Хараас цэнхэр рүү
Эдийн засаг тогтвортой байна гэдэг нь хүн бүрийн хэрэгцээг тэдний амьдарч буй газар нь элбэг олддог материал ашиглан хангах чадварыг хэлнэ гэж профессор Гюнтер Паули хэлж байна.
Эдийн засаг тогтвортой байна гэдэг нь хүн бүрийн хэрэгцээг тэдний амьдарч буй газар нь элбэг олддог материал ашиглан хангах чадварыг хэлнэ гэж профессор Гюнтер Паули хэлж байна.
Тийм чадвар бүхий бизнесийн загварыг цоо шинэ шийдлээр боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр зах зээлд нийлүүлж чадвал ашгаас гадна олон давхар унацтай болохыг тэрбээр амьдрал дээр баталжээ.
Г.Паули 1994 онд НҮБ-ын хүсэлтээр цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх тухай Киотогийн протоколын бэлтгэл ажилд оролцож явахдаа энэхүү шинэ загварыг анх гаргасан байна. Өнгөрсөн хориод жилийн дотор тэрбээр 200 шахам төсөл хэрэгжүүлэн, олон мянган ажлын байр шинээр бий болгосон аж.
Ингэж чадсан компани дэлхийн зах зээлд өрсөлдөхийн зэрэгцээ орлого ашгаа нэмэгдүүлж болохыг батлав.
Том корпорацуудын удирдлага нь тогтсон стандартын бүтээгдэхүүнийг дэлхий даяар “яг цагтаа” хүргэдэг нийлүүлэлтийг ашиглаж, хямд ажиллах хүчнийг олж авах замаар үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээгээ улам томсгохыг эрмэлздэг.
Энэхүү уламжлалт загвараар бол ажилгүйдэл улам өсөж, хүн амын тодорхой хэсэг нь хөгжил дэвшлээс ангид, ялгаварлагдан үлдсээр байх болно.
Тэгвэл Паулийн загварын гол санаа нь хувь хүн, жижиг аж ахуйн нэгжүүд өөрийн онцлог, давуу талд суурилан бий болгосон үндсэн бизнесээ бүтээлчээр хөгжүүлж, байгалийн өөрийнх нь жам ёсны шинэчлэгддэг чанарыг нь дагахын зэрэгцээ нийгэмд ашигтай олон шинэ бизнес төрүүлэх юм.
Хэрэв бизнестээ байгаа бүх нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглавал харилцан холбоотой олон шинэ бизнесийг үржүүлэн бүтээж, нийт өгөөж нь дээшлэхийг л цоо шинэ загвар гэж байгаа юм.
Жишээ нь, кофе борлуулдаг компани үндсэн бизнесээсээ орлого олохоос гадна кофены шаарыг ашиглан мөөг тариад, түүний хаягдлаас нь уургаар баян тэжээл гаргаж мал бордож болохыг тэр амьдрал дээр туршин харуулжээ.
Орлоготой байсан ганц бизнес нь одоо гурван эх үүсвэртэй болж буй хэрэг. Үүнээс гадна тухайн орон нутагт буй бэлэн мөнгөний эргэлт нэмэгдэнэ гэсэн үг. Орон нутагт ажлын байр шинээр бий болж, оршин суугчдын худалдан авах чадвар нэмэгдсэнээр бусад компанийн борлуулалтад эергээр нөлөөлнө. Санхүүгийн боломж нь нэмэгдэх тусам улсын төвлөрсөн төсвийн халамжийн татаас багасаж, хэмнэсэн мөнгө нь аль нэг бүтээн байгуулалтад зориулагдах юм.
Хүнсний бүтээгдэхүүнд шингээсэн нэмэгдсэн үнэ цэнийн бараг 90 хувийг зөвхөн гадаад, дотоодын тээвэрлэлт бүрдүүлдэг. Харин олон төрлийн хүнсээ аль болох орон нутаг нь өөрөө үйлдвэрлээд эхэлбэл тээврийн зардал багасаж, сайн хүнсийг маш хямд үнээр нийлүүлэх боломж нээгдэнэ.
Дээр хэлснээр байшингийн хонгилд кофены шааранд ургуулсан сайн чанарын мөөгийг дэлхийн олон хотод маш хямд үнээр аль хэдийн нийлүүлээд эхэлжээ. Мөн чулуугаар цаас, кофены шаараар гутал, хувцас хийж, эсвэл хоосон тал газрыг ойжуулах гэх мэтээр орон нутгийн иргэдийг ажилтай болгож, жижиг, дунд үйлдвэрүүдийн бизнесийн загварын зарчмыг өөрчилж байгаа аж.
Цэнхэр эдийн засаг яагаад Монголд тохиромжтой вэ. Бизнесийн шинэ загварт суурилсан энэхүү эдийн засгийг Г.Паули “цэнхэр” хэмээн нэрийдсэн бөгөөд энэ нь даяаршсан ба ногоон эдийн засгаас илүү гүнзгий ойлголт гэнэ. Ногоон буюу сэргээгдэх эрчим хүч төсвөөс татаас нэхдэг, органик бүтээгдэхүүн гэхээр илүү зардал шаардах учир эдгээр нь амжилттай болсон ч зөвхөн чинээлэг оронд баян хүмүүст л хүртээлтэй.
Харин цэнхэр эдийн засаг бол зөвхөн шинэ санаачилгад суурилсан, ашигтай, мөн ажлын байр бүтээдэг тул эрс ялгаатай юм. Цэнхэр эдийн засаг нь өөрийн тогтсон бизнес загвартай, өөрчлөхөд маш их зардал шаарддаг учир том корпорацуудад тохирохгүй, харин залуус болон шинэ бизнес хайсан овсгоотой хүмүүст өргөн боломж олгож байна.
Цэнхэр эдийн засгийн шийдвэр нь газрын татах хүч гэх мэт физикийн хуульд тулгуурласан байдаг бөгөөд тухайн орон нутаг дахь даралт болон дулаан нь шийдвэрлэх хүчин зүйл болдог. Учир нь байгаль нь өөрөө хүнс, матери, энергийг бий болгодог хаягдалгүй систем юм. Аливаа дагавар бүтээгдэхүүн нь өөр нэг үйлдвэр, бүтээгдэхүүний түүхий эд нь болдог.
Биеийн дулаан, дуу хоолойны даралт, салхины үлээлтээс цахилгаан хуримтлуулагч, ямар ч хаягдалгүй, ус хэрэглэдэггүй жорлон, батарей хэрэглэдэггүй гар утасны цэнэглэгч, антибиотикыг орлуулан бактерийг хооронд нь харьцахыг зогсоодог далайн улаан замаг гэх олон шинэ бүтээгдэхүүнийг цэнхэр эдийн засаг бий болгоод байна.
Монголчууд говио ойжуулж, говь, хангайн ургамал тус бүрээр, мал аж ахуйн түүхий эд , дагавар бүтээгдэхүүн тус бүрээр онцгой хэрэглээний тусгай бүтээгдэхүүн гаргахын төлөө маш олон шинэ арга бодож олох цаг нэгэнт ирлээ. Сүүлийн үед монголчууд хонины ноосоор барилгын сайн дулаалга, тусгаарлагч үйлдвэрлэж, чацарганаар л гэхэд ундаа, түлэнхийн эсрэг эм, гоо сайхны тос, саван, шампунь хийж, гадаадад нийлүүлж байгаа нь цэнхэр эдийн засгийг бүтээн байгуулах эхлэл аж.
Цэнхэр эдийн засгийн (Blue economy) онолыг үндэслэгч, тогтвортой хөгжлийн Стив Жобс гэгддэг Гюнтер Паули ирэх тавдугаар сарын эхээр Монголд айлчлан олон нийтэд лекц уншиж, “Дефакто” нэвтрүүлэгт маань оролцох болно. Цэнхэр эдийн засгийн тухай түүний theblueeconomy.org сайтаас уншаарай.
Otgonbayar
Otgonbayar
Otgonbayar
Зочин
tumur
Зочин
Зочин
Зочин
123
Энэ нэг амьтан
Энэ нэг амьтан
Энэ нэг амьтан
Баагий
baljinnyam.m
Зочин
бичигч
Овоо