МОНГОЛ ИМПЕРИАЛИЗМ
Хятад, Орос, Исламын ертөнцөд Их хаан Мөнхийн явуулсан бодлого. Энэхүү өргөн далайцтай байлдан дагууллын амжилтын үндэс нь Монголын Эзэнт гүрний дийлдэшгүй эрч хүчтэй агаад харгис хатуу гэдгээрээ алдаршсан зэвсэгт хүчин байлаа. Гэвч тэрхүү чанга дэглэмтэй бөгөөд хөдөлгөөнт зэвсэгт хүчний ар талд зүтгэж асан засаг захиргааны тухайд эдүгээ бага мэддэг. Тэр нь дээрх байлдан дагуулалд шаардлагатай цэрэг, хүн хүч болоод техник, материалыг дайчлах,хангах нүсэр ажлын тархи нь болж байсан аж.
Монголчууд хүн ам, эд баялгийнхаа үндэс суурийг эхлээд Умард Хятад, Төв Азийн нүүдэлчин болоод суурьшмал иргэдийг цэргийн хүчээр өөртөө нийлүүлэх замаар тэлж байв. Монгол цэрэг нь маш сайн удирдлага, зохион байгуулалт, сахилга батын хувьд өрсөлдөгч талуудаасаа илт давуу байсан юм. Байлдаан, тулалдаанд тус тусын арми, анги салбарыг гартаа атган удирддаг Монгол жанждын чадварыг дээрх байдал илт харуулж байв.
Ер нь дундад зууны үеийн цэргийн практикаас үзвэл цэргийн хувийн чадвар хийгээд жижиг анги нэгжийн маневрт чухалчлан анхаарч байсан нь ажиглагддаг юм. Харин томоохон анги нэгтгэлийн хөдөлгөөн, тэдгээрийн зохицуулалтад харьцангуй бага анхаарч байсан бололтой. Гэтэл Монголын Эзэнт гүрний цэрэг арми нь бүхэлдээ томоохон анги нэгтгэлийн чадварыг хувь цэрэг болоод жижиг нэгжийнхээс дутуугүй хурцалж байжээ. Томоохон анги нэгж (нэг түмт нь 10 000 цэрэгтэй)-ийн хөдөлгөөнийг гайхамшигтай удирдсан чадвар нь 1223 онд Калка гол дээр болсон тулалдаанд онцгой харагддаг. Тэгэхэд цэргийн тооны хувьд хавьгүй дутуу ч гэсэн олон хэсэг хуурамч ухралт, сайтар уялдуулсан сөрөг давшилтын ачаар Оросын хунтайжууд болон тэдний Кипчак холбоотнуудын эмх цэгцгүй армийг монголчууд бут цохисон түүхтэй.
Монголчууд бээр тэдгээр гарамгай тактикийн чадварыг асар том цар хүрээтэй ангуучлал хийх уламжлалтайгаа тогтмол зэрэгцүүлэн сурч эзэмшиж иржээ. Армиуд нь тийм ангуучлалд анги салбарын зохион байгуулалттай ордог байж. Зохион байгуулалт, удирдлагыг төрөл бүрийн арга, хэлбэрээр уялдуулж явуулна. Нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хамаарах талуудад түгээж хүргүүлнэ. Анги салбаруудын хоорондын харилцаа, холбоо нь олон янз, тухайлбал тусгай элч илгээх, эсвэл дуутай сум тавих гэх мэт. Эцэст нь Монгол цэргийн төмөр мэт хатуу сахилга бат хамгийн чухал бөгөөд нэн гайхалтай байв. Төлөвлөгөөний дагуу өгөгдсөн алба, үүргээ бүтэлгүйтүүлсэн нь толгойгоо авхуулна. Болзоот газарт болзсон цагтаа ирж чадаагүй хувь хүмүүн эсвэл анги салбарыг хамгийн хатуу шийтгэл хүлээнэ.
Монголчуудын эхэн үеийн амжилтууд нь монгол цэргийн гайхамшигт чадвартай салшгүй холбоотой. Гэтэл Дорнод болон Баруун Азийн нүсэр их тооны суурин иргэд, нийгмийг бүхэлд нь эрхшээж, тогтмол атгаж залах нь ихээхэн цэргийн хүч, аж ахуйн хангамж хийгээд бүслэлтийн зэр зэвсэг зэргийг шаардсан нь мэдээж. Гэвч тухайн цагийн Монголын нийгэм нь тийм хэрэгцээг хангах боломжгүй байв. Монголчуудын хувьд шинээр эрхшээж авсан эд баялгаа үр ашигтай эзэмшиж эс чадсан бол хэчнээн мундаг сургасан цэргүүд, хатуу сахилгатай армиудтай байсан ч гэсэн тэдний байлдан дагуулал тасран зогсох байсан. Тийм учраас “Монгол захиргааны систем”-ийн үр өгөөж нь монголчуудын урт хугацааны амжилтын амин сүнс бөгөөд ихэнхдээ анхаарлын гадна үлдсэн баримт юм. Үнэн хэрэгтээ энэ нь Хятад, Ислам, Түрэг болоод Монгол үндэстний эд эсээс бүрэлдсэн цогц гэдгийг цаашид ойлгоно. Энэхүү судалгаа бол өөрсдийн эрхшээсэн газар орны хүмүүний болоод эд баялгийн нөөцийг үр өгөөжтэй дайчлан ашиглаж чадсан учраас монголчууд нь хүн төрөлхтний түүхэнд хуурай газар дээр зэргэлдээ орших хамгийн том гүрэн улс амжилттай байгуулсан гэдэг онолыг хамгаалах болно.
Монголчууд байлдан дагууллаа шатлан үргэлжлүүлэхийн тулд шинээр эрхшээж эзэмшсэн улс орнуудынхаа эд баялгийг шуурхай цэгцлэн төвлөрүүлж байв. Тэдний мэдлийн нүүдэлчин аймгууд ч, хот суурины иргэд ч, тариачид ч Монголын Эзэнт гүрний цаашдын зорилгод зүтгэх учиртай байлаа. Тэгэхлээр 1257-58 онд Хүлэгүгийн арми Багдадын хэрэмд тулж отоглосон нь Монголчууд ба Аббасидын халифатын хоорондын жирийн нэгэн тохиолдлын сөргөлдөөн биш, харин Умард Хятад, Төв Ази, Орос, Кавказ, Ираны хүн ам, санхүү, эд баялаг болоод технологийн нөөц дайчлагдаж Иракийн эсрэг тулсан мөргөлдөөн байсан юм.
2020 оны 10-р сарын 2-ны өдөр
#Монгол_империализм
— NEPKO (@nepko1) October 2, 2020
Хятад, Орос, Исламын ертөнцөд Их хаан Мөнхийн явуулсан улс төр, эдийн засаг,цэргийн болоод дипломат бодлогыг нухацтай судалж дэлгэсэн уг бүтээл нь олон улсын Монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулсан гэж хүлээн зөвшөөрөгдсөн аж. pic.twitter.com/aPYlZhCgUL