МЭДЭЭ УНШИХАА БОЛЬ
МЭДЭЭ ХҮМҮҮСИЙГ ИДЭВХГҮЙ БОЛГОДОГ. Өөрчилж чадахгүй зүйлээ хэтэрхий их сонсох нь хүмүүсийг идэвхгүй болгодог. Мэдээ хүмүүсийг залхаасаар хүмүүс эцэстээ идэвхгүй, ирээдүйд итгэх итгэлгүй, золгүй гутранги үзэлтнүүд болдог. Мэдээж хүн бусдад туслахыг хүсэж дэлхий ертөнцийг сайхан газар болгохын төлөө хичээлгүй яах билээ. Гэвч бидний цаг хугацаанд хязгаар бий. Дэлхийн нөгөө талд байгаа галт уулын тэсрэлтээс бид яаж хүмүүсийг сэргийлэх юм бэ? Бас тэгээд террорист халдлага, өлсгөлөнгөөс? Энэ бүх золгүй үйл явдлын тухай мэдээг бид тэдэнд тусалж огт чадахгүй нь гэдгээ мэдэж байгаа хэрнээ л үздэг.
Мэдээ хүмүүсийг өөрчилж чадахгүй зүйлд санаа зовоход хүргэдэг. Хаа нэгтээ террористууд бөмбөг дэлбэлж гэнэ, Исландад галт уул дэлбэрчээ, Сахарын элсэн цөлд өлсгөлөн тохиолдож нэг зуун мянган хүн нас баржээ, Америкийн ерөнхийлөгч тэнэг, утгагүй зүйл жиргэсэн байна, цагаачууд хил даван орж ирж байна, Apple компани шинэ загварын гар утсаа чихэвчний оролтгүй хийж байгаа гэнэ, Волксваген компани утаа ялгаруулалтын шалгалтад унажээ, Брэд Питт, Анжэлина Жолигоос салж байгаа гэнэ гэх мэт. Аль нь ч чиний мэдэл чадлаас хэтэрсэн зүйл. Мэдээгээр сонслоо гээд чи алийг нь ч өөрчилж чадахгүй.
Өөрчилж чадахгүй зүйлээ хэтэрхий их сонсох нь хүмүүсийг идэвхгүй болгодог. Мэдээ хүмүүсийг залхаасаар хүмүүс эцэстээ идэвхгүй, ирээдүйд итгэх итгэлгүй, золгүй гутранги үзэлтнүүд болдог. Мэдээж хүн бусдад туслахыг хүсэж дэлхий ертөнцийг сайхан газар болгохын төлөө хичээлгүй яах билээ. Гэвч бидний цаг хугацаанд хязгаар бий. Дэлхийн нөгөө талд байгаа галт уулын тэсрэлтээс бид яаж хүмүүсийг сэргийлэх юм бэ? Бас тэгээд террорист халдлага, өлсгөлөнгөөс? Энэ бүх золгүй үйл явдлын тухай мэдээг бид тэдэнд тусалж огт чадахгүй нь гэдгээ мэдэж байгаа хэрнээ л үздэг.
Үйлдэл хийх боломжгүй үйл явдлуудын талаар ийм их мэдээлэл авах үед тархи хар аяндаа золгүй хохирогчийн дүрд тоглож эхэлдэг. Ямар нэг үйлдэл хийх ёстой гэсэн импульс, төрөлх зөн совингууд маань унтарч эхлэх ба хүмүүс идэвхгүй болдог. Шинжлэх ухаанд үүнийг “олдмол сулбагар байдал” гэж нэрлэнэ.
Америкийн сэтгэл зүйч Мартин Сэлигман, Стивэн Майэр хоёр 1960-аад онд олдмол сулбагар байдлын туршилтууд хийсэн аж. Анх туршилтаа амьтад дээр явуулжээ. Тэр хоёр хархны сүүлэнд электрод бэхэлснээ өвтгөхгүй боловч ядаргаатай санагдах хэмжээгээр тогоор цохиж эхэлсэн юм. Эхний бүлэг хархнууд урд нь байгаа хүрдийг эргүүлэх замаар цохиж буй тогийг унтрааж сурав. Хоёр дахь бүлэг харх харин хүрдийг эргүүлсэн ч тог унтрахгүй байлаа. Хоёр дахь бүлгийнхэн хувь заяандаа өөрсдийгөө даатгахаас өөр арга байсангүй.
Энэ хоёр бүлгийнхнийг хоёуланг нь ижил хэмжээтэй тоогоор цохиж байсан боловч туршилтын дараа энэ хоёрын зан араншин нь эрс өөр болсон. Эхний бүлгийнхэнд өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл нэг их байсангүй. Юу ч тохиолдоогүй юм шиг л байв. Харин хоёр дахь бүлгийн хархнуудын зан ааш эрс өөрчлөгджээ. Тэд илүү бүрэг, идэвхгүй болсны дээр сексийн дур хүсэл нь ч унтарчээ. Тэднээс баяр хөөрийг бага мэдэрдэг шинж тэмдэг ажиглагдаж, шинэ содон зүйлсээс зайлсхийх, хоёрдмол утгатай зүйлээс айх айдас илрэв.
Мэдээ хүний тархинд яг л тэрхүү тогонд цохиулсан хоёр дахь бүлгийн хархнуудынх шиг нөлөө үзүүлдэг байх. Мэдээнүүд бидний өмнө жирэлзэн өнгөрөхдөө хүмүүсийн уур хилэн, ааш, сэтгэл хөдлөлийг оволзуулах хэдий ч тэдгээр үйл явдлын тухайд хүмүүс юу ч хийж чадахгүй. Тийм болохоор, хамгийн зөв зам бол ийм мэдээнүүдээс бүрмөсөн өөрийгөө хөндийрүүлэх явдал. Гэвч ихэнх хүний хувьд энэ дэндүү хэцүү зүйл бололтой.
Хамгийн хорон нөлөөтэй нь, олдмол сулбагар чанар хүмүүсийг гагцхүү мэдээн дээр яригдаж буй зүйлийн тухайд идэвхгүй болгодоггүй. Харин ч үгүй шүү. Мэдээнээс халин гарч, бидний амьдралын бүх талд нөлөөлдөг. Мэдээ ийнхүү идэвхгүй, унжгар болгосны дараа хүмүүс гэр бүл, ажил төрөл гээд бусад бүх зүйлдээ унжгар байдлаар ханддаг. Гэтэл яг эдгээр зүйлсээ өөрчлөх, маневр хийх боломж хүмүүст уг нь байгаа шүү дээ.
Английн хэвлэл мэдээлэл судлаач Жоди Жэксон ч бас ингэж үздэг юм: “Мэдээ үзэх бүртээ хүмүүс шийдэгдээгүй үй түмэн асуудлууд болон тэдгээрийг хэзээ ч шийдэгдэхгүй байх гэсэн тайлбар, яриануудыг үздэг”. Тийм ч болохоор мэдээ үзсэнийхээ дараа хүмүүс сэтгэлээр унадаг биз. Хоёр мянган жилийн өмнө их философич Эпиктэт Энхридион зохиолынхоо эхэнд “Зарим зүйлс бидний хяналт дор байдаг, харин зарим зүйлс тийм биш” гэж хэлсэн юм. Энэ юу гэсэн үг вэ гэж үү? Товчхондоо гэвэл, тэнэг нохой л сар руу хуцдаг. Мэдээн дээр гарч буй бараг бүх зүйл бидний нөлөөний хүрээнээс халин гарсан зүйл байдаг. Тийм болохоор тэдгээрийг хайхрахгүй орхивол бараг дээр.
Хүч, энергиэ нөлөөлж чадах зүйлдээ зориул. Хангалттай их тийм зүйлс бий. Дэлхийн нөгөө талд болж буй газар хөдлөлт лав үүнд багтахгүй.