Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтаар 21 аймаг, есөн дүүрэгт харьяалагддаг ч ганц үнэн бий нь нэгдмэл тогтолцоотой. Нэг л Үндсэн хуультай. Нэг л нэгдсэн төсөвтэй. Түүндээ захирагдаж, тэр хүрээнд төсвөө хуваариладаг. БНМАУ-ын үед ч ийм байсан. Өнөөгийн ардчилсан Монгол Улсын зүг чиг ч ингэж яваа. Гэвч Төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын бүрэлдэхүүнийг сонгож ирсэн хуулийн зохицуулалт хөгжлийнхөө луужин биш хамгийн том саад болсон дүр зурагтайгаар нэгэн аравныг үдэв. Үндсэндээ нэгэн жарны турш нам төвтэй явж ирсэн Монголын улс төр 30 жилийн хугацаанд алга урвуулах шиг амархан төрөл арилжиж алгуурхан хүн төвд шилжив. Гэдгийг одоо тайлбарлая.

Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд албан ёсоор шилжсэн 1992 оноос хойш Монгол Улсад УИХ-ын найман удаагийн сонгуулийг зохион байгуулсан түүхтэй. Анхны буюу 1992 оныхыг томсгосон мажоритар системээр 26 тойрогт хувааж, 2-4 мандат хуваарилж байв. Дараа 1996 оныхыг жижиг 76 мажоритар буюу “Нэг тойрог-Нэг-мандат” болгон өөрчилж байлаа. Үргэлжлүүлээд 2000, 2004 оны сонгуулийг эл системээр явуулсан. Гэвч 2008 оны сонгуулиар томсгосон мажоритараа эргэн сэргээсэн. Харин 2012 оны сонгуулийг пропорционал, мажоритар хосолсон холимог системийг нэвтрүүлж, УИХ-ын 76 гишүүний 48-ыг мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28-ыг нь улс төрийн намуудын авсан саналд үндэслэж сонгохоор зохион байгуулсан нь нэг талаар дэвшил, нөгөө талаар ардчиллаас хойш хөтөлгөө морь шиг явсан МАН, АН-аас гадна шинээр гуравдагч хүчин парламентад орж ирэх хаалгыг нээж байлаа. Тойргийг томосгож, жижигсгэснээс өөрөөр сонгогчийн санал гээгддэг мажоритар системийн гажуудлыг анх удаагаа хууль тогтоох дээд байгууллагын гишүүд хүлээн зөвшөөрч, алдаагаа зассан нь энэ. 

Улмаар 2012 оны сонгуулийн холимог тогтолцооны хувилбарыг 2016 онд үргэлжлүүлэхээр хуульчилсан ч Цэцийн Дунд суудлын хуралдаанаас Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээр “Нэг тойрог-Нэг мандат” гэсэн хуучин тогтолцоогоор явуулахаас аргагүйд хүрсэн юм. Түүнээс хойш сонгуулийн хосолсон системийг дахин хөндөөгүй. Хөндөхийг ч хүсэхгүй явсаар 2020 оны сонгуулийг томсгосон мажоритар системээр 29 тойрогт хуваасны үр дүн нь одоогийн парламент. Өөрөөр хэлбэл, нэр нь хууль тогтоох дээд байгууллага, бүрэлдэхүүн нь УИХ-ын гишүүд байхаар тунхаглаж, хуульчилсан Монголын парламентын сонгодог тал руугаа явсан уу? гэвэл үгүй. Эсрэгээрээ халдашгүй эрх ямбаар халхавчилж, эрх мэдлээрээ дулдуйдсан 76 хүнийг дөрөв, дөрвөн жилийн циклээр дархалж ирсний ард барьцааны улс төр гэсэн ойлголт тэнд хамгийн тодоор сийлэгдэж, төгөлдөршсөн юм. МАН, АН-ын шошго бүхий нам нэртэй бүлэглэл хоорондын картель ч энэ хооронд хэд хэдэн удаа мэндэлж амжив. 

Хэтэвчээрээ нэгдсэн тэдний сүлжээ болгон өөр өөрийн сэдэв, чиглэлтэй бас ашиг сонирхолтой. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, төлөөний Төрийн сайд, агентлагийн даргатай. Шүүгчтэй, прокуроротой, цагдаатай. Хаана, ямар төмөр зам шинээр барихыг шийддэг нэгэн байхад гуравдагч орны хөрөнгө оруулагчдад зөвшөөрөл олгох эсэхэд Монголын Төрийн нэрийн өмнөөс хариулт өгөөд суудаг зарим нь ч байна. Уул уурхайн томоохон орд газруудад сорчилж эзэн суучихаад хэдэн жилээр нь ч хамаагүй хав дараад суудаг, өөрсдөдөө хэрэгцээтэй үедээ хар зах дээр дамлаж байгаа бараа таваар шиг үнэ цохин зарж, хөлждөг хэсэг ч бий. Хүсвэл тэд ямар ч төслийг гацаана. Хүсэхгүй бол эрх ашгаа ханцуйндаа наймаалцана. Ерөөс энэ бол Монголын улс төрд, УИХ-д өнгөрсөн хугацаанд бий болсон, гэрлийн хурдаар хөгжсөн нийтлэг дүр төрх нь. Эх орны хөгжилд хэрэгтэй, стратегийн ач холбогдолтой томоохон мега төсөл бүрийг хөдөлгөх гол хэмжүүр, хөшүүрэг нь УИХ-ын гишүүнд хэнтэй ч хуваалцахгүйгээр ард түмний нэрийн өмнөөс олгосон товчлуурт оршдог болохоор.

Хүн бүр улс төр рүү хошуурч, тэгэхдээ УИХ-ын гишүүн болох гэж улайрдгийн сонгодог хариулт нь энэ юм. Улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ явж ирээгүй, явдаггүйн уг шалтгаан нь ч ийм. Үүнийг засах ганцхан арга бий. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл тогтсон системийн гажуудлыг задлах. Тэгэхийн тулд хуульдаа гар хүрч таарна. Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгаж, УИХ-ын гишүүдийн тоог 76-аас 126 болгох заалт бүхий өнгөрдөг хаврын өөрчлөлтийн гол агуулга нь ч ийм. Өөрөөр хэлбэл, ирэх оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, анх удаагаа 126 гишүүнтэй парламентыг “эх барих” учиртай. 2012 оныг эс тооцвол бусад сонгуулийн өнгийг тодорхойлж асан мажоритар системийн сул тал буюу сонгогчийн санал тойргийн гадна үлдэх асуудал үүсэхгүй гэдгээрээ онцлог. Гэхдээ энд нэг асуудал бий нь тойрог, мандатын хуваарилалт. Хэдийгээр сонгуулийн холимог тогтолцоог “Эцэг хууль”-ийн дархлаатай болгосон ч тойрог, мандатын хуваарилалтад хуучин уламжлалаа шигтгэвэл шинэчлэл болохгүй.

Тоо нь л томорсноос өөрсдөдөө зориулж тойрог зуруулдаг, тэрийгээ өмчилдөг хэсэг нь байсаар байна. Хоёр, гурав дахиа сонгогдож, тойрогтоо дархлагдсан одоогийн түшээдийн аманд шар тос хийж өгч буйгаас өөрцгүй. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын даргын зүгээс сонгуулийн тойргийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд бүсчилсэн байдлаар байгуулах санал гаргасан нь УИХ дахь намын бүлэг, Удирдах зөвлөлийнхөө дэмжлэгийг хүлээгээд байна. Үүгээр одоогийн парламентын дийлэнх, олонхийг бүрдүүлдэг орон нутгийн тойргийг долоон бүсэд хуваах “хар зураг”-ийг гаргажээ. Ингэхдээ Увс, Ховд, Завхан, Говь-Алтайг, Хөвсгөл, Орхон, Булганыг, Архангай, Баянхонгор, Өвөрхангайг, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговийг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарыг, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийг тус тус бүсчилсэн байдлаар нэг тойрог болгосон байна. Баян-Өлгий аймгийг одоогоор тусад нэг тойрог гэж үзжээ. 

Нийслэлийн тухайд Налайх, Багануур, Багахангайг, Сүхбаатар, Чингэлтэйг, Баянгол, Хан-Уулыг бүсчилсэн байна. Хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүргийг огт хөндөхгүйгээр дангаараа тойрог бүрдүүлэх нь. Сөрөг хүчин АН эл сонгуулийн “газрын зураг”-ийг дэмжиж буйгаас харахад ирэх онд Монгол Улс бас нэгэн нэн шинэхэн замаар урагшлах нь. Тойрог жижигрэх тусмаа улстөрчдөд ашигтай тусдаг, эрх баригч намын байр суурь тийш ханардаг ч Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн төсвийнхөө хуваарилалтыг жижигрүүлж нийтийн биш нэгжээд хэсгийн болгохыг хүсээгүй нь ийнхүү бүсчилсэн тойргийн зураглалаас харагдав.

Үндсэндээ 2024 оны сонгуулиар бүрдэх шинэ парламент 126 гишүүнийг бүсчилсэн тойргийн зарчмаар, тэгэхдээ холимог тогтолцоогоор явуулах нь. Үр дүнд нь сонгогдсон тойрог, тэнд амьдардаг хэсгийг тойглож, тордсоор бүрэн эрхийн хугацаагаа бардаг гишүүдийн нийтлэг төрх үгүй болох нь. Ганцхан биш гурваас дөрвөн аймгийн хөгжлийн бодлого, эрх ашгийг чуулганы нэгдсэн хуралдааны индрээс хөндөх нь. Үүнийгээ дагаад орон нутагт бүсчилсэн байдлаар хөгжлийн бодлогоороо уралддаг зөв жишиг бий болох нь. Тэнд гацсан, гацаанд орсон, гацаагаад байгаа төсөл, хөтөлбөртэй ганцаараа биш хамгийн багадаа долоон гишүүний дэмжлэгтэйгээр нүүр тулах нь. Ганц аймгийн биш хоёроос гурван бүс нутгийн асуудлыг шийдэж, шийдвэрлэхийн төлөө явах нь. Нэг ёсондоо жалганы улс төр БАЯРТАЙ гэж хэлэх нь цаг хугацааны асуудал болох нь! 

Угтаа бол эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох нь улсад хэрэгтэй ч суманд соёлын төв бариулах нь гишүүний саналд хэрэгтэй. Нэг аймгийг нөгөөтэй нь холбосон авто замын сүлжээг сайжруулах нь нийтэд дэмтэй ч нэгхэн сумын төвийг тордож, тойглосоор дараагийн бүрэн эрхтэйгээ золгох нь тэдэнд ашигтай. Улсын хөгжил гэхээр хойш тавьдаг хэрнээ тойргийн төсөв болохоор ухаанаа алддаг урвуу хамаарал нь ужгирсны уршиг нь л урд, хойд айлаасаа хэт хамааралтайгаар хэдэн аравныг үдэх хүргэсэн гол шалтгаан. Өөрсдөө санаачилга гаргаж, өөрсдөө л эхлэлийн цэгээ тавихгүйгээр өөр хэн ч бидний өмнөөс ачаа үүрэхгүй. Цахилгаан станц тэргүүтэй томоохон мега төслүүдийг чинь эдийн засгийн эргэлтэд оруулаад өгье гэж ирэхгүй! 

UZEG.INFO