Криптовалют гэж юу вэ?
Криптовалют гэж юу вэ, блокчэйн үнэхээр найдвартай бөгөөд эрсдэлгүй технологи мөн үү, биткойн хөөс биш биз дээ, Монгол криптовалют бэлэн мөнгийг хэрэглээнээс шууд шахаж чадах уу, банкны уламжлалт бизнес загвар хэр эвдэгдэх бол, мөнгө угаах ба далд эдийн засгийг яаж хянаж зохицуулах ёстой вэ зэрэг асуултанд хариулт олохоор манай нэвтрүүлэг өрнөлөө. 4 жилийн өмнө хийсэн энэ нэвтрүүлгийн зочдоор Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, криптовалютын цахим бирж болох www.trade.mn -ийн ТУЗ-ийн гишүүн Г.Лхамсүрэн,"Эгэрэг" платформыг санаачлагч М.Хасчулуу, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл нар оролцож байв.
В.ГАНЗОРИГ: Криптовалют гэж яг юуг хэлээд байна вэ. Энэ нь цахим мөнгө, дижитал мөнгө, канди, жижи гээд бидний хэрэглэдэг зүйлсийг өөрөөр хэлээд байна уу, эсвэл шал өөр ойлголт юм уу?
Ч.ГАНХУЯГ: Өмнө нь цахим мөнгө бүгд цаанаа гаргасан байгууллагатай, очих эзэнтэй байсан бол криптовалютын нэг онцлог нь өөрөө төвлөрсөн бус, компьютерүүдийн сүлжээ буюу үүлэн дээр тогтдог гэдгээрээ онцлогтой. Энгийнээр хэлбэл, криптограф гэдэг нь маш өндөр хэмжээний тоо бодож байж компьютерууд хоорондоо холбогдон мэдээлэл солилцдог технологи юм. Мэдээллийн нууцлалын асуудлыг шийдэхийн тулд АНУ-ын тагнуулын байгууллагууд анх гаргасан гэж ярьдаг. Энэхүү технологийг сүүлд сонирхогч залуус Dark Web-ээр дамжуулан төр засгийн эрх мэдэл, том байгууллагуудын төвлөрлийг сааруулах зорилгоор тодорхой хэмжээний тэмцлийн хэлбэрээр гаргаж ирсэн юм болов уу гэж надад санагддаг.
Г.ЛХАМСҮРЭН: Криптограф нь дэлхийн хоёрдугаар дайны үед мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор үүссэн холбооны кодчилолын технологи. Өөрөөр хэлбэл криптовалют гэдэг нь блокчэйн технологи дээр суурилсан нууцлал өндөртэй алгоритм юм. Канди, жижи зэрэг үүрэг операторуудын гаргасан зүйлсийг технологижоогүй цахим мөнгө гэж хэлж болно. Криптовалютын эдгээр цахим мөнгөнөөс ялгагдах зүйл нь блокчэйн технологи юм. Өнөөдөр дэлхийн дээр нийт 1300 гаруй криптовалют байна. Биткойн бол криптовалютын үндсэн том төлөөлөл, блокчэйнийг олон нийтэд таниулсан “цахим эцэг мөнгө” гэж ойлгож болно. Хүмүүс биткойн, блокчэйн зэргийг тусдаа зүйлс гэж ойлгоод байх шиг байна. Нэгнээсээ салшгүй цул ойлголтууд юм шүү.
В.ГАНЗОРИГ: 1300 гаруй криптовалют бүгд цаанаа блокчэйн гэдэг нэг л технологи ашигладаг юм байна. Тэгэхээр блокчэйн гэж яг юу юм бэ? Маш энгийн үгээр тайлбарлаад өгнө үү.
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: Орчин үеийн ихэнх мөнгө цахим хэлбэрт орсон. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлтийн долоон хувь нь нэгээс 20 мянган төгрөгийн дэвсгэртээр бэлэн хэлбэрээр, үлдсэн 93 хувь нь банкуудын компьютерт хадгалагдаж буй тоон хэлбэртэй байдаг. Энэ зүй тогтол бүх л улсад ажиглагдаж байгаа. Жишээ нь, Англид нийт мөнгөний дөрвөн хувь нь л бэлнээр эргэлддэг. Үлдсэн нь цахим хэлбэрээр байдаг гэсэн үг. Криптовалют нь гурван шинж чанарыг агуулсан байдаг. Нэгт, мэдээж цахим хэлбэртэй буюу биет бус байдаг. Хоёрт, талууд мэдээллийг дундын зуучлагчгүй шууд солилцдог. Өөрөөр хэлбэл, криптовалют эзэмшигч нь ямар ч банктай харилцах шаардлагагүй хүссэн хүнтэйгээ шууд санхүүгийн гүйлгээ хийж болно. Гуравт, төвлөрсөн бус системтэй буюу криптовалютыг аль нэг улсын төв банк гаргадаггүй. Энэ гурван шинж чанарыг агуулдаг суурь технологийг блокчэйн гэнэ.
Ч.ГАНХУЯГ: Бидний санхүүгийн мэдээлэл, гүйлгээний дүн, зээлийн хэмжээ зэрэг нь арилжааны банкуудын сервер дээр хадгалагддаг. Блокчэйн технологи дээр мэдээлэл блок блокоор баталгаажиж байж зөвшөөрөгддөг.
В.ГАНЗОРИГ: Энэ тохиолдолд блок гэдгийг багц гүйлгээ гээд энгийнээр ойлгож болох уу?
Ч.ГАНХУЯГ: Болно. Тодорхой хэмжээгээр багцалсан санхүүгийн гүйлгээнүүдийг блок гэнэ. Эхний блок дүүрэхээр дараагийн блок залгагдаж гинжин хэлхээ үүсдэг. Нэгэнт залгагдсан бол тухайн блоконд байгаа мэдээллийг өөрчлөх ямар ч боломжгүй. Одоогийн банкуудын системд хакер халдаж ороод, эсвэл теллер санаатайгаар Ганзориг 100 мянган төгрөг биш 10 мянган төгрөг шилжүүлсэн гээд өөрчлөлт хийх эрсдэл байдаг. Криптографийн онцлог нь нэгэнт орсон мэдээллийг өөрчлөх боломжгүйгээс гадна мөн буцаах боломжгүй байдагт оршино. Мөн ямар хүнээс ямар хүн рүү мөнгө шилжсэн гэдэг мэдээллийг замаас нь харах боломжгүй.
В.ГАНЗОРИГ: Энэ бол үнэхээр нэг талаараа давуу тал. Харин нөгөө талаас санхүүгийн гүйлгээ дээр маргаан гарвал буух эзэнгүй, буцах газаргүй, шүүх дээр гэрчлэх баримтгүй балрах юм биш үү?
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.
Г.ЛХАМСҮРЭН: Криптовалютын гүйлгээг баталгаажуулдаг нэг том зүйл нь ил тод байдал. Дараагийн зүйл нь дээр дурдсан нууцлалын асуудал буюу нэгэнт блокт орсон мэдээллийг өөрчлөх, буцаах боломжгүй. Мэдээллийг заавал өөрчилнө гэвэл дэлхий дээр байгаа сүлжээнд холбогдсон бүх компьютерийг унтраах, эсвэл цахилгааныг нь салгах хэрэг гарна. Дараагийн гол зүйл бол гүйлгээний хурд юм. Биткойныг олборлогчид гүйлгээг баталгаажуулахын тулд алгоритмыг утгыг нь тооцоолж боддог. Ганхуяг, Ганзоригийн хооронд явж байгаа гүйлгээг олборлогчид баталгаажуулдаг.
В.ГАНЗОРИГ: Яаж баталгаажуулна гэж?
Ч.ГАНХУЯГ: Хоёр хүн гэрээ хийдэг. Энэ процесст талууд гарын үсгээ зурна, тамгаа дарна. Дараа нь нотариат орно, гэрч заавал байлцуулдаг. Энэ бүхнийг блокчэйн байхгүй болгосон. Ямар ч төрлийн гүйлгээ, гэрээ, бичилт жишээлбэл, иргэний бүртгэл мэдээлэл, газрын кадастр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл ба шинэчлэл, автомашин худалдах ба худалдан авах гэрээ, гэрлэлтийн баталгаа зэргийг хэн нэгний оролцоогүйгээр хоёр тал гар утсаа ашиглан хийх боломжтой. Ингээд нэгэнт оруулсан мэдээллийг чи бидний хэн нь ч систем дээр дараа нь өөрчилж чадахгүй. Энэ бүртгэл ба гүйлгээг систем дээр байгаа бүх хүн харах боломжтой. Машин өгч авалцсан хоёр этгээдийн хооронд машинаа өгсөн, өгөөгүй ба авсан, аваагүй гэдэг маргаан үүсэхгүй, нотариат, шүүхийн ямар ч шаардлага гарахгүй гэсэн үг.
В.ГАНЗОРИГ: Ингэхээр чинь төрийн 100 мянга гаруй хүн ажилгүй болох нь байна шүү дээ?
Ч.ГАНХУЯГ: Яг үнэн!
М.ХАСЧУЛУУ: Цахим мөнгө гэсэн том малгай дор криптовалют өөрөө орно. Бэлэн мөнгийг ашиглах, хэрэглэх үед заавал бүртгэл тооцооны дэвтэр гэдэг зүйл хэрэг болдог. Энэхүү бүртгэл тооцооны дэвтэр дээрх мэдээллийг дундын хүнгүйгээр, харилцаанд орж буй талууд хоорондоо шууд харилцан хөтлөх, дамжуулсан мэдээлэл нь замдаа ямар ч өөрчлөлтгүй очдог, мэдээлэл дамжуулагдах замдаа алдагдах боломжгүй, өндөр нууцлалтай шифрлэлтийн технологийг криптограф гэнэ. Бэлэн бус төлбөр тооцоонд ашиглагддаг бүртгэл тооцооны дэвтрийг энэхүү криптографийн аргад хувиргаснаар криптовалют үүсч байгаа юм. Өнөөдөр ч гэсэн криптовалютыг банкууд шууд бус аргаар хэрэглэдэг. Банкуудын ашигладаг төлбөр тооцооны нууцлалын системийг блокчэйн дээр суурилуулан олон нийтэд нээлттэй болгосноор хэн нэг нь эзэмшдэггүй бүртгэл тооцооны том систем үүсч байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл төлбөр тооцооны системийг ямар ч төвлөрсөн удирдлагагүй, хэн ч хэрэглэж болохоор, нэгэнт бичигдсэн мэдээлэл устаж, өөрчлөгдөх боломжгүй дэвтэр болгож байгаа юм.
Компьютер дээр мөнгө гэдэг файл байхад би түүнийг хуулж, зөөх, эсвэл нэг долларыг зуун доллар болгож өөрчлөөд хүмүүс рүү шилжүүлэх боломжтой. Үүнийг бүх цагийн үеийн “Double spending problem” гэж нэрлэдэг. Dot com хөөсөөс хойш энэ асуудлыг шийдэж чадаагүй байсан бол блокчэйн үүнийг шийддэг болсон. Криптограф нь энэ мөнгө хаа нэгнээс хуулагдаж зөөгдсөн үү, үгүй юу гэдгийг шалгаж батална. Мөн уг мөнгө нэг хүнээс нөгөө рүү шилжүүлэгдсэн үү гэдгийг батална. Энэхүү гүйлгээний бичилт нь бүх нийтэд ил тод байдаг. Иймээс дэлхийн хамгийн том итгэлцлийн гүүрийг төвлөрсөн бус замаар блокчэйн бий болгож байгаа гэсэн үг.
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: Блокчэйн бол хямд, хурдтай, нууцлал өндөртэйгээр мэдээлэл солилцох технологи юм. Голын зуучлагчгүй учраас гүйлгээ хямд бөгөөд хурдан байна гэсэн үг.
В.ГАНЗОРИГ: Тэгэхээр нээлттэй орчинд гэрчүүд дээр суурилсан мэдээлэл солилцох технологийг блокчэйн гэнэ гэж энгийнээр хэлж болох нь байна шүү дээ!
Ч.ГАНХУЯГ: Тийм. Авлига авч, нөлөөлөх боломжгүй гэрчүүд гэсэн үг. Энэ тохиолдолд авлига нь өөрөө биткойн болж байгаа гэсэн үг. Бид энд зөвхөн криптовалютыг л ярьж байна. Цаашилбал блокчэйн бидний амьдрал, нийгмийн харилцааг орвонгоор нь өөрчлөх чадалтай технологи юм. Биткойн бол блокчэйн дээрх нэг дайвар бүтээгдэхүүн. Мэдээж сул талууд бий. Цахилгаан асар их зарцуулдаг, квантум компьютер гараад ирвэл энэ технологи эрсдэлтэй болно ч гэдэг юм уу ярианууд байдаг. 1980-аад оны сүүлээр интернэт анх гарч ирж байсантай адилхан шинэ давалгаа бий болж байгааг би онцолмоор байна. Блокчэйн технологи дээр бид дэлхийтэй ижил гарааны шугам дээр зогсч байгаа. Интернэтийн хөгжилд монголчууд бид хувь нэмрээ оруулж чадаагүй. Харин блокчэйн, криптовалютын хөгжилд хувь нэмэр оруулах байтугай дэлхийд тэргүүлэх боломжтойг би хэлмээр байна. Синдикат ток нэвтрүүлгийн энэ дугаарт бодлого тодорхойлдог газрын төлөөлөл ирсэн байна, бизнес хийдэг мань мэтийн хүмүүс байна, технологийн мэргэжлийн залуус нь ирсэн байна. Энэ эрчээ алдахгүйгээр блокчэйнээр дэлхийд өрсөлдөх биш бүр манлайлах зорилготой ажиллах боломж бидэнд бүрэн байна.
В.ГАНЗОРИГ: Биткойныг Сатоши Накамото гэдэг нэрээр хэн нэгэн үүсгэсэн гэдэг. Тэгвэл блокчэйн гэдэг технологийг ямар ухаантай хүн, хэзээ зохиосон юм бэ. Блокчэйнийг бид сая л мэдэж байгаа юм уу, эсвэл бий болоод нэлээд удаж байна уу?
Г.ЛХАМСҮРЭН: Биткойн өөрөө блокчэйн дээр үүссэн. Биткойныг хийсэн хүмүүс блокчэйнийг үүсгэсэн байх өндөр магадлалтай.
Ч.ГАНХУЯГ: Энэ технологийг үүсгэсэн нь асуудалгүй. Гэхдээ үүсгэсэн субъект нь хүн үү, бүлэг хүмүүс үү, байгууллага уу, эсвэл бүр “бурхан” уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Хүн төрөлхтөн буруу замаар яваад, сонгосон ардчилал нь тирануудыг төрүүлээд ард түмнээ дарангуйлаад байхаар нь “бурхан” бууж ирээд бүртгэлийн систем чинь болохгүй байна, май гээд блокчэйнийг өгсөн ч юм билүү? (Инээлдэв)
Биткойн нь өөрөө блокчэйн дээр суурилсан, нууцлалын өндөр зэрэгтэй хэрэгсэл
В.ГАНЗОРИГ: Эзэн биегүй юм бол эрсдэлтэй биш үү. Одоо бид аль хэдийнэ бичигдсэн алгоритмийг нь дагаж мөрдөхөөс өөр сонголтгүй байгаа. Гэтэл нэг өдөр тэр “нөхөд” эх кодоо гэнэт солих, одоо мөрдүүлж байгаа алгоритмээ өөрчлөх эрсдэл байх уу. Жишээ нь биткойн дээр?
М.ХАСЧУЛУУ: Тийм боломж байхгүй. Сатоши Накамото анх 2008 онд диссертаци маягийн зүйл бичиж, түүн дээрээ блокчэйнийг тайлбарлан танилцуулж интернэтэд тавьсан. Үүн дээрээ суурилаад 2009 онд биткойн системийн программчлалыг бичээд гаргасан. Таны асуусан эрсдлүүдийг хэн хариуцах вэ гээд асуудлууд байнга гардаг. Хэн ч хариуцахгүй мэт боловч энэ өөрөө их сонирхолтой асуудал. Математикт анхны тооны зүй тогтол гэж байдаг. Сүүлийн гурван мянган жилийн турш дэлхийн шилдэг математикчид энэ зүй тогтлын учрыг олж чадаагүй л байна. Энэ нээгдээгүй байгаа зүй тогтлыг криптограф ашиглаад блокчэйн гэдэг технологийг гаргаж ирсэн. Магадгүй гурван мянган жилийн турш нээгдээгүй байгаа анхны тооны зүй тогтол маргааш нээгдэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ нь блокчэйнийн нэг эрсдэл болно.
Нөгөө нэг зүйл нь квантум компьютер. Бидний ашигладаг энгийн компьютер нь цуваа, логик байдалтай ажилладаг. Харин квантум компьютер нь тооцооллыг бидний төсөөлж байгаагаас хамаагүй өөр төвшинд, параллель байдлаар хийдэг. Криптографийн нууцлалыг тайлахын тулд одоогийн логик компьютерүүдэд 43 тэрбум жил шаардлагатай гэсэн тооцоолол байдаг. Гэтэл манай ертөнц өөрөө 13 тэрбум жилийн настай шүү дээ. Харин нэгэнт квантум компьютер гараад ирвэл криптографийн код ердөө хэдхэн минут, секундийн дотор л тайлагдана. Гэхдээ өнөөдрийн байдлаар анхны тооны зүй тогтол тайлагдах эсэх, квантум компьютер гарч ирэх эсэх нь томоос том асуултын тэмдэг хэвээр байсаар байна. Тэгэхээр блокчэйний эрсдэл дээр өнөөдөртөө нэг их санаа зовоод хэрэггүй болов уу!
В.ГАНЗОРИГ: Хор ба ерөндөг гэдэг шиг Сатоши Накамото нөгөө талдаа өөрөө квантум компьютерээ хийчих вий дээ?
Г.ЛХАМСҮРЭН: Блокчэйн гэдэг технологийг хакердахын тулд ертөнцийн насыг гурав дахин буюу даруй 40 гаруй тэрбум жил шаардагдахаас гадна асар их эрчим хүч шаардагдана. Жишээлбэл, нарны бүх энергийг 13 дахин үржсэнтэй тэнцэх хэмжээний эрчим хүч хэрэгтэй гэсэн тооцоо байдаг юм. Квантум компьютер миний хувьд гарч ирэх арай болоогүй. Квантум компьютер бий болох боломжтой юу, үгүй юу гэдэгт хариулахын тулд магадгүй хамгийн хурдандаа дор хаяж 20-30 жил шаардагдах болов уу.
Ч.ГАНХУЯГ: Цаг хугацаа асар хурдан явж, юмс эгшин зуур өөрчлөгдөж байна. Манай “Ард академи” сая криптовалютын ном гаргасан юм. Энэ номыг бичиж эхэлж байхад биткойны үнэ дөрвөн мянган доллар байсан бол хэвлэгдэх үед долоон мянга даваад явчихлаа. Бид квантум компьютерийг хүлээж эрсдлээ тооцон энэ том давалгааг алдаж болохгүй. Цаг алдалгүй бид мэдлэгээ зузаалж, хүүхдүүдээ ирээдүйдээ бэлдэж, манай улстөрчид хэрүүлээ хойш тавьж тодорхой цагаа энэ технологийн дэвшилд зарцуулж, хууль эрхзүйн орчноо хамгийн таатай болгох ёстой.
Бид танкаар бусадтай байлдаж чадахгүй, төмөр зам зохиож чадахгүй, дэлхийг хувцаслаж чадахгүй. Харин хүнд жингийн нөхөдтэй тэнцүүхэн өрсөлдөж үзэлцэх боломжийг блокчэйн технологи бидэнд өгч байгааг анзаарах хэрэгтэй байна.
В.ГАНЗОРИГ: За одоо биткойн гэж юу вэ гэдэг сэдэв рүү оръё. Хэдхэн хоногийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргасан. Хүмүүс зөв, буруу гээд янз бүрийн ойлголттой байна. Биткойнд хөрөнгө оруулах нь зөв үү, хөөс биш үү гэсэн асуултуудад та бүхэн мэргэжлийн зүгээс хариулт өгнө үү!
М.ХАСЧУЛУУ: Сатоши Накамото 2008 онд концепцийг нь гаргаад, биткойн 2009 онд гарч ирсэн. Хүмүүс биткойны ам.доллартай харьцах ханш дээр нь ач холбогдол өгч маргаад байгаа болохоос бус биткойн нь өөрөө блокчэйн дээр суурилсан, нууцлалын өндөр зэрэгтэй хэрэгсэл юм. Биткойныг буруу, зөв гэж маргахаас илүү блокчэйн гэдэг технологийг нь ойлгох хэрэгтэй. Миний хувьд блокчэйнийг таниулж байгаа анхдагч гэдэг утгаар нь биткойныг учиргүй муулж сайлдаггүй, харин мөн чанарыг нь ойлгохыг хичээдэг.
В.ГАНЗОРИГ: Би төгрөгөөр биткойн худалдаж авлаа гэхэд биткойноор худалдаа хийж байгаа хэдхэн газраар үйлчлүүлнэ. Өөр ямар хэрэгцээ байх уу. Ханшийн зөрүүгээс ашиг олох боломж хэр вэ?
Г.ЛХАМСҮРЭН: Биткойны анхны блокууд 2009 оны аравдугаар сарын 31-нээс эхлэн угсрагдаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн оролцогчид буюу олборлогчид гүйлгээг баталгаажуулсны шагналд биткойн, сатоши авдаг болсон. Нийт биткойны тоо хэмжээ 21 сая ширхэг байхаас өнөөдрийн байдлаар 16 сая 576 мянга орчим биткойн олборлогдсон байна. Биткойны давуу тал нь хэмжээ хязгаартай буюу 21 сая ширхэгээс илүү гарахгүй.
Хүмүүс хоёр төрлөөр биткойныг хэрэглэж байна. Эхнийх нь арилжаа болон төлбөр тооцооны хэрэгсэл байдлаар. Биткойноор үйлчилдэг 200 мянга гаруй үйлчилгээний байгууллага үүссэн. Аль хэдийнэ 3000 гаруй биткойны АТМ-үүд дэлхий даяар ажиллаад эхэлсэн байна. Бидний сайн мэддэг Туркиш Эйрлайнс тийзээ биткойноор борлуулаад эхэллээ. Аялал жуулчлалын дэлхийн хамгийн том сайт болох expedia.com биткойноор ашиглан онгоцны бүх тийзүүд, зочид буудлууд, машин түрээсийн үйлчилгээг онлайнаар зарж эхлээд удаж байгаагаас гадна Швейцар улс татвараа биткойноор аваад эхэлсэн. Японд хүнсний бүх дэлгүүрийн сүлжээ нь биткойн руу шилжих бэлтгэлээ хангаж байна.
В.ГАНЗОРИГ: Монголд биткойныг төлбөр тооцоонд хүлээн авч бараа, үйлчилгээгээ зардаг газрууд олон болж байна уу?
Г.ЛХАМСҮРЭН: Монголд нэлээд хэдэн газар бий. Гэхдээ нийтэд танигдах болсон нь цөөн. Биткойныг иймэрхүү байдлаар төлбөр тооцооны хэрэгсэл байдлаар ашиглаж болно. Нөгөө талаас зарим хүн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдлаар ашигладаг. Цаашдаа төлбөр тооцоо гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл илүү байх хандлага байна. Биткойн алткойнтай харьцах ханшаа тодорхойлдог, шинээр гарч байгаа криптовалютууд биткойнтой харьцах ханшаа тодорхойлдог болоод байна.
В.ГАНЗОРИГ: Уучлаарай, алткойн гэдэг нь юу билээ?
Г.ЛХАМСҮРЭН: Алткойн гэдэгт биткойноос бусад бүх криптовалютыг ойлгодог.
В.ГАНЗОРИГ: Мерседес бенз болон бусад машин гэдэг шиг ойлголт уу?
Г.ЛХАМСҮРЭН: Яг үнэн. 2013 оноос эхлэн монголчууд биткойноор дамжуулан анхны худалдан авалт хийж эхэлсэн байдаг. 2016 оны эхний улирлаас идэвхжиж эхэлсэн.
Монголчууд хуучин яаж арилжаанд оролцдог байсан бэ гэвэл төгрөгөөрөө ам.доллар худалдаж аваад, маш олон банкаар дамжуулан гадаадын цахим биржтэй холбогдож биткойн авдаг байсан. Дэлхий дээр криптовалютын 170 орчим цахим бирж биткойныг худалдан авч, зарах үйл ажиллагаа явуулж байна. Технологийн хөгжил хурдаар хэмжигдэж байгаа энэ үеийг бид анзаарч төгрөгөөрөө биткойн худалдан авах боломжийг нь Монголдоо бүрдүүлсэн байгаа.
В.ГАНЗОРИГ: Блокчэйн дээр биткойныг зохицуулах ямар ч боломжгүй юм бол саяхан манай Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдэл өөрөө логикгүй юм биш үү?
Ч.ГАНХУЯГ: Үгүй. Мэдэгдлийг нь сайн унших хэрэгтэй л дээ. Уг мэдэгдэл дээр Onecoin, G-Time зэрэг пирамидууд болон бусад понци схем дээр суурилсан луйврын сүлжээнээс болгоомжлохыг сануулсан. Криптовалютыг Монголд зохицуулах ямар нэгэн журам, заавар огт байхгүй. Хадгаламж зээлийн хоршооны гунигтай түүх бидэнд байдаг. Хүн ашиг хийхээрээ ашгаа дангаараа хүртдэг шиг алдагдал хүлээвэл уг алдагдлаа өөрөө бүрэн хариуцаарай, дахиж татвар төлөгчдийн мөнгөөр хадгаламж зээлийн хоршооноос үүдсэн хохирлыг төр даахгүй шүү гэсэн сануулга байсан.
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: Блокчэйн технологи, түүн дээр суурилсан 1250 орчим криптовалют, блокчэйн технологийн нэрийг барьсан понци, пирамид схемүүд гэсэн гурван зүйлийг маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ийм мэдлэг, мэдээлэлтэй байж гэмээнэ шийдвэрээ гаргаач ээ гэж хүмүүст уриалмаар байна.
Ч.ГАНХУЯГ: Энэ нэвтрүүлгээр ч гэсэн бид биткойныг аваач ээ гэж огт уриалаагүй шүү. Өнөөдөр 7000 ам.доллараар авсан биткойн маргааш 100 ам.доллар болбол хариуцлагаа та өөрөө хүлээнэ ээ. Бид харин энд блокчэйн гэдэг гайхамшигтай технологи гараад ирсэн байна, түүн дээр суурилсан биткойноор дэлхий арилжаанд ороод эхэлсэн тул үүнийг бүгдээрээ судалъя, мэдье гэдэг зүйлсийг ярьж байна. Намайг жишээ нь, биткойныг сурталчилаад яваад байна гэж битгий буруугаар ойлгоорой.
М.ХАСЧУЛУУ: Монголд цахим мөнгөний хууль сая батлагдаад, 2018 оноос хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ салбарт бизнес хийхэд тун таатай, ирээдүйтэй хууль гаргасанд баярлаж байгаа. Энэхүү хуульдаа таарсан бүтээгдэхүүн удахгүй гаргахаар бид ажиллаж байна. “Эгэрэг” гэдэг нэртэй энэхүү цахим мөнгө нь блокчэйн дээр суурилсан, төвлөрсөн удирдлагатай байх болно. Гэхдээ төвлөрсөн удирдлагыг бид Smart contract буюу ухаалаг гэрээгээр зохицуулахаас гадна нэг эгэрэг нь нэг төгрөгтэй тэнцүү үнэлгээтэй байх юм. 300 гаруй сум сууринд амьдардаг гурван сая гаруй монголчууд аль хэдийнэ 2,4 сая ухаалаг утастай, 30 сумаас бусад сум бүгд интернэтэд холбогдоод байна.
Гэтэл бие биедээ мөнгө шилжүүлэхийн тулд хагас сайн, бүтэн сайн өдрийг заавал өнждөг, 500 төгрөг бэлэн бусаар шилжүүлэхийн тулд 500 төгрөгийн шимтгэл төлдөг нөхцөлтэй байсаар байна. Бид блокчэйн гэдэг технологийг ашиглан хямдхан, хянагдах боломжтой, хэрэглэхэд хялбархан цахим мөнгийг гаргаад бэлэн мөнгийг хэрэглээнээс халахыг зорьж байгаа. Дэлхийн 90 гаруй төв банк блокчэйнийг судлахаар ажлын хэсгүүд байгуулан ажиллаад эхэлсэн.
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: Блокчэйныг судлахаар мэргэжлийн математикчид, эдийн засагчид, мэдээлэл технологийн арав гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монголбанк дээр хоёр долоо хоногийн өмнө байгуулагдсан. Гол зорилго нь криптовалютыг технологийн үүднээс нарийвчлан судлах, боломж ба эрсдлийг нь тодорхойлох, цаашид хэрхэн ёстой гэдэг суурь судалгааг хийгээд, бодлогын зөвлөмж гаргах юм.
В.ГАНЗОРИГ: “Эгэрэг” цахим мөнгө нь блокчэйн технологи ашигладаг 1300 криптовалютын 1301 дэх нь болж мэндлэх нь гэж ойлгож болох уу?
М.ХАСЧУЛУУ: Яг ч бас тийм биш. Эрлийз бүтээгдэхүүн гэх юм уу даа. Цахим мөнгийг одоо ч манай банкууд ашиглаж байгаа. Гэхдээ бүх мэдээлэл банкуудын сервер дээр хаалттай байдлаар хадгалагдан ашиглагддаг. Эгэрэгийн ялгаа нь бид блокчэйн технологийг ашиглаж бүх гүйлгээний түүхийг нээлттэй бичихээс гадна өөрчлөх, устгах боломжгүй болгох юм.
Г.ЛХАМСҮРЭН: Яг иймэрхүү схемтэй буюу 100 хувь төвлөрсөн бус биш “эрлийз” койн буюу криптовалютууд бий. Жишээ нь, Японы төв банк яг ийм төсөл дээрээ ажиллаж байна. Блокчэйн дээр суурилсан монгол цахим мөнгө гарах гэж байгаа мэдээллийг анх удаа сая сонсоод баярлаж байна. Бид хүссэн хүсээгүй энэ харилцаанд орно. Гадаадад энэ чиглэлээр хурал зөвлөлгөөнд оролцоод явж байхад эдийн засгийн дайн, цөмийн зэвсгээр хөөцөлдөх бус хэн түрүүлж блокчэйн технологийг гартаа оруулсан нь дэлхийн тэргүүлэх нөлөөтэй гүрэн болно гээд ярьж байсан.
В.ГАНЗОРИГ: Геополитикийн нэг том зэвсэг болох нь ээ?
Г.ЛХАМСҮРЭН: Тийм. Манай хоёр хөрш болох ОХУ, Хятад аль аль нь өөрсдийн онцлогт тохирсон цахим мөнгийг гаргана гээд зарласан.
Бид барилга байгууламжаараа италиудыг хэзээ ч гүйцэхгүй. Банк, санхүү, даатгалын бизнесээр америкуудыг гүйцэхэд асар хэцүү. Эдийн засгийг төвлөрөл, мөнгөний бодлогоор бид швейцаруудыг хэзээ ч гүйцэхгүй. Харин блокчэйн биднийг эдгээр улстай яг ижил гараан дээр зогсоож байгаа юм.
Өнөөдөр блокчэйн технологийг 20 сая гаруй хүн ашиглаж байна. Биткойныг хэрэглэдэг хүн 100 сая даваад явлаа. Дэлхий 7,3 тэрбум хүнтэй гээд бодохоор ямар том боломж байгаа нь төсөөлөгдөнө. Бага үндэстний, мэдээлэл түргэн солилцдог монголчуудын давуу тал энэхүү технологитой маш сайн нийцнэ.
М.ХАСЧУЛУУ: Монголчууд ухаалаг утас ба интернэтийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Энэ давуу талаа ашиглан бид блокчэйн технологиор олон юман дээр дэлхийд анхдагч болох боломж байгаа юу гэвэл байгаа.
Нөгөө талаас биткойн нь төлбөр тооцооны хэрэгсэл
В.ГАНЗОРИГ: Хасаа, “Эгэрэг” гээд сайхан санаачилга байна. Баяр хүргэе! Бизнес талаасаа энэ төсөл та нарт ямар ашигтай юм бэ. Өөрөөр хэлбэл та нар хаанаас, яаж ашиг хийх вэ?
М.ХАСЧУЛУУ: Бизнес талаас нь бид энэ төслөө дэд бүтэц талаас нь харж гаргаж байгаа. Гүйлгээ бүрээс маш бага хэмжээний шимтгэл авна гэсэн үг. Хүссэн хүн нь хямдаар, маш хялбархан ашиглаж болох нээлттэй систем ба бөгөөд Монголын онлайн худалдаа, төлбөр тооцооны салбарын хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Дотоодын болон олон улсын гүйлгээний зах зээл дээр банкуудтай тодорхой төвшинд өрсөлдөж эхлэнэ гэсэн үг.
Ч.ГАНХУЯГ: Хэдхэн хоногийн өмнө бид компанийнхаа нийт хөрөнгийн 2,5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр биткойнд хөрөнгө оруулахаар шийдсэн. Наймдугаар сард 4500 ам.доллар байсан нэгж биткойн өнөөдөр 7000 ам.доллар болчихоод байна. Үүгээр зогсохгүй үнэ нь өсөөд цаашаа нэлээд явах юм шиг байна гэж харж байгаа. Ямаа тэжээж бэлчээр талхлахгүй, газар ухаж нүүрс зөөхгүйгээр биткойнд хөрөнгө оруулж, Монголын эдийн засагт доллар оруулж ирэх боломжтой гэсэн үг. Мөн Солонгосоос багагүй хэмжээний мөнгөн гуйвуулга өндөр шимтгэл төлж Монгол руу ирдэг. Үүнийг биткойноор шууд шийдэх боломжтой.
Нөгөө талаас биткойн нь төлбөр тооцооны хэрэгсэл юм. Манай нэг дүү жуулчны компани ажиллуулдаг. Компанийн цахим сайтаа банкуудын төлбөрийн картын системтэй холбох гээд нэлээд үзсэн, чирэгдэл, шаардлага өндөр байсан. Харин өөрөө биткойны лого интернэтээс авч сайтдаа байршуулаад асуудлаа шийдсэн. Тухайн үед нэг нөхөр гадаадаас 1000 ам.доллараар биткойн худалдан авч манай дүүгийн үйлчилгээг аваад хоёр сарын дараа Монголд ирэхэд биткойны ханш хоёр мянган ам.доллар болсон байсан.
Яг үүнтэй адилхан монгол компаниуд дэлхийн төвшинд борлуулалтаа хийх боломжтой болоод байна. Жишээ нь, Говь компани өчнөөн сайхан ноолууран бүтээгдэхүүнээ гадагшаа зараад, ямар ч асуудалгүй, хоромхон зуур төлбөрөө хүлээн авч болж байна. Өөрөөр хэлбэл худалдааны байгууллагууд интернэт худалдааны хувьд аль нэг банкны өндөр шимтгэлд шахуулахгүй, эсвэл виза, мастер, американ экспресс гэдэг төлбөрийн картуудад дарлуулахгүй, ямар ч дундын санхүүгийн байгууллагуудаас хамаарахаа больчихоод байна аа л гэсэн үг.
Дараагийн нэг хэлэх ёстой зүйл бол майнинг буюу биткойн олборлох гээд хачин юм байгаа. Олборлолт хийхэд өндөр хүчин чадалтай компьютерууд дулаан их ялгаруулдаг учир Сибирьт нөхөд зоориндоо байрлуулаад гэрийнхээ дулааны асуудлаа шийдээд эхэлсэн байна. Гэр хорооллын айлууд нүүрс түлэхийнхээ оронд биткойн олборлодог машин гэртээ авч тавиад дулааны асуудлаа шийдэж, орлого олохоос гадна Улаанбаатар хот утааны асуудлаа нэг шөнийн дотор шийдэх боломжтой. Манай төр засаг яах ёстой вэ гэхээр Азийн супер грид (Asian Super Grid) гэж яриад байгаа тэр Сон Масаёоши гэдэг нөхрийг дуудаж авч ирээд сэргээгдэх эрчим хүчний төслөө Монголд тултал хий, харин бид татвараа үнэгүй цахилгаан хэлбэрээр авна аа гээд тохироод манай Ерөнхий сайд хийчих ёстой. Ингэж чадвал хамгийн өндөр агаарын бохирдолтой улс нэг шөнийн дотор асуудлаа шийдэж чадсан гэдгээрээ бараг Нобелийн шагнал авна шүү! Хамгийн гол нь Softbank компанийн хийж байгаа супер гридийн төсөлд нь хамрагдан цахилгааны эх үүсвэрийн асуудлаа найдвартай, бүрэн шийдэх ёстой юм.
В.ГАНЗОРИГ: Биткойн олборлолтын бизнесээр аль улс, тив тэргүүлж байна вэ, өнөөдөр?
Г.ЛХАМСҮРЭН: Энэ чиглэлээр Хятад улс дэлхийд тэргүүлдэг.
Ч.ГАНХУЯГ: Нэг тодруулга хийчих үү? Их Монгол гүрэн тэргүүлж байгаа (Инээв). Өвөрмонголын Ордост цөм нь байгаа. Гаднын хэвлэлээр Монголд биткойны олборлолт хийж байна гэж яригддаг болсон байна лээ. Хэдий Өвөрмонголыг андуурч байгаа ч гэсэн энэ нь бидэнд сайнаар тусч байгаа шүү.
Г.ЛХАМСҮРЭН: Олборлолт хийхийн тулд тусгай компьютертэй байх ёстой. Тэр нь маш их цахилгаан зарцуулдаг. Дээрээс нь маш их дулаан ялгаруулдаг. Энэ нь Монголын цаг агаар, газарзүйн байршлын хувьд давуу тал болж өгч байгаа юм. Түүнчлэн манай цахилгааны үнэ дэлхийн дундаж үнээс 38 хувиар хямд байдаг. Одоо шөнөдөө бүр үнэгүй цахилгаантай болсон. Тэгэхээр биткойн олборлолтын төв нь Хятадын хойд хэсэг ба Оросын Сибирийн бүс нутаг болчихоод байгаа юм.
Ч.ГАНХУЯГ: 2013 онд украинууд дуу чимээгүй, шингэнийг халаангаа олборлолт хийдэг машин гаргаад ирсэн байна лээ. Өөрөөр хэлбэл гэрт паар, шалны халаалт хэрэггүй болсон гэсэн үг. Паар чинь мөнгө үйлдвэрлээд байна гээд бодохгүй юу.
Г.ЛХАМСҮРЭН: Хоёр сарын өмнө би цахилгаан үйлдвэрлээд, тэрхүү цахилгаанаа ашиглан шилэн кабелиар Монголын нүүрсийг экспортолж болно гэж твиттер дээр бичихэд их олон хүмүүс шоолж байсан. Өөрөөр хэлбэл хүрэн нүүрсээрээ цахилгаанаа үйлдвэрлээд, эх үүсвэрийг нь биткойн олборлоход зарцуулах санааг хэлсэн хэрэг.
В.ГАНЗОРИГ: Компаниуд борлуулалтаа биткойноор хийгээд эхлэхээр улс татвараа яаж мэдэж, тооцож авах уу. Цаашилбал хууль бус наймаа, мөнгө угаалт, далд эдийн засгийн асуудлууд үүсэх үү. Шийдэл нь юу вэ?
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: Одоохондоо дэлхийн төвшинд үүнийг ингээд шийднэ гэсэн шийдэл хараахан гараагүй байна. Учир нь энэ өөрөө шинэ технологи. Хоёрт, хурдтай өсч байгаа ч гэсэн хэмжээ нь бага хэвээр л байгаа. Жишээ нь, дээр ярьсан 1300 орчим криптовалютын зах зээлийн үнэлгээ нь 190 тэрбум ам.доллар орчим л байна. Их мөнгө мэт сонсогдож байгаа ч гэсэн үүнийг дэлхийн эдийн засагтай харьцуулахад маш бага мөнгө юм.
Ч.ГАНХУЯГ: Олон нийтийн эрх ашгийг хамгаалах нь зөв. Татвараа яаж авах вэ гэдгээ бодох нь зөв. Гэхдээ энэ технологийг ашигласнаар бид одоо байгаа орчноо муутгаж буй хэрэг огт биш. Татвар, Сангийн яамны нөхөд Говь компани жил 100 цамц хийдэг гэдгийг мэдчихэж болох байлгүй дээ. 100 цамцнаас 10-ыг нь биткойноор зарсан гэдгийг нь тооцоод гаргаад ирэх ёстой байлгүй дээ. Тэр том бизнесийг удирдаж буй хүмүүс нь энэ тайлангаа гаргах ёс зүйтэй байх байлгүй дээ. Нөгөө талдаа манай татварын байцаагч нар энэ технологийг ашиглаж сурахаас өөр гарцгүй болно. Уламжлалт бизнесийг орчлыг нь эвдэж байгаа болохоор банкууд ерөнхийдөө энэ технологид дургүй талдаа байгаа.
Г.ЛХАМСҮРЭН: Эдгээр технологийн дэвшлээс хоцрохгүйн тулд бид цахим түрийвч хийж байна. Үүний өмнө бид олон улсын хэмжээний криптовалютын биржийг байгуулсан. Цахим түрийвч бүхий үндэсний дэд бүтцээ бид хийж дуусгаснаар монголчууд дэлхийн мөнгийг хадгалдаг болно гэсэн үг. Эрчим хүч хямд, хууль эрх зүйн орчин таатай, байгаль цаг уурын давуу талаа ашиглан Орос, Хятадтай энэ зах зээл дээр амжилттай өрсөлдөх боломж нь бидэнд хангалттай байна.
В.ГАНЗОРИГ: Биткойн нь оффшор дансны ахисан төвшин гэж бас нэг талаасаа ойлгож болох уу?
М.ХАСЧУЛУУ: Тэгж ойлговол ойлгож болно. Гэхдээ улс орнууд өөрсдөө энэ хянах зохицуулалтыг дотооддоо яаж ойлгож хийхээс хамаарна.
Ч.ГАНХУЯГ: Бэлэн мөнгө халаасалж яваад хүн дуртай юмаа худалдаж авч чаддаг. Их дүнтэй гүйлгээнүүдийг банкууд хянадаг ч жижиг дүнтэй гүйлгээ бүрийг үгүй. Харин биткойны гүйлгээ бүр дүнгээсээ үл хамаараад бичигдэж үлддэг.
В.ГАНЗОРИГ: Сүүлийн асуултыг тавья. Блокчэйн дээр гүйлгээнүүд багцлагдаад блок блокоор өрөгдөж баталгааждаг гэсэн. Ямар нэг шалтгаанаар ямар ч гүйлгээ хийгдэхгүй хэдэн цаг, хэдэн өдөр болбол систем зогсч, ямар ч гүйлгээ баталгаажихгүй гэсэн үг үү?
Г.ЛХАМСҮРЭН: Систем зогсохгүй, гэхдээ утгаа хайгаад ажиллана. Сүүлийн хэд хоног систем дээр ачаалал үүсч байна л даа. Гүйлгээ баталгаажих гэж 2-3 цаг хүлээгдэж байна.
В.ГАНЗОРИГ: Энэ нь сайн гэсэн үг үү, муу гэсэн үг үү?
Г.ЛХАМСҮРЭН: Муу. Гэхдээ энэ нь юуг хэлж байна вэ гэвэл биткойн төлбөр тооцооны хэрэгсэл гэхээс илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдлаар түлхүү ашиглагдаж байна гэсэн үг. Үүнээс үүдээс блокчэйнд зориулсан төлбөр тооцооны шинэ системийн асуудал яригдаад эхэлсэн байгаа. Асуудлууд байгаа ч систем нь өөрөө өөрийгөө улам хөгжүүлээд л яваад байгаа.
Ч.ГАНХУЯГ: Биткойны технологи нь 2МВ орчим хэмжээтэй блок үүсгээд байх шиг байгаа юм. Үүн дотор тодорхой тооны санхүүгийн багц гүйлгээ багтаж орно гэсэн үг. Дунджаар 10 минут тутамд нэг биткойн олборлогдож байна гэж үзвэл хэдэн зуун мянга, хэдэн арван сая гүйлгээ баталгаажихаар зэрэг ороод ирэхээр систем дээр дараалал үүсч байгаа юм. Үүнийг шийдэхээр биткойн хард форк гээд функц наймдугаар сарын 20-ны үед хийгдсэн. Энэ нь 20МВ-ийн багтаамжтай блокууд үүсгэж эхэлсэн.
М.ХАСЧУЛУУ: Блокчэйн дээр блокууд нэмж болох ч яаж систем дээрээ нэмэх үү гэдэг алгоритмууд нь криптовалютууд дээр тусдаа байгаа юм. Түгээмэл хэрэглэгддэг нэг арга нь олон олборлогчид дундаа нийлж байгаад хэдэн мянган нүдтэй, эсвэл нэг сая нүдтэй шоо дундаа хаядаг. Хэн түрүүлж нэг гэдэг нүд буулгах вэ, хэн түрүүлж тав гэдэг нүд буулгах вэ гэдгээр олборлогчид өрсөлддөг. Таваас бага буулгаж чадвал би өрсөн блокоо системдээ оруулж биткойноор шагнуулна. Чадаагүй эрчим хүч, энергийн зардлаар шатна гэсэн үг. Энэ асуудлыг шийдэх гарцыг этериум криптовалют өөр дээрээ гаргаж байгаа. Жишээ нь, гүйлгээний шимтгэлийг гаргаж ирээд хямдхан эсвэл хурдан гэдэг хоёр сонголтыг бий болгосон. Харилцагч хурдан гүйлгээгээ баталгаажуулахыг хүсвэл их шимтгэл төлнө. Үгүй гэвэл дарааллаараа явна гэсэн үг. Олборлогч нар ч гэсэн илүү их шимтгэл төлж байгаа блокуудыг түрүүлж баталгаажуулахын тулд өрсөлдөж эхэлдэг.
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: Үүнээс болоод 25 ам.доллар шилжүүлэхийн тулд 15 ам.долларын шимтгэл төлсөн кэйсүүд саяхан бас гарсан шүү.
Ч.ГАНХУЯГ: Энэ бол аюултай. Систем өөрөө өөрийгөө үгүйсгэсэн үйлдэл гэсэн үг. Энэ мэт асуудлууд байгаа ч дэд бүтэц маань ерөнхийдөө улам бүр хөгжөөд явж байгаа.
В.ГАНЗОРИГ: Бидний урилгыг хүлээн авч үнэтэй цагаа гарган ирж үзэгч, уншигчдад маш хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа! Тодорхой хэмжээний мэдээлэл ба мэдлэгийг хүмүүст өгч чадсан гэж найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол интернэт дээр түмэн янзын мэдээлэл байгаагаас гадна саяхан “Ард академи”-аас монгол хэл дээр гаргасан ном байгаа шүү.
DR. ADITYA
OYUN
DR. ADITYA
DR. ADITYA
Dr. Aditya
DR. ADITY
DR. ADITYA
DR. ADITYA
DR ADITYA
DR ADITYA
зээл
zochin