Б.Цэнгэлийн оронд хэн “МТЗ”-ыг удирдаж 150 тэрбумыг зарцуулах бол?
Ерөнхийлөгч Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг “өөрийн хүнд” даатгахыг хүсчээ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Түүнийг МАН-ын “цагаан ордон”-д ажиллуулахаар яригдаж байгаа бөгөөд тэрбээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад чөлөөлөхдөө мөн л МАН-ын Удирдах зөвлөл, генсекийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байв. Харин энэ удаад түүний чөлөөлөгдсөн шалтгааныг “Ерөнхийлөгч өөрийн хүнээр Тавантолгой Зүүнбаянгийн төмөр замыг бариулахыг хүссэн бололтой” хэмээн таамаглаж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын явцтай танилцсан. Энэ үеэр “Арван км төмөр замын ажил дөнгөж 25 хувьтай үргэлжилж байгааг анхаарал хандуулахыг үүрэг болгосон” талаар албан мэдээнд дурдсан байв.
Эх сурвалжийн мэдээлснээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд эхний ээлжинд урьдчилгаа 150 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК-д хийсэн гэнэ. Түүнчлэн замын ажлыг цэргүүдээр бариулах биш хувийн компаниудыг шууд гэрээгээр “шахсан” нь үнэн хэрэгтээ “Армиар төмөр зам бариулах биш армийн генералуудаар компаниудыг удирдуулж бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа хэрэг бололтой.
Тэгэхээр 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын энэ ажил гацах шалтгаангүй бөгөөд гардан гүйцэтгэгч нь Ерөнхийлөгчийн “таалалд нийцсэн” байх шаардлага “урган гарч” Б.Цэнгэлийг “хөдөлгөсөн” байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл Б.Цэнгэлийн оронд томилогдох “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлыг Ерөнхий сайд бус Ерөнхийлөгч томилж, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, “УБТЗ”ХНН-ийн Замын дарга Д.Жигжиднямаа, түүний найз Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Дэлгэрсайхан нартай “гар, сэтгэл нийлж” ажиллах болзлыг хангасан байх ёстой болж байна.
Харин Тавантолгойт-Гашуунсухайтын төмөр замыг яажшуухан барьж гүйцэтгэх ажил нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн томилсон МоАХ, НАМЗХ-ны залуусаас шалтгаална. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-аас Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихад ойролцоогоор 800 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Ийм хэмжээний мөнгөөр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар төмөр зам барих болж байна. Эрдэнэс Тавантолгойн 800 тэрбум төгрөг зарцуулагдах болсныг 2019 оны наймдугаар сарын 25-нд нийтэд танилцуулсан. Тодруулбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Төмөр зам тавих нийт өртөг 1.07 тэрбум ам.доллар бөгөөд одоо 790-830 сая ам.долларын ажил үлдээд байгаа юм. Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс гаргахаар болсон. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК баталгаат нөөц, санхүүгийн тогтвортой байдал, боловсон хүчин гэсэн гурван том шаардлагыг хангаж олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаар охин компани байгуулан ажиллаж байна” гэж ярьсан. Харин IPO бүтэхгүй бол яахыг таашгүй.
Тэр үед “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Цэнгэл хэвлэлд “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлыг ярьж байх үед “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашгаас 210 тэрбум төгрөгийг энэ чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт руу оруулахаар тохирсон байсан. Ингээд хувь хувьцааны асуудал яригдаж, 25, 26 гэдэг тоо яригдсан. Сүүлдээ 100 хувиар “Эрдэнэс-Тавантолгой”, МТЗ хамтран байгуулаад гаднын хөрөнгө оруулагч орж ирвэл хөрөнгөнд нь таарсан хувийг өгөөд явъя гэдэг байдлаар эцсийн шийдвэр гарах гэж байсан. Гэтэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудал гэнэт гараад ирсэн. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг түр хойшлуулсан. Бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн байсан. 208 км-ийн далангийн ажлыг хийсэн, маргааш нөгөөдөргүй ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангачихсан байсан. Гэхдээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихаар болсон учраас Гашуунсухайт чиглэлийн ажлыг түр хойшлуулсан” гэж ярьсан байдаг.
Харин одоо хоёр чиглэлийн төмөр замын ажил зэрэг шижигнэж Б.Цэнгэл халагдаж, “МТЗ”-д очсон 150 тэрбум нь Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам барих арми, цэрэг гэхээсээ “шахааны” компаниудад очих бололтой. Үүн дээр УИХ-ын сонгууль болох эс болох тухай бужигнааныг нэмчихээр төрийн өмчит компанийн мөнгө хаана нь үржиж, хаана нь “угаагдаж” яваа хөл толгойг олоход бүр ч бэрх болох биз ээ!