Чөлөөт зах зээлийн хувьсгал
Айн Рандын үзэл санаа данхар төрийг төгсгөл болгох нь
Чөлөөт зах зээлийн хувьсгал ном нь Данхар төртэй тэмцэх зааварчилгаа юм. Энэхүү ном чөлөөт зах зээл гэж юу болох, уг зүйл хэрхэн ажилладаг, бас тэгээд яагаад уг үндсээсээ ёс суртахуунтай, ёс зүйтэй болохыг тайлбарлажээ. Хэрвээ чи энэ номыг уншаад, үүний өгүүлсэн зарчмуудыг ойлгох аваас чи өнөөгийн бидний амьдарч буй цаг үед төр хэрхэн данхайж буйтай тэмцэх үзэл санааны зэвсэг, ёс суртахууны илүү давуу байр суурь олох болно.
АРВАН ХОЁР
ЁС СУРТАХУУНГҮЙ
ХАЛАМЖСАГ ТӨР
Тэр төлөвлөгөө нь яаж хэрэгжиж, хүмүүст юу өгснийг чи мэдэх үү? Доор нь асар том хоолой залгасан усны сав руу чи ус хийх гээд үз дээ. Орж байгаагаасаа түрүүлээд гарчихна. Хувин ус хийх болгонд доорх хоолойн өргөн нэг ямхаар өргөсөж байна. Ус хийх тусам чинь чамаас улам ихийг нэхэх болно. Тэгээд л чи тэнд долоо хоногт 40 цаг, дараа нь 48 цаг, тэгснээ 56 цаг ус цутгах гээд үз дээ. Хөршийнхөө оройн хоолонд зориулж, түүний эхнэрийн мэс засалд зориулж, түүний хүүхэд улаан бурхан тусчихсан, түүний ээж нь тэргэнцэр дээр суудаг, түүний авга ахынх нь цамц, түүний ач хүүгийн сургууль, тэгснээ хажуу айлын нярай хүүхэд, удахгүй төрөх гэж буй хүүхэд, эргэн тойрны чинь хэнд ч хамаагүй. Тэд аваад л байна, живхнээс өгсүүлээд шүдний аппарат хүртэл нэхнэ. Харин чи ажиллаад л байна. Нар мандахаас нар шингэх хүртэл. Сараар, жилээр. Ажиллалаа гээд чамд юу ч наалдахгүй, хөлс л урсана. Чамд юу ч үлдэхгүй, тэд л баясаад байна. Бүхий л амьдралынхаа турш, огтхон ч борви бохисхийхгүй, ямар ч итгэл найдвар, гэрэл гэгээ байхгүй, эцэс төгсгөлгүй ...хүн бүхэн чадлынхаа хэрээр ажиллаж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэнэ.
Тэгснээ тэр ажилчин цааш нь хүн бүрийн хэрэгцээг хэрхэн компани даяар санал асуулгаар шийдвэрлэдэг болсон тухай өгүүлнэ. Үйлдвэрлэлийн бүтээмж буурч эхэлмэгц үйлдвэр санал асуулгаар хамгийн шилдэг ажилчид нь хэн болохыг тодорхойлох бөгөөд үйлдвэрээ аврахын тулд тэднийг илүү цагаар ажиллуулна (хөлс хүчгүй). Түүний дараа ажилчид сайн ажилладаг гэдгээ нуух гэж оролдсон ба үүнээс болоод улам олон цаг ажил дээрээ суудаг болсон талаар болон, ур чадваргүйгээ болон эрэлт хэрэгцээгээ харуулснаар шагнал авдаг болсон талаар өгүүлнэ.
Ашгийн төлөө системд хүмүүс нэг нь нөгөөгөөс илүү ажил хийх гэж айхтар өрсөлддөг гэж хүмүүс ярьдаг байсан даа. Айхтар өрсөлддөг гэсэн биз? Тэгвэл бид нар хэн нь ажлаа хамгийн муу хийх гэж өрсөлдөж байхыг бусад хүмүүс харсан ч болоосой. Хүн ажилдаа яваад сайн ажиллах гэж биш харин муу ажиллах гэж өдөр болгон, нэг өдрийн араас дараагийн өдөр нь ч бас тэгж хичээх шиг хүнийг алдаг зүйл байхгүй. Энэ зүйл хүнийг архи юм уу залхуурал, аль эсвэл дээрмээс ч хурдан ална. Гэсэн ч бидэнд муу хийж байгаа юм шиг дүр үзүүлэхээс өөр арга байгаагүй юм. Бид ганц л юмнаас айдаг байсан нь бидний ур чадвартайг мэдчих вий гэсэн айдас. Ур чадвар гэдэг бол хэзээ ч төлж дуусахгүй зээл гэсэн үг. Ажиллалаа гэхэд тэгээд юуны төлөө ажиллах юм бэ? Тэртэй тэргүй, ажилласан ажиллаагүй хамаагүй наад захын хэрэгцээг чинь хангачих юм, “хоол, байрны урамшуулал” гэж үүнийг нэрлэдэг байсан юм. Тэгээд ч яаж ч сайн ажиллалаа гээд тэрнээс илүүг тэртэй тэргүй авахгүй юм чинь дээ.
2010 онд Харрисын судалгаа америкчуудын 42 хувь нь “Хүн чадлынхаа хэрээр ажиллаж хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” гэдэг үгийг Карл Маркс биш харин үндэслэгч эцгүүд хэлсэн гэж боддогоо илэрхийлсэн байв.2
Манай орны ийм олон иргэн манай түүхийн эрх чөлөөний гол хамгаалагчдыг хамгийн гол дайсантай нь андуурч байгаа нь дэндүү цочирдмоор зүйл билээ. Гэсэн ч нөгөө талаар, хэн тэднийг андуурчээ гэж буруутгах юм бэ? Тэгээд ч яг л энэ урианы цаадах санааг манай төр одоо хэрэгжүүлж байгаа биз дээ? Хэрэгцээнийхээ хэрээр л үнэндээ хүмүүс нийгмийн даатгалаас хүртэж байгаа биз дээ. Мэдикэрээс, бас Мэдикэйдээс. Ажилгүйдлийн даатгалаас ч бас. Боловсролоос ч гэсэн. Дээр нь хүнсний талон, хөдөө аж ахуйн татаас, сууцны зээл. Социализм, халамжийн төр хоёрын хооронд ганц өнцгийн ч болов зөрүү байгаа юм уу? Халамжийн төр гэдэг чинь үнэндээ зүгээр л Марксын номлолыг алдаг оног хэрэгжүүлсэн явдал юм биш үү?
Тийм ээ, чухам үүнийг чинь л хэлээд байгаа юм. Халамжлагч төр манай орны үндэслэгч эцгүүдийн байгуулсан төртэй үндэс сууриараа зөрчилдөж байна. Үндэслэгч эцгүүд маань хүн бүр өөрийнхөө төлөө, өөрийнхөө эд баялгийг хүссэнээрээ зарцуулж, өөрийнхөө аз жаргалын төлөө амьдрах эрхтэй гэсэн юм. Харин халамжлагч төр бусад хүмүүс чиний мөнгөнөөс авах эрхтэй бөгөөд тэдний амьдралыг чи харж хандах үүрэгтэй гэж тулгадаг.
Товчоор хэлбэл халамжлагч төр бид бусдын хэрэгцээ шаардлагын төлөө өөрсдийгөө золиослох үүрэгтэй гэсэн үзэл бодлын бүтээгдэхүүн ажээ.
ХАЛАМЖИЙН ТӨР УХААЛАГ ТООЦООТ,
БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСТ ДАЙН ЗАРЛАСАН НЬ
Халамжийн төр асар зардалтай. Америкчууд ядууст туслахад зориулж жилд 1 их наяд доллар зарцуулдаг.28 Энэ тусламжийн төлөө хүмүүс бусдын эрүүл мэндийн төлбөрийг төлж, бусад хүн тэтгэвэр авахад тусалж, бусад хүмүүсийн хоол, бусад хүмүүсийн орон сууцны төлөө хэдийг төлөх ёстой болж байгаа нь тодорхой болох нь маш чухал.29
Хөдөлмөрийн хуваарьтай эдийн засагт хүн аз жаргалтай амьдрахад мөнгө шаардлагатай байдаг. Бизнес эхлүүлэхэд, сууц худалдаж авахад, аялахад, хүүхэд өсгөхөд, хоол идэхэд, кино үзэхэд, дархан цаазат газраар аялахад, дуртай зүйлээ хийхэд мөнгө хэрэгтэй. Хэдий чинээ их мөнгөтэй байна хийж болох зүйл чинь төдий чинээ их болох бөгөөд төдий чинээ тухайн хүний үнэ цэнэ өснө. Харин баялаг дахин хуваарилдаг нийгэмд нэг зүйл тодорхой: хүний өөрийнхөө төлөө, аз жаргалынхаа төлөө зарцуулах байсан мөнгийг хураан авна.
Хүнээс өөрийнхөө төлөө зарцуулж болох байсан олон мянган долларыг нь хураан авах үед тухайн хүний амьдрал тэр хэрээр дорддог юм. Хүн гэмт хэрэг бага гардаг дүүрэгт амьдрахын оронд гэмт хэрэг их гардаг дүүрэгт амьдрахаас аргагүйд хүрнэ. Шинэ, аюулгүй автомашин худалдан авахын оронд хуучин машин унана. Түүчлэн шинэ бизнес эхлүүлэх гэж байснаа болих буюу, хүүхэдтэй болох, ажил мэргэжлээ солих гэж байснаа хойшлуулна.
Хэрэв бид дээр дурдсан хамтралын үзэл санааг хүлээн зөвшөөрөлгүй үгүйсгэх юм бол цаана нь юу үлдэх нь тодорхой. Юуны төлөө ийнхүү дахин хуваарилалт хийж буйг зөвтгөх зүйл юу ч байхгүй. Хувь хүний түвшинд авч үзвэл, нэг хүний амьдралыг нөгөө хүнийхтэй адилтгаж болохгүй. Ухаалаг тооцоот, хувиа хичээгч хүнд алив, олсон орлогоо наашаа өгөөдөх, эдийн засагт зарцуулаадахья гэвэл тэр хүн “Тэр эдийн засгийг чинь хараал идэг; наад халамж чинь миний эдийн засагт тус болохгүй!” хэмээн хариулах болно.
Халамжийн төр алтруизмаар дүүрэн. Гэхдээ үүнийгээ хувиа хичээгч тайлбараар халхавчлах гэж оролддог. “Ингэж мөнгөө хураалгасны төлөө чи сэтгэл амар аюулгүй байдал худалдан авч байгаа юм гэнэ. Чамд юу ч тохиолдлоо гэсэн чамайг бид орхихгүй, наад захын чинь хэрэгцээг хангана. Ийнхүү тусалж, өөрийгөө золиосолсны хариуд бас шагнал хүртэнэ. Ийнхүү бусдад туслах нь чиний үүрэг хариуцлага. Гэхдээ санаа зоволтгүй, цаг нь болохоор өөр азгүй гаруудаар чамд туслуулна”.
Бодит байдал дээр халамжийн төр чамд аюулгүй байдал өгөхгүй, харин аюул эрсдэл өгнө. Төр хүссэнээрээ эд баялгаас чинь хутган авах бөгөөд цаана нь үлдээсэй билээ гэж залбирахаас өөр арга чамд байхгүй. Төр үнэндээ 100 их наяд долларын өр тавьчихаад сууж байхад чиний ирээдүйн баталгаа хэр найдвартай байх вэ? Түүнчлэн нийгмийн даатгалын төлөө төр чамд ганц ч зоос эргүүлэн төлөхгүй байх эрхтэйг мэдвэл, нөгөө “итгэлцлийн сан нь” мөрийтэй тоглоомонд донтсон машины чэнжийн найдвартай гэж магтан зарж байгаа машин шиг л найдвартай байх болно. Жинхэнэ аюулгүй байдал эрх чөлөө, эдийн засгийн хөгжил дэвшил, сонголтоос ирдэг бөгөөд үүний тусламжтайгаар хүн хариуцлагатай, өөрөө өөрийгөө аваад явж чадах хүн болдог юм.
Халамжийн төр байгуулагдахаас ч өмнө хүмүүс ухаалаг тооцоот байдлаар, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргаар эрсдлийг даван гарч, халамжийн оочерт дугаарладаггүй байсныг чи харсан. Тэр цагийн хүмүүс хөршийнхөө халаас руу гараа хийдэггүй байсан юм. Бид ч бас тэгэхгүй байх хэрэгтэй. Ухаалаг тооцоот, бүтээлч хүнд ямар ч “нийгмийн даатгал” хэрэггүй бөгөөд түүний төлөө эрх чөлөөгөө худалдахгүй. Тэгвэл хэн худалддаг юм бэ?
Нийгмийн даатгалыг аваад үзье л дээ. Чөлөөт зах зээлд ухаалаг тооцоот, үйлдвэрлэгч хүн өөрийн алс хэтийн амьдрал, ашиг сонирхлыг харж тооцоо хийнэ. Тэр ажилдаа дуртай бөгөөд хэзээ ч тэтгэвэрт гарахгүй гэж шийдэж ч болно. Аль эсвэл одоо олсон орлогоо бизнесээ өргөжүүлэн тэлэхэд зарцуулах бөгөөд хөл дээрээ зогсмогцоо хадгаламж хийж эхэлнэ. Хөрөнгө оруулалт хийхдээ тэр хаана хураасан мөнгөө хадгалах вэ гэдгийг няхуур бодох ба мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, олон газар тараан байрлуулна. Түүний хувьд нийгмийн даатгал гэдэг бол ердөө ямар ч ашиггүй хувилбар юм. Нийгмийн даатгалын амлаад байгаа ач тусыг тэр өөрөө хамаагүй дээр олно. Тэгвэл ингэхэд хэнд нийгмийн даатгал хэрэгтэй юм бэ? Ухаалаг тооцоогүй, бүтээлч бус хүмүүст. Дөчин жил байтугай дөрвөн долоо хоногийн цаадах ирээдүйгээ харж чаддаггүй хүмүүст. Ганц зоос ч болов хадгалж чаддаггүй хүмүүст, эсвэл хэдэн зоос цуглуулснаа тэдгээрийгээ энд тэнд хөрөнгө оруулалт хийхийн оронд цөмөнгөөр нь Энроны хувьцаа худалдаж авдаг хүмүүст. Нийгмийн даатгал болон илүү өргөн хүрээнд нь өгүүлбэл халамжийн төр шударга бус байдал газар авахад нөлөөлдөг юм. Ухаалаг тооцоот, үйлдвэрлэгч хүмүүсийг ухаалаг тооцоогүй, бүтээлч бус хүмүүсийн төлөө золиослохыг шаарддаг. “Хүн чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хэрэгцээнийхээ хэрээр авна”.
Энэ шударга бус байдлын хамгийн том хохирогчид нь ядуурлаас гарах хүсэлтэнгүүд. Бүтээлч хүмүүсийн халааснаас асар их капиталыг нь сорон авснаар халамжлагч төр нээгдэх байсан бизнесүүдийн тоог цөөлж, бий болох байсан ажлын байрыг багасгаж, хүрэх байсан эдийн засгийн хөгжлийн үгүй хийж, үүсэх байсан эдийн засгийн боломжуудыг алга болгодог. Баян хүмүүс халамжийн төртэй оронд яахав нэг хэсэгтээ л амьдарч болоод байх хэдий ч ядуурлаас гарах гэж хүссэн хүмүүс харин ихэнхдээ гарч чадахгүй тэндээ зоогдоно.
Гол шалтгаан нь эдийн засаг. Английн сэтгэл зүйч Теодор Далримпл Английн ядуу дүүрэгт төрсөн ухаалаг хүүхдүүдийн зовлонгийн талаар ингэж өгүүлсэн юм:
Ядуу дүүргүүдэд амьдрал нэг хэвийн бөгөөд тэвчихийн аргагүй. Тэр байдлыг эсэргүүцсэн ямар ч хүүхдэд насанд хүрэгчид ч тэр, багш нь ч тэр туслахгүй. Насанд хүрэгчид ардчилал, эдийн засгийг олонхын дарангуйллаар сольчихсон шүү дээ. Ядуу дүүргээс ирсэн ухаалаг өвчтнүүдийн маань ихэнх нь сургуульд байхдаа юм сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэйгээ харуулахад тэднийг шоолж, гадуурхаж, зарим тохиолдолд үе тэнгийнхэн нь шууд зоддог. Арван тавтай нэг хүүхэд үүнээс болж амиа хорлохыг завдсан бөгөөд үе тэнгийнхэн нь түүнийг цаг ямагт шоолж ‘Ухаантай байх гэж оролдох чинь тэнэг явдал’ гэж хэлдэг гэнэ”.30
Ур чадварыг үгүйсгэх ийм уур амьсгал Америкийн доод давхаргынханд ч байдаг бөгөөд энэ нь яг ч ядуурлаас болдоггүй. Америкт халамжийн төр тэлэхээс өмнө ч ядуу хүмүүс зөндөө байсан. Гэсэн ч тийм ядуус ухаалаг байдал, ажил хөдөлмөр, өндөр санаархалыг үнэлж, түүн рүү тэмүүлдэг байсан болохоос халамжийн мөнгө рүү тэмүүлдэггүй байв.31 Халамжийн төр харин ядууст бусдаар халамжлуулах нь та нарын эрх, ядуу байгаа нь та нараас болоогүй гэж заадаг юм. Ийм ч болохоор төрийн халамж өөрөө хөл дээрээ зогсож, өөрөө өөрийгөө авч явдаг болох гэж оролдсон хүнийг үзэн яддагт гайхах зүйл үгүй. Хүн ийнхүү өөрөө хөгжих гэж оролдох нь бусад ядууст нь “Ядуу байгаа чинь өөрийн чинь буруу” гэсэн мэссэж дамжуулчих гээд байдаг байна.32
Энэ явдлыг цааш ухвал бүр ч муухай зүйлс гарч ирнэ. Дээр дурдсан халамжийн сэтгэлгээ зүгээр ч нэг сайхан санасан төрийн бодлогын санамсаргүй үр дагавар биш байдаг. Харин ч халамжийн төрийг дэмжигчдийн санаатай бодсон үйл ажиллагааны санаатай үр дүн байдаг.
НЭПКО хэвлэлийн газар
Залруулга
Г.Батнасан
SKYLITE
Зочин
Төрийн шимэгчид
Зочин