Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Хөх Монголын хөх туг” хөдөлгөөн байгуулаад хөдөөгүүр “аялан тоглолт” (чуулга уулзалт) хийж яваа зураг соошил орчинд үзэгдэх болов. "Аялан тоглолт"-ыг нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа А.Адъяасүрэн гишүүн, “босоо” Ганбаа нар дагалдсан нь үзэгчдийг улам ч хөгжөөж байх шиг байна. 

Зарим нь санаатай санаандгүй эндүүрч, “Л.Гантөмөр Х.Баттулгатай нийлээд орон нутгаар явж байна” гэх мэдээллийг соошилд сэвсэнээс үзвэл экс Ерөнхийлөгчийн энэ үйлдэл байндаа тусч байгаа бололтой. Ингэж харагдуулах нь түүний гол зорилго. АН аль болох муу муухай харагдаж байж МАН-д хожил нь ирнэ шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялагдвал хамгийн түрүүнд шоронд орох хүмүүсийн нэг учраас өөрөөр байх аргагүй. Арга барагдвал хөдөлгөөнөө нам болгоод сонгуульд ороход АН-ын авах саналаас хумсалж чадна гэсэн тооцоотой. 

Түүнээс биш Л.Гантөмөрийн хувьд Х.Баттулгад “Баяртай” гэдгээ аль хэдийн хэлчихсэн. Зүгээр намын жирийн гишүүний хувьд нам дотроо амьдраад явж болох хэдий ч сонгуульд нэр дэвших болон сонгуульт албан тушаал хаших талаар яриа байх боломжгүй. Ядаж л өнгөрсөн хоёр удаагийн УИХ, орон нутгийн сонгуульд АН-ыг ялагдуулсных төлөө Х.Баттулга гэдэг хүнтэй “улс төрийн хариуцлага” ярих ёстой. Ингэж чадахгүй бол намын дарга байгаад яах юм. С.Эрдэнэ гэдэг хүн нэг удаа “Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хариуцлагаа би хүлээнэ ээ. Энэ хүнийг яасан ч АН-д эргэж оруулахгүй” гэж хэлсэн удаатай. Хэлсэндээ ч хүрсэн. Х.Баттулга гэдэг хүнтэй бүтэн гурван жил дайтаж байж намынхаа тамгыг авч үлдсэн. Л.Гантөмөр түүнээс дор байх гэж үү?

Гэвч АН-ын зарим гишүүдийн хувьд Х.Баттулга гэдэг хүн “хаан” хэвээр байгаа. Ялангуяа түүний нүүрс, төмөр замаас угаасан “хар” мөнгө дуусаагүй цагт. Сая орон нутгаар явахдаа ичих ч үгүй тайзан дээр “Дөрвөн жил төрийн тэргүүн хийгээд үзчихээр чинь энэ улс орны төлөө үнэхээр сэтгэл шимширдэг юм байна. Олон орны төрийн тэргүүнүүдтэй уулзаад ярилцаад үзэхээр тархи толгой задардаг юм байна” гээд зусардаад зогсож байна лээ. Уг нь энэ тухай “мориноосоо буугаад” бодох биш, “мориндоо мордоод” хиих ёстой байсан юм л даа. Атал 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь юу байлаа?

Тавантолгойн ордын эргэлтэнд оруулахаар (УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр) хөрөнгө оруулагч нартай ажиллаж  байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Тавантолгойн ордыг 60 жилээр зарах гэрээ хийх гэж байсан” (ядаж хийчихсэн ч биш шүү) гэж гүтгээд, УЕП-ын газар дээр өөрийн биеэр очиж үүрэг даалгавар өгөөд хилс хэргээр шоронд хийсэн. Оюутолгойн ордыг хөдөлгөж, өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн хоёр сайдаа суулгасан. Нэгийнх нь хэрэг хэрэгсэхгүй болоод буцсан ч гэлээ үр дүнд нь Монголыг сонирхож байсан гадаадын бүх хөрөнгө оруулагч нар дайжиж гарсан.

Эцэст нь уул уурхайн үр ашигтай гэсэн бүх ордыг төр аваад, мөнгөнийх нь урсгалыг нэг нам контрольдоод явж байна. Монголд эрүүл саруул улс төр, улс төрийн өрсөлдөөн байхгүй болсон. Монголчууд нийтээрээ уул уурхайгаас орж ирж байгаа төрийн мөнгөний боол болсон. Улс төр нь худалдагдсан, хэвлэл мэдээлэл нь худалдагдсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөн байхгүй болсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үгүй болсон. Өмнөх нийгмийн үе шиг нам төвтэй төр, төрийн захицуулалттай эдийн засаг руу буцсан. Сүүлийн 20-30 жилд бий болгосон ардчиллын бүх ололтоос МАН-тай хамт ухарсан. Юу яасан төмөр зам, нүүрсний хулгай...

Энэ бүхний шалтгааныг бий болгосон хүн нь Х.Баттулга өөрөө. Гэрийн нохой хээрийн нохойтой (МАН-тай) нийлэхээрээ дийлдэхээ больдог гэдэг л болсон доо. Одоо энэ хүн эргэж ирээд “Монголчууд баялагтай эзэн байх” тухай монголчуудад ярьж байгаа бол ёстой гонжийн жоо, голионы баас гэдэг билүү. Өмнө нэг удаа "Монгол ялна" гэж гараад Монголоо ялагдуулсан. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг байх аа.

inews.mn