Намууд ба хамууд
С.Амарсайхан ЗГ руу шадар болж зугтаж, Д.Сумъяабазар сайдаа өгч очоод үзэлцсэн ч золионд гарав. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ намын генсекээ дэргэдээ аваад намдаа Ежов байгаад Берия болтлоо “өссөн” Х.Нямбаатарыг хот даяарыг илбэн тохинуулагч жанжнаар томилоод байгаа хэр нь хуучин хотынхны “өв залгамжилсан” нүсэр бүтцийг эвдэх гэж зүдэрч байна.
Нээрээ сонгуулийн хуулинд хүйс салаавчилна гэдэг нь эрэгтэй, эмэгтэйгээр биш, эр ба эр бус хүйсээр гэсэн томъёололтой билүү? Жишээ нь жагсаалтын хоёрт эрэгтэй хүн байсан ч нөгөө “хүйсийн цөөнх” гэвэл жагсчих бололцоотой гэж ойлгоод байгаа, мөн үү? Хэрэв нэгд намын дарга жагсвал бол хоёрт намын даргын бэлгийн баримжаанаас хамаарч “эрэгтэй” байж болох ч юм шиг билүү, юу билээ. За энэ ч яахав, ийм байлаа гээд нэг ч нам үүнийг ашиглахгүй гэдэгт мөрий тавьсан ч алзахгүй тул орхиё...
Хоёр Лу-гийн өрөг
Н.Алтанхуяг гишүүн (Ерөнхий сайд асан гэвэл дээр ч юм уу) хэлжээ. Энэ сонгууль их онцлогтой болно. Манай намын манай тал, манай намын дайсны тал, нөгөө намын манай тал, нөгөө намын дайсны тал гэж хуваагдаж тэмцэлдэх нь тодорхой гэж... Өөрөөр хэлбэл бүлэглэлийн эсрэг бүлэглэл. Сонгуульд нам голлох хүчин зүйл биш болсон гэсэн үг. Зарим нэг хүнийг эс тооцвол “шинэ ба хууччуулын” тэмцэл болох нь... Өөрөөр хэлбэл хамуудын эсрэг намууд үзэлцэх болж байх шиг.
МАНАН гэх мэт нэр хоч мунддаггүй нам дамнасан бүлэглэл эрх барьсан 30 жилийнхээ нөлөөг хадгалахын төлөө амь тэмцэж байгаа энэ үед МАН-ын ч, АН-ын ч “шинэ үе” эрх барихын тулд “хуучин хамуудын” эсрэг харилцан ойлголцлын түвшинд боловч эвсэх, хамтрах шаардлагатайг нөхцөл байдал шаардаж, шахаж байгаа хэрэг. Гэхдээ “шинэ үе” бодитоор эрх барихын тулд тэмцэх бол хууччуул ялагдлаа гэхэд аль нэг талд нь нөлөөгөө хадгалж “Ришелье” шиг засаглах боломжтой гэж үзэж байгаа бололтой.
Ийм нөхцөлд Лу.Оюун-Эрдэнэ-Лу.Гантөмөр гэсэн шинэ үеийн холбоос, Ц.Элбэгдорж-М.Энхболд-С.Баяр-Сү.Батболд гэсэн хуучин үеийнхний хооронд гурвалжин, дөрвөлжин тэмцэл өрнөнө. Шинэ хуучин АН-ынхан ч, шинэ хуучин МАН-ынхан ч аль аль нь намаа ялуулах эрх ашиг бол бий, үүн дээрээ нэгдэнэ, гэхдээ мөнгөн дээрээ тулбал хууччуул ашгаа тавьж өгөх сонирхолгүй байна. Угаасаа тэдэнд өөр юм хэрэггүй, ядаж л идсэн ууснаа шингээхийн тулд тэсэх хэрэгтэй, гэхдээ тэд үхэж байж л зайлна даа. Аюултай нь тэдний тогтоосон мөнгө хулгайлдаг систем улс орныг туйлдуулсан, туйлдуулж ч байна. Хамгийн прагматик сонирхол бол мөнгө учраас үүнээс болоод эвлэршгүй зөрчил үүснэ.
Хэрэв хуучин 76 тойргоор сонгууль явуулсан бол МАН төвөггүй ялчих байсан, ойлгомжтой, ялж сурсан өрөг. Гэхдээ хуучин сонгуулийн дүрмийг шинэчүүл биш хууччуул илүү сайн мэдэх учраас хууччуулаа мөнгөөр зодож дэвшүүлээд МАН ялсны дараа бослого гаргаад Л.Оюун-Эрдэнийг сольчихож, чухамдаа зольчихож чадна. Гол аюул нь 70-аад оныхон хаашаа эргэхээс энэ үйл явц шалтгаална. Одоо улстөрд 1960, 1970, 1980-аад оныхны төлөөлөл хүчтэй байгаа ба 1970-аад оныхон өмнөх үетэй илүү холбогдсон учраас Л.Оюун-Эрдэнэ намынхнаасаа болгоомжлохоос аргагүй.
Харин Лу.Гантөмөр өөрөө 1970-аад оны төлөөлөл учраас өөрийн үедээ тулгуурлахаас аргагүй. Үүний учир нь хотын фракцын толгойлогч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа МАН-д үе хоорондын шинэчлэл эрчимтэй явагдсан бол АН хоцорч яваа. Чухамдаа МАН-д Л.Оюун-Эрдэнэ засаглах болсноор 1980-аад оныхон бараг бүгдээрээ МАН-аар дамжсан улстөрийн карьер хийх зам сонгочихоод байгаа нь нүдэнд ил байна. Харин АН-д залуу үе нь 1970-аад оныхон, тэд эрх барьвал АН-ын 1980-аад оныхонд боломж гарна. Харин аль аль намд нь тэднийг “өөд нар” харуулахгүй байгаа нөхөд бол “ах нар” юм.
Хуучин систем их тодорхой л доо! Их хулгайл, их хулгайлснаасаа их төл, худалдаж ав, хувааж цусла! Сонгуульд гурван хүчин зүйл л хэрэгтэй энэ бол нэгд мөнгө, хоёрт мөнгө, гуравт мөнгө! Ийм л байсан. Харин 126-тай парламентын сонгууль томсгосон тойргоор тэр тусмаа урд өмнө томроод, томроод “аймаг-тойрог” гэдэг байсан хуваарилалт нь бүр хөөгөөд 3-4 аймгийг хамардаг болчихоор мөнгөний ресурс (хүчин зүйл) үйлчлэхээ больчихно. Ийм үед их мөнгө зарвал их л шатна гэсэн дүрэм үйлчилнэ. Жишээ шүү, урьд өмнө Увсад нэр дэвшигч баяд, дөрвөдийн сонгогчдын бүлгийн аль нэгэнд тулгуурладаг байв. Голдуу АН-ыхан баядуудад, МАН-ынхан дөрвөдүүдэд тулгуурлаж байсан. Дөрвөдүүдэд тулгуурласан нь сонгуулиар баядуудын саналыг худалдаж авна, энэ нэг удаагийнх. Харин ялбал дөрвөдүүдээ дөрвөн жилийн турш тойглоно. Хотонгоос хэн ч гарахгүй... Одоо бол Увс аймгаа суурь болгоод ч Ховд, Завхан, Говь-Алтайн сонгогчдыг худалдаж авна гэвэл тийм сачийтай улстөрч бараг л байхгүй юм. Ядаж л 50 хувь буюу хоёр аймагт тулгуурлаад хоёр аймгийн сонгогчийн саналыг худалдаж авах боломжтой бол эрсдэл арай бага юм, гэтэл нэг аймагт тулгуурлаад гурван аймгийн санал худалдаж авах нь дэндүү эрсдэлтэй болчихоод байна. Тиймээс л мөнгө үйлчлэхгүй... нэр хүнд л гол капитал! Сонгуулийн кампанит ажлын хугацаа 20 хүрэхгүй хоног, аймагтаа “юм хийсэн” ч бусад гурван аймагтаа танигдаагүй бол унах магадлал нь 75 хувь, хайран мөнгө...
Ийм үед нэр дэвшигчдийн багаа хэрэв хууччуулаас бол улс даяар нэр хүндтэй, цэвэр улстөрчид, эсвэл шинэ боловсролтой залуучуудаар бүрдүүлж гэмээ нь ялах хоёрхон сонголт аль аль талд нь үйлчлээд байна. Үүний дээрээс толгойн өвчин болсон асуудал бол “эмэгтэй” нэр дэвшигчид. Бүсийн тойргийг эрэгтэй эмгтэйгээр салаавчилж бүрдүүлнэ. 10 хүндэвшлээ гэхэд яг галт тэрэгний зүтгүүр шиг эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигчээр толгой хийж чирэхгүй бол явахгүй. Хүүхнүүд хаана байна аа?
МАН бүх нөөцөө шавхаад нэр дэвшигчдийнхээ тэн хагасыг “эмэгтэй батальон”-оор бүрдүүлэх чадвартай. МАН-ын бюрократ, консерватив шинж нь хурц, дайчин эмэгтэй улстөрч төрүүлдэггүй, гэхдээ улс даяар алдаргүй ч эрхбиш нэр сонсогдсон эмэгтэйчүүдээрэнэ шалгуурыг хангаж чадах байх, үүгээрээ давуу тал олно гэж тооцож байна. Нөгөө талд ийм нөөц дайчлах бололцоо АН-д л бий. Багцаагаар 380 орчим “нэр хүндтэй” “Түвдэнгийн Бор”, “Мандухай сэцэн хатан”, “Ану хатан” хэрэгтэй, гэвч Та бодоод үз, 380 эмэгтэй байтугай эрэгтэй улстөрч санаанд чинь орж байна уу? АН-ын нөөц нь зөвхөн намаар хязгаарлагдахгүй, иргэний хөдөлгөөнүүдээр сэлбэх боломжтой. Гэвч жижиг намууд эмэгтэйчүүдийг нь урвуулж шавар хаах зорилгоор МАН-аас санхүү авч байгаа, Д.Амарбаясгалан бол үүнийг хөнгөхөн хийнэ.
Лу.Гантөмөрт хүчээ зөв байруулбал ялах боломж харагдаж байгаа. Тэнгэрийн зуд дээр газрын зуд болсон МАН-ын нийслэл дэхь хямрал, Х.Нямбаатарын улангасал, эдийн засгийн царцанги байдал, Л.Оюун-Эрдэнэд засаглалаа, гол нь мөнгөө алдахгүйн тулд түүний алхам бүрт саад тээг болж байгаа хууччуулынх нь явуулга ийм боломж олгож байна. Одоо бол Лу.Гантөмөрт хүн, хүн, бас дахин хүн л хэрэгтэй. Тэгж чадвал бага зардлаар ялах боломжтой. Түүнээс МАН-ын төсөвт тулгуурласан санхүүгийн нөөцийг давахгүй. Наад зах нь МАН засаглалын давуу талаараа малчдын зээлийн хүүг “тэглэх” нэрээр малчдыг барьцаалж байгаагсаармагжуулах санхүүгийн нөөц гаргах ч хэцүү.
Лу.Гантөмөр гэснээс Л.Оюун-Эрдэнийн овог ч бас хуучин бичгээр “Лу” байгаа биз?
Хотын будлиан ба МАН-ын дотоод дайн
МАН-ын хууччуулын гох дэгээ гэхээр бүдэг байдаг байна уу? Тэгвэл хотын жишээн дээр тайлбарлая! МАН-д уламжлал ёсоор хотын намын хороо буюу нийслэлийн намын хороо маш нөлөөтэй. Энэ хуучин коммунист намын уламжлал. Зөвлөлтөд райком (районы намын хороон дарга,) горком (хотын намын хороон дарга), обком (мужийн намын хороон дарга) бол улстөрийн өгсөх шат байв. Ельцины үед Лужков “эцэг” болж, Путины үеийг хүртэл нөлөөгөө хадгалж тэссэн нь хуучин хотын намын хороо хүчтэйнх байсан. МАН бол хуучин КПСС-ын хуулбар учраас ингэж бичээд байна шүү!
1980-аад оны МАХН-д хотын намын хороо нөлөөтэй байсан ба хотын намын хороон дарга УТТ-ны жинхэнэ, дор хаяж орлогч гишүүн болж улс орныг удирдах дээд зиндаанд ордог байв. Энэ уламжлал хүчтэй байж М.Энхболд чухамхүү хотын намын дэмжлэгээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга болтол өөдөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд унасан билээ. Өөрөөр хэлбэл түүний засаглалын эрин үе бол хотынхны эрин байв. Улстөрийн далд явуулга, бюрократ системд тулгуурласан хор найруулгаар намдаа ааглаж бэхэжсэн хуучинсаг энэ бүлэглэл хүлэмжнээсээ гармагцаа “мөндөрт цохиулчихсан” билээ. Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, удаахь нь эмгэнэл болдог. Энэ удаад тжд эмгэнэлт тавилангаа угтаж байна.
Тэр цагаас хойш МАН-д “хотын бүлэглэл”-ийг дарж авах нөр их тэмцэл өрнөсөн юм. Х.Баттулгын шүхэр дор хотын бүлэглэлийг дарж авах дажин нь С.Амарсайхан, Д.Сумъяабазарыг дамжин үргэлжлээд ч амжилт олоогүй юм. Бүр Шадар сайд байхад нь дарж авахын тулд мөрдөн дарамталж байсан хотынхонд дургүйцсэн, Х.Баттулга ялсны аз, ач хоёроор Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх хүртэл хамжаад байхад дийлдэхгүй тийм хүчирхэг бүлэг байсан юм. Тэдний төлөөлөгч болж Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбатыг шоронд хийгээд ч дийлээгүй.
С.Амарсайхан ЗГ руу шадар болж зугтаж, Д.Сумъяабазар сайдаа өгч очоод үзэлцсэн ч золионд гарав. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ намын генсекээ дэргэдээ аваад намдаа Ежов байгаад Берия болтлоо “өссөн” Х.Нямбаатарыг хот даяарыг илбэн тохинуулагч жанжнаар томилоод байгаа хэр нь хуучин хотынхны “өв залгамжилсан” нүсэр бүтцийг эвдэх гэж зүдэрч байна.
Гэхдээ Х.Нямбаатар илүү шийдэмгий байж, хатуу гараар богино хугацаанд дарж авахыг оролдсоны үр дүнд одоо л “хотын бүлэглэл” задарч байна. Чухамдаа Х.Нямбаатарын “хотыг сайжруулах” улайрсан зүтгэл бүр талаар өнгөрч, заримдаа бүр эсрэгээр эргэж, олны доог тохуу болж буйн цаад шалтгаан нь М.Энхболдын үеэс захиргааны аппаратынх нь давхар бүрт шигсэн хотыхны “эс үйлдэх”, “далдуур эсрэг ажиллах” эсэргүүцэл юм. Тэд яг хуучнаараа байхыг хүсэж байна. Хүрээний газрын наймаа, авилга, шамшигдуулалт бол улсын дайных л даа. Ингээд ажил хийх гэсэн оролдлого бүр нь АН-ын PR болчихоод байгаа учраас тэр улам хатуу, харгис болж байна.
Х.Нямбаатарын ахиц ба дарамтын үрээр хотын бүлэглэлийн “дээдэс” өөр “нутаг” хайхад хүрсэн ба тэр нь Н.Номтойбаярын эвсэл байсан юм. Тэд хамтран санхүүжүүлж, намын жасгсаалтын гуравдугаарт бичигддэг “Ногоон нам”-ыг хоёр тэрбум төгрөгөөр худалдаж аваад эвсэл байгуулж, сонгуулиар МАН-ын саналыг хуваана гэж сүрдүүлжээ. Н.Номтойбаяр үүнийг нь улстөрийн туршлага, мэдрэмж дутсанаас анзаараагүй байж магадгүй л юм, харин нөгөөдүүл нь илүү том хор найруулжээ.
Хотынхны ингэж сүрдүүлснээрээ нэг бол өөрийн хүмүүсээ МАН-аас олноор нэр дэвшүүлэх, хэрэв дэвшүүлэхгүй гэвэл бүлэглэлийнхээ улстөрчид ба мөнгөө аваад Номтойбаярын эвсэлд орох, ингэхдээ зөвхөн хотынхон төдийгүй өөр бусад, жишээ нь Анандбазар нарын гомдогчдыг ч дагуулна гэдгийг сануулсан байжээ. Энэ шинэ юм биш, 2012 онд Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр МАХН-ыг бүртгүүлж тусгаарлаад МАН-аас 12 улстөрчийг татах гэж оролдоод талыг нь авч санал хуваасанд МАН-д жинхэнэ “2012” сүйрэл авчирч, ялагдуулсан билээ. Нэгэнт гарсан цав буцаж нийлдэггүй, түүх давтагддаг.
Гэхдээ тэд Х.Нямбаатарыг буруу үнэлжээ. Х.Нямбаатар Д.Сумъяабазар шиг аргадаж нялцаганасангүй, Д.Сумъяабазар ганцаардаад тэнцвэр хангах гэж М.Энхболдын ойрын шадар УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг Ерөнхий менежерээр томилмогц өнөөх нь “давс идээд” лай болсон. Үүнээсээ болоод хотынхонтой хуйвалдсан гэж хардагдсаар ажлаа өгч салсан. Харин Х.Нямбаатар яг НКВД барилаар ажиллаж, хотынхноо бөлдөгдөв. Тэгэх ч гэж аж ахуйнхныг биш хуулийнхныг хотруу чирч очсон.
Судлаад газрын наймаагаар нь гавлахыг зорьж эхлэв. Цэнгэлдэхийн газрын асуудал бол хамгийн тодорхой бөгөөд цомхон ч өндөр үнийн дүнтэй, бүгд наадам үзвэг учраас олон нийтийн анхааралд хурдан орох сэжүүр байв. Энэ газрын наймаан дунд МАК-д өгсөн газрын асуудал ч бий. Хэргийг цагдаад өгсөнгүй, нийслэлийн цагдаад итгэхгүй байна. Тиймээс АТГ-т шалгуулахаар өгчээ. Хотынхны санхүүжилтийг нураахын тулд хотын өмчийн далд эзэмшилд нь дайн зарлав.
Ашиглалтаас гарсан хэр нь буулгадаггүй, олон жил далд түрээсээр мөнгө хийдэг байсан “Урт цагаан”-ыг яаравчлан газрын хөрснөөс арчив. Хотын өмчийн газрын материалуудыг татан авч далд түрээсүүдийг нь шалгаад жишээ болгож “Элэгний” Хатанбаатарын нэр дээр байсан обьектуудыг ил гаргаж зарлажээ. Тэр бол дүүжлүүрт савлах учиртай хүн, энэ бол дохио бөгөөд одоо “далд” санхүүжүүжигч, санхүүжүүлэгчид Х.Нямбаатарын гутлыг үнсэх ёстой. “Тэртээх өдрүүдэд” авч ирээд борцолчихсон хотын бүлэглэлийн гол координатор Т.Бадамжунай одоо л их хэрэг болж байгаа шүү дээ.
Улмаар сэжүүрийг хөвөрдөж “Алтайн хүдэр”-т тулж, баривчилгаа эхлүүлэв. Ингэснээр Н.Номтойбаяр руу, түүний гэр бүлийн Говь-Алтай дахь уурхайнууд руу дөхөж байна гэсэн үг! Тийш зүглэхдээ бас бус этгээдийг ч хамчихаж магадгүй, хавчуулагдчихвал тэгээд хохь...
Х.Нямбаатар ажлаа сайн хийж байна, гэхдээ хотын даргын аж ахуйн ажлаа биш хотын намын хорооны-улстөрийн ажлаа! Угаасаа хотын үндсэн ажил явахгүйг тэр өөрөө ойлгохын цаагуур ойлгож байгаа. Тиймээс аж ахуйн талын ямар ч ажил хийж, нийтийг бужигнуулахгүй байхыг үүрэгдсэн. Үүнийг нь ойлгоогүй Тээврийн цагдаагийн албаны дарга нөхөр нэг л орой идэвхийлэн хотын замын эгнээг сольж бухимдал дэвэргэснийг “хотынхны хорт явуулга” гэж үзээд шууд халах чиглэл өгсөн байна. Тэр дарга ажил хийх гэж бодсон байж магадгүй ч дор нь хэн турхирсныг таашгүй учраас ахиад нэгийг дүүжилж “хэрээ үргээж” байгаа байхгүй юу!
Удахгүй хотын намын хороо нэр дэвшигчийн асуудал, сонгуулийн бэлтгэл хэлэлцэх бөгөөд тэр үед нэгэн үе мандаж явсан “хотын бүлэглэл”-ийн үнс нурмаар сангийн тавьж байгаад бүхнийг сахилгажуулах болно. Гэвч энэ бол хотын дээд түвшний цэвэрлэгээ агаад дүүргүүд хөндөгдөөгүй, аалзны тор устах яагаа ч үгүй байна.
Чухам ийм учраас “Хотын эрх зүйн байдлын тухай” хуулийг шинэчилж, дүүргүүдийг задлаж, хуучин хотын бүлэглэлийг хөөж цэвэрлээд цоо шинэ бүтэц байгуулах талаар төв намтайгаа тохиролцоод хуулиа өргөн барьчихаад байгаа хэрэг. Ингэж байж хуучнаас цэвэрлэнэ, энэ бол МАН-ын дотоодын “дажин”.
Ийм харгис цэвэрлэгээг Э.Бат-Үүлийн үед ч хийгээгүй, гэхдээ тэр үед хотынхон сөрөг намынхнаас айж “хий гэснийг хийдэг” байсан. Тэгэхгүй бол намын томилгоогоор халчихад АН-д алдах юм байгаагүй. Харин өөрийн намынхантай бол ихэрхэж харьцдаг, хотыг өөрсдийн өмч мэт боддогийнхоо горыг хотын бүлэглэл хүртэж байна! Үүнийг мэдсэн АН-ын олон горилогч Чингэлтэй, Сүхбаатарт шавжээ. Уг хоёр дүүрэг МАН-ын хотынхны хяналтанд байсан бөгөөд албан ёсны засаг дарга хүчгүй, райкомыг хууччуул эзэгнэдэг. Тэд намдаа өсөрхсөндөө нөгөө талд үйлчилэхээс сийхгүй болтлоо гутаалгасан учраас...
Хэрэв Х.Нямбаатарыг томилоогүй бол байдал үүнээс долоон дор байх байсныг МАН-ынхан түрүүлж харсан хэрэг л дээ. Магадгүй цаг алдаж хугацаа алдсан байж болзошгүй, хугарлын цэг нь сонгуулиар таарчихаж ч магадгүй. Тиймээс улам эрчимтэй Бериядах шаардлага гарч байгаа учраас баривчилгаа эрчимжиж болзошгүй. Энэ адал явдал “өшөө” ч үргэлжилнэ. Заримдаа бодогдох нь намын дотоод сахилгажуулалтаас гаднах томоохон стратеги өөрчлөлтүүдийг төлөвлөж байгаа нь лав л дотоод зөвлөхүүдийн санаа биш юм шиг. Яагаад вэ гэвэл...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
з
ЗОЧИН
Зочин