Монгол Улс усныхаа нөөцийг хамгаалж ашиглахад анхаарах цаг болсон
Усны бодлогоор эхний ээлжинд хэрэгжүүлэх төсөлд дараах арга хэмжээ тусгагдах нь зүйтэй юм.
Монгол Улсын усны нөөц бага, нутгийн хойт хэсэгт байдаг голуудын ус бараг бүгд гадагш урсдаг, нутгийн урд хэсэг гол мөрөн нуургүй, олон зуун жилийн хур борооноос газар дор хуримтлагддаг усыг хэрэглэдэг онцлогтой.
Цаг уурын нөхцөл өөрчлөгдөж, хуурайшилт идэвхжиж байгаа болон уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж газрын гүний усны нөөцийг үйлдвэрийн хэрэгцээнд ашигладаг болж байгааг анхаарч Говь болон тал хээрийн бүсийн газрын гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглож нөөцийг нь сэргээх, хүн малын хэрэгцээг гадаргуугийн усаар хангаж байх нөхцөл бүрдүүлэх, гадагш урсаж байгаа голуудын усны нөөцийн зохих хэсгээр сан байгуулж ашиглах бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Ийм бодлого даруй хэрэгжүүлэхгүй бол усны хомсдол болж нутгийн зарим хэсэгт хүн амьдрах, хүн төрөлхтөний эрхэмлэн хадгалах ёстой бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нөхцөлгүй болох аюул нүүрлэнэ.
Усны бодлогоор эхний ээлжинд хэрэгжүүлэх төсөлд дараах арга хэмжээ тусгагдах нь зүйтэй юм:
- Дорноговь аймгийн чиглэлийн үйлдвэр уурхай, сумдын усны хэрэгцээг хангах зорилгоор Хэрлэн голын усны зарим хэсгийг говь чиглэлд татах төсөл хэрэгжүүлэх,
- Тавантолгой, Оюутолгой зэрэг нүүрс зэс олборлох, боловсруулах үйлдвэрүүдийн усны хэрэгцээнд газрын гүний ус хэрэглэхийг ойрын 4-5 жилд багтаан хориглон зогсоох, энэ хэрэгцээг хангах зориулалтаар дээрх хугацаанд Орхон голын усны зарим хэсгийг говийн чиглэлд татах төсөл хэрэгжүүлэх.
Хэрлэн голоос говийн чиглэлд ус татах төсөл ба түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол:
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэн голд усан сан бий болгоод Чойроор дайруулж Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл ус шахах хоолой татах.Ийм чиглэлийн 340 орчим км зайд Хэрлэн голын усыг татаж ашигласнаар Чойр хот, Шивээговийн уурхай, Даланжаргалан, Айраг сумын төв болон Сайншанд хотын усны хэрэгцээ хангагдаж, гүний усны хэрэглээ багасна.
Орхон голоос говийн чиглэлд ус татах төсөл, түний ач холбогдол:
Өвөрхангай аймгийн Хархорин хот орчимд Орхон голд усан сан байгуулж Орхон голоос авч болох ахиу хэмжээний усыг Өмнөговь аймгийн нутаг дахь Оюутолгой, Тавантолгойн уурхайд хүргэх төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Хархорин орчмоос Оюутолгой, Тавантолгойн уурхай хүртэл зай нийтдээ 600 орчим км. Ийм алсын зайд Орхон голын усыг гол хэрэглэгч уурхайнуудад хүргэх зорилтыг 350 орчим км зайд нь ган хоолой татаж ус шахах, 250 орчим км зайд нь Онги голын голдиролыг ашиглах замаар шийдэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, дараах гурван хэсгээс бүрдсэн төслийг хэрэгжүүлэх:
- Хархорин хотын ойролцоо Орхон голд усан сан бий болгоод түүнээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын нутагт урсаж буй Онги гол хүртэл 130 орчим км зайд ус шахах ган хоолой барьж Онги голын усны урсацыг эрс нэмэгдүүлэх,
- Онги голын усны урсацыг 250 орчим км зайд нэмэгдүүлснээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Улаан нуур хэмээх нуурын усны нөөцийг өсгөх,
- Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улаан-нуур хэмээх нуурын усны өссөн нөөцөөр усан сан бий болгоод түүнээс Оюутолгой, Тавантолгойн чиглэлд 250 орчим км зайд ус шахах ган хоолой татаж үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах.
Эдгээр гурван хэсгээс бүрдсэн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж дараах асуудлуудыг шийдвэрлэх:
- Хархориноос Онги гол хүртэл барих хоолой болон ус шахах насосуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих, ус шахах насосуудын цахилгааны хэрэгцээг Хархорины усан цахилгаан станцаас хангах, хэрэв хүрэлцэхгүй бол төвийн шугамд холбох замаар хангах.
- Онги голын орчинд алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийг Онги гол хүртэл ус шахах хоолой татахад гарах хөрөнгө оруулалтын зардлын зарим хэсгийг санхүүжүүлэхэд оролцуулах талаар Засгийн газрын шийдвэр гаргах. Онги гол дагуу байрлалтай аж ахуйн нэгж, ард иргэд, олон нийтийн байгууллагуудыг уг голын голдирол, урсацыг хамгаалж зохистой ашиглах ажлыг зохион байгуулах.
- Мандал-Овоо сумын Улаан-нуур хэмээх нуураас том уурхайнууд хүртэл ус татах хоолойнуудыг насосуудын хамт барих ажлыг санхүүжүүлж хэрэгжүүлэх болон ашиглах ажлыг Оюутолгой, Тавантолгойн уурхайнууд хариуцах асуудлыг зөвшилцөн шийдвэрлэх.
Эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээгээр дээр дурьдсан төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна дараах арга хэмжээг боловсруулж шийдэхэд анхаарах нь зүйтэй:
- Улаанбаатар хотын усны хэрэгцээг хангах зориулалтаар Туул голд усан сан байгуулах.
- Нутгийн хойд, Баруун хойд, Зүүн хойд чиглэлд, тухайлбал Сэлэнгэ, Ховд, Дорнод аймгийн нутагт байдаг голуудын заримд усан цахилгаан станц байгуулж, усан сангуудтай болох.
- Говь, хээрийн бүсийн аймаг сумын төв, хот тосгонд ус цэвэршүүлэх үйлдвэр цех байгуулж хүн амын хоол хүнсний хэрэгцээг цэвэршүүлсэн усаар хангах төсөл хэрэгжүүлж эхлэх.
Улсынхаа усны нөөцийг хамгаалах, ашиглах бодлого хэрэгжүүлэх дээр дурьдсан төслүүдийг техник эдийн засгийн үндэслэл тооцооны хамт нарийвчлан боловсруулах, зохистой гэж үзсэн төслүүдийг ажил хэрэг болгох шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргаж, Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлээсэй билээ.
Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2019 - 10 сар - 09