Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа 20 гишүүнд хандан ийм байр суурийг дайжээ. Засгийн газрын 362 тогтоолын хэрэгжилтийг хангах буюу валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанид зургаан сарын онцгой дэглэм тогтоох шийдвэрийг албажуулж, алх цохих үеэр. Байр суурь гэхээсээ боловсон сануулга юм. Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн уур амьсгалд дэгдсэн гол шуурга байв. Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн албан бичигт гарын үсэг зурах хүртэл Б.Ганхуяг хэрэндээ л бэсрэгхэн улс төр хийж амжлаа. Бүр УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайдын өрөөгөөр эргэлдэж, түүнийг албан тушаалтай нь үлдээхийг Ерөнхий сайдад уламжилсан гэх. Б.Ганхуяг өөрөө ч "Эрдэнэс Монгол" компанид хийх бүтцийн өөрчлөлтөөр шинээр бий болгох "Нүүрс, эрчим хүчний групп"-ыг удирдах, одоогийн цалин, хангамжаа бүтнээр нь авч үлдэх сонирхлоо ил, далдаар илэрхийлсэн ч Ерөнхий сайдаас дэмжлэг авч чадаагүй байна.

Эсрэгээрээ Тавантолгойн ордоос урагшаа гаргаж нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүдийн байр суурийг нэгбүрчлэн сонсож, үг, өгүүлбэр үлдээхгүйгээр протоколд тэмдэглүүлжээ. Ингэхдээ улс төр, бизнесийн хамаарал дамнасан "Нүүрсчдийн бүлэглэл"-тэй хатуу тэмцэхээ илэрхийлж, эцэст нь "Бяд чинь хүрвэл намайг огцруулаарай" гэжээ. Чухамдаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тамга атгасан өдрөөсөө хоёр жил гаруйн хугацааны дараа Тавантолгой түүнийг тойрсон ашиг сонирхол, нам харгалзахгүй хэтэвчээрээ нэгдсэн бүлэглэлийн эсрэг гэнэт гарч ирээд ганцаараа тэмцэхээ зарласан уу? гэвэл үгүй. Цаг үе, нийгмийн шаардлага нь улс төрийн хайчин гал руу оруулахаас өөр аргагүйд хүргэсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн амнаас гардаг нүүрсний үнэ, хил дээр очихоороо нэмэгддэг, тэр хэрээрээ хэсэг бүлэг нь хождог тэгш бус байдалтай Ерөнхий сайд эвлэрэхийг хүсээгүй нь энэ.

Цэцийн шийдвэрийг үндэслэж, "давхар дээл"-тэй есөн сайдаар танхимдаа хүч сэлбэж, 2016 оноос хойш МАН-ын "гал тогоо"-гхөшигний ардаас зангидаж ирсэн генсек Д.Амарбаясгаланг Ц.Нямдоржийн албан тушаалд сэлгэн томилсон нь ч анхнаасаа одоогийн байр сууриа баталгаажуулах, бат араанд нь хийх шалтгаан байсныг харж болохоор. Тэгээд ч ганцхан компанийн захирлыг үүрэгт ажилтай нь үлдээх гэсэн УИХ-ын гишүүдийн тоо гурав биш 30-аар хэмжигдэж буй нь нүүрс дагасан хэтэвчний хамаарал энэ парламентын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж буйн илрэл. Хардаж болох бодит үндэслэл нь. Нэмээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын дарга асан М.Энхболд нарын нэрс дуулдаж эхэлсэн нь нүүрс дагасан ашиг сонирхлын эсрэг зогсоход тийм ч амархан даваа биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Засгийн газрынхаа сайд нарт болон УИХ-ын гишүүдэд дайсан Л.Оюун-Эрдэнийн сануулга түүнийг Ерөнхий сайдынхаа албан тушаалаар дэнчин тавиад ч хамаагүй нүүрсний хулгайг ил болгох галт тэргэнд хэдийнэ суусны дохио. Өнөөдөртөө тэр Монгол Улсын Ерөнхий сайд, үнэмлэхүй олонхиор засаглаж буй МАН-ын дарга. Хуулиар олгосон бүрэн эрх, Намынхаа Үндсэн дүрмээр хүлээсэн албан тушаалын зангараг, зарчмын хувьд шударга ёсыг сахиулах, бусдадаа сануулах үүрэгтэй.

Хуанлийн хуудаст үлдсэн он цагийн дарааллаар нь хөөж үзвэл түүх ингэж эхэлдэг. Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, зарим тохиролцоонд хүрсэн байдаг. Энэ оны хоёрдугаар сард, Бээжингийн олимпын үеэр. Улмаар Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцож, 14 жил гаруй хугацаанд гацсан өргөн нарийн царигийн маргааныг эцэслэж, нүүрсний экспортыг гацаанаас гаргаснаа зарласан.

Үүнээс хоёр сарын дараа Ерөнхий сайд мэдэгдэл хийж, "Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байна. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ" гэж байлаа. 

Гагцхүү урд хилээс хамаарахгүйгээр Монголын Засгийн газрын нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээ нь нүүрс дагасан хулгайгаа цэгцлэх байсан нь урт хугацаандаа явсаар, зургаан сарын дараа "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор албан ёсоор эхэллээ. Сайд Д.Амарбаясгалангийн хэлснээр нүүрсний "Оффтэйк" буюу барааг урьдчилж зарах гэрээнүүдийг ирэх сард багтаан холбогдох нууцын бичиг баримтаас гаргаж, олон нийтэд ил болгох үүрэг хүлээжээ.

БНХАУ хийх экспортын гарц хэдий чинээ нэмэгдэнэ, төдий чинээ Монгол Улсад хэрэгтэй, эдийн засагт ч нэмэртэй. Дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа хангадаг БНХАУ хэмээх аварга зах зээл рүү нэвтрэх хамгийн дөт зам нь ч Монгол. Одоогийн Ганцмодоос гадна Шивээхүрэн, Бичигтийн боомтын үйл ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж гэмээн валютын урсгал сайжирч, эдийн засаг тэлнэ. Нэгээхэн хэсэг биш нийтээрээ, улсаараа үр ашгийг нь хүртэнэ. Нэг үгээр, Монголын Засгийн газар бүх шатандаа нэг амтай, нэг үнэтэй, нэг гарцтай байж нийтээрээ хожих учиртай. Түүнээс уурхайн амнаас тн-ныг нь 71 ам.доллароор авчихаад хил дээр 129 ам.доллароор зарах нь зүйд нийцэхгүй. Нэг тн нүүрс болгоны ард 59 ам.долларын хулгай явдаг байж болохгүй. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

Сануулахад, Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монголын талаас Өвөрмонголын Баяннуурт хотын зарим нөлөө хүмүүстэй холбогдож, татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй бүхэл бүтэн далд эдийн засаг үүссэн асуудлыг шалгаж эхэлсэн тухайгаа дуулгажээ. Тэр болтол монголчууд дотоод дахь асуудлаа цэгцлэхийг ч давхар зөвлөсөн гэдэг. Тэр дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт байгаа бүхнээрээ бооцоо тавиад бүхэл бүтэн улс дотор тусгаар тогтносон "Нүүрсний Вант улс"-ын хулгайг ил болгохоор холбогдох шийдвэрийг гаргаж эхэллээ. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ ялах уу? эсвэл "Нүүрсчдийн бүлэглэл" ялах уу? гэдэг нь цаг хугацааны л асуудал болох нь.

UZEG.INFO