Хүн бүр л эцэг эхээс оноосон нэртэй. Тэр нэрийн цаана хэн байгаа вэ гэх өөрийн гэсэн дүр төрх, зан төлөвөөрөө бусдад сэтгэгдэл үлдээж байдаг. Яг түүнтэй адил бараа бүтээгдэхүүн, бизнес нь брэнд нэртэй түүнийгээ илтгэх логотой, зах зээлд өөрийгөө таниулах брэндийн хэв маягаараа хэрэглэгчдэд сэтгэгдэл үлдээж байдаг.Бизнест энэ л сэтгэгдэл маш чухал. Хүний нэрэнд урт насалж удаан жаргахын бэлгэдэл, эцэг эхийнх нь шашин суртал шингээстэй. Түүн шиг брэнд нэрэнд зах зээлийн утга агуулгаас эхлээд танигдах, өсөн дэвжих хүсэл мөрөөдлийн философи нь шингээстэй. Брэндийг бүтээхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Үүний нэгэн чухал хүчин зүйл нь брэндийн харагдах байдал. Брэндийн танигдах шинжийг бодоход л юун түрүүнд лого санаанд орно. Энэ бол брэндийн үндсэн илэрхийлэл хаана ч өргөн мандуулах “туг” юм. 

Лого бол дүрслэл, дуудлагын хослол юм. Түүнийг хараа булааж, чихэнд хоногшуулан, зүрх сэтгэлд үлдээнэ гэдэгбол урлаг. Логогүй брэнд гэж үгүй. Олон нийтэд хүрч танигдан тэдний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон брэндүүд өнөөдөр дэлхий нийтийг хөтөлсөөр байна. Үндэстэн дамнасан корпорациас сумын төвийн үйлчилгээний газар хүртэл дуудах нэртэй байдаг. Дурсагдах дүрслэл, төсөөлөл нь мэдээж өөр хэмжээстэй. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш манай оронд ч гадаадын нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ өргөн дэлгэр нэвтрэхийн зэрэгцээ, дотоодын компани аж ахуйн нэгжийн болон бүтээгдэхүүн, үйлчилгээний брэндүүд олноор төрөн гарсаар байна.

Логог таних, брэндийг мэддэг байх нь орчин үеийн хэрэглэгчийн тулгамдсан хэрэгцээ болсоор байна. Компани байгууллага ч үүн дээр өндөр ач холбогдол өгдөг болж. Өнөөгийн зах зээлийг судалсан эрдэмтэд“хүмүүс чанар биш итгэл хүлээсэн брэнд худалдан авдаг” гэж дүгнэсэн байдаг. Иймээс зах зээл дээр чанартай бараа үйлчилгээнийтөлөө өрсөлдөөнөөс илүүтэйгээр чанартай брэнд бүтээх өрсөлдөөн өрнөж байна гэсэн үг. Энэ нь барааны чанар муутай байж болно гэсэн үг биш, харин технологийн дэвшлийн үрээр чанар өөрөө нэг түвшинд жигдэрч байгаа гэсэн санаа бололтой. 

Лого, брэнд гэдэг ойлголтыг бүдүүвч байдлаар барааны тэмдэг, үйлдвэркомпанийн бэлгэдэл хэмээн “орчуулж” энэ чиглэлийн ном товхимлыг хуучин БНМАУ-ын үнэ, стандартын байгууллагаас гаргаж байсан туршлага бий юм.

Харин орчин үеийн даяаршсан ертөнцийн эдгээр үгсийг хүн төрөлхтөн нэг л дуудлага, бичлэг, нэг л утгаар хүлээн авдаг болсон тул монголчлох оролдлого хийсэнгүй. Харин Монгол хэл шинэ шинэ үгээр, монголчууд шинэ ойлголтоор баяжиж байгаа тэр л утгаар нь харж байна.

Орчин цагийн Монголд анх удаа гарч байгаа үндэсний шилдэг лого, брэндийн энэхүү цоморлиг нь биднийг үндэснийхээ брэндийг бүтээх, бас дэлхийд танигдсан логотой бизнэс эрхлэх шинэ замын хөтөч болох нь дамжиггүй.

Нэпко хэвлэлийн газар, Адме брэндинг компани хамтран гаргаж буй монголын анхны лого, брэндинг, дизайны номонд орсон бүтээлүүдийн талаар олон нийтийн харилцааны чиглэлээр нилээд хэдэн жил ажилласан туршлага, ажигласан өнцгүүдээ нэгтгэн сэтгэгдлээ хуваалцсаныг болгоон соёрхоно уу.


НЭПКО хэвлэл газар

АДМЕ брэндингийн компани