Х.Тэмүүжин: Х.Баттулгын хүсэлт гаргасан Цэцийн шийдвэрээр У.Хүрэлсүх хонгилын эзэн болох гэж байна
Бөгсөөрөө шалан дээр суучихсан байгаа АН нүх ухаад доошоо үсэрдэггүй л юм бол үүнээс илүү уруудах боломж байхгүй. Эрх биш АН-ын гишүүн бүр дотроо нэг юм бодож байгаа байлгүй дээ.
УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүн хийгээд АН, МАН-ын ялалт, ялагдал, удахгүй тангаргаа өргөх болон бүрэн эрхээ дуусгаж буй Ерөнхийлөгч нарын тухай...
-Сая болсон сонгуулийн үр дүнгээс яриагаа эхлэх үү? Ан ялагдлаа гэхэд 5-6 хувийн санал авна гэдэг яавч таамаглаж болох үр дүн биш байх, тийм үү?
-Угаасаа үр дүн нь тодорхой сонгууль байсан. Хамгийн өрсөлдөөн багатай, урьдчилаад тохироогоо хийчихсэн сонгууль шүү дээ. МАН-ын хувьд өөрсдийн багцалсан саналаа илүү жин даруулахын тулд нөгөө талаа хагалдаг, өөр хооронд нь зөрчилдүүлдэг, идэвхигүй болгодог технологиудаа маш сайн ашигласан. 2020 оны УИХ-ын сонгууль яг ийм архитектур, төлөвлөлтөөр явсан. 2021 оны сонгууль ч мөн ялгаагүй. Үр дүн нь маш ойлгомжтой байсан. Үүнээс хамгийн эвгүй бөгөөд хүсэшгүй үр дүн гэвэл АН бодит утгаараа жижгэрчихлээ. Нэг том намын дагуул, хавсарга маягтай бичил намууд, сөрөг хүчнээ жижиглэсэн, өрсөлдөөнгүй, сонгуулийн хуурмаг ардчилал бий болох тийм эрсдэл бий болчихлоо. Энэ эрсдлийг бодитоор нь харуулснаар энэ удаагийн сонгуулийн үр дүн хэмжигдэх юмуу даа.
-Гэтэл ХҮНам 20 хувь даваад хоёр луу ороод ирлээ. Энэ саналыг хэн, яаж авсан бэ?
-Нэг талдаа сонголтгүй болоод ирэхээр санал өөр нэг газар төвлөрч таарна аа даа. АН-ын маш олон гишүүд, дэмжигчид энэ удаагийн сонгуульд оролцоогүй. Сонгуульд оролцсон нэг хэсэг нь цагаан хуудсаар санал өглөө, бас нэг хэсэг нь Д.Энхбатыг дэмжлээ. Товчхондоо АН-ын авдаг байсан санал дөрвөн тийшээ хуваагдчихлаа. У.Хүрэлсүх рүү очсон нь бол цөөхөн байх. Нэг талд татаж бөөгнүүлэх ёстой саналаа 3-4 тийш задлаад хуваачихаар дараа дараачийн сонгуулиудаар энэ саналыг цуглуулахын тулд багагүй ажил хийх шаардлагатай болно доо.
-Урьдчилаад тохироогоо хийчихсэн сонгууль гэхээр хэн нь хэнтэйгээ тохирсон гэсэн үг вэ? Нэг хэсэг нь С.Эрдэнийг МАН-тай тохирсон гээд, нөгөө хэсэг нь Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр тохирсон гээд байдаг. Эсвэл МАН хоёулантай нь тохироод явсан юм уу?
-Заримтай нь тохироод, заримыг нь хүчиндээд, заримыг нь худалдаж аваад сонгуулиас өмнө сонгуулиа дуусгачихсан шүү дээ. Өрсөлдөгчтэйгээ тохирох гэхээсээ илүү зарим асуудлыг Цэцээр хүчиндээд хийчихэж байна. Жишээлэхэд, Х.Баттулгыг өрсөлдөөнөөс гаргахдаа өөрсдин баталсан Үндсэн хуулиа хууль болгоод гаргачихаж чадахгүй хэсэг хүмүүсээр Цэцэд өргөдөл гаргуулаад, Цэцээр могой бариулчихаж байна. Өөрсдөө хуулиа баталж чадахгүй Үндсэн хуулийн цэцийг урдаа бариад дайрах жишээтэй. Дээр нь МАХН-ыг МАН-д нийлүүлж, АН-ыг хуваах замаар гэрийн даалгавараа сайн хийсэн. Саяын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэнийг хэлэхэд АН оролцсонгүй шүү дээ. АН-ын нэрээр хэсэг хүмүүс л оролцлоо.
-Үндсэн хуульд оруулсан “Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр сонгоно” гэдэг өөрчлөлтийг анхнаасаа л 2021 оноос хэрэгжихээр хуулиа баталсан биз дээ?
-Тэгсэн. Гэсэн ч Х.Баттулга нь өөрийгөө дэвшинэ гэж ойлгоод зүтгээд байсан. МАН-ынхан бол анхнаасаа “энэ заалтыг ашиглаад бууж буй Ерөнхийлөгчийг хасчихна” гэсэн бодолтой, зорилготой хийсэн. Дэвшинэ, дэвшүүлэхгүй гэдэг энэ саармаг байдал, дээр нь нам дотороо “Х.Баттулгыг зогсооно” гэх С.Эрдэнийн сөрсөн улс төр дунд АН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч бэлтгэлгүй болсон. Нам дотроо саналаа нэгтгэх, илүү сайн багцлагдах ёстой байтал дотооддоо хуваагдаад зодолдчихоор нөгөө талдаа л оноо нь очино л доо.
-Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг УИХ-аар анх хэлэлцэхдээ 2025 оны сонгуулиас дагаж мөрдөхөөр оруулж ирсэн. Гэтэл ЕТГ-ын дарга нь хугацаатай холбоотой хэсгийг аваад хаячихсан, Х.Баттулга нь мэдэлгүй өнгөрсөн... гэдэг зүйл олон нийтийн сүлжээгээр яваад байсан. З.Энхболд өөрөө нэр дэвшихийн тулд ингэсэн байна... гээд?
-З.Энхболд гэдэг хүн авч хаясан гэдгийг бол би мэдэхгүй. Ажлын хэсэг дээр МАН-ын зүгээс санал анх гарч, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөөд эхлэхээр энэ заалт нь ингээд хойшоо тавигдах нь зохимжтой юу? дараагийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн ямар заалт үндэслэж сонгох уу? зөрчилтэй байгаа учираас энэ заалтаа авчих уу?” гэдэг асуудал яригдахад З.Энхболд гэдэг хүн гарсан саналыг зөвшөөрснөөрөө буруутгалд өртөөд байгаа.
-З.Энхболд “Авч болохгүй” гэж хэллээ гээд ажлын хэсгийнхэн, МАН-ын парламент үлдээх байсан болов уу?
-Тэгэж хэлсэн бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Ерөнхийлөгчийн гарын үсэг зурагдахгүй байсан биз. Хэлэлцүүлгийн протокол, тэр үеийн яриа хэлцлүүдийг харахад эрх баригчдын зүгээс “энэ заалт орсон ч гэсэн одоогийн Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахгүй шүү” гэсэн утгатай жижиг хуурмаглалууд их явсан байдаг юм. Тухайн үед зарим хуульч, судлаачид шууд хэлж байсан. Хугацаа хассантай холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших ямар ч бололцоогүй боллоо гэж. Гэтэл нөгөө хүн нь эрх мэдлийнхээ аархлаар “тийм юм болохгүй” гэж бодоод цаашаа явсан байх. У.Хүрэлсүхтэй байнга хүзүү сээрээрээ хэлхэлдээд, “А” гэвэл нөгөөх нь дагаж хэлээд явна гэж найдсан байх. Харамсалтай нь тийм биш байлаа.
-Тухайн үед Х.Баттулга У.Хүрэлсүхийг, эсвэл МАН-ыг айлгах хэмжээний хүчтэй өрсөлдөгч байсан гэж үү?
-Угаасаа л Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-ын ходоодныхоо мухарт хадгалчихсан байсан бодол шүү дээ. Наанаа тэврэлдээд, хэлсэн болгоныг нь гүйцэлдүүлээд байгаа юм шиг боловч цаанаа бол “Энэ хүнийг дахиж нэр дэвшүүлж болохгүй” гэдэг бодолтой. Өрсөлдөгч нам шүү дээ. 65 суудалтай нам дахиад ялахын тулд АН-ыг аль болох жижиг байлгахын төлөө зүтгэнэ. Өнгөрсөн 4-5 жилийн Баттулга, Хүрэлсүх хоёрын хамтрал Хүрэлсүхэд АН-ыг хуваах сүх нь Баттулга болж, харин Баттулгын МАН-д хийсэн үр нь Хүрэлсүх болсон. Баттулга сүхнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн бол харин Хүрэлсүх Баттулгын хувьд үр могой л болчихлоо. Өөрийн намыг унагаж, өрөөлийн намд өөрийнхөө тэжээсэн үр могойд хатгуулаад...
-Гэхдээ л У.Хүрэлсүхийг явлаа гэдэгт МАН-ын маш олон хүмүүс баярлаж байх шиг байна лээ?
-Ерөнхийлөгчтэй намын зовлон гэх ойлголт бий. Монголын улс төр, манай Үндсэн хуулийн дотор байгаа нэг гажиг. Ерөнхийлөгчтэй намын зовлонг АН бүтэн туулаад өнөөдрийн энэ 5 хувь дээр ирж байна. Сүүлийн хоёр Ерөнхийлөгч, гурван удаагийн бүрэн эрхийн үр дүн энэ. Ц.Элбэгдоржийн үед ч, Х.Баттулгын үед ч хэнд хамгийн их хор хөнөөлтэй байсан бэ гэвэл АН-д л хор хөнөөлтэй байсан. АН-ын Засгийн газрыг унагадаг, АН-ыг дотор нь хагалж бутаргадаг, МАН-ыг хамгаалж, өмгөөлөхийн тулд АН-ын нэг хэсгийг урвагч, шарвагч болгодог. МАН-ын тарааж байгаа бялууны хэлтэрхийг долоож амиа тэжээдэг, түүнийг сөрсөн хэсгээ МАН-тай нийлж хэн ч биш болгож хар пиар хийдэг явдал 10-аад жил үргэлжиллээ. Үүнийг МАН биш, АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч нар хийсэн шүү дээ.
Өмнө нь МАН-аас Ерөнхийлөгч нар гарч ирэхэд МАН ч гэсэн дотроо яг ийм байсан. Н.Энхбаяр, Н.Багабанди, С.Баярын зөрчлөөс харж болно. Энэ бол Ерөнхийлөгчтэй намын зовлон. Ерөнхийлөгч нь намаа хуваадаг, Засгийн газраа барих, хянах гэж оролддог. Аль ч намын үед ч ийм л байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зөрчлийг хамгийн их тэвчсэн, Ерөнхийлөгчид сайн дуруураа хамгийн их бэлэг барьсан Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх. Тэгээд төгсгөлд нь “энэ бол ийм байсан юмаа” гээд тонгорчихсон. Түүнээс өмнөх бүх Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчтэйгээ зөрчилдсөөр байгаад унаад дуусдаг байсан. У.Хүрэлсүхийн өмнө Ч.Сайханбилэг бас нэг удаа богино хугацаанд боловч харилцаагаа сайжруулах гэж оролдсон. Бэлгийг нь өгөөд байвал надаар оролдохгүй юм байна гэдэг зарчмаар ажилласан хоёр Ерөнхий сайд энэ хоёр л байх шив дээ.
-“У.Хүрэлсүх Х.Баттулгад бэлэг барьсан” гэдэг нь хууль батлаад шүүхийг ҮАБЗ-ийн мэдэлд өгснийг хэлж байна уу?
-Ганц У.Хүрэлсүхийн үед биш л дээ. ҮАБЗ-өөр дамжуулж Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийг булааж авдаг явдал Ц.Элбэгдоржийн үед анх бий болсон зүйл. Түүнийг нь гааруулсан хүн нь Х.Баттулга өөрөө. Төмөр замтай ямар ч хамаагүй, ХХАА-ын сайд байсан хүн шүү дээ. А.Гансүх нь Зам тээврийн сайд байсан. Тэр үед л Ерөнхий сайдаасаа давж шийдвэр гаргуулахын тулд төмөр зам, аж үйлдвэрийн том том мөнгөн дүнтэй төслүүдийг ҮАБЗ дээр барьж ороод, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр нь азаргалаад, Ерөнхий сайд нь аргаа бараад “Би ингэхэд Ерөнхий сайд мөн үү? Засгийн газрын танхим энд байна уу, тэнд байгаа юм уу? Нэг сайд нь Засгийн газраа тойруулаад ҮАБЗ-д асуудал оруулаад буцаагаад Ерөнхий сайддаа үүрэг өгүүлдэг боллоо” гэж ярьж байсан биз дээ.
-Н.Алтанхуяг Ерөнхий сайд уу? Тэр үеэс Ц.Элбэгдорж тэр хоёрын зөрчил эхэлсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. ҮАБЗ нь сүүлдээ УИХ-д үүрэг даалгавар өгдөг болсон. Гэхдээ тэр үед ҮАБЗ том мөнгөн дүнтэй эдийн засгийн төслүүдийг шийддэг байсан бол У.Хүрэлсүхийн үед шүүхийг ҮАБЗ рүү аваачиж өгснөөр том хэргүүдийг шийддэг болсон. Шүүх, прокурор, АТГ бүгд ҮАБЗ буюу Ерөнхийлөгчөөс хараат болсон. Ц.Элбэгдоржийн үед мөнгө шийддэг байсан ҮАБЗ Х.Баттулгын үед хэрэг шийддэг болж хувирсан.
-Мөнгө бол огт шийдээгүй гэж үү?
-Төмөр зам энэ тэрээ шийдсэн байлгүй дээ. “Голомт”-од ямар ч тендергүйгэр төмөр замын ийм том төслийг өгнө гэдэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байхгүй зүйл. Тэгэхээр ҮАБЗ-өөр оруулж байгаад шийдсэн байлгүй.
-“Голомт”-ын барьж байгаа төмөр зам У.Хүрэлсүхтэй холбоотой юм биш үү?
-Хэнтэй нь холбоотойг би мэдэхгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Ж.Эрдэнэбатыг унагаад У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүний түншлэлийн дунд ямар хэмжээний мөнгө, ямар хэмжээний том төсөл, ямар гэмт хэргүүд яригдаж шийдэгдсэн бэ? Ихэнх нь хөшигний ард, далд нууц байгаа. Сонгууль дөхөхөөр “хонгил” энэ тэр гэж нэрлээд, лифтэнд оцгонодог шүүгчийн асуудлаар “цаасан буу” буудаж үзсэнээс биш яг үнэндээ гэдэс дотроо уудлалцаагүй биз дээ.
-Гэхдээ тэр бичлэгийг цацсан нь яг ямар зорилготой байсан юм бол?
-Харилцан тохиролцох, нэг нь бууж, нөгөө нь дэвших л зорилготой байсан байх даа. Тэгээд нэг нь “Чи дэвш, би дэмжье. Ахдаа битгий буруу санаарай, буцаж битгий ноцоорой” гэсэн биз.
-Зорилго нь Х.Баттулгыг л буулгаж авах байсан юм аа даа?
-Тийм. Хугарлын цэг гэж нэг ойлголт байдаг юм. Хаалга савахгүйгээр харилцан муудалцсан дүр үзүүлээд гурав дахь, дөрөв дэх хүнийг оролцуулахгүйгээр хоёр хүн хоорондоо учраа олох гэсэн улс төрийн арга. Фэйсбүүкээр нохдын тухай нэг бичлэг явдаг даа. Хаалганы хоёр талаас бие биенээ тас татах гэж байсан ноход хаалгыг нь онгойлгохоор буцаад яваад өгдөг. Түүн шиг нэг гараараа хөтлөлцөж байгаад нөгөө гараараа шороо цацалцдаг тийм нэг түншлэл, хамтрагчид байна.
-Тэгвэл одоо У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг яасан ч шоронд хийхгүй гэсэн үг үү?
-Мэдэхгүй. Ер нь бол сүүлийн нэг жил У.Хүрэлсүх зөрүүлээд Х.Баттулгаас гуйх юмгүй болчихсон байсан. Ах дүүгийн харилцаа ч юм уу, хариу бариу ямар байхыг бүү мэд. Гэхдээ У.Хүрэлсүхийн ард МАН байгаа. МАН-ын шахалт ямар байх юм, түүнээс л шалтгаалах байх.
-У.Хүрэлсүх Женкогоос гуйх юмгүй болсон гэдэг нь юу гэсэн үг вэ?
-У.Хүрэлсүх одоо Женкогоос юу гуйх юм. Харин нөгөөх нь гуйх юмтай болчихоод байгаа биз дээ. Засаг байгуулахдаа, М.Энхболдтой үзэж байхдаа бол гуйх юмтай байсаан. Одоо бол гуйх юмгүй болсон. АН ийм сул байхад, ийм болгоход нь У.Хүрэлсүхэд Женко гайхамшигтай сайн тусаллаа шүү дээ. Одоо өөр юу гуйх юм бэ?
-Х.Баттулга 2017 онд 53 хувийн саналаар Ерөнхийлөгчид сонгогдож байсан, сонгууль хоёр шаттай болсон. Бас л ширүүн өрсөлдөөнөөс чармайж байж гарч ирсэн хүн шүү дээ. Саяын сонгуулийг бодвол...?
-Сонгогчийн ирц ийм муу байгаа тохиолдолд У.Хүрэлсүхийн багцалсан саналын жин улам илүү том байна. Би энэ тухай өнгөрсөн оны сүүлээс л ярьж байсан. Хүмүүстэйгээ, намынхантайгаа. МАН-ын талд 600 мянган санал бол үнэхээр багцлагдсан байна аа. Сая 200 мянгаас доош сонгогч оролцуулах сонгуулийг л тэд хүсэх юм байна. Сонгогч бага оролцох тусах тэдний саналын жин нэмэгдэнэ. Ковид болон бусад шалтгаанаар сонгогчдын ирц багасна. Түүнээс өөр нэг нөлөөлөх зүйл нь манай намын хуваагдал болно оо. Сонгогчдын ирцэд нөлөөлөхөөр байна шүү гэдгийг аль ноднин л ярьж байсан. Сонгууль дөхөөд, бужигнаад эхлэхээр багцалсан санал дээрээ дахиад 10 хувийг нэмэх байх. 700 мянга дөхсөн, магадгүй давсан санал авах байх гэж бодож тооцоолж байсан. Сая бол 800 мянга давчихлаа. Хамаагүй сайн гүйцэтгэлтэй ажилласан байна.
-Тэрийгээ ямар аргаар гүйцэлдүүлсэн гэж бодож байна?
-Төсвийн мөнгөөр бүгдийг хийчихлээ. Намын баяр нэрээр 100, 100 мянгаар нь мөнгө тараалаа. Маш их хэмжээний худалдан авалт хийгдсэн, маш их хайрцагласан. Үнэхээр гүйцэтгэл сайтай ажиллалаа. Би жишээ нь С.Эрдэнийг Х.Баттулгын эсрэг, Х.Баттулгад АН-ыг өгөхгүй гэсэн зорилго дээрээ 100 хувь зогсох болов уу гэж бодсон боловч Ерөнхийлөгчид нэр дэвшээд явчихаар зорилго нь өөр болоод явчихлаа гэж харсан. Х.Баттулга Ерөнхийлөгчид дэвшээгүй байхад өөрөө Ерөнхийлөгчид дэвшээд явчихаар Х.Баттулгатай тулахаас илүү өөр зорилго байна л гэсэн үг болох байх даа.
-Намаа ялагдуулах зорилго уу?
-Намыг хуваасан хоёр талын нэг гол хүн нэг талаас нь нэр дэвшчихээр угаасаа нөгөө тал нь огт ажиллахгүй, бие биенээ унагахын төлөө явна гэдэг нь тодорхой шүү дээ. Энэ тодорхой зам руу үсэрч орж байна гэдэг нь энэ хүн энэ намыг унагахаас огт айхгүй байна л гэсэн үг.
-С.Эрдэнэ намын дотоод сунгаанд ялсны дараа Ц.Оюунгэрэл “Манай намын ах нар арай биш юм байна аа” гээд намаа хаяад гарсан. Тэр үед нь олон хүн Ц.Оюунгэрэлийг буруутгаж байсан ч одоо харахад үнэн юм биш үү? Хэрвээ С.Эрдэнийг АН-ын гишүүд олонхиороо дэмжиж нэр дэвшүүлсэн нь үнэн бол өнөөдөр АН 5-6 хувьтай сууж байх уу?
-Цахим сонгууль гэдэг юмны л үр дүн шүү дээ.
-Гэхдээ л та ч гэсэн сүүлд “С.Эрдэнийг дэмжээрэй” гэж уриалаад явж байсан шүү дээ?
-Муу ч, сайн ч АН-аас дэвшсэн, АН-ын туг далбаатай хүн сонгуульд оролцоод явж байхад ганц санал ч ганцдахгүй тийшээ очиж байж шавхайд живэхгүй үлдэнэ биз дээ.
-Ядаж хоёроор гарна байх гэж найдаж байсан уу?
-Ядаж Д.Энхбаттайгаа өрсөлдөх байлгүй дээ л гэж бодсон. Д.Энхбат, С.Эрдэнэ хоёр тус тусдаа 13-15 хувь аваад, дээр дороо ороод явахад нийлээд 30 гаруй хувь болно. Тэр хоёрын авсан санал цагаан сонголттой нийлэхээр ядаж сонгуулийг хоёр дахь санал хураалттай болгох болов уу л гэж горьдож байсан. Гэхдээ тэгж найдсан нь ч гэсэн хэтэрхий утопи зүйл байсан л даа.
-Тэртэй тэргүй У.Хүрэлсүх ялах нь тодорхой юм бол сонгуулийг хоёр шаттай болгох нь ямар ашигтай юм?
-Нэг нэр дэвшигч ийм өндөр хувийн санал авах нь “хаан” төрүүлэх эрсдэлтэй. Манай Үндсэн хуулийн гажиг энэ. Тэр их өндөр хувиар сонгогдсон Ерөнхийлөгч чинь тэр инерциэ дуустал явна. Эхний 2-3 жилдээ УИХ-аа ч, Засгийн газраа дарна. Хамгийн том аюул нь энэ. Багахан саналын зөрүүгээр, зүтгэж байж гарч ирсэн Ерөнхийлөгчид бол УИХ, Засгийн газар нь ч, сөрөг хүчин нь ч гэсэн “Хөөе, нөгөө талд чинь бас том хүч байгаа шүү” гэж хэлнэ. С.Эрдэнэ жишээ нь АН-ын гишүүдийн 30 гаруйхан хувийн дэмжлэгээр сунгаанд ялсан. Гэтэл нам дотроо хаан болчихож байгаа биз дээ. Бүх сонгогчдын өндөр хувийн мандат гэдэг хүссэн хүсээгүй тэр хүнд хүч өгдөг. Тэр хүчний инерци аль хүртэл хол явж, юу хийж чадах вэ? гэдэг нь бидний болгоомжлох ёстой асуудал. Тэр утгаараа “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо, гэхдээ зовж байж гарсан шүү” гэж хэлэх нь Монголын ардчилалд нөөлөгтэй.
-У.Хүрэлсүх МАН-аас явлаа ч нам дотор нь У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо гээд МАН-аас дутахгүй том бүтэц, бүлэг байна. Тэгэхээр энэ хүн МАН-тай МАН-гүй хаан юм биш үү?
-Нам дотор нь Зүүний хүчний холбоо гээд арав хол гарсан жил явчихсан том бүлэг байна. Н.Энхбаяртай анх тулахдаа л гаргаж ирсэн нэгдэл шүү дээ. 2017 онд намаа авахад нь хамгийн том хүч нь байсан, улсаа авахад нь бас том хүч боллоо. Энэ хүн сая сонгуульд ялалт байгуулсан рейтингээрээ дахиад 2-3 жил явна. Гэхдээ л Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж байна, тэр зовлон нь хэзээд гарч ирнэ, ямар ч байсан гарч ирнэ. 2024 оны парламентад өөрчлөлт гарахад дахиад өөр юм ч болох биз.
-Энэ янзаараа 2024 оны парламентад хүчний харьцаа өөрчлөгдөх үү?
-Мэдэхгүй. Бөгсөөрөө шалан дээр суучихсан байгаа АН нүх ухаад доошоо үсэрдэггүй л юм бол үүнээс илүү уруудах боломж байхгүй. Эрх биш АН-ын гишүүн бүр дотроо нэг юм бодож байгаа байлгүй дээ. Сая бидний уриалаад, эв нэгдэлтэй АН-ыг байгуулья гээд гарын үсэг цуглуулаад эхэлж байгаа ч гэсэн эндээс авсан сургамж шүү дээ. 2016, 2020 оны том ялагдал, 2021 оны гутамшигт байдал биднийг нэгдэх ёстой гэж хэлээд байна.
-ХҮНам жишээ нь сая авсан 20 хувийн саналаараа “Манайх бол хоёр дахь том нам. АН байхгүй боллоо” гэж ярьж байна?
-Одоо ярихаас өөр арга байхгүй шүү дээ. Үнэн үү, үнэн. Гэхдээ АН-гүй сонгууль, АН-гүй улс орны хувьд ийм л тоглоом өрнөж, нэг талдаа худалдан авалт, худал хуурмаг, нөгөө талдаа хяналтгүй эрх баригчдын хулгай, дээрэнгүйлэл гаарна гэдэг тодорхой. Үүнийг ойлговол АН өөрөө цэгцэрч босох хэрэг байна даа.
-Гэхдээ энэ санаачилга хэр цагаа олсон ажил вэ? Наадам болж, амралт эхлэх гэж байхад...
-Юун наадам. /инээгээд/ Наадам биш, найр болно. МАН-ын найр болно.
АН-ын тухайд энэ хөдөлгөөнийг өрнүүлж байгаа дөрвөн учир шалтгаан байна. АН дараачийн сонгуульд АН-ынхаа мөн чанар, итгэл үнэмшлээр орохгүй бол луйвар, дээрэм тонуул, хулгайг албажуулсан ийм сонгуулиуд цаашид ч энэ хэвээр үргэлжлээд явна. Дагуул намуудаа сонгуульд оруулчихаад “Шударга сонгууль боллоо, сайхан өрсөлдлөө, бид яллаа” гээд нэг том дарга ёслоод, алга ташуулаад, хамаг юмыг хамаад суух юм байна. Энэ байдлыг өөгшүүлэхгүйн тулд АН илүү хүчирхэгжиж босох ёстой. Шударга ёс, улс төрийн эрүүл саруул өрсөлдөөн гэдэг зүйл улс төрийн тэнцвэр дээр л ажилладаг юм шүү дээ. Нэг нь хэт давамгай байгаа нөхцөлд ухаан зарахаас илүү хүчээ зараад эхэлдэг зүй тогтолтой. Нэгдүгээрт.
Хоёрдугаарт, АН-ыг сулруулаад, МАН-д боломж олгооод байгаа өөр нэг хүчин зүйл нь бидний дотоод хэрүүл тэмцэл. Тиймээс тамга тойрсон хэрүүл хийгээд, тамганы булан барьчихаад түүнийгээ “энэ намын сүнс” гээд эндүүрчихсан, гишүүдээ нулимаад суугаа хүмүүс больчих оо. Гишүүдээсээ асуугаад нэг нам, нэг хурал, нэг тамгатай болохын тулд асуудлаа дотроо шийдье. Тэгэхгүй дор дороо гүрийгээд, хууль шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэснээрээ бодит байдал дээр МАН-аар асуудлаа шийдүүлэх зам руу явж байна.
-Тамганы маргааныг шийдэхээр УИХ дээр ажлын хэсэг гараад, МАН ахлаад явж байгаа биз дээ?
-Харин тийм. Энэ бол энэ зуны хамгийн супер онигоо. АН түүхэндээ хоёр удаа том онигоонд орлоо. Эхнийх нь УИХ дээр МАХН-тай нийлж “бүдүүн бүлэг” гэдгийг байгуулаад, “МАХН-ын бүлгийн дэд дарга Р.Гончигдорж” гээд явж байсан явдал. Одоо яг түүнтэй адил зүйл болж байна. АН асуудлаа шийдүүлэхийн тулд МАН-тай хамтарсан ажлын хэсэг байгуулаад, МАН-ын бүлгээс даргалаад явж байна. Яахаараа тэр вэ?
АН чинь энэ улс орны асуудлыг шийднэ гэж зорьж, нэгдэж байгуулсан нам болохоос асуудлаа МАН-аар шийдүүлж жижгэрэхийн тулд энэ олон мянган хүн нэгдээгүй шүү дээ. Тийм ураас уучлаарай, дордлоо дордлоо гэхэд ингэж доош орж болохгүй. МАН-аар татаж босгуулаад, МАН-ын дагуул нам болоод явж болохгүй. Энэ бол АН-ын мянга мянган гишүүдийг доромжилж байгаа маш том доромжлол. Энэ доромжлолыг зогсоохын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулаад, санаа бодлыг нь сонсоод, нэг ҮБХ, нэг Их хурлаар асуудлаа шийдье л гэж байгаа юм. Шүүхийн шийдвэр ч гэсэн ойлгомжтой шүү дээ. Дотроо асуудлаа шийдэж чадахгүй бол бид танай асуудлыг шийдэхгүй ээ л гэж байна.
Гуравдугаарт, энэ бүхэн юунаас эхэлсэн бэ? АН-ын ах нарын өөширхсөн хэрүүлийн талбар нь АН болоод хувирчихаар АН ийм зовлонг туулж байна. Үнэхээр гар барилцаад ойлголцож чаддаггүй юм бол тэр хэрүүлээ намаас гадна хий, хол бай. Та хэдийн хэрүүлийн гайгаар АН ч байхгүй боллоо. Ерөн онд эхлүүлсэн ардчилал чинь ч устаж үгүй боллоо. Эхлүүлсэн зүйлээ нурааж, бүтээснээ тараах гээгүй л юм бол та хэд минь гэр орондоо хэрүүл хийчих ээ... гэдэг нэг зарчим.
Дөрөвдүгээрт, хэрүүл зодоонтой айлд хүн орж ирэх байтугай шагайхгүй. Тойроод явдаг нь жам. АН-д орж ирэхийг хүссэн маш олон шинэ залуус манай намаас гутаж, зугтаж байна. АН тэдний ирээдүй байхаа болчихоод байна. Гайгүй боловсролтой, мэдлэгтэй, эрүүл саруул бодолтой хүмүүс нь дотроо хэрэлдээд, бие биенээ унагаад байгаа хүмүүс дээр орж ирж хамт унахын хүсэхгүй байна. Үзэл бодол нийлэхгүй ч гэсэн ядаж хэрэлдэхгүй, зодолдохгүй юм даа гээд МАН дээр очоод шаваад байна. Энэ ч гэсэн ардчиллын хамгийн суурь зарчим болсон улс төрийн тэнцвэрийг алдагдуулж байна. Сөрөг хүчин нэртэй билэг тэмдгийн хэдэн нөхөд эрх баригч намаасаа тэжээгддэг, худалдагддаг, мөнгийг нь өгөөд, зохиолыг нь биччихвэл тэр дүрд нь тоглоод явж байдаг тийм л хувилбар луу явж байна шүү дээ.
-Сая сонгуульд оролцож байгаа байдлыг харсан ч тэр, АН жинхэнээсээ МАН-тай өрсөлдөж байна гэдэгт сонгогчид ч гэсэн нэг их итгэж үнэмшээгүй байх аа?
-Яагаад гэвэл СЕХ нөгөө талаас явсан хэнийг ч байсан бүртгэхгүй гэдэг зургийг бараг хагас жилийн өмнө зурчихлаа шүү дээ. Нам анх хуваагдахад л зурсан зураг байхгүй юу. Ерөнхийлөгчийн сонгууль болоход энэ талаас Х.Баттулга явбал яагаад ч бүртгэхгүй. Нөгөө талд нь өөр АН гаргаж, тэндээс нь өөр хүн дэвшүүлж байж бүртгэх юм аа гээд. Яагаад гэвэл МАН-ынхан АН-гүйгээр сонгууль хийх боломжгүй. Тэгэхээр АН-ыг өөрийг нь оруулах биш, АН хэмээгчийг оруулах гэдэг жүжиг явчихлаа. СЕХ яаж ажиллах нь маш тодорхой, ойлгомжтой болчихсон зүйл дээр ядаж тэндээсээ Ц.Оюунгэрэл юм уу, Р.Амаржаргалыг дэвшүүлсэн бол намын гишүүд арай ч нэг намынхаа байрыг түгжчихээд гэртээ суухгүй л байх байсан болов уу.
-Ц.Оюунгэрэл жишээ нь үнэхээр гоё эхлүүлсэн шүү дээ. Ерөнхийлөгчид нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөнө гэдгээ оны өмнө зарлаад, намын даргад өрсөлдөөд, дэнчингийн мөнгөө хүртэл олон нийтийн хандиваар босгоод, манай улстөрчдийн урьд өмнө үзүүлж байгаагүй гоё жишгийг тогтоосон шүү дээ?
-Тэгсэн, тэгсэн. Нөгөө “алаагүй ч гэсэн амраагаагүй дээ” гэдэг шиг ялахгүй байлаа ч У.Хүрэлсүхийг, МАН-ыг хөөрхөн зовоож байгаад сонгууль дуусгах байсан. Ядаж л “Ард түмний чинь 49 хувь та нарыг гаргаагүй шүү” гэдэг үгтэйгээ үлдэх байсан байхгүй юу. Р.Амаржаргал нь байна уу, Ц.Оюунгэрэл нь байна уу, хамаагүй.
-Асуухгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл байна. ҮХНӨ-ийн дараа УИХ-аар баталсан Шүүхийн тухай хуулийг Ерөнхийлөгч Х.Баттулга “үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр Цэцэд өгчээ. Цэц түүнийг нь хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргасан юм байна. Гэвч Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй учраас энэ асуудлыг их суудлаараа хэлэлцэхээр болжээ. Их суудал нь дунд суудлынхаа шийдвэрийг баталгаажуулбал юу болох вэ?
-Хэрвээ Цэцийн их суудал дунд суудлынхаа дүгнэлтийг баталгаажуулбал Х.Баттулга гэдэг хүн албан ёсоор шүүхийг хадган дээр тавиад У.Хүрэлсүхэд бэлэглэсэн явдал болно. У.Хүрэлсүх гэдэг хүн яг Н.Энхбаяр шиг, Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг шүүхэд нөлөөтэй Ерөнхийлөгч хэвээр үлдэнэ.
-Шүүхийн томилгоог Ерөнхийлөгчөөс холдууллаа гээд байсан нөгөө өөрчлөлтүүд маань Цэц дээр уначихсан гэсэн үг үү? Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бэ?
-Мэдэхгүй. Тэр тухайд Ерөнхийлөгчийн зүгээс ч, Цэцийн зүгээс ч тайлбар байхгүй. ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийн томилгоог УИХ дээр шийднэ гээд салгаад авчихсан байсныг “Үндсэн хууль зөрчиж байна” гэж Цэц дүгнэсэн. Тэгэхээр Үндсэн хууль зөрчөөгүй хувилбар нь Ерөнхийлөгч дангаараа томилдог байх явдал л юм байна л даа. Одоо МАН-ынхан өөрийнхөө Ерөнхийлөгчөөс тэр эрх мэдлүүдийг салгаж авч чадах уу? Эсвэл “За, хуучнаараа явья” гээд хууль батлаад явах юм уу? Хэрэв тэгвэл У.Хүрэлсүх гэдэг хүн хонгилыг нураах биш өөрөө хонгилын шинэ эзэн болно.
-Х.Баттулга нь сайн дураараа У.Хүрэлсүхийн сүхний ирэн дор толгойгоо тавина гэж байх уу?
-Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг Цэцэд өгөх үед ҮХЦ одоогийн Ерөнхийлөгч дэвших эрхгүй гэдэг шийдвэрээ гаргаагүй байсан. Тийм болохоор өөрөө дахиад Ерөнхийлөгч болно, хонгилын түлхүүрийг өөртөө авч үлдэнэ гэж бодож Цэцэд өгсөн байж болох юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа М.Энхболдыг Ерөнхийлөгч болно гэж итгээд бөөн эрх мэдэл овоолоод өгчихсөн чинь Х.Баттулга нь Ерөнхийлөгч болоод, хоолойг нь боомилоод эхэлсэнтэй адилхан зүйл болж байж ч магадгүй. Эсвэл зориудаар У.Хүрэлсүхэд “Чи Ерөнхийлөгч болох юм чинь шүүхийг чамд авч өгье, ахыгаа харж үзээрэй” гэсэн юм уу? Бүү мэд.
-Таны түрүүн хэлсэнчлэн У.Хүрэлсүх Х.Баттулгаар яах юм? Яагаад харж үзнэ гэж?
-Мэдэхгүй. Бодит баримт гэвэл Баттулга Ерөнхийлөгчийн хүсэлт гаргасан Цэцийн шийдвэрээр У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгч хонгилын эзэн болох гэж байна.
-Их суудлын шийдвэр гарчихвал УИХ түүнийг хэлэлцэх эрхгүй. Тэгэхээр энэ асуудал МАН-аас шалтгаалахгүй гэсэн үг үү?
-УИХ хэлэлцэхгүй. Гэхдээ эндээс Цэцийн байр суурь харагдана. У.Хүрэлсүхийн байр суурь ч гэсэн эндээс харагдана. “Уучлаарай, би сонгуульд орохдоо хүний биш хуулийн засаглалыг амласан. Наад эрх мэдэл чинь надад хэрэггүй ээ” гэж хэлж чадах нь уу? Эсвэл “Ашгүй, буцаагаад аваад ир” гэж хэлэх нь үү? Харж л байя.
-Ярилцсанд баярлалаа.
иргэн
Зөнбилэг
Зөнбилэг
зочин
лхагва очир
Зочин
Иргэн
ЗОЧИН
ЗОЧИН
чимэддорж
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Эрдэнэ
Зочин
Зочин
Зочин
ардчилсан нам ххк
Зочин
UB