Нэг. Хотын захиргааг жижигрүүлсэн “үндсэн захиргаа”

Үнэн хэрэгтээ, улаанбаатарынхны үндсэн захиргаа нь дүүрэг хороод биш юм. Одоо больчихоогүй бол бол, анкетанд байх “үндсэн захиргаа” гэсэн хэсэгт төрсөн орон нутгийнхаа засаг захиргааны нэгжийг бичдэг байсан. Үндсэндээ бол тэнд л захирагдах ёстой, энд захирагдаад байх учиргүй гэсэн санаа. 

Улаанбаатар хот 1960-аад онд, малаа хураалгаж өмчөөсөө салаад, хот суурин руу дайжсан малчдын давалгаанаар идэвхтэй томорч эхэлсэн. Тэр үеийнхэн бараг бүгдээрээ “Үндсэн захиргаа: Завхан аймгийн Шилүүстэй сум” гэхчлэн бичиж эхэлжээ. Улаанбаатар урбан утгаараа цогцолж эхэлсэн тэр үесээ л “өөр үндсэн захиргаатай” иргэдийн “үндсэн бус захиргаа” болон хөгжиж ирсэн байх нь. 

Тун удалгүй, малаас дайжсан малчдыг эргүүлэн тогтоож нэгдлийн хонь хариулгах хэрэгцээнээс үүдэн“хотын паспорт” хэмээх Улаанбаатарт амьдрах эрхийн лиценз гаргаж, шинээр төрсөн иргэд болон нам, төрийн ажил албаны шаардлагаар суурьшсан хүмүүст олгож эхэлжээ. 

Ингэлээ гээд “цэвэр хотынхон” бүрэлдсэнгүй. Нийслэлд төрсөн, тэднээс төрсөн ялгаагүй “тэндхийн уугуул” гэдэг шинэ нэр гарлаа. Улаанбаатар төрсөн хөдөөний уугуул.

Энэ нэр томьёо үндэсний бахархал болсон монгол бөхийн дэвжээнээс байнга сонсдоно. Хотод төрсөн өвөөтэй, нийслэлд мэндэлсэн аавтай, нэгдүгээр төрхийн уугуулууд л “ Увс аймгийн....сумын уугуул”, “Хөвсгөл аймгийн...сумын бөх” хэмээн цоллуулна.

Хэрвээ, хэн нэгнийг “Баруун талын магнайд байгаа Улаанбаатар хотын, Сүхээбаатаар дүүргийн бөх өө...” гээд цоллуул наадамчин олон цочих төдийгүй, наадамнь ч наадам биш болоод явчихна. Тийм болохоор Улаанбаатарынидэвхтэй хотжсон цагаас тоолоод гурав дахь үеийн жаалуудыгбарилдуулахдаа, магадгүй амьдралдаа очиж амжаагүй ч байж мэдэх аль нэг аймаг сумаар овоглон дууддаг ажгуу.


Хоёр. Нийслэлийнхнийг захирдаг “Нутгийн зөвлөл”

Иймээс өнөөгийн Улаанбаатарчуудын жинхэнэ захиргаа нь нийслэлийн дүүрэг, хороод гэхээсээ илүүтэйгээр 21 аймаг, 300 гаруй сумын нутгийн зөвлөл юм. Энэхүү “нутгийн зөвлөл” хэмээх ТББ-ууд нь нийслэлийн иргэдийн жинхэнэ, амьд засаг захиргаа юм аа.

Гудамжинд тааралдсан хүнээс оршин суудаг хорооных нь дугаар, хорооны даргын нэр, гудамжных нь албан ёсны нэр зэргийг асуухад хэрхэн хариулах бол?

Харин сум, аймгийнхаа нутгийн зөвлөлийн дарга, уугуул нутаг, эцэг дээдсийн төрсөн газрыг ньбол ихэнх нь хэлээд өгөх болов уу?

Нийслэлийн иргэд хорооныхоо нийтийн хурал, СӨХ-ийн хурал зэргийг төдий л ойшоодоггүй. Түүнийг тэтгэврийн хөгшчүүлийн ажил, хэл ам татлах дуртайчуудын үйл хэрэг байдлаар төсөөлөх нь элбэг.

Харин нутгийн зөвлөлийн хуралдаа очиж амжаагүй бол “хүний мөсгүй явдал” боллоо гэж эмзэглэх нь олонтаа бөгөөд цаадуул нь ч биеэ тоосон, их зантайгаар төсөөлнө. Бүүр “хүний нүүр харах аргагүй болоод тэр биз” гэхчлэн баалж ч магад. Ийм учраас, Улаанбаатар хотынхон “нутгийн зөвлөл” “уугуул нутаг” хэмээх тойргоос шахагдаж гарахгүйг эрхэмлэдэг. 

Яг л глобальчлалын үед үндсэн төрхөө хадгалах гэж чардайх цөөнхи үндэстэн шиг л Улаанбаатарт ирээд нутгаа мартахгүйг хичээх хөдөөнийхний супер өргөн айлсалт, бараг л “бүү март, мартвал сөнөнө” гэдэг уриатай...

Нийслэлийн иргэдийн хамгийн том нийтийн хурал бол нутгийн зөвлөлийн цагаан сарын золголт байдаг. Холхи хязгаарын нэгэн сумын уулзалт-золголт гэхэд л Бөхийн өргөө мэтэд багтаж ядна. Ийм уулзалт нийслэл, дүүргийн иргэдийн хурлаас ч тогтмол бөгөөд тэднийг дагуулахгүй ирцтэй.

Улаанбаатарчуудын санааг өнөөдөр хамгийн их зовоож байгаа асуудал бол “Хотын утаа” мөн үү, биш үү, бүү мэд. Утаа нь уушгийг хордуулж байгаа угаар гэхээсээ илүү манай эдийн засгийн салшгүй хэсэг,өвөл цагийн улс төрийн гол хэрэглэгдэхүүн болчихсон учраас л анхаарлын төвд байгаа юм биш биз?

Харин орон нутагт нь зуд болуул яахав, яаж малчдад туслах вэ гэдэг бол нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Тэр ч бүү хэл, албан хаагчдын цалин нэмэх мөнгөгүй төр засагт маань зуд болбол тараах мөнгө байж л байгаа.

Ингэхэд Улаанбаатарынхны үндсэн эрх ашиг юу вэ, нийслэлийн иргэдийг нийслэлийн иргэний утгаар үнэн санаанаас нь нэгтгэдэг ёс суртал нь хаана вэ?

Гурав. Удаан суудаггүй хот

Угаасаа нүүдэлчдийн бөөгнөрөл түр зуурынх байж ирсэн. Тэдэнд хот байгуулалтын соёл туршлага байхгүй учраас нүүдэлчний стилиэр түр хамтраад сална. Ер нь хувь хувийн амбицаа хөөсөн нүүдэлчдийн хамтын суурьшил, хамтын айлсал, хамтын ажиллагаа, хамтын нөхөрлөл бүгд л түр зуурын шинжтэй.

Өнөөгийн нийслэлийнүндэс суурийг тавьсан “өргөө” ч нэг газар удаан тогтдоггүйбайв. Хотыг дагасан дэд бүтэц үүсгэх соёл, туршлага дутмаг учраас “ ойр хавьд түлээ түлээ түлш олдохоо байсан”, “морины аргамжаа муудсан ( хавь ойрын бэлчээр талхлагдан морь идэшлүүлэх газар олдохгүй) учир” байн байн нүүж байсан ажээ. Муу ус зайлуулах бүтэцгүй “Өргөө”-д ариун цэвэр сахиулах ажлыг золбин ноход гүйцэтгэнэ.

Угаасаа Да хүрээ нь нэгдсэн захиргаагүй, шавь нь шавьдаа, харин түр ирсэн хүмүүүс аймгийнхаа суурин жасаанд хамаарна. Нутаг ойр учраас зүүн хоёр аймаг суурин жасаатай, харин баруун аймгууд хэрмэлийн буюу нүүдлийн жасаа хэмээх засаг захиргааг их хүрээнээ байгуулсан байв. Тэдгээр нь Өргөө дахь албан ёсны нутгийн зөвлөл бөгөөд хотод ирсэн иргэдийн хэргийг шийдэж, татвар ногдуулж, цэрэг цуухад татна. Өргөн уудам нутагтаа нүүдэллэн амьдрах монголчууд хаана ч явсан үндсэн захиргаатай байсанаж. Үндсэн захиргаа гэж...

Тэрхүү үндсэн захиргаа одоо ч биднээс салахгүй дагаж яваа нь өнөөгийн “Нутгийн зөвлөл”-үүд бөлгөө. Амь бөхтэй энэ зохион байгуулалтыгМанж чин гүрний вассаль байх үед хийсэн бөгөөд Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” зохиолын На түшмэл бээр монголын түүхийг гуравхан өгүүлбэрт багтаан “Богд Чингэс хааны үед их гүрнийг байгуулаад, Автай сайн ханы үед Гомбогүр бурхныг залаад, Энхамгалан хааны үед тусгай засаг хошууг байгуулаад” гэж хэлдгийн учир тэр. Энэ өгүүлбэрт монголчууд тулгар төрөө байгуулж, үндэсний шашинтай болж, засаг захиргааны шинэчлэл хийсэн үеүдийг заасан байдаг.


Дөрөв. Их ухралт

Нүүдэлчид угаасаа л овог аймагт хуваагдсан хэвээрээ удаан явжээ. Тэр нь цусан төрөл, нэг овогтний холбоо гэхээсээ илүү нутгийн зөвлөл, жалга довны группийн шинжийг агуулна. Ийм учраас хүн нэг аймгаас нөгөө аймагт шилжиж болно. “Нууц товчоо”-г уншсан болгоны мэдэх зүйл л дээ.

Харин иргэншиж хөгжсөн газар оронд энэ үзэл халагдаж, нэг хотынхон, нэг улс үндэстэн болон хувирч байжээ. Хүн төрөлхтний түүх бол ураг садан, жалга довны нэгдлээ даван туулж үндэсний эрх ашгийн нийтлэгтэй болж чадсан шаштир ажгуу. Глобальчлал, ардчилал гэдлэг ойлголт өнөөдөр хүн гэдэг амьтан “хүн төрөлхний нийтлэг”-тэй болж буйн жишээ.

Анхандаа шашин шүтлэг, үндэсний зан суртал нь овог аймгаас илүү том нийтлэг бий болгож байсан чөөр шашин суртлын хил хязгаар дээр тулж, зарим газар мөргөлдөж байж.

Магадгүй энэ хязгаарыг илүү том тэлсэн зүйл бол улс төрийн нам болов уу? Бид өнөөдөр улс төрийн энэхүү байгууламжийг шавартай хутгаад хаячихсан болохоос биш, цаад гарвалаараа хүний түүхийн гайхамшигт дэвшил байлаа. Учир нь хүмүүс овог аймаг, шашин, гарал үүсэл, арьсны өнгөнөөс үл хамааран улс төрийн үзэл бодлоороо нэгдэх боломж олсон нь улс төрийн нам байж.

Жишээлэхэд, бидний сайн мэдэх коммунист чиг баримжаатай үзэл суртал ба намууд бөмбөрцгийн хүн ардын бараг талыг эзэгнэж байв. Даанч,“хоосон ядуу ч гэсэн хүн мөн” гэдэг тэнгэрлэг үзэл санаанаас гараагаа аваад “хоосон ядуу л бол хүн мөн” болж гуйвснаас биш. 

Социализмын жилүүдэд, ялангуяа Ю.Цэдэнбал даргын удирдлагаар овог аймгийн үзэл санаанаасаа төдий л холдоогүй монголчуудыг үндэсний нийтлэг үнэт зүйлтэй болгох олон ажил хийгджээ. Бөхчүүдийг хүртэл аль нэг аймаг орон нутгаар цоллон дуудахаас зайлсхийж биеийн тамир спортын нийгэмлэгүүдийн өмнөөс барилдуулж байлаа.

Америкийн хөгжил дэвшлийн нууцыг чухам овог отог, арьсны өнгө, шашин шүтлэгийг давсан нийтлэг эрх ашгийг бий болгож чадсан явдал хэмээн бахархаж бичдэг. ХХ зууны монголын соёлын довтолгооны бас нэг том ололт нь жалга довны үзэл санаанаас давсан “БНМАУ-ын иргэн”, “монгол эх орон” зэрэг үндэстний нийтлэгийг бүтээж чадсан явдал байлаа.

“Заяын шавийнхан, Дархан бээлийн хошууныхан, Дорж тайжийн хамжлага хэмээх бяцхан “нийтлэг”-тэй явсанмонголчуудад “эх орон” гэдэг хэллэг, ойлголт байсангүй. (Монголчууд өөрснөө гурав дөрөв хуваагдчихсан цаг). 

Магадгүй, орос хэлний отечество, родина, народ, партия гэдэг үгсийн орчуулга болох “Эх орон”, “ард түмэн” гэхчлэнийн үгс нь бид үндэстэн болж цогцолсны илрэл байв. Чухам энэ дэвшлийн үрээр л эх орон хэмээх тугийн дор нэгдсэнманай улсын буддын шашинт монголчууд, ислам шашинт казахууд хоорондоо овог аймаг, шашин шүтлэгээрээ бус харин намаараа ялгаран “үзэж” тарж байгаа билээ, дэвшил шүү.

Харамсалтай нь, социализмд бүтээгдсэн үнэт зүйлсийн нэлээд нь албадлага дээ тогтож байснаас болсон уу, угаасаа хотшин иргэншиж гүйцээгүй байхдаа ардчилалтай золгосон улсын зовлон ч юм уу, олон сайхан ололт нь нурж эхэлсэн юм.

Тэдний нэг нь монголчууд улс үндэстний нийтлэгээсээ ухарч нутаг усны буюу овог аймгийн эрх ашгийн нийтлэг рүүгээ хийж буй ухралт бөлгөө. Үндэсний хэмжээний энэ ухралт арай гэж хотшиж байсан нийслэлийн хүүхдүүдийг ч үертээ хамжээ. Тэд энэхүү овог, аймгийн байгууламжийн аль нэг хэсэгт л хамаарахгүй бол улс төр хийж чадахгүй болсон учраас эцэг эхийнхээ намтрыг судлан сонголт хийж байх шиг.

Нийслэлийн унаган иргэд болох Н.Энхбаяр аавыгаа даган Архангайн овогт очиж, М.Энхсайхан Дорнодын отогт нэгдэн, С.Баяр Хөвсгөлөөр аймагжсан нь үүний жишээ гэлтэй.

Нэг талаасаа төрөлх нутаг орноо хөгжүүлэх, байгаль дэлхийтэй тогтоосон хүйн холбоогоо эргэн санах тэнгэрлэг үйл мэт. Гэтэл, ХХ зууны монголчуудын гол ололт болсон хотшил иргэншлийн эсрэг чиглэсэн нүүдэл болж байдаг.

Энэ ухралт эхэндээ биднийг нийслэлийн иргэн,Улаанбаатарын хүн биш болгож, Улаанбаатарыг “миний биш болгож” эхэлж байна. Дараа нь монгол хүн, монголын иргэн гэдэг нийтлэгийг эвдэж эхэлбэл яах вэ?

Бидний, хотынхоо өмнө нэр нүүртэй байхаасаа илүүтэйгээр хот айлынхаа өмнө нүүр улайхгүй байх эрмэлзэл “хөгжсөөр” байгаад “овог аймгийнхаа өмнө хүлээх хариуцлага нь улс үндэстний өмнө хүлээсэн үүргээс давах” хэмжээнд очвол яах вэ?

Хэдэн жилийн өмнө “Увс хүн” гэдэг хөтөлбөр гарч, ном нь хэвлэгдэж байсныг наргиан болгоод өнгөрцгөөсөн. Одоо араас нь “Өмнөговь хүн”, “ Алтай хүн” гарч хөгжөөд монгол хүн задарч эхэлбэл яах бол?


Төгсгөл. “Чиний хот”-оос “Миний хот”

Монголчууд орчин үеийн утгаар суурьшиж эхлээд нэгэн жарныг үджээ. Харин иргэд нь далд ухамсраараа түүнийг хуучин цагийн өргөө, түр зуурын айлсал, асар том хот айл маягаар төсөөлсөөр. Тэр тэрхүү далд ухамсар нь “Чи энд түр суугаа аяны хүн, чамд өөрийн гэх уугуул нутаг бий. Харин түүнийгээ мартаж болохгүй” хэмээн сануулсаар...Гончоом өмсөж, англиар яривч далд ухамсраас нь үл арилах сэтгэл зүрхний дуудлага.

Монгол хүн явсан газартаа нүүртэй байхаас илүү нутаг орондоо очих нүүртэй байхыг эрхэмлэдэг. Энэхүү далд чин эрмэлзэл бидний төөхөлхи хотдоо хандах хандлагыг тодорхойлсоор байна. Нэгэнт л нутаг нутгийн зөвлөлд албан ёсоор хуваагдсан иргэдтэй, тэд нар нь нийслэлд тулгамдсан асуудлаас илүүтэйгээр уугуул нутгийн цас зудыг чухалчилдаг Улаанбаатар хотыг хөдөөний хүн удирдах, хотын суугуул захирах хоёрт зарчмын ялгаа байхгүй л болов уу?

Хамгийн гол нь Улаанбаатарыг хот шиг хот байлгахын эхлэл нь хотод суугаа энд тэндхийн уугуулуудын сэтгэл зүрхийг эгүүлэх явдал юм шиг байна. Улаанбаатар хот миний хот болох ёстой. Энэ алхмыг үндэсний зан үйл, уламжлалт соёлдоо шингээж эхэлбэл ямар бол? Жишээлэхэд, Улаанбаатарын, Сүхбаатар дүүргийн бөх хэмээн цагаан сараар цоллохоос эхэлбэл...

Чухамдаа “улаанбаатарын хүн”, “Миний Улаанбаатар” гэдэг ойлголт, итгэл үнэмшил л биднийг өөр хаанахын ч биш “монголын хүн” болох зам руу маань эргүүлэн хөтлөх болов уу?