Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зураглал улам сонирхолтой болж ирж байна. Аливаа орны Ерөнхийлөгчийг шинээр томилогдоод анхны айлчлалаа хаана хийхээс түүний аль улсад илүү элэгсэг, найр тавих вэ гэдгийг мэдэж болдог. Гэтэл Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдоод анхны айлчлалаа “дэлхийн дээвэр” НҮБ-аас анхны алхмаа эхлээд улмаар “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д заасны дагуу хоёр хөршдөө айлчилж, тэгснээ барууны маш сонирхолтой зочдыг урьж гадны ажиглагчдын анхаарлыг татаж байсан. Энэ удаад тэрбээр уламжлалт харилцаатай Зүүн Өмнөд Азид төрийн айлчлал хийж байгаа нь дээрх маршрутын цаана ямар бодлого баримтлаад байгаагаа харуулж байгаа юм.

Одоо гол асуудалдаа оръё. Яагаад Вьетнам, Лаос руу явчихав гэдгийг гайхаж, шүүмжилж буй сэтгэгдлүүдийг харлаа. Энэ нь дотоод талдаа хүнсний хангамж болон тээвэр ложистикийн хувьд олз омогтой шинэ гарцуудыг нээж, гадаад талдаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “цаг үед” Монгол Улсын гадаад бодлого ямар байх “сигнал”-ыг өгч байгаа хэрэг юм. Үүнийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн айлчлалууд, урьсан зочид, өрнүүлж буй харилцааны хөгжил харуулж байна. Жишээ нь хөгжиж буй орнуудын бүлэг буюу “77-ын бүлэг” бол НҮБ доторх маш хүчтэй бүлэг. Тиймээс далайд гарцгүй, хөгжлийн түвшнээрээ төстэй БНКиргиз улсын Ерөнхийлөгчийг урьж, тус оронд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж харилцаагаа тэжээж тэтгэж тордож яваа хэрэг. Үүний дараа Зүүн Өмнөд Азийн орнууддаа төрийн айлчлал хийж байна.

Өөрөөр хэлбэл, “бие даасан”,“олон тулгуурт”, “энхийг эрхэмлэгч” гэдэг байр сууриа тодотгосон хэрэг. Бүр тодруулбал, Монгол Улс Оросыг дагалдаж дайн дэмжээгүй, Америкийг дэмжиж хэт баруунжаагүй, өөрсдийнхөө л эрх ашгийн төлөө бусадтай харилцаж байгаа, гэхдээ та нартай хэлэлцэж тохирсон зүйлсээсээ огт ухраагүй гэдгээ аль алинтай нь хамтарч чадаад байгаагаараа харуулж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг хүн төрөлхтний хамгийн үнэ цэнтэй бүхнээр дэнчин тавьсан барууны бодлого гоё л доо. Гэхдээ бидний хувьд бодит байдал чухал. Энэ талаар “ягаан нүдний шил” гэдэг нэр томьёог ашиглан тайлбарлах гэж оролдъё.

Гадаад бодлогод “ягаан нүдний шил” гэдэг ойлголт байдаг. Бүх зүйл гоё сайхан, өөдрөг байгаа мэт хардаг тэрхүү гоёмсог ягаан шилээр харах нь тийм ч сайн зүйл биш. Жишээ нь, өнөөдөр барууныхан “Ардчилал гэдэг зүйл яг америк стилиэр бүх оронд таарах ёстой” гэж нэгэн хэвэнд цутгамал байдлаар ойлгодог, тэр нь амжилтгүй болоод байгаа ч туйлшраад зүтгээд байгааг бид харж байна. Тэд “Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын талд зогсч байгаа л бол Украиныг дэмжих ёстой” гэж туйлширсан тунхаглалаар дарамт шахалт үзүүлэх боллоо. Энэ бол геополитик, геостратеги, гадаад бодлогын хувьд хамгийн тэнэг, байж боломжгүй үзэгдэл гэж “бодлоготнууд” шүүмжилж буй. Гэтэл монголчууд бид хэдийгээр дайныг эсэргүүцэж, Украиныг дэмжих тухайд иргэд нь санал нэгтэй байвч төрийн бодлого нь хүчтэй, мөнгөтэй том орнуудтай нэгдээд муйхарлаад, Оросыг буланд шахаад байгааг сохроор даган дуурайх, өөрөөр хэлбэл “Ягаан нүдний шил” зүүх боломж байхгүй. Яагаад гэвэл бид далайд гарцгүй. Газарзүй бол геополитик болон Үндэсний аюулгүй байдлын гол шалтгаан. Бид “ягаан нүдний шилээр” харж, гоё ганган ардчилал, эрх чөлөөт орнуудыг сохроор дуурайгаад мансуурч явмаар байвч газарзүйн шалтгаанаа яаж ч чадахгүй. Үүнийг Тим Маршаллын “Prisoners off Geography” буюу “Газарзүйн хоригдлууд”, Роберт Капланы “The Revenge of Geography” буюу  “Газар зүйн өшөө авалт” номуудад тодорхой бичсэн байдаг юм байна. Бодитой жишээ дурдъя. Хөшигний цаана улс орны хувь тавиланд юу тохиолдож буйг бид тэр бүр мэддэггүй.

Монгол Улс Prisoners Geography буюу “газарзүйн хоригдол” болох ёсгүйгээ төрийн бодлогоороо харуулж байна


Өнөөдөр өрнөж буй Орос, Украины дайны тухайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол дээр Монгол Улс анхнаасаа өнөөг хүртэл тууштай түдгэлзэж буй. Хачирхалтай нь үүнийхээ төлөө бид “дээрэнгүй” оросуудаас биш барууны найзуудаасаа цохилт амссан шүү дээ. Тухайлбал “Та нар ардчилсан улс байж яагаад Украины талд зогссонгүй вэ” гэж бидэнд demarche өгдөг. Үүний нөгөө утга нь “Та нар ардчиллыг дэмждэг л бол Америкийн талд зогсох ёстой” гэсэн дарамт. Demarche гэдэг бол дипломат харилцаанд байдаг хамгийн хурц хатуу буюу “нэн таагүй” байгаагаа илэрхийлж буй эсэргүүцлийн бичиг. Монголын тайлбар юу байсан гээч? Монгол Улс тусгаар тогтносон орны хувьд “түдгэлзэх, татгалзах, дэмжих” эрхийн алийг эдлэхээ өөрсдөө сонгох ёстой. Үүнийг л “бие даасан гадаад бодлого” гээд байгаа юм. “Яагаад та нар Оросод дургүйгээ илэрхийлэх замдаа Монголыг хохироох ёстой гэж?”.

Нээрээ л бид барууны найзуудынхаа үгэнд ороод Оросын эсрэг санал өглөө гэхэд хуучинсагаар бодоход маргааш нь оросууд шатахуунаараа хяхан боож, нөгөөдөр иргэд Засгийн газрыг буруушаан үймээн самуун үүснэ. Өнөөдөр байгаа бодит байдал маань л ийм. Энэ бол манай дотоод хямралд хөтөлнө. Украиныг Европын холбоонд элсье гэхэд дэмжээд оруулж чадаагүй байж Монголыг шатахуун, эрчим хүчээ гэнэт таслуулж ард иргэд нь хохирч хямрахад тэд юу хийж өгч чадах юм бэ? Орос, Украины дайн дуусна, манай улсын хөршүүдтэйгээ харилцах харилцаа дайнтай хамт дуусч болохгүй биз дээ? Ингэж тэд өөрсдийн эрх ашгийн төлөө Монголыг хохироодог. Тэгэхээр монголчууд гадаад бодлогоо “ягаан нүдний шилээр” харах боломжгүй байгаа биз.

Саяын айлчилсан БНСВУ л гэхэд Хятад Америк хоёрын “зодоон”-ы дундуур ашиг олохын тулд дайны шархаа мартаад “ясны дайнуудтайгаа” Стратегийн түншлэлийн гэрээ байгуулж Apple-ийн үйлдвэрийг, үйлдвэрийн ажилчдын байртай нь нутагтаа байгуулуулж чадлаа. Үүний өмнө Хятадын мөнгөөр төмөр зам тавиулчихсан. Дээр нь нэмээд Хятадтай ч карго болон зорчигч тээврийн хурдны галт тэргээр холбогдчихлоо. Автомашинаар найман цаг явж очдог Куньмин, Вьентян хоорондын зайг гурван цаг хүрэхгүй хугацаанд туулдаг боллоо. Үүндээ зориулж 166 гүүр барьж өгсөн байна шүү дээ. Энэ талаар тусад нь онцгойлж бичих болно. Тэгэхээр олон тулгуурт гадаад бодлого, гуравдагч хөршийн бодлого буюу тэнцвэртэй, бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого гэгч ийм ач холбогдолтой байх нь.
Ийм бодлого баримталсныхаа төлөө хоёр хөршөөс хэзээ ч сайн үг сонсохгүй нь ойлгомжтой. Тэгэх ч албагүй. Тэглээ гээд тэд манай бодлогыг эсэргүүцэх эрхгүй. Энэ бол манай тусгаар улсын бодлого. Ийм бодлогын дор эдийн засаг хөгждөг гэдгийг бусад орны жишээнүүд харуулсаар байгаа билээ. Энд тодотгоход манай гадаад бодлогын “Энхийг эрхэмлэгч” гэдгийн тухайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш “Энэ хэцүү ертөнцөд Монгол Улс бол Энхтайвны билэг тэмдэг болсон орон юм” гэж тодорхойлж дэлхий дахинд тунхаглан зарлаж өгсөн. Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” гэж XIII зууны үед Их Монгол Улсын тогтоосон худалдаа, соёл, бүхий л харилцааны аюулгүй байдал, энхтайванч гадаад бодлогын түүхтэйг сануулж, 20 гаруй жил НҮБ-д энхийг сахиулагчдаа илгээж, өнөөдрийг хүртэл цөмийн зэвсгийг эсэргүүцэгч, энхийг эрхэмлэсэн бодлогодоо тууштай байгаа нь ердөө л Монгол Улс байдаг. Тэгвэл НҮБ анх байгуулагдахдаа манайх шиг хөгжиж буй орнуудыг ижил тэгш эрхтэй, “түдгэлзэх, татгалзах, дэмжих” эрхээ эдлэг гэж байгуулагдсан болохоос жижиг нь томчуудтай нийлээд томчуудынхаа дургүй орнуудыг “бүллидээд” ашиглуулаад байг гэж байгуулагдаагүй. Тиймээс түүний энэ “тамгалж” хэлсэн үг маш чухал ач холбогдолтой билээ.

Ромын Пап Францисын айлчлал тун сонирхолтой. Ватикантай ямар ч холбоогүй, 1500-хан католик шашинтантай Монгол Улс түүнийг бараг л гурван сая католик шашинтантай мэт хүндэтгэн хүлээж авсан. Яагаад гэвэл тэр Дэлхийн хүн. Тэрбээр айлчилсан орон бүртээ энхтайван, тэгш эрх, ардчилал, шашин шүтэх эрх, хүний эрх, эрх чөлөөг номлодог онцлогтой. Ромын Пап Францисыг авчрахдаа “Шашин шүтлэг, оюун санааны эрх чөлөөг түүхэндээ болон өнөөдрийн Үндсэн хуульдаа хамгаалж баталгаажуулсан Монгол Улсад” урьсан. Тиймээс ирэхийг зөвшөөрсөн. Ирээд “Шашин шүтэх эрх болон бүх эрх чөлөөний тухай тунхаглал монголчуудын соёлын өвийн эд эс болгонд оршдог учраас Монгол Улс нь оюун санаа, шашин шүтэх эрх чөлөөний билэг тэмдэг орон байхаас аргагүй юм” гэж хэлсэн. Мөн л Монгол Улсыг тодорхойлсон энэ үг манай гадаад бодлогыг дэлхий дахинд “тамгалж” өгсөн хэрэг.

Гадаад харилцаагаа brotherly realtions гэдэг нэр томъёоноос “цэвэрлэх” хэрэгтэй


Сүүлийн асуудал. Залруулах ёстой нэг зүйл байна. “Ахан дүүс” гэдэг үгширмэл ойлголтыг одоо бүгдээрээ шинэ үеийн гадаад харилцаанаасаа авч хаях, цэвэрлэх цаг болжээ. Жишээ нь “Лаос манай дүү улс” гэхийг сонсоод тэдний ард иргэд монголчуудад гомдож болно шүү дээ. Тэд зарим талаараа, бид ч зарим талаараа тэднээс илүү, бас дутуу байгаа. Өсөж өндийж хөгжиж явахад түүнийг нь олж харахгүйгээр аливаа орныг “ах”, эсвэл “дүү” гэж  нэрлэдгээ төрийн бодлогын хэмжээнд лав цэгцлэх цаг болсон гэж боддог. Эсвэл Чех, Румын, Югослав улстай бид brothers буюу ах дүүгийн харилцаа яривал тэднийд коммунист түүхийг нь сануулж, “Танайх Оросын хараат байсан шүү дээ” гэдгийг нь сануулаад байвал энэ бол харилцаа биш, доромжлол болно. Өнөөдөр бид тийм “пост коммунист” үг хэллэг хэрэглэж болохгүй.
Вьетнам, Лаос хоёр орон бол социалист орон хэвээрээ байгаа учраас энэ үгийг “хар ярианд” ашиглаж болоод байгааг олж харлаа. Тэгэхээр “Ахан дүүсийн харилцаа” гэдгийг “Бид ах нь, тэд дүү нь” гэж ойлгож болохгүй. Лав л Вьетнам улс биднийг хөгжлөөрөө хол хаясан байна. Гэтэл “эднийх манай дүү” гээд байх эвгүйеэ.
Албан ёсоор brotherly realtions буюу “Ахан дүүсийн харилцаа” гэсэн элэгсэг үгийг “ихрүүд” шиг хэн нэгнийхээ ах дүү гэхээсээ элэгсэг дотно л гэж ойлгоно уу гэхээс уламжлалт хэв маягаар “ах нь дүүгээ харгалзаж, халамжлах ёстой” гэх эсвэл “Манайх ах орон, танайх дүү орон” гэвэл энэ бол гадаад харилцаа биш гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх.  
Вьетнам, Лаос орнуудад хийсэн айлчлалаа дахин дүгнэж хэлэхэд уламжлалт найрсаг харилцаатай энэ оронд “уламжлалт салбарууд”-аа болон шинээр харилцан ашигтай салбаруудаа нээн илрүүлж хөгжих ёстой. Өнөөдөр дэлхийн цуутай компаниуд энэ хоёр оронд салбараа нээсний гол шалтгаанаа гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн байдал нь тогтвортой, Засгийн газар нь тогтвортой, газраа ашиглуулах, өмчлүүлэх гэрээ нь тогтвортой байдаг, оронд нь олон иргэнээ өндөр цалинтай ажлын байраар хангахыг чухалчилдагтай холбон тайлбарлаж байна. Бидэнд яарах, өрсөлдөх шалтгаан олон байна. Наад зах нь Лаос Улстай одоогийн байдлаар 13.5-хан мянган ам.долларын худалдааны эргэлттэй буюу үндсэндээ ямар ч худалдаа байхгүй байна гэсэн үг. Үүнийг идэвхжүүлэхийн тулд зорчигч тээвэр, карго тээвэр, төмөр замын холбоосыг хөгжүүлэхээр тохирч байна. Хоёр орны иргэдийн харилцааг идэвхжүүлэхийн тулд соёлын, хүмүүнлэгийн ажлуудыг хийх ёстой. Үүний тулд агаарын хэлэлцээр чухал нөлөөлнө. БНАЛАУ бол далайд гарцгүй буюу land locked орон байсан бол сая энэхүү Хятад Лаосын төмөр замаараа land linked орон болчихлоо гэж ярих болсон. Үүнийг АСЕАН-ы орнууд ч бүгд хүлээн зөвшөөрч дэмжчихлээ. Эднийх Тайландтай ч, Вьетнамтай ч сайн харилцаатай, дээр нь Хятадтай хурдны зам, төмөр зам, карго тээвэр зэргээ бүх талаар холбон хөгжүүлж “Далайд гарцтай орон” хэмээн зарлаж маш том өрсөлдөгч болж, энэ талаарх том төлөвлөгөөгөө дэлхий дахинд бардам танилцуулж байна. Тийм учраас дагаж, дагуулж хөгжих, “олон тулгуурт”, “нээлттэй” гэх бодлогоороо эдийн засгийн агуулгаа баяжуулах Монгол Төрийн бодлого оновчтой байж, тусгал нь ард иргэдэд, Монголын эдийн засагт өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.