“Монголоо голсон” бүсгүйчүүд, цалингаа чамласан залуус “Хүний наймаа”-ны золиос болсоор байх уу
-БНХАУ-ын иргэн Пики хочит Zheng Gangsong нь Замын-Үүдийн хилийн боомтоор 5 удаа нэвтэрсэн, энэ хугацаанд хэдэн хүүхэд, эмэгтэйчүүд сураггүй алга болсон талаар сэртхийхгүй байхын аргагүй-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр манай улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэнгийн танилцуулгаас нэгэн зүйл анхаарал татсан юм. Энэ нь “2023 оны 5-6 дугаар сард БНАЛАУ-ын Бокео мужийн Хуасай хот /Алтан гурвалжин/ дахь Эдийн засгийн тусгай бүсэд есөн монгол эмэгтэй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж, амь нас нь эрсдэлд орсон тухай мэдээллийг авч БНАЛАУ-ын ГХЯ, Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран цагдаагийн хамгаалалтад авч газар дээр нь биечлэн очиж автомашин, онгоцоор тээвэрлэн Вьентьян хотноо ЭСЯ-ны байранд хамгаалалтад авч Монгол Улсын ГХЯ, Консулын газар, ЦЕГ-тай хамтран зардлыг шийдвэрлэж эх оронд нь буцаасан” гэдэг мэдээлэл байв.
Энэ чухам ямар хэрэг байсан нь анхаарал татаж холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.
БНХАУ-ын иргэн Пики хочит Zheng Gangsong гэгч нь Монгол Улсын иргэн Б-тэй үгсэн тохиролцож, Тайландын Хаант улсад өндөр цалинтай ажилд зуучлах нэрийдлээр нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Тайландын Хаант улс, түүнээс цааш усан онгоцоор БНАЛАУ руу хууль бусаар хил давуулан биеийг нь үнэлүүлсэн гэмт хэрэг гарчээ. Хохирогчдын зүгээс бичиг баримтыг хураан авч зорчих эрхийг хязгаарлан бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж байна гэсэн мэдээллийг ямар нэг сувгаар дамжуулан хүргэж чадсан тул хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулж эхэлжээ. Ингээд цахим хэрэгслээр хохирогчидтой холбогдоход тэдний нэг нь “Би гурван найзынхаа хамт энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар-Бангкокийн нислэгээр Тайландад очсон. Биднийг нэг монгол эмэгтэй, нэг хятад эрэгтэй хүн тосож авч хоёр хоногийн дараа Тайландын Чианг-Рай хотоор дамжуулан усан боомтоор Лаос улс руу хил нэвтрүүлсэн. Бидний гадаад паспортыг хурааж авч Бокео мужийн караоке, зочид буудалтай орон сууцанд байрлуулж бусдад хүчээр биеийг маань үнэлүүлж байна. Биднийг харгалзаж манадаг хятад нөхөртэй монгол эмэгтэй өнөөдөр Тайланд руу явсан болохоор бидэнд зөвхөн маргааш өглөө л эрт зугтах боломж байна. Бидэнд тусална уу” гэж ярьжээ.
Түүний хэлсэн Бокео гэх газар нь биеэ үнэлэлт, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа зохион байгуулдаг “Алтан гурвалжин”-гийн бүс нутагт байх бөгөөд тухайн орны хууль сахиулах байгууллагууд төдийгүй консул, дипломат төлөөлөгчийн газар нь хүртэл гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байх магадлалтай, энэ нь ч хохирогчдын өгсөн мэдүүлгүүдээр баталгаажиж байжээ.
“Алтан гурвалжин”-ын тухайд Зүүн өмнөд Азид 367 мянган кв.км тайлбайг эзлэн оршдог, 20-р зууны эхэн үеэс мансууруулах бодис агуулдаг опиум цэцгийн ихээхэн хэсгийг үйлдвэрлэдэг, Лаос, Тайланд, Мьянмарыг тусгаарласан хилийн уулзварын цэг дээр төвлөрч байрладаг, уулархаг газар, хот суурин төвүүдээс хол зайд хууль бусаар тариалсан опиумаа хууль бусаар хил давуулан худалдаалдаг хамгийн тохиромжтой байршил гэж тодорхойлогдсон байдаг. Зүүн Өмнөд Азид үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хүний эрхийн байгууллагаас саяхан “Алтан гурвалжин”-ийн газар нутагт зохион байгуулалттай хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тариалах, хил давуулан худалдахаас гадна хүн худалдаалах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буйг мэдээлж байсан билээ.
Яг л кинонд, уран зохиолын номонд гардаг шиг тэр аймшигтай үйл явц бидний амьдралын дунд оршиж, эмэгтэйчүүд “хүчээр” гэхэд бодит байдал дээр арай дэгс, “гэнэн, тэнэг” гэхэд хатуудахаар байдлаар ийнхүү харийн хүмүүсийн гарт ордогийн жишээ энэ.
Дараагийн эмэгтэй иргэн “Х” нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсаас Тайландын Хаанд улсад суух ЭСЯ-тай холбогдож “Би энэ оны 3 дугаар сарын 26-нд “Гадаадад өндөр цалинтай ажилд явуулна” гэх зарын дагуу Бүрэнбаяр гэдэг эмэгтэйгээр зуучлуулах Тайландын Чианг Май хотод ирж БНХАУ-ын иргэн Пики хочит Zheng Gangsong гэгчийн эрхшээлд орж хүсээгүй ажлаа хийж, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон. Энд надаас гадна хоёр монгол эмэгтэй байгаа. Пики намайг удахгүй Камбож улс руу зарахаар төлөвлөж байгаа тул миний аюулгүй байдлыг хангаж яаралтай арга хэмжээ авч Монгол руу буцааж өгнө үү гэж хүсэлт гаргажээ. Энэ мэтчлэн Лаос улсад лав Монголын нийт 13 орчим охид эмэгтэйчүүд Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн бөгөөд сэжигтэй этгээдүүд нь тэдний гадаад паспортуудыг хураан авч гадаад улсын иргэдэд хүчээр биеийг нь үнэлүүлж өндөр ашиг олдог байсан нь тогтоогдсон байна.
Иргэн Б буюу Бүрэнбаяр гэгчийн хувьд гадаад улсын иргэдтэй урьдчилан үгсэн тохиролцож, Улаанбаатарт клиент буюу тогтмол үйлчлүүлэгчдийн захиалгаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдтэй фэйсбүүкээр холбоо тогтоож “Тайландад пентхауст үйлчлэгчээр ажиллаад богино хугацаанд их хэмжээний мөнгө олох ажил байна. Би эзнийг нь танина” гэж элсүүлж эхэлснээр нэр бүхий дөрвөн эмэгтэйг Тайландаас Лаос руу хятад иргэн Пики гэгчийн мэдэлд шилжүүлэх ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр өөрөө 2007 оноос хойш БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ны Эрээн, Хөх хот, 2014 оноос Хонгконг, Сингапур зэрэг газруудад биеэ үнэлж байсан. Мөн 2015 онд бусадтай бүлэглэн Малайз улсын гэмт бүлэглэлийн гишүүн Д гэгч иргэнд Монгол Улсын 15 иргэнийг гурван удаагийн тээвэрлэлтээр бэлгийн мөлжлөгийн зорилгоор зуучилж худалдсан үйлдлийг Монголын цагдаагийн байгууллагаас илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2017 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болж ял завшиж байсан этгээд мөн болохыг тогтоожээ. Түүнийг гадаад улс руу зугтахаар зэхэж буй талаарх мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагаас шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулжээ.
Ингээд иргэн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах гэмт хэрэг/-д зааснаар эрүүгийн хариуцлагад татаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа юм.
Шалгалтын хүрээнд дээр дурдсан нэр бүхий зургаан эмэгтэйг энэ оны 5 дугаар сард эх оронд нь аюулгүй авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Хууль хяналтын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай мэдээ мэдээлэл солилцож хамтран ажилласнаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н,Б,А нарыг хамгаалах байранд байруулж улсын зардлаар Монгол Улс руу буцаах байсан боловч тухайн иргэд нь хоорондоо маргалдаж А нь Монгол руу буцахгүйн тулд гэмт бүлэглэлийнхэнд өөрсдийн байрлаж байсан хамгаалах байрны хаягийг зааж өгч дагаж явсан байна. Үүний дараа мөн иргэн Б, Н нарыг Лаос улс дахь ЭСЯ-ны байрнаас гаргуулан авч энэ оны 6 дугаар сарын 2-ны өдөр улсын зардлаар эх оронд нь аюулгүй авчирчээ. Харамсалтай нь тэдний зарим нь одоогоор тус бүс нутаг руу дахин явахаар зэхэж байгаа тухай мэдээлэл байна. Хэрэв тэд дахин хил давж бусдын гарт орж “бэлгийн мөлжлөг”, “хүний наймааны” золиос болсон тохиолдолд тэд мөн л хуулийн байгууллагад хандаж, улсын зардлаар эх орондоо хүргэгдэж ирнэ. Үүний төлөө цагдаагийн байгууллага тэднийг буруутгах ямар ч шалтгаан үндэслэлийг үл харгалзан иргэнийхээ эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлж таарна. Гэхдээ саяынхыг шиг аз тохиовол шүү дээ. Хэрэв хуулийн байгууллагатай холбогдож эх орныхоо барааг харж чадахгүй бол яах вэ?
Харин БНХАУ-ын иргэн Пики хочит Zheng Gangsong нь 1987 онд төрсөн, Монгол Улсад 2018-2023 онд 5 удаагийн аяллаар Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтоор орж гарч байсан гэх мэдээллийг сонсоод дээрх хугацаанд хэдэн хүүхэд, эмэгтэйчүүд сураггүй алга болсон талаар сэртхийхгүй байхын аргагүй. Түүнийг БНАЛАУ-д нөлөө бүхий, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гол гишүүдийн нэг бөгөөд Зүүн өмнөд Азийн ядуу буурай хөгжилтэй улсуудаас охид, эмэгтэйчүүдийг өөрийн бүс нутагт хуурч мэхлэн ирүүлж бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашигладаг болох нь бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Түүнчлэн манай улсын иргэд БНХАУ болон Зүүн өмнөд Азийн зарим оронд 30-60 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэйг далимдуулан гадаад улсын гэмт бүлэглэлийнхэнтэй үгсэн хуйвалдаж тэдний захиалгаар нутаг нэгтнүүдээ “гадаадад өндөр цалинтай ажилд зуучлах” нэрээр хуурч бусдын эрх мэдэлд шилжүүлж бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор зуучилж “хүн худалдаалах” гэмт хэргийн золиос болгох эрсдэл нэмэгдэх хандлагатай байна.
Үүнтэй холбогдуулан бас нэгэн “хөдөлмөрийн мөлжлөг”-ийн хэргийн жишээг дараагийн нийтлэлдээ бичих болно. Товчхондоо, мөн л өндөр цалин амлаж зардлыг нь даан аваачаад цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлж эрх ашгийг нь зөрчин “хүний наймааны” золиос болгосон. Орчуулагч, оператор, хүний нөөцийн мэргэжилтэн зэрэг ажилд, таатай нөхцөл, хангамж, өндөр цалин амлаж аваачсан гэмт бүлэглэлийнхэн хохирогчдын ар гэрийнхнээс гэрээний үүрэг зөрчсөн торгууль, ирсэн зардал болон хоол, байрны мөнгө бусад зардлыг төлж барагдуулсан тохиолдолд буцаана гэж их хэмжээний мөнгө нэхэж барьцаалсан байв. Монголын хууль хяналтын байгууллага, ГХЯ, Тайландын хаант улс дахь ЭСЯ хамтран ажиллаж энэ оны 1 дүгээр сард эхний 12 иргэнийг, одоогоор нийт 25 иргэнээ эх оронд нь аюулгүй буцаан ирүүлж зуучилсан этгээдүүдийг шалгаж байгаа юм байна. Энэ хэргийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй бичих болно.
Жаргалаа зовлонтой эндүүрч, амар хялбар аргаар өндөр цалин авах хүсэл эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов ийнхүү хүний нутагт тарчлан тамлагдаж эх орондоо очихын түүс болгох нь харамсалтай. Гэсэн ч тэдний зарим нь өөрийн хүсэлтээр дахин тийм ажилд явахаар тэмүүлэх нь бүр ч гачлантай. Аль ч тохиолдолд Монголын хууль хяналтын байгууллага ямар ч үнээр хамаагүй иргэнийхээ эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд “мөнгө цагаан, нүд улаан” болж хүний наймааны олз ашигт амташсан хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлүүдтэй “тулж” байна. Гуравхан сая хүн амаа сайн сайхан амьдруулахын тулд төр нь хичээхийн сацуу элэг нэгтнээ хэдхэн ам.доллараас худалдаж хүн чанараа гээсэн “зуучлагчдыг” хатуу шийтгэхийг нөхцөл байдал шаардаж байна.