“Давхар дээл”-ийг тайлуулах тухай хуулийн төслүүд зүгээр л Ерөнхийлөгчийн түншүүр байсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Эрх мэдлийн давхардлыг арилгах нь түүний “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нэрийн хуудас болсон санаачилгыг нь нураахыг тэр зүгээр хараад суух хүн яавч биш. Тэгэхээр хуулийн төсөл унаснаар асуудал дууслаа гэж бодвол бүр ч төөрөгдөл болно. Өнгөрсөн оны зургадугаар сард төслүүдийг өргөн барьж байхдаа тэр дахин сонгогдоогүй байсан. “Шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдахаас ч өмнө тэр ийм байр суурьтай байсан бөгөөд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилогдоход “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг тус тусад нь хариуцлагатай, хяналттай ажиллуулахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг давхардлыг байлгахгүйгээр бүрэлдэхүүнээ бодож, асуудлыг оруулж ирээрэй” гэж зөвлөж байв. Харин цаадах нь “үг аваагүйг” бид бэлхнээ харж суугаа. Дээр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаар болсныг тэрээр зарчмын хувьд таашаагаагүй байх цаг хугацааны хүчин зүйл бий.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ-ны хүн. Одоо “Женко” Х.Баттулгын хийж байгаа МоАХ-ны удирдагчийн сонгуульт ажил өмнө нь түүнд байсан. Х.Баттулга Н.Алтанхуягийн эсрэг кноп дарах болсон үйл явц бүр Сү.Батболдын Засгийн газрын үеэс эхэлснийг бид сайн мэдэж байгаа. Шинэ төмөр замын царигийн өргөн, нарийнаас үүдсэн мэт харагддаг түүний сөрөг байр суурь хөрш орнуудтай холбоотой геополитикийн сэдэл рүү аваачдаг. Гэхдээ энэ сэдлийг МоАХ-оор харилцан хамаардаг Ерөнхийлөгчид хүргэж наалдуулах нь хэтэрхий хүчилсэн хэрэг болж мэдэх юм. Одоо Ерөнхийлөгчид өөрийн хүрээлэл, өөрийн фракц үндсэндээ бий болсон гэж тооцдог. Засгийн газарт ч түүний төлөөлөл бий гэж дүгнэцгээдэг. Харин “давхар дээл”-ийн асуудалд энэ хүрээлэл нь биш МоАХ түүний “бороохой” боллоо. Дээрээс нь УИХ-ын дарга З.Энхболдоор илэрхийлэгддэг Шонхор фракцыг нэмэх хэрэгтэй болох нь. Эдний С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар илэрхий эсрэг санал өгөөгүй ч ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй.



Хэдийгээр хуулийн төсөлд, зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох тухай заасан байсан ч гэлээ гол бай нь Н.Алтанхуяг болохыг төвөггүй анзаарч болно. Бүх 19 сайдын 17 нь давхар дээлтэй байгаа өнөөдрийн нөхцөлд Ерөнхийлөгчийн төслүүд батлагдсан бол хүссэн хүсээгүй Үндсэн хуулийн 43.2-ын дагуу Засгийн  газар бүрэлдэхүүнээрээ огцроход хүрэх байв. Энэ нь АН-ын даргын асуудлыг хөндөнө. Намын дарга л Ерөнхий сайдаар ажиллах ёстой болохоор тэр. Н.Алтанхуягийн харъяалагддаг “Алтан гадас” фракц нам дотроо харьцангуй хүчтэй хэвээр байгаа, төлөвшлийн хувьд ч бусад фракцуудаа бодвол “насанд хүрсэн” улс. Гэвч Ерөнхий сайд хэтэрхий олон ашиг сонирхлыг зохицуулах гэж оролдсоноосоо болоод өнөөдөр танхим дотроо “Алтан гадасыг” жульдуулж орхисон нь тов тодорхой харагдлаа. АН-ын фракцуудаас гадна МАХН, МҮАН, ИЗНН мөн эрх мэдэл хуваалцаж байгаа нь түүнийг ийм байдалд хүргэчихсэн хэрэг. Одоо АН дахь фракцуудын дотор салж нийлэх үйл явц асар хүчтэй өрнөж байна. “Фортуна” Н.Батбаярын МҮДН, Х.Тэмүүжин нарын “Нэг ардчилал” фракцууд Алтангадастай түншилж үлдээ юү гэж харагдана. Гэхдээ ашиг сонирхолд тулгуурласан улс төрийн түншлэл бат бөх байдаггүй. АН-тай эвссэн “Шударга ёс” эвсэл дотроо задарчихсан байгаа нь Засгийн газрыг улам хэврэг болгосон нь харагдлаа.

Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудал, магадгүй Засгийн газрыг бүхэлд нь солих гэсэн санаархалын түлхээс болж байсан байх. “Нэг ардчилал”-ынхан хариуд нь Р.Бурмаагаар тахил өргөхийг хичээж байгаа нь өнгөн дээрээ “листний” гишүүдэд өгч буй сануулга мэт харагдах авч чухамдаа УИХ-ын даргад чиглүүлсэн сум байв. Гэхдээ энэ сум байгаа зөв оноогүйг үйл явдлын өрнөл таниуллаа. Спикер хийе гэснээ л хийж, Засгийн газрын эсрэг санал өгөв. Харьцангуй залуу фракц гэж болох “Нэг ардчилал”-ынхны дутуу дулим тооцоо АН-ыг бүхэлд нь золиослож мэдэх нөхцөл байдал үүсгэчихлээ. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө УИХ-д суугаа гишүүнээ хөөх нь ардчилал хэмээх үнэт зүйл бүхий энэ намын хувьд байж боломгүй үйлдэл болж нийгэмд ойлгогдов. МАН-ынхан ингэсэн бол шал өөр хэрэг байх байсан болов уу. З.Энхболд руу тавьсан “Нэг ардчилал”-ынхны энэ сум тэгвэл хэнийг оносон байж таарах вэ? Р.Бурмаа чухам юуны тээг болж үлдэв?

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд огцрох өргөдлөө өгснийг “гэнэтийн явдал” мэтээр сэтгэх нь гэнэн томоогүй бодол болно. “Хэрэвзээ асуудал ингэж эргэвэл...” хэмээн бүр эртнээс тооцчихсон байсан “Б” төлөвлөгөө гэж ухвал зохино. Өргөдлийг УИХ хүлээж авахаас өөр аргагүй. Ерөнхийлөгчийн ч, УИХ-ын даргын ч өгүүлсэнчлэн цаашид хэд хэдэн сайд сугарах нь тодорхой байгаа. Хэдийгээр огцорсон сайдын суудал тухайн фракцдаа хадгалагдах тоглоомын дүрэм бий ч гэлээ Монголын улстөрчдийн аль булхайцахыг тэр гэх билээ. “Хэрэв Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан нар намаасаа хөөгдвөл АН-ын бүлэг 30 гишүүнтэй болно. Одоо 26 гишүүнтэй МАН тэднийг элсүүлвэл хүчний харьцаа тэнцэнэ. Р.Амаржаргал бүлгийн хуралд суухгүй байгаа. МАН олон гишүүнтэй болоод бусад намуудтай хэлэлцээ хийх эрх үүсвэл яг сонгуулийн дараах байдал давтагдана” гэж УИХ-ын дарга З.Энхболд телевизээр ярихдаа хэдийгээр өөрийнхөө нэрийг дурдаагүй ч далд санаагаа илэрхийлчих шиг болсон. “Урвана гэлээ” гэж улайм цайм тайлж болохгүй ч намаасаа хөөгдлөө гэхэд ямар шийдэл гаргахаа урьдчилан сануулсан утга агуулга уншигдсаныг хүмүүс сонсолгүй өнгөрүүлсэн байна гэж байхгүй.

Х.Баттулга МоАХ-оос Засгийн газарт орсон хоёр гишүүний нэг. Зам тээврийн сайд чухам ямар маневр төлөвлөж суугааг таахад бэрх ч нэгэнт шүд нь сугарч эхлэсэн Засгийн газрын “онгорхой буйлаар” салхи сийгэх нь гарцаагүй. “Х.Тэмүүжин бол энэ Засгийн газраас эхэлж огцрох сайд биш” гэсэн Ерөнхийлөгчийн твиттер-мэдэгдэл заналхийлэлтэй адил сонсогдож буй. “Эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүтэй “болохгүй байгаа” хүмүүсээ зайлуулахгүй бол бүрэлдэхүүнээр чинь унагачихна шүү” гэж сануулсан мэт үйл явдлын ард Н.Алтанхуягийн “чих зөөлөрсөн” нь дамжиггүй. Тэр шинэ хуваарилалтын өмнө тулж ирлээ. Гэхдээ энэ хуваарилалт ялалтын биш ялагдлын үр дүнд хийгдэх учраас шинж чанар нь сонгуулийн дараах үеийнхээс тэс өмнөө байх болно. АН-ын дотоод дахь тэмцлийн жинхэнэ оргил тулаан одоо л эхлэх гэж байна гэчихвэл гүжир гүтгэлэг гэх хүн гарахгүй л болов уу.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороонд одоо хүчний харьцаа тэнцвэржиж, энэ нь маш осолтой нөхцөл бий болгосныг ойлгоход түвэггүй. Алтан гадас-МҮДН-Нэг ардчилал гэсэн гурвал нэг талд, нөгөө талд нь Ерөнхийлөгч-МоАХ-Шонхор гэх гурвал өрөгдсөн дүр зураг харагдаж байна. Эхнээсээ сайд нар нь огцорч эхэлж байгаа Н.Алтанхуягийн Засгийн газар хэврэгшиж дэнжигнэхийн хэрээр ҮЗХ дахь Алтан гадас-МҮДН-Нэг ардчилал гурвалын хүч тарамдан, сарниж болзошгүй юм. Аливаа байгууламж ганхаад, нураад эхлэвэл дарагдчихгүйн тулд хүмүүс тарж зугтдаг жам буй. Мэдээж, УИХ дахь сөрөг хүчин энэ таатай боломжийг зүгээр хараад сууна гэж байхгүй.

2014.05.03
“Үндэстний ТОЙМ” №18 (221)