Ардаа орос, хятад эзэнгүй, намгүй, олон нийтийн харьяа­лалгүй, том үйлдвэр аж ахуй, компанийн охин салбар нь биш, буух эзэн буцах хаяг бүхий, хариуцлагатай мөд та­тан буугдахааргүй, хувийн хэвшлийн мэдээллийн хэ­рэгслийг Монгол Улс, Монго­лын ард түмэн мөрөөдөж байна. Тэндээс л үнэн юм сонсогдоно. Худлаа хэлбэл өөрсдөө дампуурах юм чинь.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй хаалттай ний­­гэм Монголд дэндүү олон жил үргэлжилсэн болохоор буцаад хаагдчих вий гэж юун түрүүнд болгоомжилдог. Социализмаас өмнө ч гэсэндээ харц ардууд хаад ноёдынхоо өөдөөс цор цор гэж яваагүй байж таараа.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, илэрхийлснийхээ төлөө ял зэмд унадаггүй дураараа жиргэж явсан түүх манайд байхгүй. Урт хэл хү­зүү ороодог, ноёнтой өстэй бол толгойгүй болдог, ам алдвал барьж болдоггүй гэд­гийг л сайн мэднэ.



Ардчилсан хувьсгал үүсч улмаар ялалтанд хүрсний гол нотолгоо нь чухам энэ үг хэлэх эрх чөлөөг олж авсан явдал юм. Түүнээс нэг тал нөгөө талтайгаа байлдаж буудал­цаагүй. За ингээд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж гардаг юм байна. Яг аманд микрофон тулгаад "Юу л дуртайгаа хэл, яах ч үгүй" гэхээр хэлэх үг ёстой олд­доггүй золиг юм билээ. 90-ээд оны эхээр Чингэс, Чойномы­гоо тун зоригтой өмөөрц­гөөлөө. Залгуулаад бөгс бөөр, янхан, чөтгөр мангас, шорон, харь гариг хүртэл бичиж үзэв. Шар хэвлэл гээд манайхаас өөр оронд улиг болсон сэдэв байж. Дээр доргүй дорхноо уйдацгаав. Одоо "Янаг хорвоо", "Халуун хөнжил" уншаад сууж байвал шараа. Хогийн ургамал мэт сагсайсан шар мэдээн дун­даас "Учиртай үгээ хэлдэг" эрх чөлөө ургасан юм. Хувь хүн нийгэмд хандаж үзэл бодлоо илэрхийлж тэр нь нийтэд таалагдвал төр нийгмийн зүтгэлтэн ч болох боломж байгааг олж харцгаав. Мал­чин, дуучин, зохиолч, наймаа­чин, сэтгүүлч бүгдээрээ л бодож явдаг санаагаа урсгаж гарлаа. Зарим нь чарлаж байхад нөгөөдөх нь бод­логошрон, гурав дахь нь дот­роо онгойтол олгойдоцгооно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлдээ цөөдөөд оочер их­дээд байхаар нь өөрсдөө тийм багажтай болцгоох аян өрнө­лөө. Улс төр бизнест гар нь сарвайсандаа хүрээд сарвал­заж байгаа болгон өөртөө мэдээллийн салбартай болц­гоов. Шинэ монголчууд теле­виз үзэхээ болиод үзүүлдэг болцгоолоо. "Өөрийнхөө эх­нэрийг гамнаж, өрөөлийнхийг намнана" гэгчээр өөрийгөө магтаж өрсөлдөгчөө намнах зориулалт бүхий хэрэглэл Монголоор пиг дүүрлээ. Яг одоо сонгуулийн үе эхэлсэн болохоор өдөр болгон ши­нээр сонин, телевиз радио, веб сайт мэндэлсээр л байна. Түүнийг тоолохын ч арга ал­га. Тоолж болох үзүүлэлт гэвэл өнөөдөр, 2012 оны байдлаар Монгол Улс хэв­лэлийн эрх чөлөөгөөрөө дэл­хийн 179 орноос 100-д яваа гэнэ. Нэг хүнд ногдох мэдээл­лийн хэрэгсэл, түүнд ажилла­даг сэтгүүлч сурвалжлагчийн тоогоороо тэргүүлээд байхад яагаад  хэвлэлийн хагас эрх чөлөөтэй ангилалд орчихвоо. Тавдугаар сарын 3-нд тэмдэг­лэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр үг хэлсэн хүмүүс "Үг хэлэх эрх чөлөө алгаа" гэцгээв. Сурвалжлагч нар үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрх мэдэлгүйдээ ихэд гутарч байна. Сурвалжлагч төдийгүй мэдээллийн хэрэгс­лийн гүйцэтгэх захирал, удир­дах бүрэлдхүүн, Ерөнхий эрх­лэгч нар нь хүртэл дураа­раа ярьж бичиж чаддаггүй юм гэхчив. Эзэнд таалагдахгүй бол сонин дээр ямар ч шу­дарга шүүмжлэл хэвлэгдэхгүй гэсэн үг. Монголчуудын энэ байдлаас болж хэвлэн нийт­лэх эрх чөлөөний индекс хой­гуур байранд ороогүй бө­гөөд өөр олон учир шалтгаан­тай юм билээ. Тухайлбал сэтгүүлчид эрүү үүсгэсэн, хорьсон хэд хэдэн хэрэг өнгөр­сөн жил гарсанд олон улсын байгууллага их эмзэг хүлээн авчээ.

Дэлхий биднийг юу гэж хэлж хэд дүгээр байрт жагсаах нь дүүрч. Ер нь бид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хэрхэн эдэлбэл зохистой, түү­ний ач холбогдол гэж байна уу гэдэг асуудал мухардалд орлоо. Интернэтийн вэб сай­туудаар хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж байгаа юм биш үү. Аливаа үйл явдал, бичвэр, нэвтрүүлэг болгоны дараа бичиг үсэг гадарладаг хэн дуртай нь сэтгэгдлээ илгээдэг болсон. Тэрэн дээр харин ч нэг эрх чөлөөгөө эдлэх шиг болох юм аа. Нөгөө цаад эзнээ ч газар доогуур ортол зүхэх энэ тэр бол наад захын асуудал. Вэб сайт мэдээллийн хэрэгсэл мөн үү мөн. Зарим сайт өөрс­дийгөө 2,8 сая уншигчтай гэж зарласан. Нийт Монгол иргэ­нээс даруй 100 мянган уншиг­чаар олон уншигчтай мэдээл­лийн хэрэгсэл. "baabar.mn" гэхэд л өчигдөр 25 нийтлэл­чийн материал руу тус бүр 7000-60000 уншигч орсон байна. Уншсаны дараа үгээ хэлэх эрх чөлөөгөө яахин мартахав. Зарим нь ч даруу­хан. Ихэнх нь энэ нийгмийг элдвээр зүхэж занах замаар эрх чөлөөгөө эдлэнэ. Чарал­ба гэж байдаг бол тэд л байх. Хараал шингэсэн сэтгэгдэл хэмээх чаралба нь "Та нар ингээд хэвлэлийн эрх чөлөө гэж ярьцгаа. Эрх чөлөө гэдэг чинь чамайг элдвээр хараах гүтгэх явдал. Өөр юу ч биш за" гэж хэлээд байна. Эд нараас болж дахиад хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хаалгах нь дэн­дүү хайран юм даа.

Олигархиудын гангараа­ны сонинууд ба интернэт дэх нэр нь хэзээ ч тодордог­гүй сэтгэгдэлчин энэ тэр гэсэн замбараагүй олон мэдээлэл дотроос томруулдаг шилээр сайн харахгүй бол олдохгүй цөөхөөн хэдхэн сонин теле­виз бий дээ. Нэрийг нь дур­дахаар рекламдсан болчих гээд их хэцүү юмаа. Ардаа гадаад дотоод эзэн боссгүй, улс төр засаг захиргаа, биз­несийн өөр салбарт давхар ажилладаггүй, тэр зүгийн эрх ашгийн зөрчил байхгүй зөв­хөн мэдээллээр дагнасан хувийн хэвшлийн мэдээл­лийн хэрэгсэл байна. Бусад­тай адилхан нь гэвэл мөн л нэг эзэнтэй. Харин "нэг эзэн" өөрөө нөгөө нууц ноёдыг дууриагаад хариуцлагагүй, шудрага бус зүйл бичээд бай­­вал компани нь дампуу­рахаас гадна өөрөө эрүүгийн хэрэгт татагдахаараа ялгаа­тай. "Вашингтон пост", "Нью-Йорк таймс" болон түүний зэрэглэлийн сонинууд ард­чилсан улс орон болгонд шүүх засаглал шиг хараат биш бие даасан үйл ажил­лагаа явуулдаг. Бие даасан гэдэг нь  хувийн өмч бүхий ашгийн байгууллага юм. Тэд энэ салбарт тогтвортой ашиг­тай ажиллахын тулд хүссэн хүсээгүй үнэн бодит, хэрэгтэй  мэдээлэл, сонирхолтой зүйлс нийтэлж  байж хөл дээрээ оршин тогтнодог. Тэгэхээр одоогийн байдлаар жирийн уншигчдын хувьд ориг ба хулхи мэдээллийн хэрэгслийг хооронд нь ялгахад түвэгтэй. Ардчилал нийгэмд баттай суурьшвал энэ ялгаа тод ха­раг­дана. Гэтэл хэвлэл мэдээ­лэлгүйгээр ардчилал хөгждөг­гүй.   

Манай шинэ цагийн эрх баригчид ардчиллыг бий бол­гох шударга мэдээллийн хэрэгсэл хөл дээрээ зогсохоос цаагуураа маш их эмээж бай­на. Хүчирхэг хэвлэл бий бо­лоод дарга нарын мөрөөр нь мөшгөөд мөчийг нь санжуу­лаад байвал улс төрд орсноо­соо эсэн юм болно. Тэгэхээр эзэн биегүй эсвэл өөрсдийн хамсаатан эзэдтэй тийм л хэвлэлийг хүсэх нь зүй юм.  Эзэн байхгүй дураараа тон­гоч­сон олон нийтийн мэдээл­лийн хэрэгслийг мөнгөтэй хүн очоод хүссэнээрээ залах юухан байхав. Эцсийн ха­риуц­лагыг ард түмэн гэсэн хий үзэгдэл рүү тохоод төрийн эргэлт хийсэн ч болно. Бид хэвлэл мэдээллийн ийм эрх чөлөөг хүсмээргүй байна. Орчин цагт мэдээллийн хэ­рэгслийн нийгэмд үзүүлэх нөлөө нь цөмийн зэвсэг лугаа ноцтой болоод байдаг. Мэ­дээллээр дамжин хийгдсэн Арабын хувьсгалууд  хангалт­тай том жишээ юм.

Манай нөхцөлд үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг задгайд нь тавиад өгөхөөр өөрт нь дургүй хүрээд байгаа юм аа л олонд тулгахаас хэтэрдэггүй. Сэтгүүлчид мэ­дээллийн хэрэгсэл дээр сууж байгаа давуу талаа ашиглан "Биччих нь шүү, зурагтаар гаргана шүү" гэж айлгадаг тал бий. Замын цагдаа бичиг баримт хурааж авчихаад яадаг билээ, яг тэрэн шиг.

Үзэл бодлоо илэрхийлэх юмсан гэж их ярих юм. Илэр­хийлэгдээгүй үлдчихээд бай­гаа ямар үзэл санаа байна вэ. Нийгмийг үндсээр нь өөрчлөх шинэ санаа нээгдчихээд эс­вэл хэн нэгэн нээчихээд түү­нийг нь гаргаж өгөхгүй тас хориод байгаа гэж үү. Үг хэлэх, бичих эрх чөлөө минь багагүй үнээр олдсон. Гэтэл тэр эрх чөлөөгөө эдлэх болсон чинь хэлэх үг, нийгмийг илүү сайж­руулах хувилбар олдохгүй л байна шүү дээ. Өнгөрсөн зуунуудад тийм тохиолдол хавтгайдаа байсан. Одоо бол хойд Солонгос зэрэг ганц нэг оронд л өөр бодолтой тэрс үзэлтэн гэсэн хэллэг үлдсэн.

Амьдрал баян болохоор болохгүй бүтэхгүй юм зөндөө гарч байна. Түүнийг хэрхэн яаж шүүмжлэх вэ гэдэг нь өөрөө урлаг, авьяас, боловс­рол шаардсан тусдаа шинж­лэх ухаан юм уу даа. Манай бичгийн их томчуул нийгмийн байгууламжаас үл хамааран бодол санаагаа нийтэд үлгэ­рээр, өгүүллэгээр, киногоор хүртэл дамжуулчихдаг бай­жээ. Намайг сонссонгүй, унш­сангүй, эрх чөлөө ч алга гэж гомдож гоншигнох нь сэтгүүлч хүний хувьд ичгэвтэр.   

Басчиг нэг муу ардчилсан нийгэмд хорь гаран жил ча­нагдсаных өнөөдөр ихэвчлэн бусдын турхиралт, захиал­гаар хийгдсэн муу мэдээллүүд л эрх чөлөөгөө хасуулдаг болчихоод байгаа шүү. Үгээр тоглож наадах нь хэн дуртай болгоны хийгээд байдаг ажил мэргэжил ч биш. Эрх чөлөө мандтугай гээд эмчийн хутгыг эмч биш байж булааж аваад мэс засал хийдэггүй биз дээ. Хойшид сэтгүүлч туйлын эрх дураараа байх боломжгүй. Өөрийнхөө таалагддаг үзэл бодол, нам эвсэлийг тулган сэнхрүүлэх нь мөн л бусдын эрх чөлөөнд бүдүүлэг халдаж байгаа хэрэг ш дээ. Зөвхөн сэтгүүлч эрх чөлөөгөө эдэлж тэрний хэлснээр үгийг нь дагах ёстой юм уу. Аа харин ийм ийм нөхцөл байдал бай­на. Танд аль нь  ямар санаг­дав. Өөрөө л мэддээ гэж бай­гаа бол өөр хэрэг. Сэтгүүлзүй нийгмээс түрүүлж харах сэт­гэх нь бол шал өөр тусдаа сэдэв.

Ардаа орос, хятад эзэнгүй, намгүй, олон нийтийн харьяа­лалгүй, том үйлдвэр аж ахуй, компанийн охин салбар нь биш, буух эзэн буцах хаяг бүхий, хариуцлагатай мөд та­тан буугдахааргүй, хувийн хэвшлийн мэдээллийн хэ­рэгслийг Монгол Улс, Монго­лын ард түмэн мөрөөдөж байна. Тэндээс л үнэн юм сонсогдоно. Худлаа хэлбэл өөрсдөө дампуурах юм чинь. Бусад мэдээллийн хэрэгс­лүүд хэдэн мянга байгаад ч бидэнд биш тэдэнд л хэрэгтэй. Ингэсгээд сонгуулийн дараа ялгарах байгаа даа, бурхан минь.