“Найман ишигний” гэх хэргийн төөрөгдөл ба Шүүхийн шийдвэрийг урвуулсан нь
Манай Өнөрөө ч яах вэ, "Энэ хэргийг эцсийг нь хүртэл явна, заавал гаргаж авна. Хараарай" гэчихсэн дэвж л байна. Уг нь бол үүнийхээ оронд "Сонгуульд зориулж баталсан хуулиас чинь болж ингэлээ тэглээ" гэдгийг нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон хууль тогтоогч нарт хэлэх ёстой юм л даа.
Олны дунд “найман ишигний” хэмээн “алдаршсан” малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болов. Давахын шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Ингэхдээ шүүгдэгч Б.Даариймаад (80 настай ээж гэх нэг дүр яваад байгаа даа) холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан прокурорын эсэргүүцлийг үндэслэл болгожээ. Мөн хэргийг дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт оногдуулсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргасан байна.
Товчхондоо, шүүх гэр бүлийн хоёрт оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгосон бус, харин хөгшин эхийг нь ялаас чөлөөлсөн, цагаатгасан явдал хуулийн үндэслэлгүй байна гэж үзээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Тиймээс өчигдрийн турш нийгмийн сүлжээгээр явсан “Зариг” Өнөрөөгийн ялалт үнэн хэрэгтээ ялалт биш, ялагдал болж таарч байна.
Нэг зүйлийг тодруулахад, энэ хэрэг эхнээсээ найман ишигний хулгай байгаагүй, тэр тусмаа “саахалт айлуудын хонь нийлснээс болж хулгайд гүтгэгдсэн” ч юм биш. Жинхэнээсээ бол 44 ишиг, 9 хурга, 3 бүдүүн хонь нийлсэн 56 тооны малыг хоёр айлаас хулгайлж, малыг тэмдэглэсэн цэнхэр өнгийг будгийг ногоон будгаар дарж будаад “Портер” маркийн машинаар тээвэрлэн өөр нэг айлын хонинд нийлүүлсэн буюу нуун далдалсан, нийтдээ 2,690,000 төгрөгийн хохиролтой хэрэг. Энэ тухай анхан шатны шүүхийн тогтоол дээр тов тодорхой бичсэн байгаа. "Найман ишигний" гэж нэрлэгдэх болсон нь хулгайд малаа алдсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлж, араас нь хөөцөлдөж байж малаа хагас дутуу олж авсны дараа дутсан найман ишигний тухай юм.
Товчхон хэлбэл, бүрэн гүйцэд үйлдэгдэж дууссан, төгс хулгай байсан гэсэн үг. Тиймээс анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлт, “мал хулгайлах” гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хүрээнд л шийдвэрээ гаргасан. Ингэхдээ хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулсан байдаг юм. Энэ хуулиар “мал хулгайлах” гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”, наймаас их буюу “олон тооны” мал хулгайлсан бол “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” заасан байна. Тэгэхээр шүүхийн зүгээс санаатайгаар “хүнд ял шийтгэсэн” буюу ял хүндэдсэн тухай асуудал байхгүй гэсэн үг.
Хэрэв уншигч санаж буй бол, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрүүгийн хуульд оруулсан энэ өөрчлөлтийн дараа манай хууль тогтоогч нар “Өнчин ишиг хулгайлсан ч ялтай боллоо” хэмээн цээжээ дэлдэж, том том ярилцлагууд өгч, баталсан хуулиа баруун солгойгүй рекламдаж байлаа. Сонгуулиар ч малчдаас чамгүй оноо цуглуулсан байх. Одоо тэгээд үр дүн нь энэ. Ингээд зогссонгүй. “Найман ишиг хулгайлаад хоёр жилийн ял авч байхад 80 тэрбумыг хулгайлсан албан тушаалтнууд торгууль төлөөд гарч байна” гэдэг дайралтыг шүүхийн эсрэг хийж байгаа. Санаатай, санаандгүйг нь мэдэхгүй. Ямар ч байсан энэ хэргийг ингэж “өндөр авахуулах” шалтгаан, шаардлага хэн нэгэнд байсан нь тодорхой.
Уг нь бол мал хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17-р бүлэгт заасан “Өмчийн эсрэг гэмт хэрэг”-т багтдаг. Энэ бүлэг дотор хулгайлах, дээрэмдэх, хөрөнгө завших, залилах гэх мэт гэмт хэргийн төрлүүдийг бичихдээ малын хулгайг тусад нь гэмт хэрэг болгож бичсэн нь манай хууль тогтоогч нарын бодож олсон бас нэг “мэргэн” санаа л даа. Тэгээд ялыг нь чангатгаж, торгох болон эрх чөлөө хасах, тэнсэх гэх мэт хөнгөн ялыг сонгох боломжгүй, зөвхөн хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Уг нь бол мал ч гэсэн өмчийн нэг хэлбэр. Мал хулайлах нь машин хулгайлахаас ямар ч ялгаагүй үйлдэл. Хулгайн гэмт хэргийг учирсан хохирлыг мөнгөн дүнд шилжүүлэн хохирлыг хэмжээг тооцож, түүнд тохирсон ял, хариуцлагыг оногдуулдаг. Түүнээс биш машин хулгайлбал тэдэн жил, мах хулгайлбал тэдэн жил гэсэн хууль байхгүй. Харин малын хулгайг болохоор тусад нь гэмт хэрэг болгож бичээд тоо толгойгоор нь тооцож ялыг хүндрүүлдэг. Үүнээс болоод “2-хон сая төгрөгийн хохиролтой хүнд хоёр жилийн ял өгчихөөд 80 тэрбумын хулгай дээр торгох ял оногдууллаа” гэж маргаад байгаа юм. Гэтэл тэр 80 тэрбумын хохиролтой хэрэг дээр нь “гэм буруугаа хүлээсэн”, “хохирлоо барагдуулсан” гэх мэт ялыг хөнгөрүүлэх, тэнсэх, хойшлуулах бүх нөхцөл, үндэслэлүүдийг биччихсэн, ялыг сонгож хэрэглэх боломжтой байхгүй юу. Харин малын хулгай дээр л тийм зүйл байхгүй. Тийм учраас шүүх ийм ял оногдуулсан хэрэг. Шүүх бол хууль сайн, муу, шударга, шударга бус байхаас үл хамаараад хуулиа л барих үүрэгтэй.
Хоёрдугаарт, давахын шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой огт холбоогүй. Шүүх зөвхөн “анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дааримаагийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна” гэдэг прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан. Б.Даариймаад холбогдох хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тодорхой хэлбэл, анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцлээ ч шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт өмнө оногдуулсан ялаа өөрчлөх боломжгүй юм. Яагаад гэвэл давахын шүүх энэ хоёр хүнд оногдуулсан ял болон өмгөөлөгчийн бичсэн гомдлыг хүлээж аваагүй. Харин ч эсрэгээрээ настай ээжид нь нэмээд ял оногдуулчих боломжтой гэсэн үг. Анхан шатанд хэргийг дахин хэлэлцлээ ч зөвхөн Б.Даариймаатай холбоотой хэрэг дээр л шийдвэрээ гаргана.
Гэтэл энэ хэргийг анх олон нийтийн анхааралд оруулж ирсэн сэтгүүлч, дагасан шавсан редакциуд “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо, эх үр хоёр эргэж нэгдлээ” гэх мэтээр соошил орчинд сэвж, дэвж байгаа нь зориудаар шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, урвуулан ашиглаж, үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаа хэрэг юм. Цаана нь өөр зорилго бий байх л даа. Шүүхийг муухай харагдуулах, тийм аргаар иргэдийг шүүх тогтолцооны эсрэг турхирах, эцэст нь шүүхийн хараат бус байдлыг үгүй хийх, өөрсдийн дохио зангаагаар хөдөлгөх, үүнийгээ хэрэгжүүлэх хуулийн өөрчлөлтийг парламент руу оруулж ирэх гэх мэт юу эсийг хийх вэ. Одоо тавигдаж буй үзэгдлүүдийг нь хараад байхад лав Эрүүгийн хуулиа өөрчлөх, баталсан хуулианхаа буруу зөрүү, алдаа эндэгдлийг засах бодол бол огт байхгүй юм шиг байна.
Манай Өнөрөө ч яах вэ, "Энэ хэргийг эцсийг нь хүртэл явна, заавал гаргаж авна. Хараарай" гэчихсэн дэвж л байна. Шүүхийг бассан гэх үү, занаад ч байгаа юм уу. Сүүлдээ малаа хулгайд алдсан малчин нь гэмтэн болчихсон "Би энэ хүмүүсийг шоронд хийгээд өгч гэж гуйгаагүй штээ" гээд уйлаад сууж байна. Манай хэвлэлийнхэн ч их үүрэг гүйцэтгэлээ. Уг нь бол үүнийхээ оронд "Сонгуульд зориулж баталсан хуулиас чинь болж ингэлээ тэглээ" гэдгийг нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон хууль тогтоогч нарт хэлэх ёстой юм л даа. Ингэхэд Өнөрөөгийн тухай сонгуульд "2024 оны сонгуульд МАН-ын бэлтгэсэн кадр" гэж ярих болсон нь хоосон үг биш байх. "Манай Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо" гэдэг ч шиг мань хүн ч дүрдээ хэт ороод хяналтаа бүрэн алдсан, зогсохоосоо нэгэнт өнгөрсөн бололтой. Гэхдээ бурууг ганц Өнөрөөд өгч болохгүй л дээ. Араас түлхэж, сумлаж өгдөг өөр улс, хууль хүчин байдаг биз...
DR. ADITYA
Zaluu
batdorj
хурга
ХУУЛЬЧ
Зочин
Зочин
Ангижаваас
Зочин
888