Улс төрд түүх давтагддаг гэдэг. Оргүй ч яриа биш. Саяхан л бүхний хойморт заларч, бүгдийн луужин явсан хүн өндөр сэнтийгээсээ буув уу? үгүй юу? төрийн эсэргүү болж, Төв талбайд дүүжлүүлэх нь холгүй сэрэг дүрээр буудаг нь Монголын улс төрийн ой санамжийг сэдрээж, сэргээдэг болов. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, араас нь залгамжилсан Н.Багабанди хоёрыг эс тооцвол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн дараалсан гурван Ерөнхийлөгчийн улс төрийн удаахь замнал нь тийм ч тайван замаар туучаагүй.

Н.Энхбаяраас халааг нь авсан Ц.Элбэгдорж эргээд түүн рүү ноцох шалтгаа олсон бол Х.Баттулга ч Ерөнхийлөгчөөр ажилласан бүрэн эрхийнхээ хугацаанд амин найзынхаа эсрэг кампанит ажлыг өрнүүлдэг гол хөдөлгүүр, хөлгийн ахмадын залуурт шилжсэн түүхтэй. Бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёр дахь жилийнхээ ойг угтаж Төрийн тэргүүн биш иргэн Х.Баттулгын хувиар Тавантолгойтой холбоотой 178 хуудас бүхий баримтыг Улсын ерөнхий прокурорын гарт атгуулж явлаа. Загас шиг дуугүй явах дүрэмтэй бас зарчимтай прокурорын байгууллагын удирдлага улсынхаа Төрийн тэргүүнийг жирийн иргэний хувиар хүлээж аваагүй нь лав. Ямар ч байсан 178 хуудас бүхий баримтаас иргэн Ц.Элбэгдоржийг Тавантолгойд буруутгах зүйлчлэл лав олдоогүй, өнөөг хүртэл эцэслэж мухарласангүй.

Харин хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгдийн үлгэрээр бүхний дарга, бүгдийн чиглүүлэгч явсан Х.Баттулга өөрөө нүүрсний хулгайд холбоотой улстөрчдийн нэрсийн жагсаалтын нэн тэргүүнд бичигдэн зарлуулж, нэгжээд хамтрагч, зөвлөхийн хамтаар хуулийн хайчинд орлоо. Ердөө гуравхан жилийн тэртээ өнөөгийн хамгийн чухал, гол сэдэв болсон Тавантолгойг Ц.Элбэгдорж гаднынханд үнэгүй өгөх гэж байсныг баримтаар нотолсон хэмээж асан Х.Баттулга өнөөдөр хуулийн байгууллагын хаалга татах болсон нь аанай л Н.Энхбаярын зассан замаар биш гаргасан жимээр явахаас аргагүйд хүргэж байх шиг. Ерөөсөө л улс төрийн намтартаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гэсэн дардастай Н.Энхбаярын хувь тавилан тав дахь Төрийн тэргүүний эрэмбэтэй Х.Баттулга дээр давтагдах уу? Яаж ч харсан энэ хоёр хүнд холбоо хамааралтай юм шиг хувь тавилангийн эргүүлэг бий болжээ. Мэдээж улс төрийн агуулга талаасаа.

1.

Монгол Улс парламетын засаглалтай. Үндсэн хуульд цагаан дээр хараар бичсэн энэ заалт өнгөрсөн 30 жилийн хугацаанд төдийгүй өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэхдээ хууль биш хүн засаглаж болохыг, уг заалтыг бүдгэрүүлж, бүр арчиж болдгийг харуулсан нь 1997 оноос эхтэй. Н.Энхбаяр гэсэн нэр Монголын улс төрд, парламентад орж ирсэн цагаас эхэлсэн юм. 1996-2000 онд хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа дан ганц сөрөг хүчнээсээ хамаарч, тэд бүгдийг шийддэг байв.

2000-2004 онд засаглалын хуваарилалт тухайн үеийн МАХН, одоогийн МАН-д үнэмлэхүй шилжсэн ч Ерөнхий сайд гэдэг албан тушаал хамгийн эрх мэдэлтэй, тэргүүн зэргийнх болов. 2004 оны сонгуулийн үр дүнгээр МАН, АН адилхан, бараг эн тэнцүүхэн суудлыг авсан ч 2005 оны зургадугаар сар хүртэл хэрхэхийг зөвхөн парламентын спикер шийддэг байлаа. Эрх мэдлийг ингэж эргүүлж явсан Н.Энхбаяр 2005 оны сонгуулиар гурав дахь Ерөнхийлөгч болсноор тэр өөрөө, цор ганцаараа ТӨР болов.

Н.Энхбаяргүй бол ажил урагшилдаггүй. Н.Энхбаяргүйгээр улс төрийн томилгоо, тохироо явдаггүй тийм нэгэн гунигтай ч гэмээр, сүрдмээр ч юм шиг аварга "мөөгөн үүл" саарал ордны дээр хуралдсан юм. Хотын мээр М.Энхболд МАН-ын даргаар томилуулж, өрсөлдөгчгүйгээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болох замаа засахад нь хүртэл хэн ч түүнийг сөрж зогсоогүй гэнэ лээ. Хэрэвзээ Н.Энхбаярын орон зай тухайн үеийнхээрээ үргэлжилж, бүр улиран сонгогдвол түүн рүү эгцэлж харах хүн олдохгүй хэмжээний диктатур тогтож, нэг хүний тогтолцоо руу албан бусаар гулсахыг "ухаарсан" МАН-ынхан 2009 оны сонгуулиар сөрөг хүчинтэйгээ хавсайдан байж унагаасан гэдэг л юм. Үнэнээс хол зөрсөн яриа лав биш л байх. Зогсолтгүй үргэлжилж, тасралтгүй өргөжин тэлж байсан түүний хаанчлал ингэж эцэс болсон түүхтэй.

2.

Монголын улс төр, засаглалын тогтолцоо Н.Энхбаяр гэсэн цор ганц удирдагчтай болох ахуй цаг дор нэгэн бизнесмэн УИХ-ын гишүүний анхны бүрэн эрхийн хугацаанд даруухан хэрнээ алсын хараагаа сэм зураглаж суусан нь Х.Баттулга. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат улс төрийн өрөг дээр бэл бэнчингээ гайхуулж, мөн эрдэж явахад нь "Эх орон" намаас квот өвөртөлж, сонгогдсон тэрбээр 2008 оны сонгуулиар гэнэт л АН руу буйр сэлгэж, бүр С.Баярын Засгийн газарт Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болтлоо дэвшив. Улс төрийн туршлага, нам доторх нөлөөллөөрөө Х.Баттулгаас алд илүү туршлагатай, бас зангарагтай улстөрч, УИХ-ын гишүүн АН-д нэгээр тогтохгүй олон байсан ч нэгэн цагт дуулиант 17 чингэлэг спиртийн хэргийн автор болсон Х.Баттулга хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд сайдын суудалд тухалсан шалтгааныг тэр өөрөө, магадгүй намын дарга явсан Н.Алтанхуяг л хэлэх байх. 

Сонирхолтой гэх үү? тохуутай нь улс төрийн уур амьсгалыг Н.Энхбаяр дангаараа тодорхойлдог байсан бол Х.Баттулга сайд болсон даруйдаа Монгол Улсын төмөр замын сүлжээг бүхэлд нь ганцаараа зангидаж, залуурддаг нэгдүгээр хүн болж хувирсан юм. "Хар толгойгоороо хариуцна" хэмээгээд хувийн хэвшил нь барихаар төлөвлөсөн төмөр замын бүтээн байгуулалтыг төрд шилжүүлэн авч, түүнээс өөр төлөөлөх хүнгүйгээр хав дарсан. Нэр нь Тавантолгой-Гашуунсухайт. С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд эл замыг бариагүй. Н.Алтанхуягийн үед далан болгож ахиулсан ч Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн танхим ч бараагүй. Үндсэндээ 2013 онд ашиглалтад оруулах товтой Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх 233.6 км төмөр зам яг 10 жил таг гацаж, нам суусан.

Энэ хооронд өргөн, нарийн царигийн маргааныг гудамжнаас парламентын хаалгаар биш тооноор оруулж ирэхээ Х.Баттулга мартсангүй. Урд хөрш рүү хамаг баялгаа зөөж дуусгахыг уут цоолж харуулаад, төмөр замаар танк оруулж ирдэг талаарх "айдсын менежмент"-ийг нийгмийн сэтгэхүйд сийлж амжив. Эрх баригч намын гишүүн нь эх орончийн дүрээр ганцаарчилсан тоглолт хийх бүрд АН-ын нэр хүнд шалаар хөглөрч, дотоод зөрчил нь улам хурцадмал байдалд шилжсээр сонгуультай золголоо. АН ч навс ялагдлаа, Х.Баттулга ч уналаа. Гэвч энэ нь түүнд ялагдал байсангүй. Эсрэгээрээ 2017 онд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болж дэвшлээ. Улстөрч хүний хүрч болох хамгийн өндөр оргилд тэр ингэж л гарсан, "Монгол ялна" уриан дор. Ерөнхий сайд асан С.Баяр хэлсэн байдаг юм, "Х.Баттулга бол том хувь заяанд төрсөн хүн. Спортод ороод гавьяат тамирчин, бизнест ороод тэрбумтан, улс төрд ороод Ерөнхийлөгч" гэж. Тодорхой бөгөөд товчхон дүгнэлт нь л энэ.

3.

Н.Энхбаяр эрх мэдлээрээ дамжуулж УИХ-ыг, Засгийн газартай нь хөдөлгөдөг байсан бол нийгмийн сэтгэлзүйд дөрөөлж, улс төрийн нүүдлээ гаргууд сайн гүйцэтгэдэг нь Х.Баттулгын хамгийн сайн чадах, гартаа оруулсан зүйл. Түүгээрээ дамжуулж аль аль нь Ерөнхийлөгч болох замаа зассан. Н.Энхбаяр улиран сонгогдох гэж улайраад өөрөө өөртөө мад тавиулсан бол Х.Баттулга эрх мэдэлдээ хэт дулдуйдаж явахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжийг нь "хулгай"-лсан заалт сэмхэн хавчуулсныг ухаж ойлголгүй ёсчилсон нэгэн. Үүгээрээ тэдний хэн хэн нь азгүй, улс төрийн хувь тавилан нь ижилхэн.

Уугуул намдаа жийгдэж, улс төрийн орон зайгаа хумиулж эхэлсэн Н.Энхбаярын нэн түрүүнд хэрэгжүүлсэн акц нь хаяж, гээгдүүлсэн Х үсгийг шүүрэн авч МАХН-ыг шинээр байгуулсан ч шоронд хоригдсоноор намтраа "арвижуулсан". Гэлээ гээд сонгуулиас ердөө жилийн өмнө байгуулсан намаа гэрийн хорионоос, шоронгоос удирдаад нийт сонгогчдын 20 хувийн санал цуглуулж, хэний ч мэдэхгүй заримыг нь гудамжны тэмцэгчээс УИХ-д Бүлэгтэй гишүүн болгож чадсан нэгэн. Олонхийн биш олон суудал авсан АН-тай эвсэж Засгийн газар байгуулахад Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд явсан хүн.

Үүнтэй агаар нэг буюу дахин нэр дэвших эрхээ алдсан Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буув уу, үгүй юу? АН-ыг бүхэлд нь гартаа оруулахаар фокуслаж, өөрийгөө албан бус даргаар нь хүртэл томилуулж амжлаа. Гэдэг нь өнөөг хүртэл Улсын дээд шүүхээс АН-ын албан ёсны даргыг батламжлаагүй байна. Тэнгэрт хоёр нар байдаггүйтэй адил АН-д нэг л дарга байх ёстой. Эсрэг талд суугаа Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, С.Баярцогт нартайгаа учир зүйгээ олох л хэрэгтэй. Гэхдээ С.Баярцогтыг, Э.Бат-Үүлийг, Да.Ганболдыг Х.Баттулгын шүүхээр орж хил хэрэгт тохогдсон гэж улс төрийн хүрээнд явдаг нь хэдийнэ ил болсон яриа. Хуулийн сайд Х.Нямбаатар ч Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд ял оноох тухай зааварчилгаа авдаг гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Тэгэхээр Ерөнхийлөгч асныг намынхаа удирдлагад хүлээн зөвшөөрөхгүй хэсэг АН-д цөөдөхгүй магадгүй жин дарна. Бүтээгүй, бүтэхгүй байгаа болохоос АН-ын дарга болоод зогсохгүй ирэх сонгуульд оролцвол мань Н.Энхбаярын амжилтыг давтаж магадгүй гэж манай Ерөнхийлөгч асан тооцсон байж болох л юм. Цаг хугацааны цикл нь яг л Н.Энхбаяр шиг сонгуулиас урьтаж.

Хамгийн гол нь, нийгэмд, улс төрийн хүрээнд нэгэнт өндрөө авсан нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтайг нь тогтоосон 17 хүний нэрсийн жагсаалтын нэн тэргүүнд Х.Баттулга багтсаныг Авлигатай тэмцэх газраас зарласан нь одоогоос 10 жилийн өмнөх Н.Энхбаярын дүр төрхийг эргэн сануулахад хүргэв. Хэдийгээр Х.Баттулга өөрийн биеэр АТГ-д очиж байцаалт өгсөн гэх ч дахиад дуудахад очих уу? гэдэг нь АСУУЛТЫН ТЭМДЭГ. Тэр үед юу болох вэ? Н.Энхбаяр шиг хуулийг сөрж, үгүйсгэж явсаар эцэстээ оймстойгоо албадан ачигдах уу? эсвэл "Монгол ялна" уриан дор дахин нийгмийн сэтгэлзүйг залуурдах гэж оролдох уу? хэлж мэдэхгүй. Үнэхээр буруугүй бол Төрийн тамга гардаж явсан Ц.Элбэгдорж шиг гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих л асуудал юм.

Ганц үнэн гэвэл 2017 оноос Н.Энхбаяртай хоршиж, 2021 оноос Х.Баттулгад "зүтгэх" болсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй улстөрчдийг урдаа бариад нэмэргүй, нийгэм нь арай өөр нүдээр хардаг болсныг энд сануулах нь зүйн хэрэг.

UZEG.INFO