд л Азид алхан хээ, өлзий, түмэн наст, хаан хатан сүйх гээд хэнийх нь оюуны өмч юм бүү мэд нил тархсан байдаг. Вьетнам Хятад Монгол Солонгос Японы цагаан сар-угалз хээ шигээ ижил төстэй зан үйл болох нь мэдрэгддэг. Аль галвын айл өрхийн цагаан сар улстөрөөр бус аяндаа тогтсон биз. Ази тивээс гав ганцаар Төгсбуянт гэж жожигрох дурын хэрэг ч тусгаар тогтнолын баталгаа гэх нь эргэлзээтэй. Ийм үзлийг сэвэгч Ю.Цэдэнбал бурхан болоод Кремль өдгөө өмнөд хөршийг аргадаж байна. Цагаан сар бог төллөхөөс өмнөхөн тохиодог байсан бол одоо хонь хургалах, ямаа ишиглэх ид үед таардаг болсон нь дарамттай ч Төгсбуянтаар золговол тусгаар тогтнолоо хамгаалж буй юмсанж.
Календарь” гадаад үг. Монгол болгоё. Хуанли? Бас л биш. “Монгол зурхайн цаг улирлын тооны бичиг” гэжээ. Дэндүү урт юм. Тооны бичиг? Салаа утгатай ойлгомжгүй. Цагалбар? Календарь гэж тархинд буухгүй байна. Ерөөсөө зурхай гэж нэрлэе. Гэхдээ малчны календарь л гэвэл онох гээд байна. Малчны зурхай гэлтэй биш. “Малчны” гэсэн тодотгол заавал баймаар. Яагаад гэвэл календарийг малчин бүр авдаг. Тэдний судалдаг ганц ном нь. Хамгийн гол нь малчдыг хуурахад хялбар тул малчны календарь зохиоход мэдлэг гэж биеэ зовоох хүндрэлгүй. Гагцхүү зоригтойхон дүвчигнэх. Ичих хэрэггүй. Ер нь ардчилал зах зээлд ичимхий хүн нэг их гавихгүй байгаа шүү. Ичдэггүй хүн бол явна аа явна-хол явна.
Малчны календарьт юу ч гэж донгоссон уншигчид нь малчид юм чинь буруудаад яланд орохгүй. Жишээ нь “энэ жил алаг үхрийн мах идэж болохгүй” гэж айлдахад хэн намайг ямар зүйл ангиар яллах юм бэ. Алаг үхэр өсгөлөө гэж олих уу. Олонтоо гардаг хоолны хордлогоор хүн үхвэл алаг үхрийн мах иджээ гэсэн мессеж цацчих. Тэгээд “алаг үхрийн мах идвэл үхнэ” гэж календарьт цээрлүүлсээр атал идээд үхсэн хохь нь болж, харин намайг шүтэн бишрэгч үй түмээр өсөж “Готовын календарьгүй бол үхэл” гэх бишрэл улс даяар ноёлно. Нижгэр дайлагад залагдсан зочид олон зуугаар хордвол хоолны нь мах алаг үхрийнх байжээ гэх бор шувуу сүлжээгээр нисгээд би гэдэг хүн мөнгөнд пологтоно. Календарь эрсдэлгүй агаад орлого гэж овгор. Хөгжлийн чөдөр-харанхуй тархитныг дэмбээдээд өнгөрье. Хохь нь. Эртхэн гэгээрэхгүй үхсэнээ хийсэн залхгууд вэ. Зах зээл гэдэг зальтай нь маанагаа шулдаг тогтолцоо.
Цагаан сарын гол бэлэг малчны календарь болж мөнгө над руу урсана. Малчны календарь их ирээдүйтэй бизнес. Учир нь манай малчид жилээс жилд улам л харанхуй болоод байгаа юм чинь миний уншигч өсөөд л календарь борлоод л байна гэсэн үг. Бизнесийн ийм баян орд Монголд байсныг түрүүлж анзаарсан зурхайчийг “харанхуй тархины хайгуулч” гэж өргөмжилье. Харанхуй тархины хайгуулчийн ашиглалтын лицензийг түүнтэй булаацалдсан увайгүй өрсөлдөгч нэг гарч байв. Тэр нь үзмэрч. Зурхайн ухаанд нэгийг нөгөөгөөс илүү буюу дутуу гэх боломжгүй. Үнэн ба худал гэх нотолгоо зурхайд оршдоггүй. Зурхайчийнх зөв, үзмэрчийнх буруу гэх ялгаа хийсвэр. Хоосон чанар яалт ч үгүй. Үзмэрч үүнийг далимдуулан довтолжээ. Гэхдээ үзмэрчийн далдыг үнэхээр тольдоод буй инээдэмтэй царайг, зурхайчийн гараг эрхсийг тэмтрээд буй додигор профессорын дүртэй харьцуулан сайн хар. Хоёул ав адил-хоосон чанар. Гагцхүү ном сонингүй болчихсон малчид зүгээр суухаар мунхарч сууя гээд зурхайчийн календарийг худалдан авч нүүхдээ, мал муулахдаа, бас малын хулгай хийхдээ өдөр судар сонгохоор уншдаг юм. Малчны календарийн эхний хуудсыг сөх: модон хохимой өдөр газрын эздийн гүйлт таарсан ч гэм болохгүй гэж байна. Малын хулгайч модон хохимой өдрийг тэсэж ядан хүлээж хэвтээ.
Хэдэн жилийн өмнө малчны календарь зохиогчид цагаан сараар Тасганы овоон дээр гарчихсан, нар хэдэн цаг мөчид мандахыг түрүүлж харахаар өлмий дээрээ өндөлзөж, өөрийн календарийн үнэн болохыг, бусдын календарийн буруу болохыг худалдан авагч-уншигч олондоо нотлох гэсэн бизнесийн цэвэр өрсөлдөөн болж билээ. Угаасаа нар төдөн цагт мандана гэдэг чинь юу гэсэн ойлголт вэ? Хүн төрөлхтөн бөмбөрцгийн тэвшинд бялхсан усны түвшинтэй харьцуулж газрын өндрийг тогтоосон. Гадаад далайн түвшин нэг хэмд орших агаад дээш доош хэлбэлзэхгүйг манай зурхайч үзмэрч хоёроос арай өөр гавалтай эрдэмтэд олоод мэдчихэж. Монгол ухаан нар мандахыг тогтоохдоо сарьдгийн оргилд нар тусахыг харах уу, жалгын ёроолд нар буухыг хүлээх үү гэдгээ тодруулсангүй. Юутай ч Тасганы овоогоор зурхайн ухааныхаа маргааныг таслах гэж цугларсан нь тэр.
Монгол үзмэрч зурхайчдын хэмжээг Тасганы овооны өндрөөр тодорхойлж буй ч юм шиг. Эсвэл тэд “далайн түвшин” гэх шиг “тасганы түвшин” гэсэн цоо шинэ нэр томъёог дэлхийн шинжлэх ухаанд хандивлах гэв үү. Уг нь “далан тасганы түвшин” гэвэл их монголжуу сонсогдох байж. Хулгана тэмээ хоёр нар мандахыг түрүүлж харах гэж мөрийцөөд, тэмээ нар мандах зүг ширтээд хивээд хэвтчихэж, хулгана баруун хойд уулынхаа оройг хараад суучихаж. Нар уулын оргилд тэмээний толгойноос түрүүлж туссан нь мэдээж. Зурхайч-эрдэмтдийн маань тархи хулганы тархинаас ч дор юм даа гэвэл гомдох байх даа.
Календарьт худал хэлэх орон зай нээлттэй. Жишээ нь “хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр” гэж олон бич. “Хэрүүл тэмцэл хийхэд сайн өдөр” гэвэл тэр өдөр нь ядуурсан олны багтаж цөхсөн уур хилэн дэлбэ буудах аюултай. “Сайн өдөр” гэлгүй “муу өдөр” гэсэн нь хэрүүл тэмцлийг хаадаг сайн талтай ч Засгаа онхолдуулах хор найруулж суудаг УИХ-ын гишүүд хэрүүл өдөхөд муу өдрийг заагаад сайн өдрийг заасангүй гэж барьцана.
“Санаа муутантай нөхөрлөж үл болно” гэх нь маш зөв. Ингэж хаяагаа манасан зурхайч яаж алдахав. Уг нь “санаа муутантай шадарлахад сайн өдөр” гэвэл календарь гар дамжин шаглагдах байлаа. Тэгсэн чинь бас тийм биш болов. Учир нь санаа муутнууд өдөр судар үзэж мунхардаггүй материалист гарууд гэнэ.
Ноднингийн календарьт “галзуу хүнд хутга өгөхийг цээрлэх өдөр” гэснээ дахин давтах зохимжгүй гээд бүү хас. Хутга барьсан галзуу хүн энэ жил ч осолтой. “Үс авахуулбал өвчин үүрлэх өдөр” гэснийг календариас уншаад өвчин үүрлэх нь үү, үгүй нь үү гэж үсчинд очиж, өөрийгөө туршлагын туулай болгож, зурхайчийг шалгадаг шинжлэх ухаанч хүн Монголд нэг ч гарахгүй. Хэн ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гээд маргааш нь үсээ засуулна. Өчигдөр үсээ засуулсан бол би өвчний үүр болсон. Маргааш нь засуулаад зүв зүгээр байна гээд миний календарийг бурхан дээрээ залаад урд нь зул өргөчихсөн мөргөж суух мухар сүсэгтэн гарч л таарна. Энэ чинь миний календарийн реклам, миний календарийн ялалт. Надад бөөн мөнгө, бөөн баяр.
“Балгас эвдэхэд муу өдөр” гэж бичих шог зохиол бичихээс үнэндээ амар байна. Календарь зохиох хөгжилтэй, орлоготой сайхан ажил. Зүтгээд байдаг хэрэг. Цээртэй өдөр хориглосон нүглийг тэсэлгүй үйлдчихвэл гурилаар гар хийгээд зүүн хойш нь шид. Гурилан гар намагдаглаад өгнө. “Хэрэгт холбогдохоос болгоомжлох өдөр” гэх мэт хэзээ ч илүүдэхгүй цээрийг олон удаа суулгаж өг-эрсдэлгүй. Дан бөөрөнхийлөхөөс зугтаж “мягмарт шинэ хувцас өмсвөл яр шарханд бариулна” гэж айлгавал “баасанд шинэ хувцас өмсвөл ухаан төгөлдөржинө” гэж тэнцүүл. Календарьч хүнд үл мэдэх зүйл нэг ч үгүйд шог зохиолч атаархав.
Японд далайн давалгаанаас үүсэх аугаа их мөнхийн эрчим хүчийг судалж байхад Монголд нохой аль цагт улин хуцсанаас ямар дайрлага дайрахыг урьдчилан мэддэг эрдэмтэн зурхайч малчны календарь зохиож, харанхуй ард түмнээ шулаад, давхар хауст тарвалзаж, данхар жийптэй ханхалзана. Гоё байгаа биз? “Бурханд мөргөвөл тамд унах өдөр”, “өргөл өргөвөл хувхайрах өдөр” гэж л тэнэгтэхгүй бол календарь зохиоход шог зохиол шиг хэлмэгдэх вий гэх айдасгүй нь олзуурхам. Хамгийн чухал нь шог зохиолын номноос малчны календарь хамаагүй илүү борлоно. Би удахгүй баяжих байх.
Шог зохиолч уншигчдаа ухаажаасай гэж хүсдэг бол календарь зохиогч ард олноо улам харанхуй болоосой гэж залбирдаг нь жаахан тийм. Гэхдээ тэрбумтан болж чадвал ард түмэн хамаагүй гэдэг эрин зуунд өчүүхэн шог зохиолч нэрэлхэх муу эрд халдага дараа гэгч биз. Чөлөөт зах зээлд зурхайчтай үзмэрч өрсөлдөөд ялагдсан. Харин шог зохиолч яах бол?
Гараг эрхсийн хөдөлгөөнийг өдгөө саран дээр хөл тавьсан шинжлэх ухаан зурхайгүйгээр тогтоож дөнгөхгүй мэт манай зурхайч томроод л байна. Гэлээ ч түүнээс хулчийх айдас надад алга. Зурхайчийг “галд сууваас хуучин цамц бусдаас бүү ав” гэхэд би “усанд сууваас хуучин өмд бусдаас бүү ав. ДОХ-той гэх юм чинь”. Мэдэхгүй салбарт шог зохиолч тулгамдвал “жанаг гаг дог” уншуул гэхэд л миний календарь оккей. Тэнэгрэл ичихгүй болгодог гэсэн минь хоосон үг яавч биш шүү. (ялимгүй оршил нэмэв. 2023-01-20)
Болд
Зочин
Зочин
нэр үгүй
Зочин
Оноч
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Зочин
Оноч
Зочин
ganaa