Морроу ба “Миний монгол орон”
Монголын тухай дурсамж тэмдэглэл олон, Марко Поло, Плано Карпинигаас эхлээд. Үнэн хэрэгтээ биднийхээс чдутахгүй мэдээллийг чухам тэд л бүтээж хүн төрөлхтний ой санамжид үлдээсэн ч байж магадгүй.
Монголын тухай дурсамж тэмдэглэл олон, Марко Поло, Плано Карпинигаас эхлээд. Үнэн хэрэгтээ биднийхээс чдутахгүй мэдээллийг чухам тэд л бүтээж хүн төрөлхтний ой санамжид үлдээсэн ч байж магадгүй.
Гэхдээ дурсамж тэмдэглэлүүд олон янз. Шашин номлооч, наймаачин, тагнуул, судлаач зүсэн бүрийн хүмүүсийн хандлага, харах өнцөг тэнд шингээстэй. Нэг хэсэг нь “буруу номтон, гэгээрүүлэхээс өөр замгүй харанхуйчууд”, “ зэрлэгүүдийн удам, удахгүй мөхөж буй үндэстэн, хэдхэн жилийн дараа эзгүйрэх газар нутгийг нь эзлүүштэй” гэхчлэнгийн байр суурьтай байх аж. Нөгөө зарим нь зүгээр л гайхан биширч, догдлон харна. Харин цөөн хэд нь монголчуудыг ойлгон танихыг хичээж, дотносон уусаад, дотроос нь харахыг хичээх ажгуу.
Тэдний нэг нь Шведийн шашин номлооч бөгөөд “монголын гүн” гэгдэх Ларсон. Тэрээр загалмайн шашин номлохоор хээр талд хөл тавьсан боловч тал нутгийн буддистууд ба анимистуудын дотно анд, итгэлт хүн нь болжээ. Тусгаар тогтнолоо сэргээх үеийн монголчуудын гадаад харилцааны, ялангуяа гурав дахь этгээд рүү чиглэсэн алхмууд чухам түүний оролцоо, санаачилгаар явж байлаа. Хэдийгээр Загалмайн номлолоор нүүдэлчдийг соёхоор ирсэн боловч монголчуудын амьдралын филиософи зан суртлыг харилхаж харахын оронд дотносон танихыг хичээсэнбайдаг юм, Ларсон гуай.
Ларсоны дурсамжид нэг сонин хэсэг бий. Тэрээр аргал түүж яваа самгантай хээр тааралдана. Ларсон бодохдоо, хөөрхий энэ эмэгтэй талаар нэг тарсан аргалыг яажшуухан зовж түүгээ бол, бас зовж түүсэн аргалынхаа нэлээдийг ноён эзэндээ өгч таардаг байхдаа, хэцүүхэн ч хорвоо юм даа гэх маягаар төсөөлжээ. Гэтэл мөнөөх самган түүнийг алс холын Швед орноос ирснийг дуулаад “Хөөрхий минь, тиим алс газар төрсөн ч гэсэн энд хүрээд ирдэг нь болж дээ, бас л аз түшсэн хэрэг шүү” гэчихээд ихэс дээдсийн бардам алхаагаар намба төгөлдөр гамбайсаар оджээ.
Өөр нэгэн монголжсон монголч бол Данийн судлаачХеннинг Хаслунд Кристенсон. Тэрээр монголчуудыг өрөвдөж хайрлаа ч үгүй, бахдан шагшаа ч үгүй, харинбайгаа байдалд нь уусан нийлсэн нэгэн бөлгөө.
Олон арваар тоологдох монголч, монголын тухай бичээч нараас эднийг онцолсны учир нь ийм юм. Тэд монголыг сонжих, өөрчлөхийг бодохын оронд байгаа байдлаар нь хүлээн авчөөриймшин харж, сэтгэлээрээ ууссан цагаан арьст монголчууд байгаа юм.
Өөрийн өнгө төрхтэй, монголын тухай монголсуу бүтээл нэгээр нэмэгдэж байгаа нь манайхан “ХААН банкны” хэмээн авгайлж агсан Питер Морроу гуайн амьд ахуйдаа бичиж үлдээсэн “My Mongolia”(Миний монгол орон) хэмээх ном юм. Уг бүтээлийг НЭПКО хэвлэлийн газраас олны хүртээл болгож байгаа билээ.
П.Морроу бээр 2000-оны босгон дээр Монголд ирж ХААН банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж бидний танил болсон хүн. Орчин үеийн Монголын анхны гадаад захирлын нэгэн, тэр тусмаа Зөвлөлтөөс өөр орны харъяат анхны “гадаад дарга” тэр байсан байх.Бас төмөр хөшигний цаана “бүтэж бүрэлдсэн” шинэ монголчуудын дотор ажиллаж, дундаас нь удирдаж,төвөөс нь харах боломж олсон чөлөөт ертөнцийн анхны төлөөлөгчийн нэг ч бас мөн байх.
Монголчуудтай анх танилцах үеийн сэтгэгдлээс эхлээд шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, айл гэрийн амьдрал, Чингис хааны өв, нинжа нарын тухай олон хэсгээс түүний ном бүрдсэн байх аж.
Уг бүтээл дотор , марзан Шаравын “Монголын нэг өдөр” маягаар зураглан бичсэн “Монголын нэг өдөр-2000”, “Монголын нэг өдөр-2014” зураглалыг харьцуулан уншихад сонин ажгуу.
Монголын уудам нутгаар хамгийн их тархсан нэгжтэй ХААН банкыг удирдах зуураа говь, хангай, ой хөвч, уул хангайгаар аялсан тэмдэглэлүүдээс гадна, нүүдэлчний амьдрал, ертөнцийг үзэх үзэл, үлгэр мөрөөдөл, төөрөгдөл гэгээрэл, уналт бүтээн босголт дундаас өндийж байгаа шинэ Монголын дүр төрхийг тодорхойлон өгүүлсэн бичлэгүүд нь сонирхол татам ажээ.
Бидний амьдралыг сайн мэдэх хүний хувьд хөгжөөн наргиантай зүйлсийг нь цөөнгүй дурьдаж. Түүнийг банкны захирлын ажил хүлээж аваад удаагүй байхад нэг ажилтан нь тайлангаа тавих зуураа “Манайхан Гонгор бурхнаа тахиулаагүй жил өнжснөөс банкны үйлс тааруу байна” гэж сануулсан нь тухайн үедээ бараг л хэвийн үзэгдэл мэт байсан ч эргэн сонирхоход гашуун болоод наргиантай.
Бас нэг бөө-үйлчлүүлэгч түүн дээр ирээд, таны ажлаас нь халсан хүн надаар хараал хийлгэсэн байгаа. Хэрвээ та төлбөрийг нь хийвэл уг хараалаа хүчингүй болгох төдийгүй таны өмнөөс түүнд хараал хийх зэргээр үйлчлэх, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн зэрэг нь бидний ердөө хэдхэн өдрийн өмнөх дүр зураг л даа.
Зохиогч өөрөө монгол оронд хувийн хэвшил үүсч тогтнох, орчин үеийн менежмэнтийг хээр тал нутагт дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд манай төрөөс “Алтан гадас” одонгоор шагнуулсан нэгэн.
Бас тэрээр манайзураач урчуудын ивээн тэтгэгч, тэдний бүтээлийг өндрөөр үнэлэгч, урлаг соёлын салбарын томоохон ивээн тэтгэгч-мценат байсан бөгөөд түүний шилээвэр цуглуулга нь монгол оронд үлдсэн юм байна.
Монгол орны хамгийн зах хязгаарын нэгжийг хүртэл хамарсан орчин үеийн, хувийн хэвшлийн хүчирхэг санхүүгийн тогтоц болох ХААН банкыг бүтээлцсэн П.Морроугийн “Миний монгол орон” номын учир иймэрхүү.