Тэр бөх хэний хэн бэ?
Мэрэг төлөг тавих гээгүй. Зөвхөн шинжлэх ухааныг хүндэтгэдэг, үзмэрчдийг бол луйварчингийн хэмжээнд дорд үздэг хүний хувьд гагцхүү судалгаанд үндэслэн дорхи прогноз хийж буйгаа толилуулж байна.
Энд сүүлийн 10 сард янз бүрийн байгууллага хамтлаг, мэргэжлийн ба мэргэжлийн бус бүлгүүдээс хийсэн судалгааг үндэслэлээ. Мэдээж, мэргэжлийн судлаачдын судалгааг илүү жинтэйгээр харгалзсан. Учир нь социологи бол шинжлэх ухаан болохоос сайн дурынхны ариун үйлс биш. Олон мандаттай тойргын сонгуулийн хэлбэр нь хаа нэг газруудад голдуу орон нутгийн сонгуульд хэрэглэж байсан байх юм. Харин дээр үед Японд хэрэглэж байсан ба Польшид парламентийн сонгуулийг ийм хэлбэрээр нэлээд хэдэн удаа явуулжээ. Иймээс Польшийн судалгааны арга барил, прогнзлох аргачлалыг ихэд хуулбарлан ашиглав.
Нэг мандаттай тойрогт судалгаа хийхэд харьцангуй хялбар. Тэнд хэнийг илүү дэмжиж байгааг илрүүлэх нь гол зорилт юм. Гэтэл тухайн тойрогт санал өгөгч бүр 4 хүртэл сонголттой учир энд хэнийг илүү дэмжиж байгаа нь биш, хэнийг илүү эсэргүүцэж байгаа нь судалгааны гол хэмжүүр болно. Тухайлбал Улаанбаатарын 4 мандаттай нэгэн тойрогт хийсэн судалгаагаар Х гэгч хамгийн олон дэмжигчтэйгээр түрүүлж байлаа. Харин сэлгэмэлээр бодож гаргахад тэрээр мөн хамгийн олон эсэргүүцэгчтэй тул үнэн хэрэгтээ 6-р байр эзэлж сонгогдохгүй гэсэн үзүүлэллтэй гарч байв. Учир нь эл тойрогт эхний 4 байр эзэлсэн хэн нь ч сонгогдох учир түүнд багтав уу, ард нь орчив уу гэдэг нь гол болохоос 1-4-р байр бүгд адил.
Олон мандаттай энэ сонгуулийн хэлбэр нь үнэн хэрэгтээ мажоритор маягийн сонгууль учир намын рэйтинг зэрэг нь нөлөөлөх газраа нөлөөлнө, гэхдээ хувь хүний хүчин зүйл илүү ач холбогдолтой. Намын рэйтингээр ард түмнээс дөнгөж 0.1 хувийн дэмжлэг авч байвч тухайн хувь хүний нөлөөгөөр жишээ нь 3 суудал авчихлаа гэхэд парламентад бараг 5 хувийн суудал авч байна гэсэн үг. Иймээс мажиратор сонгуулийг илүүтэй шудрага бус гэх үзэл түгээмэл байдаг. Голлох хоёр намын рэйтинг сүүлийн нэг жилийн турш нийт сонгогчдын 50 хувийг тэнцүүвтэр маягтайгаар эзэлж байснаа сүүлийн хэдэн сард 70 хувь хүртэл өсч байна. Энэ нь сонгуульд үл оролцох хүмүүсээ хасаад харьцуулахаар 90 хувь хүрэх юм. Ийм үзэгдэл хаана ч түгээмэл байдаг. Голлох намуудыг үл дэмжигчид сонгуульд ихэвчлэн ордоггүй.
Судалгаанаас үзэхэд сүүлийн хоёр сард Ардчилсан намын рэйтинг огцом өсч байна. Энэ нь тэдний сонгуулийн кампанит ажлаас хамаарч байгаа болов уу. Гэхдээ сүүлийн олон жилийн дүнгээр үзэхэд цагаан сарын үед тогтсон үзүүлэлтэд бараг өөрчлөлт ордоггүй ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ямар ч мундаг сонгуулийн кампанит ажил сонгуулийн дүнд 15 хувиас дээш өөрчлөлт оруулж чаддаггүй аж.
Хөгжсөн орнуудад социологийн судалгаа ганц хувийн зөрөөн дотор багтаж гардаг. Манайд социологи нь шинжлэх ухааны утгаар хөгжиж эхэлсэн нь ардчилалтай нас чацуу учир харьцангуй шинэ төрөл, шинэ урлаг. Иймээс 5-10 хүртэл хувиар алдах өндөр магадлалтай. Энэ нь өрнөдийн орнуудын судалгаатай чацуулахад алд дэлмээр нь алдаж буй боловч юутай ч ханатай хэлдэг болчоод байгаа юм. Ингээд олон хүн, баг гүйцэтгэлийг нь хийж миний бие нэгтгэн дүгнэсэн доорх прогнозыг сонирхуулъя. Ямар ч нэр тавьсангүй, сүүлд нь унасан бөхөд шалтаг мундахгүй болохоор надаас боллоо гээд тархи цоо цохих байх.
1. Архангай АН-2; 3-р байрын төлөө АН, МАХН
2. Баян-Өлгий МАХН, Бие даагч; 3-р байрын төлөө АН, МАХН
3. Баянхонгор АН-2, МАХН
4. Булган МАХН; 2-р байрын төлөө МАХН, АН, жижиг нам
5. Говь-Алтай МАХН; 2-р байрын төлөө МАХН, АН
6. Дорнод ИЗН, АН, МАХН
7. Дорноговь АН; 2-р байрын төлөө МАХН, АН
8. Дундговь МАХН; 2-р байрын төлөө АН, МАХН
9. Завхан АН, МАХН; 3-р байрын төлөө МАХН-2
10. Өвөрхангай АН-3; 3, 4-р байрын төлөө АН, МАХН-2
11. Өмнөговь АН-2
12. Сэлэнгэ АН-2; 3-р байрын төлөө МАХН-2, АН
13. Сүхбаатар МАХН, АН
14. Төв МАХН-2, АН; 4-р байрын төлөө АН, МАХН
15. Увс МАХН, АН; 3-р байрын төлөө МАХН-2
16. Ховд АН, МАХН; 3-р байрын төлөө АН, МАХН
17. Хөвсгөл АН, МАХН; 3, 4-р байрын төлөө МАХН, АН-2, Жижиг нам
18. Хэнтий АН; 2, 3-р байрын төлөө АН, МАХН-2
19. Орхон АН; 2-р байрын төлөө МАХН-2
20. Дархан АН, МАХН; 3-р байрын төлөө АН, МАХН, жижиг нам
21. Хан-Уул АН; 2-р байрын төлөө МАХН-2, АН
22. Баянзүрх АН, МАХН, Бие даагч; 4-р байрын төлөө МАХН-2, АН,
23. Сүхбаатар МАХН-2, АН
24. Чингэлтэй АН-2; 3-р байрын төлөө МАХН, АН
25. Баянгол МАХН-2, АН-2
26. Сонгинохайрхан АН, МАХН, ИЗН; 4-р байрын төлөө АН-2, жижиг нам-2
Сонгуульд 390 хүн өрсөлдөж байгаагаас энд түүвэрлэсэн 105 хүн судлагаагаар бодит өрсөлдөгчид юм. Эндээс сонгуулийн дүнгээр 29 хүн хасагдана. Ардчилсан нам 30 суудал, Хувьсгалт нам 22 суудлыг юутай ч авч таарах нь. Бусад 3-ыг хасаад үлдсэн 21 суудлын төлөө бодитойгоор 50 хүн өрсөлдөх нь. Эндээс Ардчилсан намын авч болох суудлын дээд тоо 51, Хувьсгалт намын максимум 43 болж байна. Харин бусад нам болон бие даагчдын нийлбэрээрээ авч болох дээд хязгаар 7. Ингэхээр миний таамгаар ямар ч тохиолдолд Хувьсгалт нам Засгийн газар байгуулах суудал авч чадахгүй. Учир нь дээрх гурван бүлгийн аль нь ч дээд хязгаартаа хүрэх магадлал бараг нойльтой тэнцэнэ. 21 суудлыг дундачаар хуваана гэж үзэхэд Ардчилсан намын авч болох магадлалт суудал 40 хүрч байна. Энэ нь Хувьсгалт намын авч чадах дээд хязгаарт бараг хүрч байгаа юм.
Гэхдээ энд сонгуулийн будилаан, тооллогын луйвар, Ерөнхийлөгчийн болон сонгуулийн хорооны оролцоо, үхэл хагацал, сонгууль болохын өмнө тохиолдож болох байгалийн болон нийгмийн гэнэтийн гамшиг, донсолгооныг мэдээж тооцоолоогүй. Үүнийг тооцоолох ямар ч боломж үгүй, гагцхүү үзмэрчид л магадгүй гэдгийг харгалзаарай.