Бяцхан Удвалын том гавьяа
Сэрээж чадвал хүмүүс угаас сайхан сэтгэлтэй, төр, дарга, түшмэдийн дундын зуучлалгүй, албан шахалтаар биш сайн дураараа биестээ тусалж, нийгмийн гэрээ байгуулах чадвартай гэж эрх чөлөөний үзэл санаатнууд нотолдог. Үүний тод илрэл нь бяцхан охин Удвалд амьдрал бэлэглэх, урт нас, удаан жаргал өгөх сайн дурын давалгаалсан хөдөлгөөн юм.
Өгөх өдөрт зориулав
Сэрээж чадвал хүмүүс угаас сайхан сэтгэлтэй, төр, дарга, түшмэдийн дундын зуучлалгүй, албан шахалтаар биш сайн дураараа биестээ тусалж, нийгмийн гэрээ байгуулах чадвартай гэж эрх чөлөөний үзэл санаатнууд нотолдог. Үүний тод илрэл нь бяцхан охин Удвалд амьдрал бэлэглэх, урт нас, удаан жаргал өгөх сайн дурын давалгаалсан хөдөлгөөн юм. Гудамжинд гуйлга гуйж амь зогоодог найм хүрээгүй хоёр жаалын 500 төгрөгийн хандив, хоёр сарын тэтгэврээ өгсөнөө сайндаа л ганц сар хар цай оочно биз гэж өөрийгөө үл хэрэгссэн, суугаа тэрэгтэй, ная гарсан эмээ, Х.Баттулга сайдын хариуцсан тийзний зардал, тухайн үеийн дэд сайд А.Гансүхийн зохион байгуулсан яамаараа цалингаа хандивлах хөдөлгөөн гэх мэт үй олон хүний сайхан сэтгэлийн үр шимээр Солонгосыг зорьсон Удвал охин эдгэрч илааршаад ирсэн. “Үндэсний өгөх өдөр””ийн хамгийн хүндэт зочин, анхаарал татсан гол хүнээр оролцож байна. Э.Удвал одоо ардын цэцэрлэгийн нэртэй охин болсон. Ихэр дүү нарынхаа хамт Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгт явж эхлээд сар өнгөрч байгаа ажээ. Цэцэрлэгийн эрхлэгч Х.Тунгалаг ээжтэй нь хамт төрөх эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсанаас хойш зовлон жаргалаа хуваалцаж, чадлын хэрээр тус дэм болж яваа яг “нэг талын” хүн юм. Хоёрхон настай, эрэгтэй, эмэгтэй ихэр дүү нар нь эгчдээ яг л ээж, аав шиг нь халамжтай гэж цэцэрлэгийн эрхлэгч хуучлав. Эгчийнхээ анги руу гүйж орж ирээд чихэр жимс авчирч өгнө, сууж босоход нь туслах гэж ухасхийнэ, хоёр талаас нь хөтөлнө, тоглоом булаацалдах нь битгий хэл шууд л гарт нь атгуулдаг гэж байгаа. Э.Удвалыг аваад Солонгос явах үед зургаахан сартай байсан ихэр дүү нар нь бас гаргаж өгчээ. Эмэгтэй дүү нь хагас ойтой нялх охин гэхэд санаанд багтамгүй ухаан гаргаж, нүд дүүрэн нулимс мэлтэгнүүлсэн ч уйлж зовоохгүй, ээж аав, эгчийнхээ араас харц салахгүй ширтсээр үлдэж байсныг хараад туслахаар ирсэн танихгүй хүмүүс, хил, гаалийнхны ч элэг эмтэрч байсан билээ. Удвал дүү нартаа эрхэлнэ, тэд нь ч үүргээ ухамсарласан эцэг эх шиг бяцхан зүрхэндээ багтамгүй хайр халамжаараа эгчийгээ бөөцийлж гарна. Хоёр дүү нь л хөтөлж чирсээр байгаад эгчийгээ хөлд оруулсан байгаа юм шүү. Удвалд хоцрогдол бий ч үг хэл, үйл хөдлөл нь өдрөөс өдөрт сайжирч байгаа, ойлгож тусгахдаа маш сэргэлэн охин юм. Эхэндээ олон хүүхдийн дунд хэцүүхэн байсан бол дорхноо дасч нийгэмшиж өгч байгаа гэнэ.
2008 оны 12 дугаар сард төрсөн Удвал охин суухгүй, мөлхөхгүй, явахгүй, тарагнаас өөр юм идэхгүй, ой хагастайгаасаа маш их турж эцжээ. Эх нялхсын төвд хэвтэж, “Ионсей”, “Сонгдо”-д оношлуулж, Монголд ирсэн америк эмч нарт үзүүлсэн байна. Саяд нэг тохиох генийн өөрчлөлт гэсэн онош хэлж, охинд ердөө таван сарын амьдрал үлдсэн тухай гунигт мэдээг сонсоод аянга буух шиг л болж. Охины ээж Г.Мянганбаяр зовлонгийн өмнө бууж өгөөгүй, үрээ гэсэн эхийн сэтгэл ямар хүчтэйг харуулсанаас бүх зүйл эхэлжээ. Нэг нутаг усны гаралтай, сургаар дуулсан, огт танихгүй компанийн захирлуудаар уйгагүй явж гарчээ. Нөхөр нь барилга дээр ажиллаж, гэр орноо тэжээнэ, тэр хооронд Г.Мянганбаяр охиноо эдгэнэ гэсэн итгэл найдвараа гээлгүй хичээсээр байлаа. Ах дүү нар нь ч хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүйг учирлаж, туслах болов уу гэсэн нэг биш хүн “За” гэж хэлэхгүй, хаалга мөргөх үе олон байсан ч энэ ээж бууж өгөөгүй. Хоол унд, үнэтэй эм тарианд нөхрийн цалин хүрэхгүй, Г.Мянганбаяр Дарь-Эхээс Таван шар хүртэл явган алхаж, тусламжийн гараа сунгахыг компанийн захирлаас гуйж явсан гэх зэрэг олон тохиолдол бий. Таван шараас буцаад явган алхах гэж байтал хадам ээж нь таарч, автобусанд сууж байсан гэж Г.Мянганбаяр нулимс цийлэлзүүлэн хүнд хэцүү үеээ дурсан ярьж байна. Хамгийн анхлан “ТЕСО” компанийн захирал Цогтгэрэл 500 мянган төгрөг хандивлаж, “Ган хийц”-ийн Даваасүрэн 200 ажилчныхаа дунд аян өрнүүлж, тусламжийн салхийг хагалсан гэнэ. Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чан Монголд ирсэнийг зурагтаар мэдээд, чадвал уулзъя гэж зориглоод очжээ. Энэ үеэр продюсер Уянгаатай таарсан байна. Уянгаа, “Ийгл”-ийн захирал асан Баяраа, Төрийн бус байгууллагын Сэлэнгэ, дуучин Номин нарын бүсгүйчүүд нийлж “Үндэсний өгөх өдөр”-ийг санаачлан туслахаар шийдэж. Харангын Лхагваа, ая зохиогч Халиун тусгай дуу зохиож, “Том болоорой, Удвал аа” хандивын тоглолт зохиосныг, хүмүүс олуулаа тусламжийн гараа сунгаж байсныг бид мэднэ. Хандивын 40 хайрцаг аялж, танихгүй мэдэхгүй хүмүүс сайхан сэтгэлээр далайд дусал нэмсээр 25 сая төгрөг цугласан. Солонгосын элчин 14 хоногт гаргах ёстой визээ гурван цагийн дотор амжуулж, олуулаа нийлж байгаад Удвалыг онгоцонд суулгасан билээ. Солонгост очоод ахиад л бэрхшээл угтаж, оношилгооны 4 сая вон сох дутжээ. Эмнэлгийн дарга Монголоос ирсэн бяцхан охины тухай сайтандаа мэдээлсэнийг уншлаа гэсээр нэг солонгос эрхэм дөрөв таван туслах, дагалдагсадтайгаа ороод ирсэн юм байна. Парламентын гишүүн тэр хүн эмнэлгийн санхүүд картаа уншуулж, дөрвөн сая вон төлөхдөө Удвалыг том болоорой хэмээн ерөөгөөд нэр усыг нь асуулгатал, сайхан сэтгэлийн тусламжинд миний хэн гэдэг нь чухал биш гэж хэлчээд явчихжээ. Онош нь генийн өөрчлөлт биш өнчин тархины хатангиршил гэж гарч, 10 сар эмчлүүлсэн юм байна. Охины аав Б.Энхтүвшин, ээж Г.Мянганбаяр нар ээлжлэн сахиж, үйлдвэрт ажиллаж амьжиргааны мөнгө олж байсан гэнэ. Мэргэшсэн хүүхдийн эмнэлэг маш сайн үйлчилж, Монгол руу буцахад нь дарга, удирдлага нь онгоцны буудал дээр гаргаж өгсөн. Охин бие засчихлаа гэхэд л ээж, аавыг нь ч оролцуулдаггүй үйлчилсэн шиг үйлчилдэг, манай энд бол хүүхдээ ав, хөөе гар, ор гэж загнадгаас тэс өөр, зовсон хүнд сэтгэл санаагаар дэм болох, зан харилцааны ёс горимын хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй. Эцэг эхэд нь саажилттай хүүхэдтэй хэрхэн ажиллах, дасгал хөдөлгөөн хүртэл зааж өгдөг. Одоо Г.Мянганбаяр, Удвал хоёр бусдын сайхан сэтгэлээр өгсөнийг зовлон нэгтэндээ буцаагаад өгч, тусалж байна. Солонгос эмч нар нь 500 долларын тусгай гутал өгчээ. Тэнд сурсанаа зовлон нэгтэй монгол ээжид зааж өгч, Удвалын 500 долларын тусгай гутлыг бэлэглэсэн чинь буянтай юм болж хүүхэд нь хөлд орчихсон, яваад эхэлсэн гэнэ. Удвалыг хоёр жил асрах ёстой, амралт сувиллаар үйлчлүүлж байгаад цэцэрлэгт оруулчихаад байгаа нь энэ юм.
Удвал охин өгөх өдрийг санаачлах сэдэц шалтгаан болж, нийгэм даяар дандаа авах биш бас нэгэндээ өгдөг, тусалдаг байх сайхан сэтгэлийн үрийг тарьсан гүнж. Дөрвөн нас дөхөж яваа энэ охин хоёр төрсөн өдөртэй. Эхээс гарсан өдөр нь 12 дугаар сарын 07. Нийгэмд зориулагдсан нь Үндэсний өгөх өдөр буюу 11 дүгээр сарын 01. Өдөр ирэх бүр цовоо сэргэлэн болж, бойжин торниж байгаа Удвалын инээд хөөр бүхэн өгөх өдрийг санаачилсан бүсгүйчүүд, дуулсан, тусалсан, өдрийн хоолныхоо мөнгөө нэмэрлэсэн орон гэргүй ч хүн чанараа алдаагүй жаалууд, хоёр сарын тэтгэврээ ная давсан настайгаа хамт хайрласан буянтай буурал эмээ, элэг зүрхээрээ хамт байсан бүх хүмүүсийн сайхан сэтгэлийг гоёно. Монголчууд олуулаа биш цөөхүүлээ. Заримынх нь гадаад паспортын хуудсан дээр Америкийн виз гардаггүй ч төрөхөд нь хөх тэнгэрийн тамга дараатай байдаг их хувь тавилангийн эзэд шүү дээ. Удвал аа, том болоорой.