МАН-ын ёс зүйн туг, далбаа, бас дарцгууд
Худ ургийн цусан холбоог дээдлэн нууцлаад, удахгүй сонгох Төр түмнээ холбогч гишүүдийнхээ ёс зүйг тантъя.
Хүргэн бэр ба гишүүд. Насанд хүрсэн хүү гэрлэж, охин хадамд гарах жам. Аав ээж, өвөө эмээ нар хүргэн бэрээ битүүхэн шинждэг. Ёс зүйтэй сайн хүргэн бэр таараасай гэж залбирна. Идэр насны аав ээж анхны хүргэн бэрд тулгамдах энүүхэнд. Яагаад хүргэн бэрийн тухай дурдав гэвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх ёс зүйтэй хүнийг УИХ-д дэвшүүлнэ гэж уриалсан. Маш зөв. Төрд эх оронч төлөөлөл сонгогдох, төрсөн хүү охинд үнэнч хань учрах ижил хувь заяа. Арай ч ижилгүй юм уу? Хүргэн бэр ганц хоёр айлынх, гишүүн тойргийн бүх сонгогчдынх. Хүргэн бэрийн дэргэд гишүүн том золиг аж. Учир нь ганц хоёр өрхийн хэдхэн хадам төдий бус, наанадаж өргөтгөсөн тойргийн, цаашилбал Монголын өөдлөх уруудах гишүүнээс шалтгаална. Гэвч хүргэн бэр ч бай, гишүүн ч бай ёс зүйтэй байх талаараа төстэй. Хадмуудаа баярлуулдаг хүргэн бэр барагдашгүй буян. Дарагдашгүй чөтгөр шулам ч бас бий. Иймээс хүргэн бэрийнхээ ёс зүйг хадмууд онцолдог. Жишээ нь У.Хүрэлсүх, Л.Оюу-Эрдэнэ, Ц.Нямдорж маягийн ясны овилготой хүргэд таарвал хадмуудад бодох юм гарна. Халуун ам бүлд багтах учраас амин чухал гээд Төрд илгээх төлөөллөөсөө чанд шүүнэ. Хүргэн бэр бол хүү охиноор худ ургыг холбох холбоос тул амь.
Худ ургийн цусан холбоог дээдлэн нууцлаад, удахгүй сонгох Төр түмнээ холбогч гишүүдийнхээ ёс зүйг тантъя. Хадмуудаа жаргуулдаг хүргэн бэртэй адил ард түмнээ өөд татах гишүүн сонго. Одоогийн УИХ-ын гишүүд мануусын хүргэн бэр байжээ гээд төсөөл. Хүргэн бэрийг маань хулгайч худалч гэж даяараа хараахад хадмууд цочирдоно. Тиймээс яс махны тасархай болсон хүргэн бэр шиг минь төлөөлөл биш гэхэд ядаж хулгайч худалчийг сонгодгоо больё гэх гэсэн юм.
Нэг намын хос дуулиан. Нэг нь 60 тэрбумын, нөгөө нь Засгийн эрх хууль бусаар булаасан. (Амны уншилга болсон гурав дахь булай ЖДҮ-г орхив. Яагаад гэвэл 65-уулаа төр барихдаа МАН шившгээ хутгасныг тоочоод баршгүй). Шат шатны албан тушаалыг хэн хэнд хэдэн сая тэрбумаар зарсныг нотлоогүй ч 60 тэрбумын хасар басар хоёрт ял өгч буй юм уу даа. 60 тэрбумыг нийгэм, тэр дундаа МАН хүчтэй жигшдэг. Бусармагтай тэмцэх зөв. Дэмжье. Гагцхүү нотол! Нотолсныг дэмжинэ, нотлоогүйг нотолтол түр хүлээхийг хэн ч буруутгахгүй. Харин хоёр дахь дуулиан-Засгийн эрх булаасан нь тогтоогдсон*. Тогтоогдоогүй-60 тэрбумыг онцолж нүдээд, тогтоогдсон-Засгийн эрх булаасныг зуун нас зооглож зургаатай таяг тулсан МАН дурсдаггүй. Дурсвал шанаадна. Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяулаа мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхээ туг болгон өндөрт мандуулах гоё уу?
*АТГ-аас 2017 оны найман сарын 25-нд мэдээлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг тогтоогдоогүй бөгөөд харин У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр бусад хамаатныхаа дүү нартай хамтран өөрийг нь тагнаж, мөрдөж байсан нэвтрүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс АТГ нийслэлийн прокурорын газарт хандан У.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан” гэжээ.
“Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Төрийн ордны В танхимд хаалттай хуралдсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан “Үнэн зөвийг тогтоолгоё” гэсэн албан бичгийн дагуу шалгасан дээрх гурван байгууллага тайлбар мэдээллийг өгсөн. Энэ асуудлыг шалгахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхийг тагнасан зүйл огт тогтоогдоогүй. Харин өөрийгөө тагнуулдсан гэж жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. Үүнийг шалгасан гурван байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээллийг ил гаргаж үзүүлсэн. Бүр зурагтай, бичлэгтэй нь харуулсан. Энэ үеэр У.Хүрэлсүх хурлыг хаяж гарсан. Ямар нэг тайлбар хийгээгүй. Тагнуулдсан гэх жүжиг зохион байгуулсан хоёр хүн нь Цагдаагийн албан тушаалтан У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү Ганхүү байжээ. Энэ Ганхүү саяхан Улаан-Үдийн ерөнхий консулаар томилогдсон”. (“Өдрийн сонин” 2018-ХI-28).
Энэ ноцтой мэдээлэл, мэдээг АТГ, “Өдрийн сонин” нийтийг мэдтүгэй! гэж сонордуулсан нь мэдээж. Шүлс хаях зөрчил төдий бус Засгийн эрх булаасан хөдлөшгүй баримт гээд бод. Өөрийгөө тагнасан жүжгийг ТЕГ, АТГ, ЦЕГ нотолсоор атал У.Хүрэлсүх ерөнхий сайд болсон. Ийм том хар нүглийг жигших соргог ёс зүй монголчуудад ор тас үгүй нь гутамшиг. Монгол ингэтлээ ялзрах гэж. Засгийн эрх булаасан нь нүүрэн дээр нь бичээтэй, бас дээр нь 1,3 тэрбумын жидү-зээл төрсөн дүүдээ авч өгсөн Ерөнхий сайд цэнхэр дэлгэцээр иргэдээ “Шударга бай” гэж загнах нь догшин агаад бардам.
Засгийн эрх булаах шударга ёс мөн үү? “Мөн” гэж нийгэм судалгаа нотолжээ. Судалгаагаар У.Хүрэлсүх 100 шахам оноо авч шилдгийн шилдгээр бусдаасаа тасрав. Нийгэмд ингэж их бишрэгдсэн түүний өөдөөс “Засгийн эрх булаалаа” гэвэл навс тавиулна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 50-иад гишүүнд 950 саяыг зориуд тарааж, тэднээр дэндэгнэсэн хууль бус Засгаа огцруулалгүй авч үлдсэн У.Хүрэлсүхийг шударга ёсыг мандуулагч сэлэмт баатраар өргөмжилсөн. Ийм ялзарсан ёс зүйтэй улс дэлхийд Монголоос өөр бий юү. Хүрэлсүхдээ бус, гол нь Үндсэн хуулиа гишиглэн Засгийнхаа эрхийг булаахад уухайлагч нар хуйларсанд гутарч соёлт ертөнцөөс ичив.
“Ард түмний захиалгат 5 хүү” гэх сүржин алдрыг ард олон тэдэнд өгөөгүй. Өөрсдөө тунхагласан. Ерөнхий дөө “худал хэлэх” эрх мэдэлд хүрдэг үнэт зүйл болж тэд дэвшсэн. Л.Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж телевизээр туулаа. Спикерийгээ чирээд гаргадаг цоо шинэ туршлага гадаадад гарч гээд Х.Нямбаатар мал төхөөрөгч шиг ханцуй шамлан дайрлав. Хэн нэгнээс хутаг ч гялалзлаа. Т.Аюурсайхан гар утсаараа чуулганы танхимыг “Парламент” сувгаар харуулаад “Манан-мафын загалмайлсан эцэг оргочихлоо” гэж шөнөжин дамжууллаа. Завсар чөлөөгөөр нь “Парламент” суваг М.Энхболд байнгын хорооны хуралд сууж байна гэж үе үе тодотгов. Аюурсайханы гүтгэж гүжирдэх дэндсэн. “4-5 машин чухал баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан” гэж залаад нотлолгүй зугтсан. С.Баярцогтын Швецарийн банканд нуусан хэн ч олшгүй оффшор дансыг би ганц явалтаараа олоод ирлээ гэж цэнхэр дэлгэцээр гайхуулав. Харилцагчийнхаа нууцыг хадгалах талаар нэр цуутай Швецарийн банк Аюурсайханыг хараад өмдөндөө харвасан болтой. Гэтэл түүний авч ирлээ гэх бичиг цаасыг Баярцогт аль эрт хуулийн байгуулагад өгөөд шалгуулчихсан баримт байжээ. “Жагсагчдыг цус урсган дарах 200 алуурч Мөнхбат гишүүн бэлтчихээд байна” гэж Болд гишүүн зарласнаа төдөлгүй ташаа мэдээ цацсандаа уучлалт гуйв. Мөнхбат “30 тэрбумын хэрэг” гэсэндээ Болдоос өршөөл хүслээ. Тэгснээ хоёул уучлалт гуйхгүй “200 алуурч, 30 тэрбум яг үнэн” гээд дахин уралцав. Ийм амьтдыг шударгын жишээ гээд байгаа. Хүлцэнгүй дорой иргэдээ мөн ч гомдмоор даапаалсан даа.
Гүтгэгчдийг Төрд дахин залах гэнэ. Өндөр индрээс албан ёсоор гүжирдэх-нийт олноо элэг барьж буй гэмт хэрэг гэх эмзэглэл нийгэмд алга. Харин дэмжигчид давалгаалдаг. Өнгөрснийг яагаад сануулав гэвэл та хэдийн хуулиа нулимах, гүтгэж гүжирдэх бузрыг Төрд ойртууламгүй байна. Ёс зүйтэй залуус Төр Засагт манлайлтал бичнэ. Өөрийгөө тагнасан нь нотлогдоод, улайм цайм гүжирдлэгүүд нь алхам тутамдаа илрээд, жидүүчид баригдавч сонгуульд өрсөлдөв. Тэднийг уухайлагч зөндөөн. Уухайлагчдын дээгүүр толгойтой нь албан тушаал, ахивал тендер, доогуур толгойтой нь өвдөл цөвдөл горьдогсод.
Худал мэдэгдлээ та нар ганц нэг хүний чихэнд шивэгнээгүй телевизээр гурван сая хүн амд цацсан. Гүтгэлэг чинь тэр дороо цэнхэр дэлгэцээр түмний нүдэн дээр баригдахад та хэд ичээгүй. Олноо тоодоггүй дүүрчихсэн хүн ичгүүрийг мэдрэхээ больдог. Эрх мэдлийн төлөө улайран зүтгэх чинь хувийн бэртэгчин хүсэл болохоос ард түмнээ гэсэн хайр биш. Баяжихыг шорддог ад зэтгэр бол шунал. Яс чанарыг чинь яваандаа таньсан иргэд та хэдэд нэг юм үзүүлнэ ээ гайгүй. Та хэдийн эрх мэдлийн тачаангуй, та хэдийн худал үг нийтэд жигшигдэж удахгүй дүнгээ тавиулна. Одоо юу дараа юу гэхээс. Төр Засаг ялзарч шинэчлэхээс аргагүйд хүрчээ. Шинэчлэхдээ онгироод буй Засгийн эрх булаасан сэлэм-Ерөнхий сайд, худалч-таван балиус, парламентын буг-хуулиар тоглогч догшин зайран нарын бүлэглэлээс тэс өөр, хуулиа ягштал мөрддөг ёс зүй, өндөр боловсролтой, зөв залуус эх орноо удирдаасай гэж залбиръя.
Мэхлэгдсэн хөөрхийсийг “мэхлэгдсэн хөөрхийс минь” гэж өрөвдвөл тэд мэхлэгчээ өмөөрөөд, өрөвдсөн нэр дэвшигчийг дэвсэлнэ. Өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор гэх хараалд масс идэгджээ. Төр Засгийг МАН дахин эзэгнэвэл даврахыг үзүүлээд өгнө. Өөрсдийгөө дахин сонгосон бүдүүлэг хөөрхийсөө ч өрөвдөхгүй өшиглөнө харж байгаарай. Сонголт хийхдээ энэ тухай санаад авахад илүүдэхгүй. 65-аар ялахад нь Гашуун сухайтын төмөр зам, нүүрс угаах, ДЦС, Эгийн УЦС зэрэг В.Якунин, О.Дерипаска, Х.Баттулга, З.Энхболд нарын гацаасан мега төслүүдийг МАН хөдөлгөж бэлжинэ гэж мөн ч их горьдсон. Урам хугарсандаа бичиж сууна. Зүүнбаянгийн 415 км (ямар ашигтай нь бүрхэг) өргөн төмөр зам байдгаа сэгсэрч эхлүүлснээр дав даруй ашгаа өгөх Гашуун сухайтын замыг гацааж, цаг хожсоноос ондоо дорвитой юм бүтсэнгүй. 65 цөөдөөд чадаагүй, одоо 76-г өгвөл чадна гэх гээд байна аа даа ухуулга суртлын чинь янз. Булаагч туг, гүтгэгч далбаа, дагагч дарцгуудыг масс уухайлж ахуйд дахиад булаахгүй, дахиад худал хэлэхгүйн баталгаа алга. Энэ бол ганц намын ч бус нийт олны хэмжээ.
2020-06-08
zochin
Зочин
Зочин
Жак
зочин
tseegii
МАХН дэмжигч
Бурзай С.
Зочин
Уншигч
IRGEN
Чимгээ
дөрвөн ойрд
МОНГОЛ ХҮН
BAYAR
Зочин
zochin
зочин
зочин
momgold shorond oroh estoi ordond morilood baih yum
Дуугаа нэмэрлэе
ЗОЧИН
ABCD-korea-gaas
Tugs
Зочин
уншигч
Сант
Otgo
Onom
Зочин
ИРГЭН
ИРГЭН
ИРГЭН
ХУУЛЬЧ
Иргэн
Зочин
ИРГЭН
Мөнх
Б
Бат