Хос эрчлээс

Жэймс Ватсон



Энэ номд ДНХ-ийн байгууламжийг таних явц хэрхэн болж өнгөрсөн тухай өөрийн хувийн санааг бичлээ. Энэ нээлтийг хийх үйл явдлын гол учиг явц ихэнхдээ Англид болсон учраас дайны дөнгөж дараа үеийн Английн байдалтай уялдуулахыг аль болох хичээсэн. Түүнээс гадна шинжлэх ухааны хөгжил нь хөндлөнгийн ажиглагч нарын төсөөлөлтэй таарах нь ховор байдаг гэдгийг уншигч авхай ойлгоход тус дэм болох болов уу гэж найдаж байна. Шинжлэх ухаанд логиктой, дэс дараалалтай дэвшил гэж байдаггүй. Урагшаа (бас хойшоо) хийх алхам болгон нь хүнээс хамаардаг. Тухайн хүний зан чанарын онцлог, соёлын уламжлал нь голлох үүрэг гүйцэтгэнэ. Ийм болохоор би номдоо тэр үеийн үйл явдал болон хүмүүсийн тухай өөрт төрсөн сэтгэгдлээ сэргээн дурсахыг чармайлаа. Гэхдээ энэ талаар эцсийн дүгнэлт хийх гэж яарсангүй. Учир нь ДНХ-ийн байгууламж нээснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна, энэ хооронд хэт их мэдээлэл цугларч овоорчээ. Залуу халуун тэмүүлэл хийгээд итгэл найдвар хослон жигүүрлэж бүтсэн энэ нээлт амжилттай болсныхоо дараа бүх үнэн нь энгийн бөгөөд сайхнаараа ил болох ёстой гэсэн итгэл үнэмшил надад буй тул юу болоод өнгөрснийг зөвхөн бодитоор харуулах хэрэгтэй гэж бодож байна. Энэ ном хэтэрхий бараан, эелдэг бус гэх шүүмжлэл мундахгүй олон гарч болох юм. Гэхдээ яарч шийдвэр гаргадаг, шалгагдаагүй шийдлийн мөрөөр ордог, шинэ үзэл санаа юм уу нийгмийн тогтолцоог шууд хүлээж авдаг, эсвэл таашаадаггүй зэрэг нь хүн хүний мөн чанар, өөрийн онцлогтой араншин шүү дээ. Ямартай ч энэ номын өгүүлэмж нь 1951-1952 онд би өөрийн биеэр туулж үзэж харснаа туурвиж өөрийн өнцгөөр тайлбарласан эд юм аа.


Үйл явдалд дурдагдсан бусад оролцогчид өөрийнхөөрөө өөр байдлаар өгүүлж болохыг үгүйсгэмгүй. Нэг үйл явдлыг яг адилхан өнцгөөс харж ижил дүгнэдэг хоёр өөр хүн байдаггүй болохоор оролцогчдын хэн нэг нь тухайн явцын онцлогийг миний дурсамжаас өөрөөр дүгнэж болох л доо. Ийм учраас ДНХ-ийн байгууламжийг хэрхэн нээсэн тухай бүрэн цогц түүхийг хэн ч гаргаж ирэх боломжгүй байх. Хос эрчлээсийн байгууламжийг хэрхэн нээв, хэдийгээр ярьсан чинь бүрэн биш боловч хамгийн үнэн намтар нь болж чадах уу? хэмээн хэд хэдэн эрдэмтэн найз нар минь сонирхож асуугаад байсан учраас ядахнаа л ийм шалтгаанаар энэ түүхийг өгүүлэх хэрэгтэй болсон юм. Энэнээс ч чухал хэдэн шалтгаан буйгаас юун түрүүн шинжлэх ухааныг яаж “хийдэг вэ” гэсэн ерөнхий мэдээлэл их дутагддагтай холбоотой. Шинжлэх ухаан энэ номд өгүүлсэн маягаар босдог юм гэж хэлэх гээгүй шүү. Хэрэв тэгчих юм бол үнэнээс хол зөрнө, яагаад гэвэл эрдэмтдийн ажиллах арга нь хүмүүс хоорондын араншин шиг хоорондоо маш ялгаатай. Гэхдээ ээдрээт шинжлэх ухаан маань хэт санаархал болон өрсөлдөөнөөс эрч хүчээ авдаг, гэнэтийн оргилолт юм уу эсвэл шударга дүрмийн тоглолт баримталдаг нь ийм учиртай энэ тэр гэж би ер хэлэхгүй. Иймээс ДНХ-ийн байгууламжийг нээсэн явдал нь шинжлэх ухааны ертөнцөд тохиолдсон ер бусын онцлогтой, хачирхмаар зүйл огт биш.

Хос эрчлээс нээсэн тэр үеэс л энэ номыг бичих хүсэл төрсөн. Тийм учраас амьдралд минь тохиолдсон өөр есөн шидийн тохиолдлуудтай харьцуулахад тэр үеийн онцлог явдлууд санаанд илүү тод үлджээ. Үүнээс гадна долоо хоног бүр гэр лүүгээ бичиж байсан захидлуудаа ухаж гаргаж ирлээ. Үйл явдал яг ямар огноотой, аль өдөр болсныг сануулахад эдгээр захидал их хэрэг болсон. Бас номын гар нооргийг уншаад миний мартчихсан зарим явдлыг үнэн мөнөөр тодруулж өгсөн найз нар маань ч их тус хүргэлээ. Тэдний заримын дурсамж минийхээс зөрж байсан тохиолдолд энэ ном бол зөвхөн миний харах өнцгөөс л бичигдсэн юм шүү гэдгийг дахин сануулж хэлсэн.



J.D.W

Харвардын Их сургууль

Массачүсэтс

1967 оны арваннэгдүгээр сар