Хуулийн цорын ганц дарангуйлал тогтоочих!
Монголчууд аж төрөх гэж, ажил хөдөлмөр эрхлэх гэж, улс гэрээ төвхнүүлэх гэж мөн ч их будилж байна. Гучин жил будиллаа. Төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ.
“Дэлхийд юу ч хийхгүй мөртөө өлсөхгүй амьдарч болдог ард түмэн монголчуудаас өөр хаана ч байхгүй. Бараг л мал нь өөрөө өсөөд үржээд байдаг нь баярламаар ч юм шиг, санаа амар амьдрал ч юм шиг. Гэтэл энэ дэлхий дээр өлсөж үхэж байгаа хүн сая саяараа бий. Уг нь ийм сайхан эх оронтой, ийм ухаалаг, цөөхүүлээ ард түмэн нэг л зүг чигээ олвол дороо өөрчлөгдөнө дөө” хэмээн японы эрдэмтэн зохиолч Т.Мацуда “Засгийн газрын мэдээ” сонинд ярьсан байсан даа.
Тэр эрхэмтэй би Саппоро хотод уулзан гэрт нь зочиллоо. Хамтдаа үдийн зоог барьж халуун рашаанд тухаллаа. “ЗгМ” сонинд ярьсныг нь дахин яриуллаа. “Монгол хүн яавал ажил эрхлэх вэ?”, “Засаг төр нь яавал ажил эрхлүүлэх вэ?” гэсэн халуухан сэдвээр санал солилцлоo.
Одоо би нөгөө ярьдагаа, бичдэгээ дахин цэгцлээд энд бичье гэж шийдлээ. “Засгийн газрын мэдээ” сонинд өмнө нь товчлон бичсэнээ дэлгэрүүллээ. Бүр нарийвчиллаа. Хүлээн авна уу.
Монголчууд аж төрөх гэж, ажил хөдөлмөр эрхлэх гэж, улс гэрээ төвхнүүлэх гэж мөн ч их будилж байна. Гучин жил будиллаа. Төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ. Өнөө маргаашаа аргацаасан бодлого л яваад байна. Гал алдчихгүй байхыг л хичээнэ. Алс хэтийг олж харна гэж байхгүй. Нүүдэлчний жалга довын ядуу сэтгэлгээнээс угшилтай болж таарах гээд байна. “Ажил хийгээд өгөөч ээ!” хэмээн Монголын төр-засаг 30 жил ард түмнээ ятгаад тусыг эс олжээ. Ятгалга нь уянгын уриалга болж хэлэгдээд ч нэмэр алга. Нохой хуцсаны дайтай ардуудад сонсогддог байх.
Ардууд нь ч ардууд. Цөс ихтэй. Аугаа удамтай, аугаа түүхтэй гэх боловч тэр нь хийрхэл болж хааяа дэврэхээс биш, бүтээх босгоход нь сэтгэлийн тэнхээ өгнө гэж байхгүй. Үнэлэх эрхэмлэх зүйлгүй, огтын ажил төрөлгүй, заль мэх, хулгай зэлгий, гуйлга түүлгэ, тэтгэмж тэтгэлэгээр өдөр хоног өнгөрөөж буй үлгэн салган айл өрх нийслэлд олон мянгаараа байна. Аймаг сумын төвүүдэд ч байна.
Нүүдэлчний жалга довын аминч үзэл, ажил хийхгүй амьдарч болоод байдаг болгоод байдаг ахай ижийсэг ёс, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй аргацаах дадлаа нийслэлдээ авчирч наагаад нийслэлээ там болгочихсон, өвөлжих гэж яаж хөглөж шогтож арчаагүйтэж байгааг нь харах тусам ганцхан хатуу хуулиар (ганцхан шүү!) бүхнийг шийдчихээр санагдах юм.
“Уур хүргэх л гэж ямар ч шийдэлгүй зөвхөн шүүмжлэхээс өөр зүйлгүй, ингэж боддог бичдэг зуршил болчихсон олон нөхөд үүнийгээ анзаараасай” хэмээн facebook-д нэг уншигч найз маань бичсэн байна лээ. Би шүүмжлэл биш ШИЙДЭЛ, шийдлийн гарц бичиж байна. Яг энэ тухай надаас өөр ярьсан сэтгэсэн хүн байдаг л байх, хэвлэлд ил бичсэн, сурталдсан нь лав би юмдаг. Миний зөвийг уулзсан учирсан бүхэн л сайшаах юм. Тиймээс дахиад цэгцтэйхэн биччихье. Төрийн бүх өндөрлөг, УИХ-ын 75 гишүүн бүгд сонортоо авна уу?
Цорын ганц хууль гээд байгаа нь ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ, ЭРҮҮЛ САРУУЛ ХҮН АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ТАТВАР ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ юм шүү дээ! Ганцхан хууль. 2020-2024 оны УИХ л ганц далайлтаар шийдчихнэ. Зөвхөн энэ хуулин дээрээ тэр дөрвөн жилээ зориулчихаад түүхэнд алтан үсгээр бичигд!
Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэйгээс бусад хөдөлмөрийн насны бүх монгол хүнд дагаж мөрдүүлэх хууль. Энэ хуулийг татварын алба, эдийн засгийн цагдаа хянана, мөрдүүлнэ.
Ийм хууль баталж мөрүүлсний ашиг тус:
- Ажилгүй орлогогүй иргэд гэдэг ойлголт ганц далайлтаар ганцхан жилийн дотор байхгүй болно. Мэдээж эхэндээ хагас жил ч юм уу ах дүүсээсээ зээлээд, ломбард, санхүүгийн элдэв махинацаар тэр татвараа төлөг. Дараачийн хагас жилээс зээлдүүлэх хүн олдохгүй болно. Хэсэг хугацааны дараа татвар төлөгч маань хаашаа харж үхэхээ мэдэхээ болино. Бие сэтгэл тархиндаа тусгана. Гэнэт ухаарна. Ариусна. Ажил эрхлэхгүй бол сөнөлөө гэдгээ яс махандаа тултал мэдэрнэ ойлгоно. Ингээд хоёр зуу, гурван зуу мянгаар тоологддог ажлын сул байрууд дороо дүүрнэ. Нэг жилийн дотор л тэгэх болов уу гэж би тооцоолж байна.
- Улс даяараа язганатал хөдөлмөрлөнө. Язганатал хөдөлмөрлөхийг дагалдаад эдийн засаг төрөлжинө. Одоогийн үхээнц эдийн засаг амилна. Нэмүү өртөг шингэнэ. Экспортын чиглэлтэй болно. Ажил олгогчид жинхэнээсээ эх орныхоо эзэд нь болно. Бизнесчид нь ч эх орондоо буян үйлдэгсэд болж хувирна. Ажлын байруудын эрэлт хэрэгцээ эрс ихсэнэ, олдохоо болино.
- Улаанбаатарын даацын хэтрэл, замын түгжрэл, хөрс ус агаарын бохирдлыг энэ хуулийн хүчээр өлхөөн шийдчихнэ. Хөдөөнөөс хот руу орж ирээд ядуурсан, золбирсон, ажилгүй арчаагүй яваа үй түмэн иргэд сайндаа л хагас жил хүртэл татвараа өр тавьж төлөөд аргаа бараад мухардахдаа хөдөө рүүгээ төрсөн нутгаа зорино. Бараг тал нь гараад явчих байх. Ядаж аймаг сумандаа очвол төрийн татварын дарамтаас гарчихна гэж тэд эхэндээ бодно. Хяналтаас нэг хэсэг гарчихна гэж итгэнэ. Гэвч аймаг суманд нь ажил эрхлээгүйн татвар авч байх тул яалт ч үгүй мухардаад ажил хийхээс аргагүй болно.
- Мэргэжлийн төрөл зүйлүүд эрс нэмэгдэнэ. Одоо нийслэлээр жишээлэхэд насанд хүрсэн иргэдийн нэлээд нь худалдагч, хувийн таксины жолооч, нийтийн хоолчны ажил эрхэлж байна. Тэр нь ашигтай ашиггүй нь мэдэгдэхгүй. Татварын ийм бодлогын дүндхудалдагч, жолооч, нийтийн хоолны тогоочийн мэргэжил, ажлын байр эрс багасна. Хувийн машины тоо автоматаар цөөрнө. Үй түмэн жолооч худалдагч нар бүтээлч өөр ажил эрэлхийлнэ. Сургалтад хамрагдана. Мэргэжлийн өөр дадал олно. Хөдөлмөрийн жинхэнэ хамт олны дунд орж ирнэ. Хөдөлмөрийн хуулинд захирагддаг болно.
- Нийслэлээр жишээлэхэд энэ их зах дэлгүүрүүд олон жилийнхээ барааны нөөцөнд дарагдаад нэмж овоолсоор байгаагаа цэгцэлнэ. Бараа нь гүйхгүй, хэн ч авахгүй байх аваас бараа лангууны манаач ийм олуулаа зэрэгцэн хийдгээсээ сална. Өөрөөр сэтгэнэ. Энэ их овоолсон бараагаа Сибирь, Умард Орос руу зөөвөрлөж таарна. Гадаадад гаргаж борлуулах арга ухаан сийлнэ. Ухаан сууна. Хэрсүүжинэ. Монголын наймаачид XXI зууны наймааны ухаанд суралцана. Гадаад хэл сурцгаана. Боловсроно.
- Ажлын байрууд олноороо бий болсноороо сүүдрийн эдийн засаг, далд хуйвалдааны өрхийн жижиг бизнес, амиа аргацаасан жижиг аж ахуйнууд тэлнэ, томорно, шилэн болно. Газар эргэлтэд орно. Амарчилж аж төрдөг, биеийн амар хардаг, юүхэн хээхнээр оролддог, ажилласан ч үлгэн салган, гурилддаг дадал халагдана.
- Монгол хүн монгол хүндээ захирагдаж харилцан ажиллахаас өөр гарцгүй болно. Хөдөлмөрийн харилцаанаас үүсэх зөрчил мөргөлдөөн багасна. Үнэ цэнэтэй олдсон ажлын байрандаа тогтвортой ажиллахыг хичээнэ. Хөдөлмөрийн харилцаа огт өөрөөр, эрүүл саруулаар хөгжих болно. Ажил хөдөлмөрийн нэр хүнд өснө.
- Төрөөс татаастай аймаг сумын төвүүд оволзсон бүтээн байгуулалт руу шилжинэ. Хөгжлийн төвүүд бий болно. Бүтээнэ босгоно, бүтээхийн тулд сэтгэдэг болно.
- Улс даяараа ажлын байрны төлөө өрсөлдөнө, уралдана, өөрийгөө хөгжүүлнэ, монгол хүн эрүүлжинэ, архи тамхи, залилан, луйвар гэх мэт буруу муу дадлаа гээнэ, ирээдүй хойч үедээ үүрдийн буян үйлдэхийн тулд монгол хүн цоо шинээр төлөвшиж хүмүүжинэ. Эрүүл урт наслахыг хичээх болно. Амьдрал нь утгатай болно. Амьдралд хайртай болно.
- Монголд оюун санааны, сэтгэхүйн маш том хувьсал хувьсгал авчирна. Сул дэл байх, цаг нөхцөөх, хэрэгтэй хэрэггүй юмаар оролдох, архидах, золбирох, дампуурах явдлыг эцэслүүлнэ. Бүгдээрээ зөв шахаанд орно. Хуучнаар ТМС гэж нэрлэдэг сургалтын төвүүд дүүрнэ. Ажилчин малчин анги жинхэнээрээ дахин бий болно. Хөдөлмөрийн сэхээтнээрээ ялгарна.
- Монгол хүний хүмүүжил, соёл шал өмнөө болж төрөл арилжина. Хүүхдийн хүмүүжил зүгширнэ. Гэр бүл салалт, өнчрөл эрс багасна. Ажлын байранд үр хүүхдээ бэлтгэх сэтгэхүй гүн сууна. Ажлын байрандөөрийгөө бэлтгэнэ. Бултаараа бэлтгэнэ. Хичээнэ.
- Монгол хүн эх орондоо ч, харьд ч боолын хөдөлмөр эрхэлдэг, боолын сэтгэлгээтэй явдгаа болино. Зовхи нь өөдөө болно.
- Хөдөлмөрийн шинэ харилцааг дагалдаад гэмт хэрэг эрс багасна. Хулгай луйвар, залилан, дээрэм нийгэмд жигшигдэнэ. Малын хулгай хөдөөд байхгүй болно.
- Намын талцал, гишүүнчлэлийн тоо, нам дагасан хүн сүрэг байхгүй болно. Энэ хууль намуудад халгаатай байхыг үгүйсгэх аргагүй. Нам хожих ёстой бус эх орон хожих ёстой хуулийн тухай ярьж байна.
- Энэ хуулийг санаачилж мөрдүүлсэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч Монголын түүхнээ алтан үсгээр бичигдэн үүрд мөнхөрнө.
Ийм олон үр дүнг төсөөлж болж байна. Огт болохгүй бүтэхгүй юмыг би санал болгоогүй.Хийхгүй хүнд шалтаг мундахгүй, хийх хүнд бэрхшээл мундахгүй. Гэхдээ Монголын төр байна, төр хүчтэй, төр эрхэм, нэр хүндтэй гэдгээ л үүн дээр гаргачих хэрэгтэй!
Гуравхан сая хүн дэндүү уйтгартай, утгагүй, залхуутай, өлөв долов, өөрсдийгөө тамлаж амьдарч байгаагаа даруй халъя гэвэл ганцхан энэ хуулийг л батлаад хэрэглэчих!