Алтай дамнасан (Trans Altay)... гоё үг!
Аль аль талын өнгөлзлөг, Зөвлөлтийн эрчимтэй нөлөөллийн улмаас 1948 оныг хүртэл байлдаан, будлиан тасраагүй бөгөөд энэ жил манай улс баруун хилийн тулгаралтын ялалтын 75 жилийн ойг Алтайн цаадахь Ховд аймгийн Булган суманд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн очиж, төвлөрүүлэн тэмдэглэж байна.
Алтай дамнах нь...
Транс Алтай бол манай язгуур соёл үндэслэсэн нутаг. Манай хэл бол Алтай язгуурын хэл. Алтай язгуурын хэл эх газрын хамгийн өргөн уудам нутагт тархсан. Өнөөгийн газрын зурагт Монгол Улс Алтайгаас зүүн зүгт сунаж тогтсон байрлалтай. Уг нь бол Алтай дамнасан байрлалтай байсан юм. Ердөө саяхан.
Дөчин дөрвөн хоёрын их цаазаар Халх-Ойрадын хилийг Алтайгаар тогтооход Зүүнгарын эзэмшил Алтайгаас Ижил мөрөн, Халхын нутаг Алтайгаас Хянган хүрч Алтайгаар зоолдон жигүүрлэж байв. Манжийн хядлагын дараа Зүүнгарын нутаг эзгүйрч, хасаг, хиргис, уйгурууд түрж нутаглажээ. Оросууд Манжтай хийсэн 1864 оны Чугучакийн хэлэлцээрээр Зүүнгарын хойд нутгийг эрхэндээ авч Томск муж байгуулаад хожим Зөвлөлт Казахстанд нийлүүлжээ.
1905 онд Манж Ховдын хязгаарыг Алтайн зоогоор хоёр хувааж, цаад талыг Алтайн хязгаар гэж нэрлэсэн бөгөөд дорно эдгээд Ховдын хязгаарыг Богд хаант Монгол Улс цэргийн хүчээр чөлөөлж, Манж нарыг хөөн явуулжээ. Дамбийжаа, Хатанбаатар нар Алтайн хязгаарын захирагч Балт вантай хуйвалдаж, Алтайн хязгаарт давшин орох санаатай байсан ч Жалханз хутагт хорьжээ. Тэр үед суларч доройтсон Манж нараас илүүтэй Оросууд Алтайн хязгаарт нөлөөгөө тогтоох хүсэлтэй байснаас ийнхүү саатуулсан бололтой байдаг. 1913 онд Балт ванг Бээжин сэжиглэн хорлож, Захчны нутгаар давшсанд Хатанбаатар бутцохиж, Алтайн хязгаар руу гарах гарц болсон Булган голоор гал зогсоох хэлэлцээр хийжээ.
Аль аль талын өнгөлзлөг, Зөвлөлтийн эрчимтэй нөлөөллийн улмаас 1948 оныг хүртэл байлдаан, будлиан тасраагүй бөгөөд энэ жил манай улс баруун хилийн тулгаралтын ялалтын 75 жилийн ойг Алтайн цаадахь Ховд аймгийн Булган суманд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн очиж, төвлөрүүлэн тэмдэглэж байна.
Эртнээс Алтайн нуруу онцгой соёлын зааг байсан юм. Алтайн нуруу өдгөө Монгол Алтай, Орос Алтай гэгдэх болжээ. Манай хилээс холгүй олдсон Үхэгийн гүнжийн занданшуулсан шарил дэлхий дахинд шуугиан дэгдээж байна. Оросууд Алтайн чанад дахь соёлыг скифийн соёлд хамруулах эрмэлзэлтэй, харин бид өөрийн болгох хүсэлтэй. Үүний нэг илрэл бол "Тамгагүй төр" жүжиг мөн!
Халхын тал нутагт хүчирхэгжсэн хоёр гүрэн Түрэг, Хиргис Алтайн чанадаас дорно зүгт түрсэн. Нөгөө талаар Монгол нутагт мандсан гүрнүүд өмнөд умард, зүүн баруун болж хуваагдахдаа голдуу Алтайгаар зааглагддаг. Умард Хүннү нар Алтайн чанадаас Панангийн хөндий хүртэл нүүдэллэсэн. Хожим энэ түүх Зүүнгарыг хүртэл үргэлжилсэн бөгөөд Монгол зүг чигээр зүүн гар нь баруун талдаа байдаг тэр л уламжлалааар нэрлэгдсэн гүрэн байсан юм.
Зүүнгарын үед Алтайн чанадаас торгуудууд баруун зүгт нүүдэллээд 1751 онд буцаж ирсний үр сад өдгөөгийн Ховд аймгийн Булган сумын “шинэ” торгуудууд юм. Алтайн чанадад буддистуудаас зөвхөн Монголчууд л бий...
Алтай ба буддизм
Манжийн эрхшээлд орсноос хойш "Цагаан хэрэм" дамнасан улстөрийн харилцаанд орсон Монгол Улс тусгаар тогтносноос хойш түүнээс салах гэж 100 жил зүтгэж байна. Төв ба дундад Ази гэсэн нэр томъёог коммунизмын жилүүдэд хэрэглэж байсан, Төв Азийг нь буддын соёлтой, дундад Азийг нь исламын соёлтой нүүдэлчид эзэмшиж байв.
“Иргэншлийн мөргөлдөөн” номыг бичсэн профессор Хантингтоны тодорхойлсноор Монголчууд соёлын хувьд "Буддизмын онцгой хэлбэр" гэсэн ганцаардмал ангилалд орсон ба энэ нь ламаизм буюу бидний хэлдгээр шарын шашны соёл. Ламаизмд Түвд, Балба ба Монгол гэсэн тойрогт багтдаг. Энэ дундаа Оросын харъяат Халимаг, Тува, Буриад, Хятадын харъяат Хөх нуур, Өвөр Монгол, Шинжааны зарим хэсэг, дээр нь Монгол улсыг хамарсан Умардын ламаистууд өргөн уудам орон зай эзэлдэг боловч хүч нөлөөг нь хоёр хөрш гүрэн нь хязгаарладаг.
Энэ бахинаас мултрах уламжлалт орон зай бол Транс-Алтай юм. Нүүдэлчид эртнээс баруун зүгт идэвхтэй байсан. Хүннү, Түрэг, Жужан, Кидан, Торгууд бүгд баруун зүгт, Алтай дамнаж нүүсэн. Тун саяхныг болтол Хасаг, Хиргисийг хойд Монголын аймаг гэж нэрлэж байсныг Миндол номун ханы хааны “Замбутивийн дэлгэр номлол” номоос мэдэж болно.
Монголчуудын хувьд соёлын хоёр орон зай байдаг. Нэг дэхь нь эртний уламжлалаар Алтай язгуурын хэл зонхилсон баруун этгээдийн нүүдэлчин улсууд лугаа нэг орон зайд идэвхтэй байх. Хоёр дахь нь үет сино-тибет хэлний бүлгийн Түвдүүдтэй шашны соёлын орчинд амьдрах. Эхнийх нь амбицтай өргөн уудам дэвсгэрт хамтрах боломж, хоёр дахь нь амар амгалан, гэхдээ өсөн нэмэгдэж буй өмнөд хөршийн хүчирхэгжлийн сүүдэр дор орших зам мөр билээ.
Газарзүйн утгаараа манай жинхэнэ гуравдагч хөрш бол баруун талд ердөө 44 км зайгаар тусгаарлагдсан жинхэнэ ах дүү Казахстан улс, түүний урд байгаа Киргизстан тэргүүтэн улсууд юм. Бид тэр зүгт идэвхтэй ажиллах ёстой.
Шинэ нөхцөл байдал
ОХУ Украйнтай дайтаж эхэлсэн нь дэлхийд тогтсон шинэ тэг журмыг эвдэж, дэлхийн тэнхлэгт шинэ хуваагдлыг бий болгов. Өмнөд хөрш Умард хөршийг буруутгахгүй байгаа боловч аливаа улс оронд ах дүү гэж байдаггүй, эрх ашиг л гэж байдгийг алхам бүртээ харуулж байна.
Тун саяхан БНХАУ хуучин Зөвлөлтийн БНУ, шинэ тутам тусгаар тогтносон улсуудын удирдагчдыг Сианьд хүлээн авлаа. Сиан бол эртний Хятадын Тангийн үеийн нийслэл бөгөөд Тан гүрний үед Хятадууд баруун зүгт хамгийн хол тэлсэн байдаг зэрэг нь нэгийг хэлээд байна. Саяхан Ордост очиход тус хотыг баруун этгээд дэхь соёлын болоод эдийн засгийн бодлогын төв болгохоор бэлтгэж байж магадгүй гэсэн бодол төрсөн. Монгол үндэсний нэр төр тэр зүгт тун нөлөөтэй!
Харин Монгол Улс түүнд орчихоогүй нь эрхбиш манай эртний болоод эдүгээн түүхийн ололтын илрэл юм. Гагцхүү санаа зовних нь энэ их хөдөлгөөн дунд бид бөглүү хязгаар болон үлдэх вий гэдэгт эмээмүй. Баруун этгээдээс Турк улс хуучин Зөвлөлтийн орон зай руу идэвхтэй нэвтэрч байна.
Саяхан өнгөрсөн ковидын хямралын дараа БНХАУ-ын хил хаалттай байх хугацаанд Алтайн чанад дахь улсуудтай хийсэн худалдаа манай улсыг бараа бүтээгдэхүүний хомсдолд оруулалгүй өнгөрүүлсэн билээ.
Ийм нөхцөлд гуравдагч хөршийн дэмжлэгтэй манай улс ч тэр орон идэвхтэй ажиллаж эхэлсний илрэл энэ хурал байж болох юм. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хүрэх явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгын дагуу АНУ-ын Стэнфордын Их сургууль болон “Бан Ги Мүн” сангаас жил бүр Азийн бүс нутагт “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн байна.
Өнгөрсөн жил БНСУ-д болсон чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцжээ. Тэр үеэр УИХ-ын дарга дараагийн чуулга уулзалтыг Улаанбаатарт хотод хүлээн авах боломжтой гээд “Алтай дамнасан тогтвортой байдал” хэмээх нэр томъёог заавал хэрэглэх саналтай байгаагаа илэрхийлжээ. Саналыг зохион байгуулагчид зөвшөөрсөн байна.
Энэ бол ялангуяа хоёр хөршийн хаалтаас гарахад тун чухал дохио. Саяхан манай улсад Киргизийн айлчлалууд ч амжилттай боллоо. Алтай дамнасан улс орнуудын харилцааг бүх талаар хөгжүүлэх нь аль аль талд тогтвортой хөгжих, ирээдүйгээ хамтдаа сайнаар харахад чухал юм.
Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, “Бан Ги Мүн” сан, БНСУ-ын “Эва” эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг маргааш, нөгөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын “Эва” эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын 10 орны 52 хүндтэй зочид хүрэлцэн ирэх болжээ.
Мөн Стэнфордын их сургуулийн боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, "On Board" компанийн үүсгэн байгуулагч Наоми Коши, Тайланд Улсын “Таммасат” их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Чалидапорн Сангамфан, Стэнфордын их сургуулийн Ази-номхон далайн судалгааны төвийн дэд захирал, Япон судлалын хөтөлбөрийн захирал Киёотерү Цүцуй, Бүгд Найрамдах Филиппин Улсын конгрессын гишүүн, Филиппиний эмэгтэйчүүдийн их сургуулийг үүсгэн байгуулагч Хосе Ф.Б.Бенитес, Индонезийн их сургуулийн “Жендэр судлалын сургууль”-ийн профессор Миа Сискавати, “Эва” их сургуулийн эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун-Шил Ким нарын эрдэмтэн, судлаачид тус чуулга уулзалтад илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцоно.
Тухайлбал, Стэнфордын их сургуулийн боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн “Эва” их сургуулийн эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын их сургуулийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд “Жендерт суурилсан хүчирхийлэл”, “Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал” сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм.
“Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. Монгол Улс нь “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж ирсэн юм. Мөн энэ үеэр Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэнэ” гэж "Монцамэ" агентлаг мэдээлжээ.
Болд
Зочин