МОНГОЛ “ДЕЛО” (3)

Монгол тээхийн тагнуулын дело (хэрэг) 1939. Хорлон сүйтгэх ажиллагаа бүлэглэн үйлдсэн хэргээр олон хүнийг баривчлан буудан хороожээ. Нарийвчилсан баримт олддогүй, 1950 онд Хилийн цэргийн архивыг устгахад алга болсон бололтой.

Ерөнхий сайдын орлогч Жамсран, Доржпүрэв нарын дело (хэрэг) 1940. Жамсранг Ерөнхий сайдын орлогчоор томилоод ердөө ганц сарын дараа гэнэт баривчлан тагнуулын хэрэг тулгаж буудан хороожээ. Энэ делогийн учир олддоггүй, баримт бичиг үлдээгүй, 1950 онд хилийн цэргийн архив устгахад алга болсон бололтой. 

Эрүү шүүлт тулгах тухай дело (хэрэг) 1941. Хэдийгээр баривчлагсадыг хүний санаанд оромгүй аймшигтайгаар тамлан хэрэг хүлээлгэдэн практик Монголд гүн нэвтэрсэн, энгийн үйлдэл болсон байсан авч үүнийг зөвшөөрсөн хууль журам байгаагүй юм. Үүнийг нууц тогтоолын дагуу зөвшөөрч албажуулсан бичиг баримтыг 1941 онд үйлдэн хүчний байгууллагуудад тараасан байна. Эрүү шүүлт тулгахыг зөвшөөрсөн актад Чойбалсан, Цэдэнбал нар гарын үсэг зуржээ.

Баасанжавын болон Сэнгэдорж, Пунцагдорж нарын дело (хэрэг) 1940. Намын Х их хурлын өмнө намын цэвэрлэгээ явагдав. Намын их хурлын өмнө Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн Дотоод хэргийн сайд Берия өөрийн амаар Чойбалсанд даалгасан байдаг. Монголд нам талаасаа ганц үлдсэн том дарга нь Баасанжав байсан юм. Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан тамлан зовоосны эцэст тэрээр цус алдан үхжээ. Биечлэн хороосон хүн нь Дотоод яамны сайд Жамбалдорж.

“Ноос алт” дагасан дело (хэрэг) 1940-1941. Сталинаас Монгол улсын хүч хүрэхээргүй их хэмжээний ноос СССР-т нийлүүлэх үүрэг өгчээ. Ингээд “ноос алт” гэсэн хөдөлгөөн өрнүүлж малчдаас яагаад ч дийлэхээргүй их ноос шаардаж төлөвлөгөө норм тасалбал намын бодлогыг эсэргүүцсэн хэмээн шорон гяндангаар айлгалаа. Хонин толгой тутамд 1 кг ноос улсад тушаах хууль 1941 онд гарснаар малчид дээлнийхээ дотрыг хайчилж, эсгийгээ эргэж задлан тушааж байсан ч хэдэн зуун хүн улсын төлөвлөгөө тасалсан хэргээр шоронгийн ял авсан.

“Харилцаа” хэмээх сүлжээний дело (хэрэг) 1942. 1942 онд 11 малчныг баривчилж Японы тагнуулын “Харилцаа” хэмээх сүлжээнд холбоотой байсан гэж яллажээ.

“Урвагч” хэмээх сүлжээний дело (хэрэг). 1943. Японы тагнуулын сүлжээнд хамаарч байсан хэмээн 1943 онд Сүхбаатар аймгийн хил орчмын энгийн ардууд, малчдыг олноор нь баривчлан эрүү шүүлт тулгажээ. Нэлээд нь эрүү шүүлт даалгүй шоронд үхсэн байна.

Мэргэн жаалын дело (хэрэг) 1943. Хэнтий аймгийн Биндэр суманд Хүүхэн хутагтын хойд дүрээр Ламаадан хэмээх бяцхан хүүг тодруулжээ. Жаал хүү Цэдэнбалын тухай муу зүйл төлөглөсөн бололтой. Ламаадангийн багш Норовыг баривчилж буудан алав. Хүүг бас баривчлан Улаанбаатарт авчирав. Хүүгийнхээ араас ирсэн малчин ард Гомбо, эх Янжмаа нарыг шүүхийг тогтоолгүй буудан хороов. Хүүг Дотоод яамны ажилтан Болд өрөөндөө буудан алсан гэх.

Өвөр монголчуудын дело (хэрэг) 1945. Дэлхийн II дайны дараа Монгол улсад дүрвэн ирсэн 500 орчим барга голдуу өвөр монголчуудыг тагнуул хэмээн шийтгэв.

Өмчийн эсрэг дело (хэрэг) 1947. Улс олон нийтийн өмчийг хамгаалах тухай “Жамбалдоржийн хар хууль” гэж нэрлэгдсэн хууль гарчээ. Улсын өмч тун өчүүхнээр дутаасан, тэр байтугай хардагдсан гүтгэгдсэн байсан ч олон жилээр хорих, цаашилбал цаазаар авах ёстой аж. Энэ хуулийн дагуу огт гэмгүй 342 хүнд маш хүнд ял тулгаж нэлээдийг нь цаазаар авчээ. 

Баяр, Лувсангийн дело (хэрэг) 1950. Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Баярыг улсын өмч болох гэрийн гадуур бүрээс дутаасан хэргээр баривчлав. Шоронд нас барсан. Ерөнхий сайдын орлогч Лувсан хивс хулгайлсан хэрэгт орсон тул хоёуланг нь хатуу шийтгэхийг Чойбалсан тушаажээ. Гэвч Цэдэнбалын хүсэлтээр Лувсанг тушаал бууруулав. 

Порт-Артурын тагнуулын дело (хэрэг). 1948.  Чойбалсангийн амь насанд халдахаар завдсан хэмээх хэрэгт 1948 онд 100 гаруй хүнийг баривчилж 40 гаруйг нь буудан хороожээ. Хэргийг санаачлагч нь Цэдэнбал. 

Дэмчигдонровын дело (хэрэг) 1950 он. Өвөр Монголын удирдагч Дэмчигдонровыг 1949 онд Монголд урьжээ. Ирэхгүй болохоор нь Улаанбаатарт суудаг хүүгээр нь захидал бичүүлж батламжлуулсан аж. Ирснээс нь хойш тун удалгүй 1950 оны 2-р сарын 27-нд цэрэг-улс төрийн хүнд гэмт хэрэгтэн хэмээн баривчлав. Япон, Америк, Гоминдааны тагнуул гэсэн ял тулгав. Минжааны жанжин штабын дарга асан Буяндэлгэр, генерал асан Линши нарын хамтаармөн оны 10-р сард саяхан коммунист болсон Хятадад хүлээлгэж өгөв. Хүү Дугарсүрэнг тагнуулын хэрэгт гүтгэн буудан хороов. Эхнэр, нялх хүүхдүүдийг нь хөдөө цөллөө.

Малын тоог 200 сая хүргэх төлөвлөгөөг дагасан дело (хэрэг). Сталинаас Монголын малын тоог 200 саяд хүргэх санал тавьжээ. Ингээд богино хугацаанд малын тоо толгойг 200 саяд хүргэхийн тулд малчдын эм малыг нэг бүрчлэн бүртгээд хойтон жил төллөсний дараа хоёр дахин тоо нь нэмэгдэхээр тооцоолон зарлигдав. Энэ хий тооноосоо мах ноос ноолуурын татвар тооцоно. Эндээс “ялтай мал” гэсэн нэршил гарч малтай ардууд түүнээсээ салахын түүс болон ядуу хүмүүст үнэ төлбөргүй өгөх гэж ятгах болов. Цаадуул нь ч нэгэнт малтай болбол өсөн нэмэгдэх татварын өрөнд орох учир авахаас татгалзана. Малын татвар төлөөгүй хэргээр олон зуун ардууд хэсэгтээ шорон дүүргэжээ. Хичнээн хүн ял сонсож шоронд орсон тоо бүртгэл олддоггүй.

Хэлмэгдлийг тогтоох дело (хэрэг) 1957. Зөвлөлтийн коммунист намын ХХ их хурлаар Сталины их хядлагын асуудлыг авч хэлэлцээд тухайн үеийн удирдлагыг буруутгав. Даруй Монголын хувьсгалт намын бүгд хурал хуралдаж Чойбалсангийн үеийн их хядлагыг буруушаав. Хурлаас лам, язгууртан, феодал нарыг хядсан нь ангийн тэмцэл, намаас зайлшгүй авах ёстой байсан зөв арга хэмжээ гэж үзээд сайшаахын зэрэгцээ 1937-38 онд болсон энэхүү хядлагын үеэр зарим нам төрийн ажилтан хажуугаар нь хэлмэгдсэнийг хүлээн зөвшөөрч тэднээс заримыг нь цагаатгав. Нам төрийн 1200 орчим хүнийг алах ёсгүй байсан боловч тэд хувьсгалын их шуурганд хэлмэгдсэн гэж дүгнээд эндээс “хэлмэгдэл” гэсэн шинэ үг ойлголт буй болжээ. Харин лам ноёд, язгууртан нар алагдах ёстой байсан учир энэ нь хэлмэгдэл биш зүй ёсны арга хэмжээ гэж үзсэн юм.

Сэхээтний төөрөгдөл дело (хэрэг) 1956-57. Зөвлөлтийн коммунист намын ХХ их хурлын дараа Хятадын сэхээтнүүд социализм байгуулалтын явцад гарч буй дутагдлыг шүүмжлэх болов. Тэгэнгүүт Мао Зэдун “цэцэг болгон дэлгэрэг” хэмээх кампанит ажил зохион сэхээтнүүдийг чөлөөтэй үгээ илэрхийлэн ажлын дутгадлаа хамтаар хэлэлцэе хэмээн уриалжээ. Ингэж хуураад ил гарч ирсэн сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн юм. Энэ арга хэмээг шууд дууриан МАХНамаас Монголын сэхээтнүүдийг чөлөөтэй шүүмжлэлд уриалав. Хэсэг хугацааны дараа элдэв шүүмжлэл хэлсэн хүмүүсийг бүртгэж авсны дагуу “Сэхээтний төөрөгдөл” хэмээх кампанит ажил зохион сэхээтний цэвэрлэгээ явуулж асар олон хүнийг ажил төрөлгүй болгож, намаас арга хэмжээ авав. Намын шийтгэл, намаас хөөх зэрэг нь тухайн хүнийг нийгмээс тусгаарлаж, ганцаардуулан ялгаварлах жишигтэй байжээ. 

Дамбын дело (хэрэг) 1958. Намын дарга Дамба нь ХХ их хурлын дараа Сайд нарын зөвлөлийн дарга Цэдэнбалыг хэлмэгдүүлэлд оролцож байсан асуудлаар ихэд шүүмжилжээ. Цэдэнбал хариу арга хэмжээ аван түүнийг өөрийг нь Баасанжавыг алахад оролцсон гэж гүтгээд хэрэг нээн мөрдүүлэв. Гэвч Дамба буруугүй болох нь батлагдсан учир хэргийг хаажээ.

Шилэн нүдэн Дамдингийн дело (хэрэг) 1958. Хорлоогийн Дамдин нь Барилга трестийн кассаас 22 мянга 219 төгрөг хулгайлаад баригдан 1958 онд цаазлуулжээ. Хэдийгээр тэрээр гэмт хэрэгтэн мөн боловч гол нь түүнийг бусдад сургамж болгох зорилгоор ингэж шийтгэсэн. 

Хоцрогдсон удирдлагын дело (хэрэг).1959. Зөвлөлтөд “намын эсрэг бүлэглэл” гэгчийг илрүүлж намын дарга Хрущёв Сайд нарын зөвлөлийн дарга болсноор бүх эрхийг гартаа авлаа. Тухайн үед намын дарга байсан Дамбын албан тушаалыг Цэдэнбал авахаар шийдэн намын бүгд хурлаар Дамба, Сүрэнжав, Ламчин нарыг “хоцрогдсон” гэдэг шалтгаанаар удирдлагаас зайлуулж доод тушаалын албанд шилжүүлэв.

Чонон Борисын дело (хэрэг) 1960. Ойдовын Борисыг халаасны хулгай, танхайрсан, хутга хэрэглэн бусдыг айлгасан сүрдүүлсэн, зодсон хэргээр баривчлан цаазаар авчээ. Үүнийг бусдад сургамж болгох зорилгоор ингэж шийтгэсэн байна. Борис цаазлуулахдаа насанд хүрээгүй, 17-той байсан гэдэг.

Махны бүлгийн дело (хэрэг) 1964. Жолооч, нярав, худалдагч нарын 7 хүн нийлж мах комбинатаас дэлгүүрт очих махны жинг өөрчлөн залилангийн аргаар мөнгө шамшигдуулсан нь баригдав. Нийтдээ 20 мянга орчим төгрөгийн шамшигдуулал үйлдсэн тэднийг бусдад сургамж болгох үүднээс гуравт нь цаазын ял оноож, үлдсэн дөрөвт нь 25 жил хорих ял оноосон байна. Анхны гэгдэх энэ бүлэглэсэн хэргийг бусдад сургамж болгон мэдээллийн хэрэгслэлээр өргөнөөр зарлан сурталчилсан.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

2020.3.22